Гэрэл зургийг Р.Оюун
“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдлээ. Үзэсгэлэнд Оуэн Латтиморын үр ач нараас Америкийн Монгол судлалын төвд 2024, 2026 онд хандивласан түүхэн гэрэл зураг, эд өлгийн зүйлсээс дэлгэхийн зэрэгцээ АНУ-ын Харвард, Жонс Хопкинс, Йэл, Пенсильванийн их сургуулийн архив, Конгрессын номын сангийн архив, шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн хувийн цуглуулга, Завхан аймгийн музей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, ТЕГ-ын тусгай архив, Олон улсын монгол судлалын холбоо, ШУА зэрэг байгууллагад хадгалагдаж байсан баримт материалаас дэлгэн толилуулах гэж байна. Урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй ховор нандин гэрэл зураг, өв үзмэрүүдийг та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс тольдох болно. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.
Жижиг модон чемодан.
Дилав хутагт Жамсранжавын малгай.
Америкт хөл тавьсан нь. /Балтимор, 1949 он/
Дундад иргэн улсад суугаа АНУ-ын Элчин Нэлсон Т.Жонсон, Оуэн Латтимор, Гэндэн Сойвон нарын хамт. /Бээжин, 1933 оны зун/
Оуэн Латтиморын төлөө залбирч буй нь. О.Латтиморыг Маккартизмын хилс хэрэгт гүтгэгдэн, "Зөвлөлтийн тагнуул" хэмээн цоллож байх үед түүний хамгийн гол оюун санааны түшиг тулгуур нь хутагт байв. Хутагт Латтиморт хандан "Хэрэв чиний зүрх сэтгэл цэвэр, чи үнэнийг хэлж байгаа бол чамд айх зүйлгүй. Цаг хугацаа үнэнийг шүүнэ" хэмээн сургаж байсныг Оуэн Латтимор өөрийн "Ordeal by Slander" /Гүтгэлгийн сорилт/ номдоо онцолжээ. Америкийн хэвлэлд Дилав хутагт Жон Хопкинсын их сургууль дахь гэртээ бурхан шүтээнийхээ өмнө залбирч буй эл зурагтайгаар "Монголын гэгээнтэн өөрийн андынхаа төлөө хатуу ширүүн ном уншиж байна" хэмээн бичиж байв. Эх сурвалж: Балтимор сонин.
Эх сурвалж www.zms.mn