100 хувийн тэтгэлэгтэй "AFS Global STEM Educators"

 

"AFS Global STEM Educators" нь дэлхийн хаанаас  ч хамрагдах боломжтой дунд болон ахлах ангийн түвшинд  буюу 13–18 насны сурагчидтай ажиллаж буй STEM хичээл заадаг, 18-аас дээш насны багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан олон улсын солилцооны цахим хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь 100 хувийн тэтгэлэгтэй гэдгээрээ онцлог. Мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг "bp" олон улсын эрчим хүчний компани дэмжин олгодог.

Энэхүү интерактив цахим сургалтад хамрагдсанаар STEM чиглэлийн багш нар дэлхийн түвшний чадвартай манлайлагч болж төлөвших, сургууль, орон нутагтаа дэлхийн иргэншлийн чадварыг төлөвшүүлэхэд шаардлагатай ур чадвараа эзэмших боломжтой. Мөн

"Global STEM Educators" хөтөлбөрийн оролцогчид соёл хоорондын боловсролын асуудлууд болон дэлхийн түвшний чадвартай багшийн үндсэн ойлголтуудыг судлахаас гадна соёлын ялгаатай гарал, үзэл бодол, зан үйлд хандах хандлага, өөрийгөө танин мэдэх чадвараа хөгжүүлэх зэрэг олон давуу талтай аж. Тус хөтөлбөрт хамрагдсанаар  "AFS Global Competence Certificate" болон "digital badge" авна.

Уг  хөтөлбөрт хамрагдахын тулд дунд болон ахлах ангийн түвшинд ажиллаж буй STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) чиглэлийн багш байх шаардлагатай бөгөөд өргөдлийг гуравдугаар дугаар сарын 8-ныг хүртэл хүлээж авах юм байна.

 

“Боловсролын солилцооны хөтөлбөр”

 

Канад Улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг “Хөгжлийн төлөөх тэтгэлэг ба боловсролын солилцооны хөтөлбөр”-ийг зарлалаа. Энэ жилээс эхлэн Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн орнуудаас Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэсэн байна. Тэтгэлгийн өргөдлийг оюутны нэрийн өмнөөс Канад дахь хүлээн авагч сургууль гаргана. Канад дахь сургууль нь Канадын  Гадаад хэргийн яаманд өргөдлийг гуравдугаар сарын 24-ний өдрийн EDT 23:59 цагаас өмнө хүлээж авах аж. Хөтөлбөрт хамрагдахад Монгол Улсын их, дээд сургууль болон Канад Улсын хүлээн авагч сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээтэй байх шаардлагатай бөгөөд  Монгол Улсын иргэн байх, Монгол Улсын их, дээд сургуульд үндсэн ангид суралцаж буй оюутан байх, Канад Улсын Засгийн газрын бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх  зэрэг үндсэн шаардлагатай байна.

 

Тэтгэлгийн хугацаа

• Бакалавр – 4 сар (1 улирал)

• Бакалавр – 8 сар (2 улирал)

• Магистр / Доктор – 4 сар (1 улирал)

• Магистр / Доктор – 5–6 сар

 

Сөүл хотын есөн их сургуульд суралцах боломжтой

 

БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас Сөүл хотын их, дээд сургуулиудад магистрын зэрэг хамгаалах хүсэлтэй олон улсын шилдэг оюутнуудад зориулсан “Сөүлийн Технологийн тэтгэлэг”-ийн 2026 оны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь шинжлэх ухаан, технологийн салбарт ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.  Сөүл хотын есөн их сургуулийн байгалийн ухаан, инженерчлэлийн магистрын хөтөлбөрүүдэд суралцах боломжтой.  Хөгжиж буй улсуудаас нийт 30 оюутан сонгон шалгаруулна.  Хоёр  жил хүртэл хугацаатай бөгөөд зургаан сар тутамд сунгагдана.  Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага нь БНСУ-ын иргэншилгүй байх,  40-өөс доош насны, 2026 оны 8 дугаар сарын 31-ний дотор бакалаврын зэрэг авсан эсвэл авах иргэн. Голч дүн (GPA): 100%-ийн системээр 80%-аас дээш, эсвэл 4.5 системээр 2.91-ээс дээш байх шаардлагатай байна.

Бүртгэлийн хугацаа гуравдугаар сарын 6-ны 16:00 цаг хүртэл, шуудангаар бичиг баримт хүлээн авах хугацаа нь гуравдугаар сарын 25 хүртэл үргэлжилнэ.

 

АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжтой Фулбрайтын оюутны хөтөлбөр

 

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2027-2028 оны Фулбрайтын (гадаад) оюутны хөтөлбөртөө өргөдлийн материал хүлээн авч байна. Уг хөтөлбөрт хамрагдсанаараа залуу мэргэжилтнүүдэд  АНУ-д магистрын зэрэг эзэмших боломж бүрдэх юм.  Дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж жил бүр 4000 орчим гадаад оюутнуудад тэтгэлэг олгодгоороо онцлог.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлжээ. Харин 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн бөгөөд жилд 20 хүртэлх тооны оюутан хамруулж байна. Фулбрайтын Оюутны хөтөлбөрт хоёр улсын системийн ялгаанаас үүдэн эрүүл мэндийн салбарт зөвхөн Нийгмийн эрүүл мэнд, хуулийн салбарт зөвхөн Олон улсын хууль (LLM) чиглэлээр суралцах боломжтой байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 23 (7765)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn