М.Намунбайгал

Хаа сайгүй яарсан, завгүй хүмүүсээр дүүрэн хотын гудамж. Амсхийгээд эргэн тойрноо ажих сөхөөгүй амьдрах бидний нийгэмд хотжилт, сошиал ертөнц, хувь хүний бие даасан байдал, ололт амжилт зэргээр нүдээ таглуулаад хүн хоорондын харилцаа, нийгмийн амьдрал хойш тавигдах болсон. Чухам бид хамтдаа амьдарч, хамтдаа хооллож, хамтдаа инээлдэх атлаа саланги тусдаа оршиж байж ч мэдэх.

Тэгвэл “Орфей” театраас нэгэн сонирхолтой орчин үеийн урлагийн үзүүлбэр, постдрамын туршилтыг эхлүүлжээ. Орчин үеийн дүрслэх урлагийн хоёр том урсгал болох “перформанс” буюу үйл хөдлөлийн урлаг болоод “инстолляц” буюу орон зайн урлагийг хослуулсан “Хана бодит уу” хэмээх уг туршилтад төслийг санаачлагч, уран бүтээлч Я.Билгүүнсар 168 цагийн турш тасралтгүй шилэн хоргонд амьдрах юм. Энэ тухайгаа тэрээр “Улс төр, засгийн газрын бүтээсэн энэ нийгэм иргэдэд эрх чөлөө бус дөрвөн хана өгсөн. Тэр ханан дотор амьдрахын тулд хүмүүс өөрсдийгөө золиосолж, зарим нь дасан чимээгүй амьдарч байна” хэмээгээд Д.Урианхайн “Ханануудын амьдрал бүтээлийг уншихыг санал болгожээ.

168 цагийн хугацаанд уран бүтээлчийн хооллох, унтах, өдөр тутмын амьдрал дахь бүхий л зүйлс жижигхэн хоргонд л өрнөж буйг шууд дамжуулалтаар хүргэж буй нь “Аквариум жижиг байх тусмаа сайн гэж би Замзад хэлсэн” хэмээн төгсдөг Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгийг эрхгүй санагдуулах аж.

Эх сурвалж:www.zms.mn