Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Ногоон, тогтвортой хөгжлийн форум БНХАУ-ын Жэжян мужийн Нинбо хотод дөрөвдүгээр сарын 28-30-нд зохион байгуулагдлаа. Гишүүн орнуудын хооронд ногоон хөгжлийн чиглэлээр бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн бага нүүрстөрөгчийн шилжилтийг хурдасгах зорилготой уг форумд БНХАУ болон бусад орны байгаль орчны салбарын төрийн байгууллагын удирдлага, бизнесийн төлөөлөл, судлаачид, эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Мөн форумын хүрээнд ШХАБ-ын холбогдох хорооноос гишүүн болон түнш орнуудын сэтгүүлчдэд зориулсан медиа аяллыг зохион байгуулсан юм.  Энэ форум арга хэмжээнд Монгол Улсаас “Зууны мэдээ” сониноо төлөөлөн оролцлоо. Энэхүү аяллаар нь өндөр технологиос эхлээд хөдөө аж ахуйн санаачилга хүртэлх өргөн хүрээг хамарч, Хятадын хөгжлийн цар хүрээг тод харууллаа. Ингээд та бүхэндээ аяллын сонин сайхнаа хуваалцаж байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) Ногоон ба тогтвортой хөгжлийн форумд оролцсон нь зүгээр нэг арга хэмжээнд суусан хэрэг биш, харин хөгжлийн тухай, тогтвортой байдлын утга учир, ирээдүйгээ хэрхэн бүтээж болох тухай ойлголтыг минь бодитоор өөрчилсөн туршлага байлаа.

Энэхүү аяллыг онцгой болгосон зүйл нь зөвхөн хурлын танхимд өрнөсөн хэлэлцүүлгээр хязгаарлагдаагүйд оршино. Бид тогтвортой хөгжлийн тухай сонсоод өнгөрсөнгүй харин түүнийг нүдээр харж, дундуур нь алхаж, бодитоор мэдэрсэн юм.

 

“Ирээдүй аль хэдийн иржээ”

 

Аялал Ханжөү хотоос эхэлсэн. Энэ хот анхны сэтгэгдлээрээ л тэнцвэрийг илэрхийлж байв. Орчин үеийн хөгжил нь нүд булаам ч хэт ачаалал мэдрүүлэхгүй, бүх зүйлд нэг төрлийн тайван, зохицсон хэмнэл ажиглагдана. Ханжөүгийн “Embodied Intelligence” үзэсгэлэнгийн төвд технологийн хөгжил ямар түвшинд хүрснийг харлаа. Роботууд харилцаж, хоол хийж, ургац хурааж, тоглоом тоглож, боксоор өрсөлдөж, цэвэрлэгээ, хийж бүр боксын тулаанд ялсан робот нь жинхэнэ тамирчин мэт баярлан хашхирч, сэтгэл хөдлөлөө илэрхийлж ч байв. 8813 ам метр талбай бүхий энэ төвд ирээдүй үнэхээр “амилсан” мэт л байв. Робот бариста кофе бэлтгэж, хоол хийж, үйлчилж байна. Ийм чадвартай болгохын тулд роботуудыг хэрхэн сургаж байгааг ч харуулав. Ингэж сургахын тулд олон цаг шаарддаг гэнэ. Гэхдээ л тэд хожим хүмүүсийн цагийг асар ихээр хэмнэнэ гэдгийг онцолж байв.

Хиймэл оюуныг эрүүл мэндийн салбарт ашиглах нь мөн эрэлттэй чиглэл болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төхөөрөмжүүдээс эхлээд асрагч, сувилагч, бүр массаж хийдэг роботууд ч бий. Хэрэглэгч зөвхөн хаана өвдөж байгаагаа “хэлэхэд” хангалттай ажээ. системүүд бодит цаг хугацаанд хариу үйлдэл үзүүлж байсан нь яг л ирээдүйд очсон мэт сэтгэгдэл төрүүлсэн.

Гэхдээ хамгийн анхаарал татсан зүйл нь энэ бүх инноваци тогтвортой хөгжлөөс тусдаа биш байв. Харин ч түүнийг дэмжих, уялдуулах зорилготойгоор бүтээгдсэн нь тодорхой харагдаж байлаа.

