Монголын нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” романы шинэтгэн найруулсан хэвлэлийн (2026) тэргүүн дэвтэр “Шилийн богд” роман, дэд дэвтэр “Шармаань” туужийн туурвил зүйн онцлогийн тухайд дурдах зүйл олон байна. Энэ хоёр зохиол нь агуулгын хувьд тус тус биш, нэгэн иж, цогц туурвил гэдгийг дурдах ёстой.
1) Зохиолч Г.Мэнд-Ооёо Дарьганга нутгийн шастирыг амьд дуртгал мэт бичиглэжээ. Бүхий л учир, үйл явдлыг яг харсан, туулсан хүн мэт бодит туурвижээ. Энд бичиглэлийн илт чамирхал, түүнд хөллөсөн зохиомж, өгүүлэмжийн тэнсэл алдарсан шинж огт байхгүй. Дуртгалд чамирхал илүүц байдаг шиг л, бүхнийг маш бодитой мэт туурвисан байна. Зохиолынхоо төрөл жанрыг роман гэжээ. Түүхэн роман, түүхэн сэдэвт роман гэсэнгүй. Энэ үг хэдийгээр уран сайхны зохиол гэх утгыг тод заавч, Дарьганга нутгийн аж байдал, үүх түүх, адал явдлыг дуртгал мэт бодит хүүрнэхдээ эн тэргүүнд, уран зохиоллог шинжийг толилуулж, хүүрнэл-туурвилын боловсруулгыг нарийн зохилдуулж, туурвил зүйн онцлон үнэлүүштэй өвөрмөц аргыг энэ зохиолдоо шингээсэн байна. Агшуу, Эгшүү гэх эр эм хоёр шонхрын явдал, эм нь амиа алдаж буй нь ч, зэрэгцээ өрнөн буй хүний явдлууд ч тавилан адилын жамыг өгүүлж байна.
2) Дарьганга нутаг гэвэл домогт сайн эр Тооройбанди санаанд тодорно. Тус романы зохиомжийн гол шугам ч түүний явдлаар сүлжрэн боловсруулагдсан бөгөөд миний бодоход, манай уран зохиолд анх удаа түүний дүрийг ийм хэв шинжит, ийм учир зорилгот, ийм учир утгат дүрийн шинж байдлаар бүрэн босгон боловсруулан бичиглэсэн зохиол болжээ. Түүхэн мэдээллээр тун хомс, бараг л баларсан мэт олон зүйлийн тухайд их эрэлхийлж, эртний хууч сурвалжид түшиж, уран сайхнаар сэргээн боловсруулсан нь тун үнэ цэнтэй байна.
Тооройбандийн багш, ээж, ах, хань гэргий, үр хүүхдийн явдлыг зохиолын зорилгод, бусад дүрүүдийн явдалтай маш нарийн уяж, дэлгэрэнгүй өгүүлэн, тус бүрийн явдал тавиланг зэрэгцүүлэн өрнүүлсээр нэгэн тайлалд хөтөлж байна.
3) Зохиолд гарч буй дүрүүд харьцангуй цөөхөн, дүр бүр тод байгаа нь туурвил зүйн чухал шинж мөн. Дүр олшрох тусам үйл явдлын тэнхлэг тэлж, энэ хэрээр гол шугам өргөсөж, улмаар сарних гэм бий. Ийм том хэмжээний роман гэхэд зохиолч харьцангуй цөөхөн дүрээр, гэхдээ дүр бүр өөрийн үүрэг бүхий, зохиолын туршид чухал оролцогч байхуйцаар боловсруулсныг үнэлэн дурдах ёстой. Нэн онцлох зүйл бол, зохиолд гарч буй дүрүүдийн явдлыг маш нарийн уялдаа холбоогоор, харилцан уялдаа бүхийгээр өрнүүлэн, өрнөл туйл тайлалд хөтлөхдөө бодол эргэцүүллийн тэнхлэгийн тун адармаатай, баргийн зохиолчийн чадвар дутах хийц боловсруулгаар зохиомжилсон нь анхаарал татаж байна. Үнэхээр бодит дуртгал мэт романыг туурвижээ. Зохиолд хавсарга дүр цөөн бөгөөд үйл явдал Тооройбанди, түүний ээж Дулмаа, гэргий Шармаань (Шар маань) багш Уулын багш, Багвар ноён, Балсанхүү худалдаачин гээд харьцангуй цөөн гол дүрийн хүрээнд эргэцэн өрнөж, уншигчийн санаанд дүр, тэдний явдлыг маш тод, хурц шигтгэж байгаа нь туурвилзүйн онцлог шинж мөн байна.
4) Дарьганга нутаг, түүний түүхэн амьдралын тойрог болсон нутаг ус энэ зохиолд нэн тод томруун гарч байна. Хүний явдлыг байгальтай нь холбон шүтэлцүүлж бичсэн, тэр хэрээр нутаг хэмээхийн утга учир, үнэ цэнийг зохиолын туршид сануулсан, ер нь хүмүүний тэмцэл бол харьтнаас нутгаа сэргийлэх, хамгаалах, улмаар нутгийнхаа төлөөх тэмцэл болохыг ч олон учир явдлаар өрдөн тэтгэн бичсэн, нутгийн түүхэн дуулал, үнэ цэнийн тухай зохиол юм.
Шилийн богд, Алтан-Овоо, Хөх уул, Шартын хад, Таван толгой, Шивээт, Таван хонгор, Онгон элс, Молцог элс, Бударын чулуу тэргүүт олон газар, Өвгөн хуралын сүм зэрэг нь зохиолын дүрүүдийн төдийгүй түүхэн цаг үеийн бүхий л дарьгангачуудын амьдралын их тойрог, улирал хувьсал, оршил тэмцэл, учир утгын гэрч бэлгэдэл болж ирснийг зохиолч Г.Мэнд-Ооёо энэ үе болон хойч үед сэргээн сануулж, бичгийн хүмүүний ёс аргаар дэвтэрлэн шастирлаж, үүрд хадгалууллаа.
5) Агуулгыг бүтээн боловсруулахдаа өгүүлэмжүүдийг маш нарийн боловсруулсан нь үнэхээр бишрэм байна. Өмнө нь дурдсан явдлын учир гогцоо тэртээ хойно хэсэгт хоорондоо уялдан, дүрийн ганц үг өгүүлбэрт туссан байх нь үнэхээр боловсруулга сайтайн шинж мөн. Энэ зохиолын бүтэц системд маш чухал үүрэгтэй, үйл явдлын өрнөлийн гол төв, зангилаа бологч, туурвил зүйн хэрэглүүрүүд байна. Агшуу, Эгшүү хоёр шонхор бол жамын дохиомол объект, Оройн ганц мод бол учрын болзмол объект, Тан улсын үеийн шаазан хөөрөг бол эрлийн сэдлийн объект, Тогоон төмөр хааны Гэрэлтэй хатан хүүдээ зүүлгэсэн нууц бичиг сахиус бол учгийн далд объект. Эдгээрийг дүрийн хэмжээнд тордон боловсруулсан нь үнэхээр анхаарал татахын зэрэгцээ, тус тусад нь бүлэг зүйл болгон онцлон үйлжүүлж өрнүүлсэнгүй, харилцан холбоонд нь, зохиолын дүрүүдтэй ч сүлжрүүлэн боловсруулсан нь энэ зохиолын туурвил зүйн маш чухал онцлог, үнэ цэн юм.
6) Шармаань тууж бол романы шууд үргэлжлэл. Тооройбандийн хань үзэсгэлэнт бүсгүй Шармаань мөн их бэрхшээлт эмгэнэлт амьдралыг туулахдаа, эр нөхрөө манжийн гарт нас эцэслэсэн гэж дуулавч, эс үнэмшин, сэтгэлээ хатамжлан хүлээсээр, өөрийнх нь өмнөх, эр нөхрийнхөө учирсан бүсгүй Цэндбадма лүгээ хувь тавилангаар учирч, хэсэгтээ хамт байж, тус тусын ихэр мэт зүст хүүгээ хамтад нь байлган өсгөж, нөхрийнхөө хэрэв амьд гарвал тэмцэн ирнэ гэсэн тэр газарт ирэн байгаад, башир эр Багвараас мултран хаднаас халин унаж, ёолох дуунаар дөнгөж ирээд байсан эр нөхөр Тооройбанди чимээ аван ирж, хоёул нүүр учран золгохын баярт мөчийг эдлэвч, сайхан бүсгүй Шармаань нас эцэслэнэ. Цэндбадма хүүгий нь эжий Шармааньтай нь уулзуулахаар нүүн ирж буй нь үзэгдэнэ. Шармаанийн дүр бол бүдэг бүгт хууч мэдээг уран сайхнаар боловсруулан сэргээж туурвихын тод үлгэр болсон, туурвил зүйн чадвараар манай уран зохиолын мөнхийн дуулал Юндэн Нансалмаагийн дүр лүгээ дүйлгэн хэлэлцэхүйц эмгэнэлт дүр.
7) Энэхүү бэсрэгхэн шинжлэлийн төгсгөл болгон өгүүлэхэд, Үйл явдлыг биеэр үзэж туулсан, бүхий л учир тайллыг мэдэх цорын ганц үлдсэн гэрчийн дуртгал мэт юмаа, энэ зохиол. Үүнийг туурвил зүйн эрдмээр л туурвина. Бичлэгийн арга хэрэглэгдэхүүнүүдийг маш зохист, таарамжит түвшинд, өгүүлэмжүүдэд нарийн уусган, өгүүлэмж бүрийг тусад нь бүлэг зүйл болгон өрсөнгүй, нэгэн үргэлжлэл хэлхээнд нягт харилцан уусгалцан бичиглэжээ. Ийм бичлэг ч манай уран зохиолд ховорхон шүү. Энэ зохиол кино, жүжиг, дуурь болохуйц тод дүрслэлт, зохиолчийн хөндлөнгийн үг өчил зохист, дүрүүдийн харилцан яриа тод ойлгомжит, үйл явдлын хэлхээ болзмол объект-дүрүүдийн орчилд өрнөдөг, түүхэн холбогдлын олон зүйлийг сэргээн бичиглэсэн, учир зорилго гүн уудам зохиол мөн байна. Тэртээ холын домог хуучийг дэргэд татан хүүрнэн дуртгах мэт энэ зохиолын туурвилын оньс онцлогийг энэ мэт хэдхэн үгээр илэрхийлж яахин барах билээ. Хожим тохиол бүрдвэл, үлдсэн үгийг бичсүгэй.
Хэл бичгийн ухааны доктор Ч.Чимэгбаатар
2026.7.27