Р.Оюун
Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилгаар нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” Хүй долоон худагт эхэллээ. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэлсэн юм. Тэрээр “Монгол түмний төрт ёс, шашин соёлын үнэт өв болсон “Хүрээ цам–Даншиг наадам” хүй мандлын зүлэг ногоон дэнж дээр ёслол төгөлдөр эхэлж байна. Аливаа улсын нийслэл бол улс төр, нийгмийн төв төдийгүй үндэсний түүх, өв соёлын арвин санг бүрдүүлж, хадгалан хамгаалж, баяжуулан уламжлуулж байдаг аялал жуулчлалын чухал бүс байдаг. Эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санаа болон биет бус соёлын өвийг дэлхий дахинд таниулахад чухал ач холбогдолтой. “Хүрээ цам-Даншиг наадам” сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлж, зорин ирдэг гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, жуулчдын тоо өсөн нэмэгдэж, үндэсний соёлын том арга хэмжээ болон хөгжиж байна. Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд, хүндэт наадамчид та бүхэндээ төрт ёс, шашин соёлын их цэнгэл даншиг наадмын мэндийг өргөн дэвшүүлье” гэв.
Улаанбаатар хотын иргэдийн өдөр, "Хүрээ цам-Даншиг наадам"-ыг Монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлж, аялагч, жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Хүрээ цам-Даншиг наадам”-тай хамт хоёр дахь удаагаа нийслэлийн иргэдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ үеэр жуулчид, иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулах юм. Тухайлбал, хүчит бөхийн барилдаан, шагай, сур харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн. Нийслэлийн түүхийг иргэдэд таниулах үзэсгэлэн, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийг толилуулах аж. Үүнээс гадна түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах, унзад, голч лам нарын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээнийг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг. Анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс даншиг наадмыг тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.
Эх сурвалж www.zms.mn