 

Анжи: “Хуванцрын оронд хулс” санаачилга

Анжи бол зүгээр нэг газар биш, харин нэгэн үзэл санаа юм. Байгаль орчноо золиослохгүйгээр хөгжих боломжтойг харуулсан амьдралын хэв маяг энд бүрдсэн байна. Юцүн тосгоноор алхахад энэ газар өмнө нь байгальд сөрөг нөлөө үзүүлдэг үйлдвэрлэлээс хамааралтай байсан гэдэгт итгэхэд бэрх. Харин өнөөдөр энэ тосгон нь олон нийт өөр замыг сонгож чадвал юу өөрчлөгдөж болдгийн дэлхийд жишиг болсон бодит нотолгоо болон хувирчээ.

Дажуюань тосгонд очиход энгийн мэт зүйлс хүртэл томоохон шийдэл болж чаддгийг биеэр харлаа. “Хуванцрын оронд хулс” санаачилга бол үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн, хэрэгжүүлэхэд бодитой, өргөжүүлэх боломжтой, хамгийн чухал нь үр дүнгээ өгч буй шийдэл юм. Энэ нь шийдэл заавал төвөгтэй байх албагүйг сануулсан. Заримдаа хамгийн оновчтой гарц бидний эргэн тойронд аль хэдийн байж байдаг ажээ.

Хуванцарыг орлох шийдэлд БНХАУ-д хулсны “ногоон” технологийг хөгжүүлж байна Хулсаар хийсэн хөнжил, алчуур дэлхийн зах зээлд хэдийнээ танил болсон. Харин хулсыг зөвхөн ахуйн хэрэглээ бус, нэг удаагийн сав суулгаас эхлээд тавилга, барилгын материал хүртэлх өргөн хүрээнд ашиглаж, хуванцар болон модыг орлох боломжтой гэдэг нь төдийлөн төсөөлөгдөхгүй байв. БНХАУ-ын Жэжян мужийн Анжи хошуунд энэ чиглэлийн шийдлийг бодитоор хэрэгжүүлж байна. Хязгааргүй мэт үргэлжлэх хулсан ойгоороо алдартай тус нутагт алдарт “Crouching Tiger, Hidden Dragon” киноны хэсгүүдийг ч зураг авч байжээ. Хулс нь маш хурдан нөхөн сэргэдэг нөөц бөгөөд хамгийн хурдан ургадаг онцлогтой. Тиймээс байгаль орчныг хамгаалах зорилгоор хуванцрыг орлох шийдэл болгон ашиглаж эхэлсэн байна. Хуванцар задрахад олон арван жил шаардлагатай бол хулс нэг жилийн дотор байгальд бүрэн шингэдэг давуу талтай. Анжи хошууны Дажуюань тосгонд “Хулсаар хуванцар орлуулах” тусгай үзүүлэнгийн төв байгуулжээ. 550 орчим ам метр талбай бүхий тус төв “Хулс  хуванцарыг орлоно,  бага нүүрстөрөгчийн ирээдүйд хүрэх зам” уриан дор үйл ажиллагаа явуулж байна. Энэ төвд хулсаар хийсэн 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Үүнд ахуйн болон гоёл чимэглэлийн эд зүйлс, биоматериал, хулсан ширхэгт бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, инновацын шийдлүүд багтжээ. Мультимедиа технологи болон бодит хэрэглээний орчныг хослуулсан энэхүү үзүүлэнгээр дамжуулан зочид Анжи хошууны хулсны салбарын хөгжлийг бодитоор харж, хуванцрыг байгальд ээлтэй материалаар орлуулах бодлогын хэрэгжилттэй танилцах боломжтой байлаа.

 

Сяоинь тосгон

Сяоинь тосгон бол яг л түр амсхийх завсарлага мэт сэтгэгдэл төрүүлсэн газар. Хөгжил гэдэг нь зөвхөн илүү ихийг барьж байгуулах бус, харин хүмүүсийг байгальтайгаа, өөртэйгөө дахин холбогдох орон зайг бий болгох явдал гэдгийг сануулсан юм.

Тогтвортой хөгжил ямар байх ёстойг ойлгож эхэлж байна гэж бодож байсан ч аялал цааш үргэлжилж, биднийг Нинбо хотод авчирсан нь миний ойлголтыг бүр ч тэлсэн билээ.

