С.МӨНХГЭРЭЛ
ОХУ, Узбекистан, Хятад, Киргизтан, Казахстан зэрэг орноор дамжин 6000 гаруй км зам туулсан “Торгоны замын жингийн цуваа” олон улсын аяллын баг Монгол дахь аяллынхаа эхний өдөр Дундговь аймгийг зорив. Олон улсын төлөөлөгчид, эрдэмтэд, кино уран бүтээлчдээс бүрдсэн тус баг Эрдэнэдалай сумын аймгийн аварга малчин Д.Мөнхбаатарын өрхөөр зочилж, говийн малчдын өдөр тутмын амьдралтай танилцжээ. Аяллын багийнхан ингэ, гүү саах, айраг бүлэхийг биечлэн үзэж сонирхов. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (COP17) бага хурлыг угтан явагдаж буй тус аялал нь нүүдлийн ахуй, уламжлалт мэдлэгийг дэлхий нийтэд таниулах зорилготой.