Б.НЯМСҮРЭН
“ДЭМБ-ын судалгаагаар манай улс амиа хорлолтын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна” гэсэн мэдээлэл үе үе цахим орчинд нийтлэгддэг. Уншсан ямар ч хүн анхаарал татахаар энэхүү мэдээлэл бол ДЭМБ-аас хоёр жилийн өмнө гаргасан судалгаанаас онцлон гаргасан баримт юм. Яг үнэндээ бол дэлхийд хоёрдугаарт биш, манай улс 100 мянган хүн ам тутам дахь амиа хорлолтын 18-19 тохиолдол бүртгэгддэгээрээ Ази тивдээ хоёрдугаарт бичигдэж байгаа хэрэг. Гэхдээ Ази тивдээ, 100 мянган хүн ам тутамд юм гэж алгуурлаж боломгүй үнэхээр өндөр үзүүлэлт. Яагаад гэвэл дэлхийн дундаж 8-9 байдаг бол манайх энэ тооноос хоёр дахин их. Хэдийгээр дээрх мэдээлэл нь өнөөдөр дэлгэж байгаа цоо шинэ баримт биш боловч амиа хорлолт буурахгүй байгааг ЦЕГ-аас мөн анхааруулсаар байна.
Тэгвэл амиа хорлолтын шалтгаан нөхцөл, манай улс яагаад ийм өндөр байна вэ?. НҮБ-ын судалгаанаас үзэхэд, дэлхий даяар жил бүр 700 мянга гаруй хүн амиа хорлодог аж. Энэ нь дэлхийн хэмжээнд сэтгэцийн эрүүл мэнд ямар том асуудал болсныг илэрхийлж байгаагийн зэрэгцээ манай улс дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлттэй байгаа нь Монгол Улсын хувьд сэтгэцийн эрүүл мэнд ямар эмзэг, ноцтой бас төсөөлснөөс илүү сөрөг үр дагавартай болсныг харуулна.
Манай улс хүн ам цөөтэй учраас нийт тохиолдол бага мэт харагдавч харьцангуй үзүүлэлтээрээ Азид хоёрдугаарт, дэлхийд дээгүүрт бичигдсээр байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Гэхдээ бодит байдал дээр амиа хорлолт гэдгийг “өндөр үзүүлэлт”-ээр хэмжих биш, харин нийгмийн гүн асуудлын илрэл гэж харж болно. Сүүлийн жилүүдэд гарсан үндэсний судалгаанууд зарим үед энэ тоо 25–28 хүртэл өсөж, олон улсын дундажтай харьцуулахад хэд дахин өндөр түвшинд хүрснийг харуулж байна.
Залуусын дундах “Чимээгүй хямрал”

Монгол Улсад амиа хорлолт өндөр үзүүлэлттэй байгааг ганц, хоёрхон шалтгаанаар дүгнэх аргагүй. Эрэгтэйчүүдийн дундах амиа хорлолт эмэгтэйчүүдээс хэд дахин их байна. ЦЕГ-ын тайланд мэдээлснээр Монгол Улсад амиа хорлолтын түвшин эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс долоо дахин өндөр байна хэмээн онцолжээ. Энэ нь эрчүүд “сэтгэлзүйн асуудлаа ярьдаггүй”, “эр хүн уйлж болохгүй” гэдэг хэвшмэл ойлголттой шууд холбоотой гэж судлаачид үздэг. Мөн дээр нь эр хүнд ирдэг нийгмийн ачаа эмэгтэйчүүдийнхээс илүү гэж үзэж ч болно. Гэр бүлээ авч явах ёстой, эдийн засгийн дарамт, ажилгүйдэл, архидалт, мөрийтэй тоглоом, цахим донтолт, сэтгэл гутрал, нийгмээс тусгаарлагдсан байдал, ганцаардал, хот хөдөөгийн тэгш бус байдал гээд олон хүчин зүйл нөлөөтэй гэж судалгаагаар тогтоочихсон. Нөгөө талаар сэтгэцийн асуудлыг огт тоодоггүй хэнэггүй зан ч нөлөөлдөг.
Ерөөсөө нийгмээрээ нэг сэтгэцээ үзүүлмээр байна гэдэг сүүлийн үеийн хошигнол бодит байдал дээр гашуун боловч бодит үнэн болчихоод байгаа юм. Хэдийгээр энэ талаар сүүлийн үед ярьж хэлж, дуугарах нь эрс нэмэгдэж байгаа ч хангалттай үр дүн өгөхгүй хэвээр байна.
Монгол Улсад амиа хорлож нас барсан тохиолдлын 23.4 хувь нь 15-19 насныхан, 27.4 хувь нь 20-24 насны залуус байна. Өөрөөр хэлбэл, ид цэл залуу 15-25 насны залуусын дунд нас барсан шалтгааныг нь судлаад үзэхэд 50 хувь нь өөрсдийн амиа егүүтгэх сонголтыг хийсэн байх. Цэл залуу насандаа зуурдаар нас барах тохиолдол бүрийд бид танихгүй ч гэлээ залуу хүүхдүүдийн төлөө маани мэгзэм уншиж, хайран сайхан залуус гэж халагладаг. Гэтэл хайран сайхан залуу насаа алдсан залуусын тал хувь нь амиа хорлосон байна гэдэг үнэхээр ямар том улаан гэрэл асааж байгааг бид олж харж чадахгүй байна уу. Сэтгэл гутрал, түгшүүр, ганцаардал, эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, архидалт, донтолт зэрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудлын нэг болох амиа хорлолтын гол шалтгаан болж байна. Тэр дундаа эрчүүдийн дундах амиа хорлолтын бас нэгэн гол шалтгаан цахим залилан, их хэмжээний өр санхүүгийн асуудал юм. Ойрын жишээ, танил эгчийн 20 гаруй насны хүү нь их хэмжээний өрөнд орж, bet тавьж алдсанаас болоод амиа хорлох оролдлого хийжээ. Азаар хүүгээ эмнэлэгт түргэн аваачсан тулдаа амь насыг нь аварч чадсан. Гэхдээ асуудлын гол нь хүү нэг л өдөр гэнэт ийм хэцүү алхам хийжээ. Өмнө нь чимээгүй дүнсийгээд яваад л, болж байгаа мэт байсаар эцэст нь өөрөө байхгүй бол бүх зүйл сайхан болно гэж бодсон гэх. Өөрөөр хэлбэл, гэнэн итгэмтгий зангаасаа эсвэл хялбар аргаар мөнгө олох гэсэн бодлоосоо болж их хэмжээний өрөнд орсон хүмүүс ч амиа хорлох магадлал маш өндөр байна.
Эндээс үзэхэд, амиа хорлолт гэдэг бол нийгмийн эрүүл мэнд, сэтгэлзүйн орчин, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг олон асуудлын огтлолцол дээр үүссэн “чимээгүй хямрал” юм. Тиймээс бодлогын түвшинд бодит өөрчлөлт хийхгүй бол энэ үзүүлэлт буурахгүй. Уг нь ДЭМБ-аас онцолдогчлон, амиа хорлолт бол урьдчилан сэргийлэх боломжтой асуудал. Гэвч үүнийг зөвхөн эрүүл мэндийн салбар бус боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон салбарын хамтарсан бодлогоор шийдвэрлэх шаардлагатайг бид зүгээр ярьсаар л өдийг хүрлээ. Амиа хорлолт бол зөвхөн нэг хүний асуудал биш, харин нийгмийг бүхэлд нь доргиох эрсдэлтэй үзэгдэл юм. Тиймээс амиа хорлолтын асуудлыг тоон үзүүлэлтээр хэмжихээс илүүтэй “нийгмийн улаан дохио” гэж харж арга хэмжээ авахгүй бол цэл залуу эрчүүдээ цаг бусаар алдсаар байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7824)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn