Б.Нандин 

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэвлэлийн байгууллагууд, сэтгүүлч уран бүтээлчдэд хиймэл оюуныг зүй зохистой хэрэглэх асуудлаар уриалга гаргажээ.

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан гаргасан энэхүү уриалгад олон улсад хиймэл оюуныг оюуныг их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх, баримт шалгах, архивын контентыг сэргээж, шинэ хэлбэрээр хүргэх, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн контент санал болгох, редакцын дотоод үйл ажиллагааг оновчлох зэрэг олон чиглэлд үр дүнтэй ашиглаж байна. Гэвч эдгээр боломжийн зэрэгцээ хиймэл оюунаар үүсгэсэн контентоор төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээх, алгоритмын гажуудал, ил тод бус байдал, хүний хяналт баталгаажуулалт сулрах, нууцлалын зөрчил зэрэг ноцтой эрсдэл нэмэгдэж байгаа. Иймд бид хиймэл оюуныг сэтгүүл зүйд ашиглахдаа ёс зүй, мэргэжлийн стандарт, олон нийтийн эрх ашгийг тэргүүнд тавихыг уриалж байна. Үүний тулд дараах мөрдлөгийг өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарна уу хэмээн онцолжээ. Манай редакц хиймэл оюуны ашиглах дотоод журамтай бөгөөд ХМЗ-ийн гаргасан уриалгыг дэмжиж бүрэн эхээр нь хүргэж байна.

УРИАЛГА: ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ЁС ЗҮЙТЭЙ АШИГЛАЯ!

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (5 дугаар сарын 03)-ийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ)-өөс сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, сэтгүүлчдэд хиймэл оюуныг ёс зүйтэй ашиглаж хэвшихийг уриалж байна.

Хиймэл оюун ба дижиталчлагдаж буй эрин үед нийтийн эрх ашгийн төлөөх шударга, бие даасан хэвлэл мэдээлэл, ёс зүйтэй сэтгүүл зүйн үнэ цэн улам бүр чухал болж буйг 2025 оны аравдугаар сард болсон “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-аар хэлэлцсэн.

Хиймэл оюун, ялангуяа үүсгэгч хиймэл оюуны (Generative AI) хурдацтай хөгжил нь сэтгүүл зүйн мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх үйл явцад ихээхэн нөлөөлж байна. Дэлхийн олон оронд хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюуныг мэдээллийн үйлдвэрлэлийг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүрэх шинэ хэлбэрийг хөгжүүлэхэд идэвхтэй ашиглаж байна.

Тухайлбал, хиймэл оюуныг их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх, баримт шалгах, архивын контентыг сэргээж, шинэ хэлбэрээр хүргэх, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн контент санал болгох, редакцын дотоод үйл ажиллагааг оновчлох зэрэг олон чиглэлд үр дүнтэй ашиглаж байна.

Гэвч эдгээр боломжийн зэрэгцээ хиймэл оюунаар үүсгэсэн контентоор төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээх, алгоритмын гажуудал, ил тод бус байдал, хүний хяналт баталгаажуулалт сулрах, нууцлалын зөрчил зэрэг ноцтой эрсдэл нэмэгдэж байгаа. Иймд бид хиймэл оюуныг сэтгүүл зүйд ашиглахдаа ёс зүй, мэргэжлийн стандарт, олон нийтийн эрх ашгийг тэргүүнд тавихыг уриалж байна. Үүний тулд дараах мөрдлөгийг өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарна уу.

🔹Хиймэл оюун нь сэтгүүлч, редакцын шийдвэрийг орлох бус, туслах хэрэгсэл байна. Нийтлэгдсэн бүх контентийн эцсийн хариуцлага хүн дээр үлдэх бөгөөд түүнд редакцын шийдвэр гаргах эрхийг шилжүүлэхгүй байх;

🔹Хиймэл оюунаас гарсан аливаа мэдээллийг баталгаажаагүй эх сурвалж гэж үзэж, баримт, эшлэл, өгөгдөл бүрийг дахин шалгаж нягтална. Хийсвэр, зохиомол мэдээлэл үүсгэх (hallucination) эрсдэлийг байнга тооцож ажиллах;

🔹Хиймэл оюун ашигласан тохиолдолд олон нийтэд ил тод мэдээлж, хиймэл оюуны тусламжтай бүтээсэн контентыг тодорхой шошголж, төөрөгдөл үүсгэхгүй байх;

🔹Хиймэл оюуныг худал мэдээлэл, манипуляци, clickbait буюу зориудаар уншигч, үзэгчийн анхаарал татаж, товчлуур даруулах зорилготой хэтрүүлсэн, төөрөгдүүлсэн гарчиг болон контент үүсгэхэд ашиглахгүй байх. Олон нийтийн “үнэнийг мэдэх эрх”-ийг тэргүүнд тавьж, мэдээллийн чанар, найдвартай байдлыг хангах;

🔹Нууц, эмзэг, хувийн мэдээлэл, эх сурвалжтай холбоотой мэдээллийг хиймэл оюуны системд оруулахгүй байж эх сурвалжийн аюулгүй байдлыг хамгаалах;

🔹Зураг, видео, аудио контентыг хиймэл оюунаар гуйвуулж өөрчлөхгүй. Хиймэл оюуныг санаа боловсруулах, хураангуйлах зэрэг туслах хэлбэрээр ашиглах;

🔹Хиймэл оюун нь хүний болон өгөгдлийн хазайлтыг давтаж гаргах эрсдэлтэй тул редакцууд мэдээллийн тэнцвэр, олон талт байдал, шударга байдлыг хангаж ажиллах;

🔹Хиймэл оюуныг ашиглахдаа зохиогчийн эрх, лиценз, эх сурвалж ашиглах нөхцөлийг судалж, дагаж мөрдөх;

🔹Сэтгүүлчид хиймэл оюуны боломж, хязгаарлалт, эрсдэлийн талаар суурь мэдлэгтэй байж, редакцууд энэ сэдвээр хүний нөөцөө сургах, түүний хэрэглээний талаар дотоод ёс зүйн удирдамж, бодлогоо боловсруулахыг уриалж байна.

Хиймэл оюуныг үр ашиг нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглахын зэрэгцээ ёс зүйн хяналтыг сулруулахгүй байхыг Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд уриалж байна.