Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

 

Яармагийн дэнж дагасан гурвалжин оройтой хөх асар, дугуй цагаан гэрүүдийг сүлжин толгой хаялан дүүхэлзэх "гоёл"-ын морьд. Уяан дээрээ салхи сөрөн алсыг ширтэх уяа нь ханасан нас насны морьд.  Гэргий нь тулгаа манаж гийчнээ зочилно. Гэрийн эзэн нь уяан дээр нэг алхана, сууж нэг бодлогоширно. Зассан шагай шиг морьдоосоо харцаа үл салгана. Элдэв амьтан уяан дээр ирэх вий гэж цээрлэнэ. Халуун хөлсөнд нь ханцуй шүргэхэд бүү хэл “Сайхан амьтан юм аа” гэж санаашрахад сэвтдэг юм болохоор арга буюу. Төр түмний цэнгэл Үндэсний их баяр наадамд магнайдаа тоосгүй ирэх молор эрдэнэ уяан дээр нь байхад наадмын өмнөх шөнө бүтэн нойртой хонох бөх зүрхтэн ховор биз ээ. Ингэж л бидний өвөгчүүд наадаж ирсэн юм даа. Үе дамжин ирсэн үндэсний бахархал, өвлүүлж үлдээх ёстой соёл уламжлалын минь дээд эрийн наадам болох ойртож, зуны сар гарчээ.

“Бидний залууд морь уяна гэдэг улирлын чанартай байлаа. Улсын нормтой чухал ажлын үеэр нэлээн хязгаарлагдана. Одоо сайхан болжээ. Морьдоо ногоонд гаргачхаад ирлээ. Бие тэнхээ ядардаг болж” гээд хүдэр хоолойгоор хүүрнэх эрхэм бол Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул Тод манлай уяач Б.Содномцог юм. Хурдан хүлгийн шандаст туурай, молор эрдэнийн босоо цагаан хиймориор хазаарлагдахгүй түүний баялаг амьдралыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа сийрүүлэн хүргэж байна. 

 

“Таван боорцог, нэг аяга бор цайтай тойруулгын хүүхэд болж байв”

 

Хантайшир уулын аймаг Сэцэн Сартуул хошуу Барчин сумын 1929 оны хүн амын тооллогын дансанд тэмдэглэгдсэн угсаа залгамжилсан тайж Ширбалсан түүний шууд угсаа юм. Эх талаасаа Хатиган тайж, эцэг талаасаа Сартуул хошууны угсаа   тэрээр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутаг Тарлангийн хондлой хэмээх газар 1952 онд мэндэлсэн энэ ажээ.

Түүний эцэг Эх орны чөлөөлөх дайнд оролцох үеэрээ уушгиндаа хүнд гэмтэл авч, хожим Отгонтэнгэрийн рашаан зорих замдаа өвчин нь хүндэрч насан өөд болсон гэдэг. Ийнхүү 1959 онд ээж, эгчийн хамт арга буюу Улаанбаатар хотыг зорьж, Зайсангийн аманд ирж буужээ. Нутгаасаа бага балчир гарсан түүнийг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн бол нагац ах, мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор Ш.Цэрэнпунцаг юм. “Аль онц сурлагатай нь хамгийн хол хуваарилагддаг байсан тэр үед Говь-Алтай аймгийн Тонхил суманд гурван жил ажиллаад буцахдаа бид гурвыг нутгаас аваад ЗИС-5 машин дээр долоо хоног явж ирсэн” гэх бага насных нь түүхээс бидний амттай яриа эхэллээ.

Морь унаад хонь хариулдаг байсан хүү, Батлан хамгаалах яамны Мал аж ахуйн газрын харьяа морин тойруулгын газар саадтай харайлгалтын дугуйланд хоёр жил хичээллэв. Дугуйлангийн долоон хүүхэд морин спортын тамирчин болохоор нэг нэг айлд хуваарилагдахад Манлай уяач С.Самдан гуайнд “Таван боорцог, нэг аяга бор цайтай тойруулгын хүүхэд” болж байв.  Энэ мэдээг эрдмийн мөр хөөсөн нагац ах нь яахан чимээгүй өнгөрөөх билээ. “Хотод хулигаантахгүй хоёр жил боллоо. Одоо болно” гэх ахын сургаалыг сонсож, урлаг спорт, сурлага хөдөлмөртөө шамдаж эхэлжээ. Тухайлбал, цанын спортоор идэрчүүдийн улсын аваргын хоёр мөнгөн медаль, усан спортын мөн тооны хүрэл медаль хүртэж олон хүний амь аварч явсан нэгэн юм. Есдүгээр ангидаа цанын спортын мастер хамгаалж, “Соль гитар Содномцог” хэмээн алдаршсан “Хар азарга” хамтлагийн хөгжимчин байсан юм.

Энэ л үед тохой залган хамт суралцаж байсан Зайсангийн 32 дугаар сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга, онц сурлагатан Г.Наранцэцэг хожим тулгыг нь манаж, гэрийг нь гийгүүлэх гэргий байх юм гэж хэн санах билээ. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд бараа судлалын багшаар 37 жил багшлахдаа “Уяач нөхрөө дагаж 20 жил Яармагийн дэнж дээр ирсэн ч наадам үзэж үзээгүй хүн гээд хүү маань бичсэн байсан” гэхийг сонсоход эр нөхрийнхөө арын албыг бат даадаг халамжит гэргий байжээ.

Энэ тухай Б.Содномцог “Захын сургуулийн хүүхдүүд ер нь дэггүй. Би гурав авсан гэж хэлэхээсээ ичээд хичээлээ их давтдаг байлаа. Энэ хүн намайг хүмүүжлийн зөв зам руу их хөтөлсөн. Гэхдээ тэр үед ирээдүйн хань маань гэж яаж мэдэх билээ” хэмээн харах харцнаас нь хайр, хүндлэл мэдрэгдэх тэд хүү, охин хоёрын аав, ээж, олон хөөрхөн үрийн өвөө, эмээ болжээ. 

 

“Энэ бол хөдөө өссөний гавьяа”

Caption

“Долоо, наймдугаар ангид байхдаа Төв аймгийн Баян суманд илгээлтээр дөрвөн сурагч  нэг суурь болж 300 хонь хариулж, төллүүлж байлаа. Ийнхүү аравдугаар анги төгстлөө зуны амралтаараа Төв аймгийн Баянцогт суманд аймгийн аварга малчин, ээжийнхээ үеэл Жигжидийнд хонь хариулж, морь уяхад нь тусална. Оройд хониноос ирэхдээ арваад тарвага ганзагалаатай. Заримыг нь айргаар солино. Зуны амралт ийм л сайхан өнгөрлөө. Би нохой, загас их тэжээнэ. Угтаа амьтан судлаач болох сонирхолтой. Гэвч тэр жил хуваарь ирсэнгүй тул Хөдөө аж ахуйн их сургуульд малын их эмчийн ангийг төгсөж байлаа” гэх энэ үед анатоми физиологийн давхар судалсан мэргэжлийн хүн морь уяна гэдэг өдрийн од байсан юм. Цаашлаад байгаагүй гэхэд ч хилсдэхгүй болов уу.

2000 оны эхээр хойд хөршийн Ростов хотын морин заводод үйлдвэрлэлийн дадлага хийж, ОХУ-ын гурван гавьяат дасгалжуулагчид шавь орж, нэлээд зүйл сурч мэдсэндээ баяртай явдаг ажээ.  Өөрөөр хэлбэл тэрээр мал аж ахуй, тэр тусдаа адууны эрдэм ухааныг онол арга зүйн үүднээс мэргэжлийн түвшинд суралцсан ховор боловсон хүчин юм. Гэвч төрийн төмөр хүн хурдан хүлгийн хөхөл шууж, хөлс хусах эрхгүй байв.

Их сургуулиа төгсөөд будаг нь ханхалсан мэргэжилтэн Худалдаа бэлтгэлийн яамд хуваарилагдахад Монгол Улсын экспортын асуудал толгойн өвчин болж байв. Тухайлбал, 22 сая толгой малаасаа дөрвөн саяыг нь амьдаар нь Зөвлөлт рүү экспортолно. Монгол, Зөвлөлтийн найрамдалт хил дээр маргаан байж болохгүй тул архи дарсны амтанд ороогүй залуу хүүг Хөх эрэг, Цагаан нуурын хил рүү Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн томилолттой, Засгийн газрын төлөөлөгчөөр долоон жил илгээжээ. Энэ алба Хөдөө аж ахуйн яам руу шилжиж, Худалдаа бэлтгэлийн яам өөрийн хүнээ Зөвлөлтөд хүнсний бараа чанар шалгагчаар хоёр жил суралцуулав. Харин ирэхэд нь түүнийг Эрдэнэтийн бөөний бааз, худалдааны орлогч даргаар томилж, өмнөх дарга нарын төмс, хүнсний ногоогоо илжрүүлж муутгасан хэргийг зохицуулах үүрэг түүнд ноогдов. Ингэж тэрээр Орос, Монголын хүнсний ногооны чанар хадгалалтад эргэлт буцалтгүй өөрчлөлт хийсэн юм. “Би ч сайн ажилласан. Намайг ч дэмжсэн. Энэ бол хөдөө өссөний гавьяа гэж би боддог. Анх томилогдоход эхнэр жаахан дургүй. Сайд дээр хүртэл орлоо. Хамтад нь мэргэжлээр нь томилно гэнэ шүү. Ээжийн минь нүд муудсан тул эхнэр ээжийг харж үлдээд, хоёр жилийн томилгооны ам мөчиг аваад явсан даа” гэв. Ингэж эхэлсэн түүний ажил мэргэжлийн замнал хөдөө аж ахуйн салбартаа гурван том бүтээн байгуулалт, ололтыг авчирсан юм.  

 

“Амьд байхад болно доо”

Түүний ажил мэргэжлийн замнал хөдөө аж ахуйн салбартаа гурван том бүтээн байгуулалт, ололтыг авчирсан юм.

Улсын түүхий эд бэлтгэлийн газар ажиллаж байх үед нь ардчилал гарч улсын үйлдвэр аж ахуйн газруудын нэрийг өөрчилж, хувьчлал хийж "Солонго импекс" ХХК болгожээ. Зах зээлд шилжсэнээр "Солонго импекс" ХХК бие дааж гадаад, дотоод худалдаа эрхэлж, мал аж ахуйн гаралтай бүх түүхий эд, мөн хоёрдогч түүхий эд экспортод гаргаж, шилдэг 25 компанийн нэгээр шалгарч байв.

Тиймдээ ч төр түмний цэнгэл үндэсний их баяр наадмын алтан зурхайд саарал даагаа түрүүлгэхэд “Солонго импексийн Б.Содномцог” гэх алдартай  цоллуулж  байсан юм.

Тэрээр “Төв хороо, Сайд нарын зөвлөлийн “Хаягдал түүхий эдийг бэлтгэн боловсруулж, зах зээлд боловсруулах” шийдвэрийн дагуу “Солонго импекс” ХХК-ийн Шилэн мозайкны үйлдвэрийг 1994 онд ашиглалтад оруулж, үр дүнтэй ажиллаж байтал өмч хувьчлалын шуургаар олон үйлдвэр завод хувьчлал нэрээр үгүй болоход Солонго импекс компани, харьяа үйлдвэрийнхээ хамт устаж, алга болсонд харамсалтай байдаг” гэсэн юм.

Дараа нь Багахангайд Финландын туслалцаагаар баригдсан адууны махны экспортын үйлдвэр баригдаад ашиглалтад орох гэтэл мэргэжлийн хүн байдаггүй гээд дахин дуудлаа. Ийнхүү улсын дараагийн том ажилдаа ханцуй шамлан оров. Гэргий Г.Наранцэцэгийнх нь дүү Японд байсан тул тэндхийн үйлдвэрүүдийг судлуулж, холбоо тогтоов. Япончууд адууны нуруу, гуя, дотор, гол махыг ялгаж 25 кг махыг 200 мянгаар экспортолж эхэлжээ. Угтаа тэр үед нэг адууны мах  45 мянга болдог байсан аж. Харин Япондоо  дээд зэргийн ресторанд 100 грамм нь 80 ам.доллароор  худалдаалагддаг мах болсон байх нь тэр. Түүнчлэн үйлдвэрийн ажилчдыг мөн гадаадад ажиллуулах болсон байна. 

Ийнхүү адууны махыг анх удаа Японд экспортлохын сацуу Иорданд мөн хурга гаргажээ. Хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэрлэлийн салбарт босгосон түүний ач гавьяаг тоймлоод хэлэхэд эдгээр мэт боловч гар бие оролцсон ажил бүхэн нь хөл дээрээ босож, бүтээн байгуулалт жинхэнэ утгаараа өрнөж байжээ. Харамсалтай нь түүний зүрх гэнэт муудаж, Германд хагалгаанд орох хүнд даваатай нүүр тулж, “Амьд байхад болно доо” хэмээн амьдралынхаа дахин нэг шинэ хуудсыг эхлүүлсэн юм. Ардчилал гарч албаны хажуугаар адуу тэжээхийг зөвшөөрөх болж, моринд хайртай Завханы хүү нутгийнхаа нэрийг төрийн наадмын зүлэг ногоон дэнжид  түмэнтэй гаргасан юм.

 

“Хар азарга минь намайг Монголд мандуулсан”

Ардын хувьсгалын 76 жилийн ой, 1997 оны үндэсний их баяр наадмын түрүү саарал даага, 2004 оны соёолонгийн түрүү Од хээр бол түүний улс, бүсийн наадмын долоон түрүүний хоёр нь юм. Цаана нь улс, бүсийн 20 гаруй айраг бий. 

Ардын хувьсгалын 76 жилийн ой, 1997 оны үндэсний их баяр наадмын түрүү саарал даага, 2004 оны соёолонгийн түрүү Од хээр бол түүний улс, бүсийн наадмын долоон түрүүний хоёр нь юм. Цаана нь улс, бүсийн 20 гаруй айраг бий. Энэ амжилтаараа тэрээр 2014 онд Тод манлай уяач алдрыг  хүртэж байсан юм. Хутагтын өлгий Завхан аймаг дөрвөн Тод манлай уяачийнхаа мялаалга наадмыг хийж, Тодын овоо босгож байсан удаатай.

Улсад түрүүлээд хасагдсан Д.Хорлоодойн хар азаргыг таван саяар авчээ  гэж амтай бүхэн  шуугьж байсан үе бий. Хэвлэл бүхэн бичиж байлаа. Адуу таван сая хүрнэ гэдэг тухайн үеийн нийгмийн тархинд байгаагүй үнэ юм. Гайхах нь аргагүй. Та тэр үеэ эргэж нэг дурсвал гэхэд,

“1995 оны намар есдүгээр сарын 7-ны өдөр. Тэр жилийн улсын наадмаар Сэлэнгийн уяачид сайхан наадсан. Зоотехникч Бат-Очирын авчирсан шүдлэн үрээ түрүүлж, би их дурлалаа. Гуйлаа. Гэтэл “Түрүүлсэн морио уяан дээр нь зарахгүй. Намар очоорой” гэж байна. Хүлээж хүлээж очтол доголоод маахайлчихсан байна. Ингээд буцаж явахдаа Хараагийн гол дээр Д.Хорлоодой эгчтэй таарсан юм. Тухайн үед анчдын  нийгэмлэгийн У.Буяндэлгэр ах, Г.Баттөмөр, Г.Пунцагбалжир бид л морь авч байлаа. Намайг гэртээ урьж, нарийн учраа хэлж байна. Ингээд хотын захиргаа харьяа газрын дарга нартаа өгч байсан хоёр өрөө байраараа тулсан юм.

Анх би хар азаргаа голоод ойшоогоогүй юм. Гэтэл улсад 747 азарга мордож, 700 нь дутуу эргэхэд түрүүлж байна. Дараа нь Есөнзүйлийн наадамд уралдахаар  Эрдэнэсант дээр явж байхад нь таарлаа. Би халмагхан ч байж. Гурван саяд авъя, нэр дээрээ уралдуулна гэхэд дараа болъё гэхээр нь больсон. Би өөрөө сайхан хээр морьтой байсан юм чинь” гэхийг сонсоход тэрээр сайхан адууны өртгийг санаанд нь хүргэж, гар татаж үзээгүй нэгэн аж. Жинхэнэ авсан, өгсөндөө өлзийтэй наймаа гэдэг энэ болжээ.

Ийнхүү 1996 оны хоёрдугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаанд Монголын хамгийн том анхны наадам болж, 560 гаруй их нас, 470 гаруй азарга мордлоо. Хэнтий, Сүхбаатарынхан хөгшин залуугүй морины хорхойтой юм чинь. Нөгөө алдарт хар азарга ирсэн сургаар “Б.Содномцог гэдэг нь аль вэ” гээд хүн болгон шуурах нь тэр. Холоос харж, залбирч явсан Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргуудтайгаа хүртэл  хар азаргатай наадсан анхны тэр наадмаар найзууд болсон гэнэ. Түмэнд танигдсан хар азаргыг зохион байгуулагчид хамгийн сүүлд гаргахад нэхэн нэхсээр аман хүзүүдсэн юм. Энэ тухай Тод манлай “Хар азарга минь намайг Монголд мандуулсан. Олон баримтат кино, нэвтрүүлэг, шүлэг бий” гэсэн юм. Энэ жил тэрээр Завхан нутагтаа очиж наадах байх гэж суусан юм.

 

“Монгол орны цаг уурт тохирсон зөв үржүүлэг хийх хэрэгтэй зэрэг анхаарах олон асуудал байна”

 

Морь уяна гэдэг хэн бүхний чадах зүйл биш аж. Энэ бол мэдрэмжийн нарийн шүтэлцээ хийгээд ой ухаан, сэтгэн бодох чадамжтай холбоотой юм. Тиймдээ ч адуугаа энэрэн хайрлах сэтгэлээр хандаж ирсэн монголчуудын өнө эртний уламжлал билээ. Харин нийгэм цаг үе өөрчлөгдөхийн хэрээр алдар нэр, хүнтэй танилцах хэрэгсэл болгон ашиглаж буйд өвгөн уяач шүүмжлэлтэй хандаж байсан юм. Түүнчлэн “Одоо бол хөрөнгө мөнгөний уралдаан болсон. Эцэг өвгөдийн өв уламжлалыг сэргээж байгаа залуусыг дээд зэргээр дэмжинэ. Адуу гэх зүйл өв соёлоор хязгаарлагдахгүй улс орны батлан хамгаалалт, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой юм. Бүгд паартай байшиндаа шавбал эзэнгүй тал нутагт шүлсээ үсэргэх харийнхан хаяанаас эхлээд л байна” гэхийг сонсоход нэгийг бодууштай.

Мөн ардын уламжлалт үржүүлгээр гарч, дэлхийн түүхийг бичсэн гайхамшигт монгол адууг дэлхийн адууны өв соёлд бүртгүүлэх ёстой. Дэлхийд бүртгэлтэй 265 үүлдрийн адууны нэг болж бүртгүүлэх нь чухал гэсэн юм.

 

“Би марксизмаар хүмүүжсэн, одоо эрих эргүүлдэг болсон. Хэл ам айхтар шүү дээ”

 

“Хүүхэд, морь эсэн мэнд ирж, ажил үйлс бүтэж, ард түмний амьдрал дээшлээсэй гэж залбирахаас хар амиа бодож үзээгүй. Би марксизмаар хүмүүжсэн. Одоо эрих эргүүлдэг болсон. Магтана гэдэг матна гэсэн үг. Цагаан, ногоон хэл ам айхтар шүү дээ. Улсын наадамд арав дотор асар олон морь оруулсан. Дандаа цагаан хэл ам. Бариа дээр ирээд үхэл. Хазаарыг нь авахын хооронд аччихна. Амьдрал элдүүрийг нь хангадаг юм байна. Сайн явах хэцүү” гэх үг эргэцүүлэх зүйл олонтой аж.

Амьдралын энэ урт замд хамаг бүхэнд түшиг болсон гэргий нь Тод манлай цолоо хүртээд төрийн ордноос гарч ирэхэд ихэд бахархсан гэнэ. “Өөрөө уяж энэ цолонд хүрсэн хүн цөөн шүү дээ. Шөнө нь адуугаа манаж, өдөр нь хоймортоо суух завгүй хөдөлмөрлөсөн. Хүн ирэхээр дуудаж гэрт оруулна. Сууж байхдаа авдрынхаа өмнө суугаагаараа үүрэглэнэ. Ингэтлээ ядарсан” гэсэн юм.

Хахир өвлийг өнөтэй давж хаврын тэргүүн сард уралдаж ирсэн ард түмний наадгай бол морин уралдаан. Уясан хүлгийнх нь тоос сүмбэр уулын оройд хүрнэ гэдэг амьд хэрэг бүтэж байгаа юм.

Б.Содномцог гуайнх хөвчтэй нум суман тамгатай. Харин өвөг дээдсийнх нь тамга ширээтэй сэрээ тамга. Харин энэхүү  хөвчтэй нум суман тамгаа Самдан багштайгаа хээрээс олж “Бурханаас надад илгээсэн” гэж шүтдэг байна. 

“2004 оны улсын наадмаар цэвэр өөрөө морио уяж түрүүлгээд, ач маань төрдөг жил би их баярласан. Ижий аавыгаа их бодсон” гэж нулимсаа залгих түүний бахархалтай амьдралын баялаг түүх сонины энэ нүүрэнд багтамгүй арвин ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 112 (7854)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn