Ц.МЯГМАРБАЯР
Эрдэнэт хотод модод нь ногоорч хэдийн зун иржээ. Хаа сайгүй газар шорооны ажил өрнөж аймаг байгуулагдсаны түүхт 50 жилийн ой угтсан бүтээн байгуулалт энд тэндгүй өрнөж, хотоо ч шинэчилж уурхайгаа ч урагшлуулж байна.
Эрдэнэтийн овоо хэмээх нүнжигтэй энэ уулын бэлд 1976 оноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн шавыг тавьж анхны илгээлтийн эзэд, орос, монгол инженерүүд ирж суурьшсанаар хот үүссэн түүхтэй. Дэлхийд эрэлтээрээ титан болж буй зэс гэдэг энэ ховор металлыг хүдэр хэмээх асар том чулуулгаас хэрхэн олборлож, баяжуулан салгаж авдгийг нүдээрээ харж, гартаа барих тэр мэдрэмжийг “Эрдэнэт үйлдвэр”-т ирэх бүрдээ мэдэрдэг билээ. Уул уурхайд зэс гэсэн гурван үсгээс бүрдсэн энэ эрдэнэ буюу металлыг хүдэр хэмээх том чулуулгаас авах гэж олон зуун уулыг өрөмдөж, нурааж, хүчирхэг том бутлуураар буталж, баяжуулж байж сая нэг олборлоно. “Эрдэнэт”-ийн анхны баяжуулах үйлдвэрийн жилийн хүчин чадал 10 сая тонн байв. Харин хүдэр бутлуурын шугамаа шинэчилснээр жилийн 40 сая тонн хүдэр баяжуулах боломжтой болсон. Хэдийгээр баяжуулах хүдрийн хэмжээ нэмэгдсэн ч 2010 онд байгуулсан, хуучин үйлдвэрийг шинэчлэх шаардлагатай болжээ. Шинэчлэхгүйгээр үйлдвэр цааш 56 жил ажиллах боломжгүй. Нөгөөтээгүүр, 40 сая тонн хүдрийн 98.5 хувийг хаяж, үлдсэн 1.5 хувийг хөвүүлэн баяжуулах аргын үр дүнд зэсийн баяжмал болдог байна. Харин хаягдсан нунтаг шороо буюу үүсмэл ордуудад нуугдмал зэс ихтэй. Тэгэхээр 1.5- хан хувийн төлөө уул нүүлгэдэг, маш их хүдрийг зөөвөрлөдөг. Тиймээс үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хоёр дахь үеийг эхлүүлжээ.
“Эрдэнэт үйлдвэр” одоогийн геологийн нөөцөд түшиглэн 56 жил буюу 2082 он хүртэл ажиллана
50 шахам жил ажиллаж зэсийн агууламж нь ядуурсан энэ уурхайн ордын нөөцийг зургаан удаа баталсан байх юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд Эрдэнэтийн-Овоо ордын 4.6 тэрбум хүдрийн нөөцийг батлуулснаар үйлдвэр дахин тавь гаруй жил ажиллах нөхцөл бүрдсэн байна. Энэхүү шинэ нөөцөөс 13 сая зэс, 642 мянган тонн молибден олборлоно. Шинэ ордыг ашиглах техник эдийн засгийн урьдчилсан тооцоогоор ордыг ил аргаар ашиглана, Баяжуулах үйлдвэрийн нэмэгдүүлсэн хүчин чадал 40 сая.тонн/жил байхаар тооцоолоход 56 жил олборлох юм. "Эрдэнэт үйлдвэр" нь хайгуулын зургаан лицензийг эзэмшиж байгаа бөгөөд Эрдэнэтийн-Овооны Оюут ордын нөөцийг 404 сая тонн хүдэртэй, дунджаар 0.30 хувийн агуулгатай, 1.2 сая тонн металл зэсийн нөөцтэй болохыг тогтоож, нөөцийн тооцоог Канадын NI 43-101 стандартын дагуу боловсруулж, хөндлөнгийн мэргэшсэн экспертүүд хянан баталгаажуулсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Эрдэнэтийн-Овооны Оюут ордод 2023–2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын дээрх үр дүнг хэлэлцэн, стратегийн ач холбогдолтойд тооцож, нөөцийг албан ёсоор хүлээн авсан. "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд Оюутаар зогсохгүй Шанд, Хужир, Цагаанчулуут гээд үлдсэн лиценз дээрээ хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Тэгэхээр одоогийн тогтоосон нөөцөөр хэмжигдэхгүй цааш дахиад нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр тус үйлдвэр улсынхаа нийгэм, эдийн засагт оруулж байгаа хувь нэмрээ олон жил тогтвортой хадгалах юм.