Нинбо Төмөр, гангийн компанид очихдоо хүнд үйлдвэрийн талаар бидний төсөөлдөг зүйлс бохирдол, дуу чимээ, байгалийн бохирдол харагдана гэж бодож байлаа. Гэвч бодит байдал дээр огт өөр дүр зураг цэвэр, эмх цэгцтэй, бүр гайхмаар ногоон орчин бүрдсэн байлаа.

Тэдний үйлдвэрлэлийн туршлага танилцуулах хөтөлбөрийн хүрээнд бид ган үйлдвэрлэлийн шат дамжлагаас эхлээд тоосжилтыг бууруулах, ус цэвэршүүлэх зэрэг байгаль орчны хамгааллын системүүдийг ойроос үзэж танилцсан юм. Энэ бүхэн надад нэг зүйлийг маш тодорхой ойлгуулсан.

Асуудал нь өөрөө үйлдвэрлэлдээ биш харин түүнийг хэрхэн удирдаж, зохион байгуулж байгаад оршдог гэдгийг өөрийн биеэр харж ойлгож танилцсан явдал байлаа.

 

Ойлголтыг өөрчилсөн Мэйшань

 

Миний хувьд хамгийн том ойлголтын өөрчлөлт Мэйшань арал дээрх Zeekr ухаалаг үйлдвэрт очих үед тохиосон юм. Энэ бол огт өөр түвшний туршлага байлаа.

Үйлдвэр мөн гэхдээ бидний төсөөлдөг тэр хэв маягаар биш.

Бүх зүйл хоорондоо уялдаатай, нарийн хяналттай, өндөр үр ашигтай байв. Өдөрт 300 гаруй автомашин үйлдвэрлэдэг. Хиймэл оюун ухаан, бодит цагийн өгөгдөл, дижитал системүүдийг ашигласан нь бүх үйл явцыг жигд, нарийвчлалтай болгожээ.

Гэвч хамгийн онцгой нь тогтвортой байдлыг тусдаа ойлголт биш, харин системийнх нь салшгүй хэсэг болгон шингээсэн явдал байлаа.

Үйлдвэрлэлээс гарсан илүүдэл дулааныг дахин ашигладаг.

Борооны усыг хуримтлуулж, эргүүлэн ашигладаг.

Нарны эрчим хүчийг идэвхтэй нэвтрүүлэн ашиглаж байна.

Энэ бүхэн нь дараа нь нэмсэн шийдэл биш анхнаасаа үйлдвэрийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болгон төлөвлөгдсөн байна.

Мөн энд ажиллаж буй хүмүүс онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Ирээдүйг илэрхийлэх орчинд төвлөрсөн, өөртөө итгэлтэй залуу мэргэжилтнүүд ажиллаж байлаа. Энэ нь тогтвортой хөгжил гэдэг зөвхөн систем, технологийн асуудал биш, харин аливааг өөрөөр хийхэд итгэдэг хүмүүсийн тухай ойлголт юм гэдгийг надад дахин сануулсан юм.

 

Бүхнийг үзэж мэдэрсний дараахь форумын нээлт

 

Энэ бүхнийг биеэр мэдэрсний дараа аяллын дараагийн зогсоол нь форумын нээлтийн ёслол байлаа. Тэнд очих үед өмнө нь үзэж, харсан бүхэн илүү утга учиртайгаар нэгтгэгдэн ойлгож эхэлсэн юм.

Форумын үеэр дэлхийн улс орнуудын удирдагчид, төлөөлөгчид нэг дор цугларч, өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болох байгаль орчноо хамгаалж, хөгжлийг хэрхэн урагшлуулах тухай хэлэлцлээ. Нийт оролцогчдын дунд нэгэн тодорхой мессеж давамгайлж байв. тогтвортой хөгжил бол сонголт биш, харин зайлшгүй шаардлага болсон. Мөн ногоон эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлын талаар онцлон ярьсан юм. Энэ бол аль нэг улс орон дангаараа туулж чадах зам биш. Иймээс бидний бүтээж буй ирээдүй хамтын, харилцан дэмжсэн, тогтвортой байх ёстойг сануулсан юм.

Энэхүү туршлагыг үнэхээр онцгой болгосон өөр нэг хүчин зүйл нь зохион байгуулагч талын бэлтгэл, зохион байгуулалт байлаа. Эхнээс нь л бүхий л зүйлд  хичээл зүтгэл гаргасан нь мэдрэгдэж байсан. Хөтөлбөрийн уялдаа холбоо, цагийн нарийн төлөвлөлт, үйл ажиллагааны жигд урсгал бүх зүйл мэргэжлийн өндөр түвшинд, нягт нямбай зохион байгуулагдсан юм. Гэвч үүний зэрэгцээ хүн бүрд ойр, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чадсан нь онцгой байлаа. Өөр өөр улс орон, соёлын орчноос ирсэн ч бид өөрсдийгөө гаднын хүн мэт огт мэдрээгүй. Харин ч эсрэгээрээ, халуун дотноор хүлээн авч, бараг л гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлсэн юм. Нээлтийн ёслолын дараа олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд үзэсгэлэнгийн талбайд байрласан хэвлэлийн төвд ихэнх цагаа өнгөрүүлэв. Үнэндээ тэр орон зай зүгээр нэг ажиллах талбар биш байлаа. Тэр нь хүмүүсийг холбосон уулзах цэг болсон юм. Өөр өөр улс орноос ирсэн сэтгүүлчид, телевизийн продюсерууд, контент бүтээгчид тэнд цугларч, ярилцаж, туршлагаа хуваалцан, санаа бодлоо солилцож, шинэ харилцаа холбоо, нөхөрлөлийг бий болгож байв. Хамгийн онцгой нь энд гадаадын хүн гэх ялгаатай хандлага огт байсангүй. Үүнд орон нутгийн Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудын нээлттэй, нөхөрсөг, халуун дотно хандлага ихээхэн нөлөөлсөн. Бид тэнд Хятадын уламжлалт амттан, зоогийг амсаж, бүр цаашлаад Хятадын уламжлалт гар урлалтай танилцах сонирхолтой мөчүүдийг ч өнгөрүүлсэн юм. Зөвхөн хараад өнгөрөх биш  өөрсдөө туршиж үзэх боломж ч бидэнд олдсон. Ийм жижиг мэт боловч үнэ цэнтэй мөчүүд энэ аяллыг илүү утга учиртай болгосон. Тэд мэргэжлийн орчныг  бүтээлч, илүү дурсамжтай болгож чадсан юм.

Аяллыг бүхэлд нь эргэн харахад Ханжөүгаас Анжи, тэндээс Нинбо хүртэл нэг зүйл маш тодорхой болсон. Ногоон, тогтвортой хөгжил гэдэг зүгээр нэг онол биш. Тэр аль хэдийн бодитоор хэрэгжиж эхэлсэн байна. Байгальд ээлтэй замыг сонгосон тосгодод хэрэгжиж байна.Байгаль орчинд үзүүлэх нөлөөгөө бууруулахыг эрмэлзэж буй үйлдвэрлэлийн салбаруудад хэрэгжиж байна. Үйлдвэрлэлийн үйл явцыг шинээр загварчилж, илүү ухаалаг, хариуцлагатай болгож буй үйлдвэрүүдэд хэрэгжиж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь алс ирээдүйн асуудал биш, өдөр тутмын бодит байдал болсон улс орнуудын хувьд энэ туршлага бүр ч илүү утга учиртай санагдсан.

Энэ аялал надад нэг зүйлийг тодорхой ойлгуулсан. Асуулт нь хөгжил хэрэгтэй юу, үгүй юу гэдэгт биш  харин бид түүнийг яаж хэрэгжүүлэхээ хэрхэн сонгох вэ гэдэгт оршиж байна. Хэрэв зөв хэрэгжүүлж чадвал хөгжил нь байгаль орчинд заавал хор хөнөөл учруулах албагүй. Харин ч хамгаалж чадна. Хамтран орших боломжтой. Тэгээд зөвхөн дэвшилтэт биш жинхэнэ утгаараа тогтвортой ирээдүйг бий болгож чадна. Энэ  бол аль нэг улс орон дангаараа туулж чадах зам биш. Тийм ч учраас Шанхайн хамтын ажиллагааны байгууллага онцгой ач холбогдолтой. Учир нь бидний бүтээж буй ирээдүй хамтын, харилцан дэмжсэн, тогтвортой байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 86 (7828)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn