Гэрэл зургийг Л.Номингэрэл.
2026.02.16. Төрийн ордон.

Хөдөлмөрийн баатар цолыг:
- Биеийн тамир, спортын салбарт хүч хөдөлмөрөө зориулж, олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, олон зуун шавиа сурган дадлагажуулж, шилдэг тамирчид бэлтгэн, олимпизмыг дэлгэрүүлэх, үндэсний болон чөлөөт бөхийг хөгжүүлэх үйлсэд оруулсан гавьяа зүтгэл, үндэсний бөхийн түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ардын багш, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимп, дэлхийн хүрэл медальт, Улсын харцага, профессор, бэлтгэл хошууч Данзандаржаагийн Сэрээтэрт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:
- Сэтгүүл зүй, соён гэгээрэл, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж олон зуун өгүүллэг, тууж туурвин, сэтгүүл зүйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд хичээл зүтгэл гарган, ард олноо соён гэгээрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Эрдмийн их сургуулийн ахмад багш, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тугалхүүгийн Баасансүрэн.

Ардын жүжигчин цолоор:
- Монголын балетын урлагийг хөгжүүлэх үйлсэд авьяас билиг, ур чадвараа зориулж, дэлхийн сонгодог болон үндэсний олон арван балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээж, балетын урлагийг хөгжүүлэн, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж, балетын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол жүжигчин, балетмейстр Хоролдаваагийн Гэрэлчимэг.























