Ц.МЯГМАРБАЯР 

Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ

Дорноговь аймгийн Айраг сумын I багийн малчин Л.Баттулгын сууриас энэ хавар 10 орчим мал учир битүүлгээр үхсэн байна. Хөрсний дээж болон үхсэн малын эдээс аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд зэс дутагдах өвчин болон  энтербактериоз өвчин үүсгэгч нян илэрсэн байна. Өөрөөр хэлбэл хүнд металлын хор илэрсэн тухай малчин Л.Баттулга ярьж байна. Эднийх энэ нутагт өвөг дээдсээсээ мал маллах ухаанд суралцан  30 гаруй  жил малаа бэлчээрлэн амьдарч буй  залуу малчин гэр бүлийн төлөөлөл. Сүүлийн 14 жил тус нутагт уул уурхайн найман компани хоорондоо 4-5 км зайтайгаар үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байна. Эднийх эдгээр компаниудын дундах зайд малаа бэлчээрлүүлэн нутагладаг.  Жилээс жилд компаниуд өвөлжөө, хаваржааны газар руу нь дөхсөөр энэ өвөл гэхэд тэдний хашааны газрыг булааж улмаар худаг, усыг нь  эзэмшиж сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан байна. 
Малаа өвөлжүүлэх газаргүй болж 10 км зайд байх саахалт малчныхаа хашаа, хороонд малтайгаа хамт өвөлжсөн аж. Гэвч эдний мал үхээд, нөгөө саахалт малчны мал үхээгүй гэж түүний гэргий ярьж байна. Тэд жил бүр малаа элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, тарилга, туулгад хамруулснаар ирсэн аж. Энэ тухайгаа баг, сум, аймаг орон нутагтаа хандсан ч дорвитой арга хэмжээ авч өгөөгүй учраас хаашаа хандахаа мэдэхгүй Улаанбаатар хотыг зорьж бусад уул уурхайн нөлөөлөлд өртсөн зовлон нэг малчидтайгаа нэгдэж ийнхүү  “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хүргэж байгаа нь энэ юм. Тус хуралд говийн бүсийн дөрвөн аймаг зургаан сумын уул уурхай, зам, хилийн боомтын нөлөөлөлд өртөж буй 10 орчим малчин эрх ашгаа хамгаалан төр засагт үгээ хүргэхээр нэгдсэн байна. 
Хуралд “Хил хязгааргүй алхам” ТББ-ийн төлөөлөл, Өмнөговь аймгийн “Малчдын холбоо”-г төлөөлж Н.Гантулга, Дорноговь аймгийн малчин А.Баярсайхан, Говь-сүмбэр аймгийн В.Оюундэлгэр, Дундговь аймгийн малчин Ж.Ариунаа нар говийн бүсийн малчдадаа төлөөлөн оролцсон юм.  

Малчид бэлчээрийн эрхийг хамгаалах “Улаан шугам”-ыг хуульд баталгаажуулахыг УИХ, Засгийн газраас шаардаж нэгджээ

Говийн бүс нутагт уул уурхай, эрчим хүч, болон тэдгээрийн дэд бүтцийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй нүүдлийн уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын төлөөлөл Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай багц хууль, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд малчдын эдийн засаг нийгэм, соёлын эрхийг бодитоор хамгаалах зохицуулалт тусгахыг УИХ, Засгийн газарт хатуу шаардаж байгаагаа мэдэгдсэн юм. 
Тэд мэдээлэлдээ сүүлийн 30 жилийн хугацаанд уул уурхайн тусгай зөвшөөрлийг малчдын олон арван жил ашиглаж ирсэн өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн талбайтай давхцуулан олгосоор  ирсэн нь бэлчээрийн доройтол, усны нөөцийн хомсдол, цөлжилт, нийгмийн зөрчил,хүний эрхийн ноцтой асуудлыг үүсгэж байна. Уул уурхай Монголын эдийн засагт өнөө маргаашдаа ач холбогдолтой байж болох ч бэлчээрийн уламжлалт тогтолцоог задлах, нүүдлийн орон зайг таслах,усны эх үүсвэрийг доройтуулж,малчдын амьжиргаа, соёлын эрхийг дордуулах бодлого үргэлжлэх ёсгүй. Бидний хүлцэн тэвчих хугацаа болсон, одоо хангалттай гэж үзэл бодлоо илэрхийлсэн юм. Иймээс Малчдын халдашгүй эрх болсон өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн нутгийг давхцуулан уул уурхайн тусгай зөвшөөрлийг олгохгүй байхыг шаардлаа. Мөн малчдын халдашгүй эрхийн газруудад “ Улаан шугам”-ыг хуульд тусгахыг шаардлаа.