Эрдэнэт үйлдвэрийн шинэчлэлийн бүтээн байгуулалттай танилцахаар тус үйлдвэрт очсон юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх хэлэхдээ “Бид эрдсийн мангас хэмээх аппарат авч ашигласнаар нарийн ширхэгтэй эрдэс их хэмжээгээр хаягдаж байгааг илрүүлсэн. Иймд хүдрээ баяжуулалтад бэлтгэх технологийг сайжруулна. 1978 оноос хойш ашигласан, хүдэр бэлтгэлийн шугамаа саяхан шинэчиллээ. Хүдрийг бутлан, хагас хуурайгаар нунтаглаад, бэлэн болсныг нь шууд баяжуулна. Энэ аргаар нийт хүдрийнхээ талыг баяжуулж байна. Хоёр дахь аргаар гурван шатны бутлуур дамжаад, тээрэмд нунтаглан, бэлэн болсныг ангилж баяжуулна. Энэ хоёр арга нь баяжуулахад бэлэн болсон бүтээгдэхүүний эзлэх хувиараа ялгаатай. Одоо бид Монголд анх удаа өндөр даралтын булт нунтаглагчийг суурилуулж байна. Баяжуулах үйлдвэрийн инженерүүд бутлагдсан хүдрийг яаж хамгийн бага хэмжээнд хүргэх вэ гэж өрсөлддөг. Одоо манай бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэг 14.5 мм байна. Бид үүнийг 6-8 мм болгоно. Энэ ажлыг ирэх жилийн өдийд дуусгахаар ажиллаж байна” хэмээн ярьсан юм.
Монголд анх удаа өндөр даралтын булт нунтаглагчийг суурилуулжээ
Бид цааш шинээр барьж буй анхдагч бутлуурын барилгын талбайд очсон юм. Уулын том нүхэнд нүсэр том байшин барьж байгаа дүр зураг харагдана. Анхдагч бутлуурын барилгын суурь газрын гүнд, доошоо 32 метрт бол дээшээ 20 метр урт. 4300 метр куб бетоныг тасралтгүй 72 цаг цутгасан нь манай улсад анхны тохиолдол болжээ. Барилгын бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж гүйцэтгэл 60 хувьтай байлаа. Үйлдвэр цаашид 56 жил ажиллах шаардлагатай болсон тул хүдэр бутлуурын хуучин шугамаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай болжээ.
Баяжуулах үйлдвэрийн ерөнхий инженер Г.Цогтгэрэл бүтээн Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн талаар тайлбарлахдаа. ”Хүдэр дэх металлын агууламж огцом буурч, хүдрийн агуулга нэмэгдэж буйтай холбогдуулан гаргаж буй бүтээгдэхүүний хэвийн хэмжээг хадгалахын тулд анх 1978 онд анх ашиглалтад орсон, 20 сая тонны хүчин чадалтай хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын том бутлалтын бутлуурыг шинэчилж,технологийг сайжруулах шаардлагатай болсон. Шинэчлэхдээ хамгийн сүүлийн үеийн шинэ инновац, технологийг шингээсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж бүтээн байгуулалтыг хийж байна. Ингэснээр хоёр талд хүдэр авдаг байснаа нэг цэг дээр авдаг болсноор тус шугамын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Өндөр бүтээмжтэй, ашиглалтын зардал багатай шинэчлэлийн төслийг хэрэгжүүлснээр бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийг буулгаж, хүдэр боловсруулалтын хэмжээг жилд 40 сая тонн болгох эхлэлийг энэ онд тавьсан.
Мөн цахилгаан зарцуулалт,хуяг, ган,бөөрөнцөг зэрэг ашиглалтын хувьсах зардлыг долоон хувиар бууруулж орд ашиглалтын нийт хугацаанд борлуулалтын орлого 2.5 сая ам.доллароор нэмэгдэнэ” гэсэн юм. Мөн асар том хүдэр хуучин бутлуурын шугам руу орж гацах эрсдэлтэй. Тэгвэл шинэ шугамд чулуу бутлагчтай төхөөрөмж давхар суурилсан нь хүний оролцоог багасгаж улмаар бутлуур нь гидер хөргүүртэй тул том хэмжээний металл ороод гацсан тохиолдолд асгах амсраа томсгож хүдрээ зайлуулах боломжтой зэрэг давуу талтай гэв. Тоног төхөөрөмжүүдээ жилийн өмнө захиалж, бүтэн жилийн турш үйлдвэрлэсэн байна. Энд хүдрийг бутлах, нунтаглах үйлдлийг зэрэг хийдгээрээ онцлогтой. Мөн хүдрийг 6-10 мм хэмжээтэй болгож, баяжуулахад бэлтгэнэ. Энэ хэрээр бүтээмж өсөж, нуугдмал байдлаар хаягддаг байсан металлаа авах буюу баяжуулах боломж бүрдэх юм байна. Иймээс “Эрдэнэт” үйлдвэр анх удаа 0.17 хувийн захын агуулгатай хүдрийг нөөцөд бүртгэжээ. Арван жилийн өмнө ийм хүдрийг ядуу агуулгатай, эдийн засгийн өгөөж бага гэж үзэн, хаядаг байсан бол өдгөө ашиглах технологийг ийнхүү нэвтрүүлж байна. БНХАУ-аас зөвлөхүүд урьж хамтран ажилласан байна. Энэ шугам ашиглалтад орсноор үйлдвэрийн борлуулалтын орлого жилд 48 сая ам.доллароор нэмэгдэнэ. Ашиглалтын зардал жилд 10 сая ам.доллароор буурч, хөрөнгө оруулалтаа зургаан жилийн дараа нөхнө. Тус бүтээн байгуулалтын ажил 2027 оны тавдугаар сард дуусаж ашиглалтад орно. 98 секцээр ажилладаг бутлуурыг 28 секц болгож бууруулж буй юм. Уурхайчид нуугдмал зэс орхигдуулахгүйн төлөө ийнхүү Хүдэр бутлах I шугамын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлжээ.
Хаягдал хураах шинэ сан байгуулж өтгөрүүлэх технологи нэвтрүүлнэ
Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг өтгөрүүлэх технологийг судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх төслийг “Эрдэнэт үйлдвэр” хэрэгжүүлж байна. Бид Цагаан тоосны хаягдлын шинэ сан барьж буй талбайд очсон юм. Хаягдлын сангаа шинээр барьж өтгөрүүлэх технологи нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн үр ашиг, ус ашиглалтын хэмнэлт, байгаль орчны хамгаалал, хаягдал хураах сангийн аюулгүй ажиллагаа зэрэг дээшлэх стратегийн ач чухал холбогдолтой төсөл ажээ. Уг төслийг хэрэгжүүлснээр цэвэр усны хэмжээ 7.0 сая шоо м3 ээр буурч цагаан тоосны байгаль очинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасах юм. Одоо ашиглаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан 1308 метр өндөр. 1320 метр хүрэхэд даланг дахин ашиглахгүй гэв. 5-7 жилийн дараа энэ түвшинд хүрэх тул хаягдлын сангийн дараагийн байршлыг судалж эхэлсэн байна. Хаягдлын даланг энд байгуулна гээд шийдчихдэггүй. Таван төрлийн судалгаа хийсний дараа шийддэг. Үйлдвэр дахин 56 жил ажиллах тул хаягдлын сан зайлшгүй хэрэгтэй. Тиймээс хаягдал өтгөрүүлэх технологийг ашиглана. Энэ нь одоогийнхоос ялгаатай. Усаа богино схемээр шилжүүлж аван, өтгөрсөн хаягдлыг цааш хаягдлын сандаа хураана. Шинэ технологи нэвтрүүлснээр хаягдлын аж ахуйн зардлаа бууруулж, цагаан тоосоо 90 хүртэл хувиар бууруулна гэж тооцжээ.
