П.АМГАЛАН
2025 он бол Аугаа их ялалтын 80 жилийн ойн жил билээ.Түүхэн ялалтыг тохиолдуулан Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Олон улсын "Миру мир" ("Даян дэлхийд энх тайван") оюутны кино их наадам зохион байгуулагдлаа. Тус кино наадмын үеэр Монгол, Киргиз, Орос, Казахстан, Узбекистан, Тажикистан улсын залуу кино найруулагчид түүхэн сэдэвт бүтээлээ үзэгчиддээ толилуулсан байна. Монгол, тува кадетуудын хамтарсан бүтээл, монголын ард түмний фронтод хандивласан сэтгэлийг онц сонирхолтойгоор дүрслэн илэрхийлсэн "Сүүлийн адуу" уран сайхны кино шилдэг зураглаач номинацид, найрамдалт ард түмний хүнд хүчир цаг үед сэтгэл зүрхээрээ хамт байж, дэмжсэн монголчуудын тухай "Миний мэдэхгүй фронт" баримтат кино Аугаа их ялалтад оруулсан хувь нэмэр, шилдэг агуулга номинацийн тэргүүн байранд тус тус шалгарчээ. Их наадмын гол сэдэв нь бүх ард түмний эв нэгдлийн ачаар Ялалт бий болсон тухай дурсамжийг хадгалах, түүхэн үнэнийг олон нийтэд хүргэхэд оршиж байв. Их наадмын төлөөлөгчид 316-р буудлагын дивизийн дурсгалд зориулан сүндэрлүүлсэн генерал Иван Панфиловын хөшөөнд цэцэг өргөв. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг ОХУ-ын алдарт жүжигчин Игорь Петренко тэргүүлсэн бөгөөд залуу хойч үеийн төлөөлөл авъяаслаг уран бүтээлчдийн бүтээлүүдийг өндрөөр үнэлсэн байна.
Эх сурвалж:www.zms.mn