Энэ жил Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 105,  Монгол, Оросын найрамдлын бэлэг тэмдэг, хамтын бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хот үүсэн байгуулагдсан 50 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн амжилттай зохион байгуулж дууслаа. Энэ удаагийн сургуулийг “Хил орчмын бүсэд чухал объектоос барьцаалагдсан иргэдийг чөлөөлөх, терроризмын эсрэг ажиллагаа явуулж, хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах хамтарсан ажиллагаа явуулах” сэдвээр хоёр үе шаттай зохион байгуулжээ. Хамтарсан хээрийн сургуулийг ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Ц.Төрмөнх, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хошууч генерал В.А.Белявский нар удирдсан юм. Тухайн газар орны нөхцөл байдалд тохируулан хамтарсан хээрийн сургуулийг хийдэг ажээ. 

Хамтарсан хээрийн сургуулийн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ОХУ-ын Тусгай хүчний алба хаагчийн сэтгэгдлийг сонслоо.

 

Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Нэг талбайд тал талын ажиллагааг хамтарсан хэлбэрээр зохион байгуулсан нь онцлог боллоо

-Монгол Улс ОХУ-ын Батлан хамгаалах яам зэвсэгт хүчний хамтын ажиллагаа тэр дундаа Сэлэнгэ хээрийн сургуулийг 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ хамтарсан хээрийн сургууль нь нэг жил Монголд, нэг жил ОХУ-д болдог. Анх “Дархан” нэртэй засварын чиглэлийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг байсан бол 2011 оноос хойш “Сэлэнгэ” нэртэйгээр байлдааны буудлагатай зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр энэ хамтарсан хээрийн сургуулийг өнөөгийн цагийн байдал үүссэнтэй нийцүүлсэн хэлбэрээр олон төрөлт хамтын ажиллагааг зэрэгцүүлж гүйцэтгэлээ. Хоёр улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон зүйлийг суралцсан гэж ойлгож байгаа.

Өнөөдөр хот доторх гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа байгалийн саад бэрхшээлүүдийг даван туулах ажиллагааг зохион байгуулсан байгаа. Тухайлбал, Сэлэнгэ мөрнөөр гатлах, түүнтэй холбоотой үйл явдал, Сэлэнгэ мөрөн дээр гүүр угсрах, бие бүрэлдэхүүн гол гатлах. Дараа нь ой болон бусад газарт үүрэг гүйцэтгэх. Хамгийн сүүлд хот, тосгон газрууд дээр үүрэг гүйцэтгэж тэнд байгаа барьцаалагдсан хүмүүсийг аврах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд хуурай замын цэрэг, их буу, агаарын цэргийн үйл ажиллагаа мөн сүүлийн үед дэлхийг улс орнууд өргөн дэлгэр ашиглаж байгаа дроны довтолгоо, дроноос хамгаалах үйл ажиллагааг цогцоор нь гүйцэтгэж хамтарсан хээрийн сургуулийг зохион байгууллаа. Яг өнөө цаг үед байлдааны үйл ажиллагааг хэрхэн явуулж байгааг бодит нөхцөл байдалд ойртуулсан хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог болсон.

Энэ сургуулийг ОХУ-тай хамтарч зохион байгуулж Орхон аймгийн нутаг дэвсгэр дээр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн буудлагын талбайд гүйцэтгэлээ. Энэ сургалтын хээрийн дадлага, сургуулийг зохион байгуулахад оролцсон бүх бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Ямар ч алдаагүйгээр маш сайн зохион байгууллаа. Үүнээс хоёр улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн том сургалт, мэдлэгийг олж авсан гэж ойлгож байна. ОХУ-ын генералууд ч гэсэн энэ талаар ярьж байна. Сайхан сургалт боллоо. Нэг талбай дээр тал талын ажиллагааг хамтарсан хэлбэрээр зохион байгуулсан нь онцлог болсон. Жил бүр хамтарсан хээрийн сургуулийг олон зүйл, олон сэдлээр баяжиж байгаа нь өнөө цаг үеийн дэлхий дахинд бий болж байгаа байлдааны арга зам, тактикуудтай холбогдож түүнийгээ дадлагажуулах хэлбэрээр энд зохион байгуулдсанаараа хамгийн том онцлог боллоо гэдгийг Оросын генералууд хэлж байсан. Энэ сургууль амжилттай болсонд баярлалаа. Бүх бие бүрэлдэхүүндээ амжилт хүсье.

Монгол Улс аюулгүй байдлаа сахин хамгаалахад бусад улстай хамтран ажиллах, тэр дундаа харилцан туршлага хуваалцаж явах нь өнөө цагт хамгийн том эрхэм зүйл. Бид ОХУ-аас гадна Хятад улстай “Талын түнш”, мөн АНУ, Турк болон бусад улстай хамтарсан “Хааны эрэлд” сургалтыг зохион байгуулдаг.    

 

ОХУ-ын Тусгай хүчний алба хаагч:  Монгол цэргүүд төрөлхийн дайчин улс юм

-Монгол үнэхээр гайхамшигтай орон юм. Би анх удаа Сэлэнгэ сургуульд оролцож байна. Миний хувьд энэ сургуульд оролцсондоо туйлын баяртай байна. Ийм боломжийг олгож өгсөн Монгол Улсын Батлан хамгаалах яаманд их баярлалаа. Би өмнөх сургуулилтын талаар сонсож байсан. Энэ жилийн “Сэлэнгэ-2026”-д өөрийн биеэр оролцоод тусгай ажиллагаанд ашиглаж байгаа цэргийн арга тактик, техникүүд, бүлгийн ажиллагаа, хот доторх бүс нэгжих ажиллагааг оруулж өгснөөр онцлог боллоо.

Сургууль батлагдсан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн өндөр түвшинд болж дууслаа. Монгол цэргүүд үнэхээр мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн байна. Цагийн байдал дээр ажиллаж байгаа ажиллагаа нь биднээс илүү элементүүдийг гүйцэтгэж байсан нь төрөлхийн дайчин улс юм хэмээн ярилаа.

 

“Матадын наймдугаар морьт дивиз” хэмээн алдаршсан БНМАУ-ын Маршал Г.Дэмидийн нэрэмжит, Байлдааны гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 186 дугаар анги энэ жил 90 жилийн түүхт ойгоо угтаж байна. Тус анги нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, баатарлаг гавьяа байгуулсан дөрвөн баатартай мөн 12 генералыг эгнээнээсээ төрүүлжээ. Өнөөдөр энэ ангид “Оюутан цэрэг”-үүд албаа хааж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 148 (7890)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn