Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаан 10.53 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн,  С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Байнгын, дэд хороо цаглаварт тусгуулах саналаа ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх ба нам, эвслийн бүлэг цаглаварт тусгуулах саналаа ирүүлж болохоор заасан. Төрийн байгуулалтын байнгын хороонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирүүлсэн хоёр санал, Өргөдлийн байнгын хорооны ирүүлсэн 10 санал, Хууль зүйн байнгын хорооны ирүүлсэн дөрвөн санал, Төсвийн байнгын хорооны ирүүлсэн дөрвөн саналыг тус тус тусгаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ирүүлсэн найман саналаас долоог нь цаглаварт тусгажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгайлан заасан хугацаатай тайлан, илтгэл, мэдээллийг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг бүх Байнгын хороогоор хэлэлцэхээр цаглаварт тусгасан байна.

Ингэснээр хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах; хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх; тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх; төсвийн биелэлтийг хянан шалгах; хяналт шалгалтын бусад асуудлыг хэлэлцэх хүрээнд нийт 45 чиглэлийг цаглаварт багтаажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлах нь зүйтэй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: zms.mn