М.ХҮСЛЭН

 “Зууны мэдээ сонин” энэ удаагийн “Би номынхоо тухай” буландаа сэтгүүлч, зохиолч Б.Дэлгэрцэцэгийг урьж, түүний “Тэжээвэр амьтдын өдөр өнжүүлэх” номны тухай  ярилцлаа.

 

 “Дүрүүд хэдий зохиомол байсан ч худлаа байж болохгүй”

 

-Би зохиол бичихдээ дүрүүдээ аль болох амьд хүн шиг бүтээхийг хичээдэг. Дүрүүд хэдий зохиомол байсан ч худлаа байж болохгүй.

Өөрөөр хэлбэл, зохиолчийн бодож олсон хүн хэдий бодит амьдрал дээр байгаагүй ч уншигчдад бодит хүн шиг санагдах ёстой. Үнэхээр ийм хүн байсан мэт, ийм хүн байгаад яг ингэж хэлсэн мэт, эсвэл яг энэ үйл явдлыг дэргэдээс нь хараад буулгасан мэт дүрсэлж, илэрхийлэхийг зорих хэрэгтэй. Зохиолчийн хувьд энэ нь их чухал.

Яагаад гэвэл уншигч зохиолын дүрд итгэж байж тухайн зохиолын ертөнцөд орж эхэлнэ. Тэгэхээр “Хэзээ ч оршин байгаагүй нэг хүнийг хэрхэн бий болгох вэ?” гэдэг асуулт гарч ирдэг. Тэр хүнийг зүгээр нэг нэртэй, тодорхой үйлдэл хийдэг дүр болгохоос илүү амьд хүн мэт мэдрүүлэхийг хичээдэг. Тэр хүний нүдээр харж, тухайн нөхцөл байдалд юу мэдрэх бол гэдгийг төсөөлж байж дүр маань бий болно. Мэдээж амьдрал дээр бодитоор орших хэн нэгнийг харж эсвэл түүний түүхээс сэдэвлэж бичсэн зохиолууд байдаг. Харин энэхүү “Тэжээвэр амьтдын өдөр өнжүүлэх” номонд гарч буй эрс тэс зан араншин бүхий дүрүүд бүгд зохиомол. 

 

“Зохиолоо  бичихдээ би хоёр амьдралаар амьдарч эхэлдэг”

 

 -Намайг гэрийнхэн маань болон эргэн тойронд хүрээлж буй хүмүүс маань зохиол бичих хугацаандаа их хурц ааштай болдог гэж ярьдаг. Магадгүй тэдний анзаардаг энэ өөрчлөлт зохиол бичих үед миний дотор өөр нэг ертөнц бий болдогтой холбоотой байх. Яг тэр мөчид би зүгээр л хоёр амьдралаар амьдарч эхэлдэг юм. Нэг талаасаа Дэлгэрцэцэг гэдэг хүний өөрийнх нь амьдрал үргэлжилж байгаа. Нөгөө талаасаа номонд маань өгүүлэгдэх хэн нэгний амьдрал, бодол, мэдрэмжийг дагаж эхэлдэг. Дэлгэрцэцэг гэдэг хүний амьдралаас гадна номонд маань өгүүлэгдэх хэн нэгний нүдээр хорвоог харж, хэмжиж эхэлдэг гэж ойлгож болно. Тэр үед би аливаа зүйлийг зөвхөн өөрийнхөө өнцгөөс харахаа болиод тухайн дүрийн байр сууринаас ойлгохыг хичээдэг. Тиймээс зохиол бичих үед миний анхаарал зөвхөн үйл явдалдаа биш, тухайн үйл явдлыг туулж байгаа хүний мэдрэмжид төвлөрдөг. Дүр маань юу харж байна, тэр орчин түүнд хэрхэн мэдрэгдэж байна гэдгийг өөрийнхөө дотор дахин бий болгохыг хичээдэг.

 

“Энгийн нь илүү сайхан болсон цаг үе”

 

-Өнөө цаг бол аливаа зүйлийн энгийн нь илүү сайхан болсон цаг үе байна гэж би боддог. Ихэнх уншигчид өчигдөр өмсөөд сольсон хувцас шиг, дөнгөж саяхан ороод гарсан дэлгүүр шиг яг л өөрийнх нь алхам тутамд таарч буй орчин, амьдралын өнгө төрхийг нүдэнд нь дүрслэгдтэл буулгасан зохиолыг илүүд үздэг болсон байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, уншигч өөрийнхөө амьдралтай холбож болохуйц, танил мэдрэмжийг зохиолоосоо олж харахыг хүсдэг болсон мэт санагддаг. Би ч мөн адил тийм өнгө төрх, хэв маягт их дурлах болсон. Тиймээс надаас гарч байгаа бүтээл, түүний илэрхийлэгдэх байдал нь ч тийм байгаасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа миний зохиолуудад хэт их уран дүрслэл, уянгалаг яруу үгс байдаггүй. Би зохиолоо аль болох уншигчийн өдөр тутмын амьдралтай ойр байлгахыг хүсдэг. Миний хувьд хэт чамин үгээр бүхнийг тайлбарлах нь заавал илүү хүчтэй мэдрэмж төрүүлнэ гэсэн үг биш. Харин энгийн зүйлсийг бодитоор дүрслээд, уншигч өөрөө тэр орчинд очсон мэт мэдрүүлж чадвал илүү үнэ цэнтэй. Хэрвээ та миний номыг уншаад тэр үйл явдал өрнөж буй газар, тэр дүрийн мэдэрч буй мэдрэмж сэтгэлд тань ойрхон тусч байвал миний зорилго биелжээ.

 

“Номыг хавтасаар нь бүү дүгнэ”

- “Номыг хавтасаар нь бүү дүгнэ” гэдэг дээ. Энэ үг “Тэжээвэр амьтдын өдөр өнжүүлэх” номын нэртэй ч холбоотой санагддаг. Магадгүй миний номыг хэн нэгэн хараад амьтны тухай байх гэж дүгнээд цааш тавихыг үгүйсгэхгүй. Нэрийг нь хараад зөвхөн тэжээвэр амьтдын тухай ном гэж ойлгож болохоор. Гэхдээ уншигчдаас ирж буй сэтгэгдлүүдийг ажиглахад энэ нэртэй холбоотой янз бүрийн хандлага байдаг. Үнэхээр хөөрхөн нэр байна, нэрнээс нь болж авлаа гэдэг хэсэг байхад “Яагаад ийм нэр өгчихөв өө?” гэсэн хэсэг бүлэг хүмүүс ч байна. Миний хувьд одоо ч эргэлзэж л байна. Гэхдээ зохиолынхоо агуулга, болж буй үйл явдлыг харж дүгнэхэд төгс тохирох нэр ч байж болох юм. Яагаад гэвэл “тэжээвэр амьтдын өдөр өнжүүлэх” гэдэг нь зүгээр нэг амьтныг асрах газар эсвэл хамгаалах газар гэсэн үг биш. Өөрийн тэжээвэр амьтныг нэг өдөр үлдээгээд аваад явна. Бас үүнийхээ төлөө мөнгө төлнө. Энд л магадгүй зохиолын гол зангилаа байж болох юм. Тиймээс номын нэрийг зөвхөн гаднаас нь хараад дүгнэхээс илүү зохиолын агуулгатай нь холбож ойлгох боломжтой гэж боддог.

 

“Ном уншихад эвтэйхэн байгаасай гэж хүсдэг”

 

 -Би өөрийн номнуудаа зөвхөн агуулгын хувьд биш, хэлбэр дүрс, гадна үзэмжийн хувьд ч анхаарч гаргахыг хичээдэг. Хэн нэгнийг хүлээж байх зуураа, эсвэл аяга халуун кофе уух зуураа цүнхнээсээ гаргаж ирээд уншихад эвтэйхэн байгаасай, номыг уншигчийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг байгаасай гэж боддог. Заавал тусгайлан цаг гаргаж, тодорхой орчин бүрдүүлж байж унших зүйл биш, зав зай гарсан үедээ ч гаргаж ирээд хэдэн хуудас уншиж болохоор байвал сайхан. Тиймээс би номынхоо хэлбэр, дүрс, гадна үзэмжийг ч гэсэн уншигчтайгаа холбож боддог.

 

“Ширээний ард суухад зохиолын ертөнцдөө орох мэдрэмж төрж эхэлдэг”

 

-Хүмүүс надаас “Онгод гэж байдаг уу?”, “Онгод чинь ороод бичих үү?” гэж их асуудаг. Онгод гэдэг өөрөө их сонин. Миний ажлын өрөө байлаа гэхэд баруун буланд биш, эсвэл зүүн булангийн буйдан дээр биш, яг л тэр буланд бичгийн ширээний ард суухад зохиолууд маань хөвөрч эхэлдэг. Тэгэхээр миний хувьд бичих орчин өөрөө тодорхой хэмжээнд чухал байдаг. Яг тэр ширээний ард суухад зохиолын ертөнцдөө орох мэдрэмж төрж эхэлнэ. Гэхдээ бичих явц үргэлж ийм амархан байдаггүй. Заримдаа таван хуудас бичье гээд өрөөндөө орж ирэхэд таван үг ч гарахгүй байх тохиолдол бий. Харин зарим өдөр огт төсөөлөөгүй байхад таван хуудаснаас ч илүү хөврөх өдөр ч байна. Тиймээс би яг хэдэн хуудас бичихээ, тухайн өдөр хэр их зүйл гараас гаргахаа  урьдчилан мэдэж чадахгүй. Бичих явц өөрөө өөрийн гэсэн хэмнэлтэй. Заримдаа юу ч гарахгүй мэт санагдаж байхад хэсэг хугацааны дараа санаа маань үргэлжлээд өөртөө тавьсан зорилгоосоо ч давж бичих өдөр байдаг.

 

-“Бүтээлээс бүтээлийн хооронд өсөж дэвших ёстой”

 

 Зохиолчдоос “Аль бүтээл чинь илүү сайн гэж бодож байна?” гэж их асуудаг. Би тэр болгонд хамгийн сүүлийн номоо л нэрлэдэг. Яагаад гэвэл зохиолч хүн бүтээлээс бүтээлийн хооронд ямар нэгэн байдлаар өсөж дэвшиж байх ёстой гэж боддог. Хэрвээ би өмнөх номоо хамгийн сайн бүтээл гэж хэлээд дараагийн номоо түүнээсээ доогуур тавиад байвал өөрийнхөө хөгжлийг өөрөө үгүйсгэж байгаа мэт санагдана. Тиймээс би шинэ ном гаргах болгондоо “Өмнөхөөсөө илүү сайжирсан байх ёстой шүү” гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг. Энэ шаардлага маань өөрөө дараагийн бүтээлээ хийхэд надад тодорхой хэмжээнд чиг болдог. Өмнө нь юу хийсэн бэ гэдгээс илүү дараагийн удаа юу хийж чадах вэ гэдэгтээ анхаарахыг хүсдэг. Миний хувьд зохиолч хүн бүтээл бүрээрээ өөрөө ч бас өсөж, өөрчлөгдөж байх ёстой. Тиймээс хамгийн сүүлийн номоо хамгийн сайн бүтээл гэж нэрлэдэг нь өмнөх бүтээлүүдээ муу гэж хэлж байгаа хэрэг биш. Харин хамгийн сүүлд хийсэн зүйл маань өмнөхөөсөө ахисан байх ёстой гэсэн өөртөө тавьдаг шаардлага юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 153 (7895)