ҮТП-ийн дэд бүтцийн ажлыг энэ онд дуусгаж Зэс хайлуулах үйлдвэрээ барьж эхэлнэ
-Эрдэнэт үйлдвэрээс 10 орчим км -т байрлах Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг газар дээр нь үзэхээр бид цааш хөдөллөө. Автобусны цонхоор харагдах шинэ төмөр замыг хараад монгол инженерүүдээрээ бахархах сэтгэл төрж байв. Биднийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ҮТП-ийн төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл замчлан уг төмөр замын эхэнд авчирсан юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-нь Үйлдвэрлэл, технологийн паркийг дагалдан байгуулагдах үйлдвэрүүдэд зориулсан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2021 онд эхлүүлж, өнөөдрийн байдлаар 4.4 км төмөр зам, 25,6 км ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулаад байна. Мөн асфальт бетон хучилттай 12.62 км авто замын ажил болон цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээ барьж байгуулах ажил 60 хувьтай, авто замын II багцын ажил 30 хувьтай.Төмөр замын багцын эхний ажил бүрэн дууссан. II дахь багцын ажил 10 хувьтай энэ ондоо дуусгахаар ажиллаж байна. Цахилгаан хангамжийн эхний багц ажлын гүйцэтгэл 75 хувьтай. Дараагийн багц нь 81 хувь, III дах багцын ажил дөнгөж эхлээд байна. Энэ хүрээнд цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг бүтээн байгуулна.
Тухайлбал, Оюут дэд станц нь ҮТП-ийг Эрдэнэтийн дэд станцтай холбоно. Энэ парк дээр бидний олон жил ярьсан Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг байгуулна. Тус үйлдвэрийг барих олон улсын тендерийг Засгийн газраас зарлаж хоёр компани шалгарсан. Түүнчлэн тус паркт зөвхөн Зэс хайлуулах үйлдвэр байгуулаад зогсохгүй зэсийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрүүд баригдана. Энэхүү ҮТП ашиглалтад орсноор Монгол Улсад Хүнд үйлдвэр хөгжих эхлэл тавигдаж зэсийн баяжмалаа нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн Монгол Улсад байгуулагдах бусад ҮТП-уудад жишиг үйлдвэр болох юм.
Төслийн нэгжийн дарга ярихдаа “Зэс хайлуулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 772.9 сая ам.доллар.Хөрөнгө оруулалтаа 8.8 жилийн хугацаанд нөхөх ТЭЗҮ-ийг боловсруулж өнгөрсөн онд батлуулснаар төслийг эхлүүлэх боломж бүрдсэн. Үйлдвэр жилд 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэж, зэс утас,хоолой,нано нунтаг, зэрэг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой” гэсэн юм.
Энд зөвхөн Эрдэнэт үйлдвэр бус Монголын, хувийн хэвшлийнхэн олон улсын компаниудад нээлттэй зах зээл, хамтын ажиллагааны том төв болно. Ийнхүү Эрдэнэт хотод хагас зуун жилийн дараах шинэчлэлийн их бүтээн байгуулалт өрнөж бид түүхийн гэрч болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 97 (7839)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn