16 жилийн өмнө би Японд анх очиж байв. Тэр үед нийслэл Токиогоос гадна түүхэн дурсгалт Хирошима, Кёото хотуудад зочилж олон сайхан газар үзэж байлаа. Харин энэ жил ЖАЙКА байгууллагын шугамаар “Ардчилсан орнуудад хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын сэтгүүлчдийн сургалтад хамрагдах завшаан тохиож тус улсыг дахин зорилоо.
Японы өвөл Монголын налгар намрыг санагдуулам дулаахан. Далайн улс гэхэд оройдоо тэгтлээ жиндүүлэхгүй ч маш эрт харанхуй болдог онцлогтой. Дөнгөж 18:00 цагт гэгээ тасарч, нар шингэчихнэ. 16:00 цагийн орчимд Наритагийн онгоцны буудлаас хөдөлсөн бид гурван долоо хоног орчим байрлах байрандаа ирэхэд нар аль хэдий нь шингэсэн байлаа. Гэсэн ч хуучны танил Токиогийн шинэ төрхийг сонирхох гэж замын алжаалыг умартан Хачикогийн хөшөөг үзэхээр яаран “дэнша”-нд суулаа.
Бусдад төвөг удахгүй байх Япон соёл
Онгоцноос буусан даруйд хэн нэгэн хүн таныг тосч аван доор гэгч мэхийн угтаж байвал та Японд иржээ гэсэн үг. Товчхондоо бол, анх танилцаж байгаа, олон удаа уулзаж байгаа хүн бүртэй бөхөлзөн мэндчилэх нь энэ улсын хамгийн том соёлын нэг. Эхэндээ хэцүү мэт боловч хэдхэн минутын дараа өөрөө очоод бөхөлзөөд энэ соёлыг нь хурдхан л сурчихна. Хүн бүртэй ийн мэндчилдэг энэ соёлоос нь гадна япончуудад бусдад төвөг удахгүй байх нэг том соёл бий.
Хаа ч явсан хэн нэгэнд төвөг удчих вий гэсэн шиг бөхөлзөж, оочер дугаар байвал найрсгаар урдаа оруулна. Урсдаг шатаар зөвхөн нэг талдаа гарч зогсохоос эхлээд ар араасаа дугаарлахдаа ч энэ зарчмаа ягштал барина. Ерөөсөө дэг журам, эмх цэгц, цэвэр цэмцгэр байдал энэ үндэстний нэг том илэрхийлэл.
Японы метрог “дэнша” гэнэ. Заримдаа газар доогуур, заримдаа газар дээгүүр агаарын төмөр замаар явна. “Дэнша”-нд ч эмх цэгцтэй, бусдад төвөг удахгүй гэсэн хүн бүрийн хандлага шууд л харагдана. Хоорондоо бараг ярихгүй, зөвхөн өөрийн гар утсыг ширтэн чихэвчээрээ ямар нэгэн зүйл сонсох бөгөөд эсвэл зүүрмэглэж явах нь ч олонтаа. Манайх шиг нийтийн тээвэрт явж байгаагаа марттал чанга яригч дээр нь утсаар ярьж, хоорондоо инээлдэн ярилцах зэрэг бүдүүлэг үйлдлүүдийг мэдээж энд хэзээ ч харахгүй биз. Нэг талаар уйтгартай мэт боловч нөгөө талаар бусдын эрхийг хүндэтгэж тэдэнд төвөг удахгүй байх нь цаанаасаа мах цусанд нь байдаг Япон соёл юм. Ингээд “дэнша”-наас буусан даруйд ар араасаа эмх цэгцтэйгээр шатаар бууж чив чимээгүй урдах замаа харан бусдын өмнө саад болохгүйг хичээн одно. Яг л энэ танил дүр төрх үргэлжилсээр би ч Хачикогийн хүрэл хөшөөний дэргэд ирлээ.
Хачико хөшөө, Шибуяагийн танил гудамж

Япон Улсын Токио хотод олны хөл ихтэй, аялал жуулчлалын гол цэг болдог хэд хэдэн hotspots байдгийн нэг нь алдарт Хачикогийн хөшөө. Есөн жилийн турш эзнээ үнэнчээр хүлээн галт тэрэгний буудал дээр зогсдог байсан Хачико нохойн түүхийг өгүүлсэн алдартай киног нь уншигчид мэдэх биз. Хачикогийн хөшөөг сонирхсон олон хүн дараалал үүсгэн ихэд эмх цэгцтэйгээр ээлж ээлжээр хөшөөний дэргэд очиж зургаа даруулдаг. Ингэхдээ дөнгөж ирсэн жуулчин ч хүртэл япончуудын энэ уур амьсгалд аль хэдий нь хормын дотор дасан зохицчихов уу гэлтэй биеэ барин хурдан шиг зургаа даруулаад талархал илэрхийлэн инээмсэглэн өөр өөрийн замыг хөөнө.
Хачикогийн хөшөө алдарт Шибуяагийн гудамжинд байдаг. Японы нэгэн нэрийн хуудас болсон алдарт Шибуяагийн хөндлөн зам. Өдөрт энэ гарцаар хоёр сая орчим хүн гардаг гэсэн тооцоо бий. Анх очсон хүнд бол тэр өргөн гарцаар гарч байгаа олон мянган хүний дунд орохоор газар дайвалзах мэт санагддаг гэж ярихыг олонтаа сонсч байлаа. Шибуяагийн өргөн гарцаар нэг удаад 1000-2000 хүн зэрэг гардаг нь заримдаа газар дайвалзах мэт эрчмийг мэдрүүлдэг аж.
Хогны савгүй хот
16 жилийн өмнөхөөс Япон тэгтлээ өөрчлөгдсөн зүйлгүй санагдана. Гэхдээ хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл нь гудамжинд хогны сав огт харагдахгүй. Хэзээнээсээ цэвэрхэн соёлд дадсан япончууд сүүлийн жилүүдэд хогны савгүй болох хөдөлгөөн өрнүүлээд үр дүнд хүрээд байгаа. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Токио хот хамгийн сүүлийн гудамжны хогны саваа хураан авчээ. Хогны савыг гудамжинд байрлуулснаас илүүтэй хүн бүр өөрийн хогоо өөрөө авч явж, хаях үүрэгтэй. Чихэр идсэн бол хармаалаад, ундаа уусан бол савыг нь гартаа бариад л явна. Гэртээ эсвэл ажил дээрээ очоод ангилж ялгаж хаях ёстой. Хачирхалтай нь эндээ огт түүртэхгүй, дургүйцэхгүй, яг л болдог юм болдогоороо болж буй мэт.
Харин энэхүү хоггүй байдал жуулчдад төдийлөн таалагдахгүй байгаа тухай судалгаа саяхан гарчээ. Жуулчин гэснээс сүүлийн жилүүдэд дэлхийн олон улсад гарч байгаа цагаачлалын асуудал ч мөн Японд толгойн өвчин болж эхэлжээ.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд Санаэ Такайчи гадаадын иргэдэд чиглэсэн бодлогоо чангатгаж шинээр Цагаачлалын асуудал эрхэлсэн сайд томилоод байгааг бид мэднэ. Үүний нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд гадаадаас ажиллах хүч авах, цагаачлах иргэдийн тоо эрс нэмэгдсэн нь нийгэмд тогтсон зарим хэвшмэл ёс, дэг жаягийг эвдэхэд хүрээд байгаа гэнэ.
Тухайлбал, жуулчид цэвэрхэн биш байх, хог хаях зэргээс эхлээд Японы энгийн харилцааны соёлыг ч үл огоорох болсонтой холбоотой. Мэдээж сүүлийн жилүүдэд жуулчид нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн эргэлт нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч нөгөө талд нийгмийн дэг ёс алдагдахад уугуул нутгийнхан төдийлөн таатай бус байх нь ч ойлгомжтой. Яг биднийг байх хугацаанд Shinjuku хэмээх жуулчдын очих дуртай дүүрэгт хутгатай этгээд халдлага үйлдэхийг завдсан тухай томоохон асуудал үүсээд байлаа. Энэ нь жуулчдыг эсэргүүцсэн үндэстний үзэлтнүүдтэй холбоотой гэнэ. Мөн үүнийг нь эсэргүүцэж “бид хэн нэгнийг ялгаварлаж болохгүй” гэсэн уриа лоозон барьж жагссан хэсэг япончуудтай ч мөн таарч байлаа. Японы гудамжинд тэр болгон харагдаад байхгүй цагаан хоолойгоор “no racism” хэмээн чанга орилон үзэл бодлоо илэрхийлэхийг нь харж байхад харьцангуй нээлттэй бөгөөд өөрчлөгдсөн юм уу гэсэн бодол төрүүлж байв.
Мөн Японы Ерөнхий сайд өнгөрсөн сард Тайваньтай холбоотой мэдэгдэл хийж, хариуд нь Хятадын засгийн газар иргэдээ тус улс ад аялахгүй байхыг анхааруулснаар хятад жуулчид олноор аяллаа цуцлах, түүнээс шалтгаалсан олон улсын нислэгүүд хойшлох зэргээр эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдал бий болж байгааг ч мэдээллийн агентлагууд дамжуулсаар байлаа.
“Үнэ тогтвортой нь үнэн юм байна”

“Японы нэгэн зайрмагны үйлдвэр 10 жилийн дараа бүтээгдэхүүний үнээ 10 иенээр нэмэхийн тулд бүх ажилчид нь бөхийн уучлалт гуйлаа” гэсэн мэдээлэл гарч байсныг уншиж байлаа. Үнэхээр ч Токиод очоод гайхширсан бас нэгэн зүйл бол үнийн тогтвортой байдал гэж хэлж болно. Өмнө нь ирэхдээ “Токио тауэр”-ийн бэлэг дурсгалын дэлгүүрээс 400 орчим иенд авч байсан түлхүүрийн оосор яг л тэр үнээрээ зарагдаж байхыг хараад бараг “шок”-нд оров. Ер нь үнийн өсөлт 10-100 иенээр хэмжигдэхээс манайх шиг жил болгон 15-20 хувийн инфляцийн хөөрөгдлөөр нэмэгдээд байдаггүй нь эдийн засаг тогтвортой байхын хамгийн том давуу тал юм. 15 жил Японд амьдарч байгаа үеэлтэйгээ уулзахад ч “Үнийн өсөлт бараг байдаггүй дээ. Хамгийн сүүлд өндөгний үнэ нэмэгдсэн гэж л жаахан дуулиан болсон. Тэр нь Монголтой харьцуулахад шалихгүй л дээ” гэж инээмсэглэв. Ямартай ч гудамжинд байдаг жижигхэн хоолны газруудын хоолны үнэ 800 орчим иен байснаараа, 100 иений дэлгүүр одоог хүртэл 100-300 иенийн бараатай хэвээрээ гээд үзэхээр өөрчөлт бараг үгүй мэт. Гэхдээ Токио хот дэлхийн хамгийн зардал өндөр хотуудын эхний тавд багтдагийг мартаж болохгүй. Энгийн хэрэглээ, нийтийн тээвэр бусад улс орныхтой харьцуулахад харьцангуй өндөр буюу Нью-Йорк, Сингапуртай дүйдэг билээ.
Мөн сүүлийн үед эрс ажиглагдаж байгаа нэгэн өөрчлөлт нь нялх хүүхэд тэврээд явахаас илүү хүүхдийн тэрэг шиг боловч авсаархан, нохой, муурны тэрэг түрсэн хүмүүстэй олонтаа таарав. Японд ажиглагдаж байгаа бас нэгэн өөрчлөлт нь сүүлийн жилүүдэд төрөлт эрс багассан учир нохой, муур тэжээдэг айлууд ихээхэн нэмэгджээ. Хаа сайгүй дэлгүүр хоршоо олон нийтийн газарт жижигхэн нохойгоо эрхлүүлэн явах хижээл насны эмэгтэй, залуу бүсгүйчүүд их харагдана. Тэр хэрээр амьтдад зориулсан дэлгүүр, үйлчилгээний газрууд ч ихээхэн нэмэгджээ.
Энэ мэтээр монголчуудын сайн мэдэх Япон улс гадаад жуулчдын хөл ихтэй, өөрсдийн өвөрмөц өнгө төрхөө хадгалахыг эрмэлзсэн ч аажим аажмаар өөрчлөгдсөөр л байгааг тэнд өнгөрүүлсэн хоёр долоо хоногт багагүй олж харж байлаа. Том хотуудын “толгойн өвчин” Токиогийн гудамжинд ч оршсоор л байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7735)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn