П.АМГАЛАН

Уухайн дуу цангинаж, шагайн харвааны асарт цэцээ сорино. Энэ үеэр Дорноговь аймгийн Айраг сумаас ирсэн Ө.Ариунцэцэг хүүгээ дэмжин зогсох үеэр нь цөөн хором ярилцлаа.

Түүний хүү Б.Ананд есөн настай. Энэ жил анх удаа Үндэсний их баяр наадмын өсвөрийн шагайн харваанд оролцож байгаа гэлээ. Хүүгээ харан баяр догдлол дүүрэн байна хэмээн тэрээр сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ тухайгаа тэрээр "Шагайн спорт бол манай гэр бүлийн удам дамжсан спорт. Ханийн маань аав С.Намжилсүрэн улсын хүндэт харваач хүн байсан. Хань маань мөн удам залгаж, шагайн спортоор хичээллэн улсын хошой мэргэн цолтой. Хүү маань аавыгаа дагаж энэ спортыг сонирхож эхэлсэн. Хүү маань 6-7 настайдаа тойргийн тэмцээнүүдэд аавыгаа даган оролцдог байсан ч тухайн үедээ шагайн харвааг төдийлөн сонирхдоггүй байсан. Харин өнгөрсөн жилээс тууштай хичээллэж эхэлснээр энэ спортын нарийн ур чадвар, өв соёлын үнэ цэнийг мэдэрч, улам дурлах болсон.Шагайн харваа монгол үндэсний хувцсаа зөв сайхан өмсөх ёс, тэвчээр, төвлөрөл, аливаа асуудалд зөв шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлдэг онцлогтой" гэлээ.

Б.Ананд хүү нь шагайн харваагаар хичээллэхээс гадна даамын спортын улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай гэнэ.

Эх сурвалж:www.zms.mn