Малчид “Улаан шугам” буюу ” улаан хэц”, “зооно татах”-ыг  хуульд тусгахыг шаардав

Эрт дээр үеэс манай монголчууд нялх хүүхэдтэй айл ямар нэгэн гадны урилгагүй зочдыг гэртээ, хашаа хороондоо оруулахгүй байх зорилгоор улаан хэц, шугам, гортиг татдаг уламжлалтай байсан. Тэгвэл өнөө цагт уул уурхайн нөлөөлөлд өртсөн малчид маань үүнтэй агаар нэг “Улаан шугам”-ыг татахыг хуульд тусгуулахаар шийдсэн байна. Өөрөөр хэлбэл, малчдын тахилгатай уул хайрхан, усны эх булаг,өвөлжөө хаваржаа,болон нүүдлийн бэлчээрийн орон зайд уул уурхай болон дэд бүтцийн үйл ажиллагаа явуулахгүй байх.Малчдын зөвшөөрөлгүй, мэдээлэлгүйгээр газрын зориулалтыг өөрчлөхгүй байх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх зэргийг тэд шаардаж хүсэж байгаа юм. Түүнчлэн нөлөөлөлд өртсөн, сэтгэл санаа, эрүүл мэнд, малын ашиг шимээр амьдрах боломжгүй бол амьжиргаагаа алдсан малчдад нөхөн олговор олгохыг шаардаж байлаа. Нөхөн олговор олгохгүйгээр газрыг чөлөөлөхгүй байхыг мөн хүсэж байсан юм. 

“Хөдөөд ганц нэг морьтой залуучуудаас өөр хүнгүй болсон гэв”

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын малчин Н.Гантулга хэлэхдээ "Би Улаанбаатар хотод их сургуулиа төгсөөд хөдөө очиж мал малаа малласан. Гэвч хөдөөгийн малчдын  бодит амьдралд  нийцэхгүй шийдвэрээс болж зургаан настай хүүхдээ сумын төвд дотуур байранд оруулсан. Энэ нь хүүхэд гэрээ санах, ээж, аавын халамжаас хол, сурах орчин тааруу байгаа зэрэг нь хүндээр тусаж байна. Зарим гэр бүл нэг нь хөдөө гэртээ, нөгөө нь сумын төвд хоёр хуваагдаж байна. Улмаар хайр халамжаас ангид хөдөө ганц нэг морьтой залуучууд олон болж байна. Эмэгтэйчүүд нь төв сууринаа бараадаж эрчүүд нь хөдөө хөхөрч, гадаа ганддаг. Энэ нь нөгөө уламжлалт мал аж ахуйгаа маллах малчингүй болох дохио болж байна" гэсэн юм. Иймд төр засаг нүүдэлчин түмний соёлын өв болсон малчид биднийгээ дэмжиж уул уурхайн нөлөөллөөс ангид байх бодлого шийдвэрээ гаргамаар байна. Мөн сумын улиралд нэг болдог ИНХ-ыг малчид хөдөө малаа төлүүлээд явчихсан хойгуур хийдэг байдал нь бидний саналыг харгалзахгүйгээр ямар нэгэн шийдвэр гардаг. Гэвч энэ нь бодит амьдрал дээр нийцэхгүй байгааг анхаарах хэрэгтэйг онцолж байлаа. 

Эх сурвалж: zms.mn