Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээ, цахим орчинд технологи ашиглан хүний нэр төрд халдах буюу гүтгэх, доромжлох, өдөөн хатгах, ялгаварлан гадуурхах, үзэн ядсан бичвэр нийтлэх, мөрдөж мөшгөх, садар самуун зураг бичлэг илгээх, дарамтлах, дээрэлхэх, урхидах зэрэг үйлдлүүд түгээмэл гарсаар байна. Тэгвэл энэ төрлийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн болон хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх тогтолцоо ямар байгааг хөндлөө.

 

Технологи ашиглан үйлдэгдэх гэмт хэрэг нэмэгдэж байна

 

Кэйс 1

Иргэн С хамтран амьдарч байсан эмэгтэйгээ эргэж уулзахыг шаардаж, цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг гомдол, мэдээлэл гаргахгүй байлгах зорилгоор хохирогчийн нүүр царай гарсан, нүцгэн байгаа зураг зэргийг олон нийтэд тараахаар заналхийлж сүрдүүлсэн байна.

Энэ хэрэгт С-ийг буруутайд тооцож Шүүхээс тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэргийг мөн хуулийн 13.10 дугаар зүйлд заасан хувь хүний нууцад халдах гэмт хэргийг 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулж гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

(Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоос...)


Кэйс 2

2023 онд иргэн А нь фейсбүүкийн хуурамч аккаунт үүсгэн, өсвөр насны 84 охинтой танилцан харилцаа тогтоож, тухайн охидыг сүрдүүлэх, ятгах, гуйх зэрэг байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, бичлэгийг нь хийлгүүлэн авч улмаар уулзаж, тухайн дүрс бичлэгийг нь олон нийтэд түгээнэ гэж сүрдүүлж, барьцаалж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгасан байдаг.


Кэйс 3

.. аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц нь 2024 оны есдүгээр сарын 09-10-нд шилжих шөнө өөрийн гар утсаар нэрээ нууцалсан цахим хаягаас хохирогч Г-ийн зураг бүхий “Энэ хөгшин ...авгайг таньж мэдэх нь ичтэл нь share хийгээд өгөөрэй!!! Хангалтгүй байвал өөр зураг, чатуудыг нь ил болгож болно... Айлын амьдрал үймүүлсэн бузар эм” гэх сэтгэгдлийг “Аймгийн хамгийн том зарын групп” нэртэй фейсбүүк хуудсанд нийтэлж, хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараажээ. Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

(Д аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоос...

 

Энэ мэт цахим технологи ашиглан хүний нэр төрд халдах, айлган сүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг манай улсад сүүлийн жилүүдэд ихээр гарах болжээ. Энэ тухай Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн сургалт мэдээллийн ажилтан Д.Санчир “Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл цахим орчинд мөрдөн мөшгөх, заналхийлэх, дарамтлах, нэр төрд халдах зэргээр технологи ашиглан үйлдэгдэх нь их байна. Иймд гэмт хэрэг зөрчлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог сайжруулж, үр дүнтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Мөн хувийн эмзэг мэдээлэл нь үүлэн системд хадгалагдсанаар хохирогчид сэтгэл зүйн дарамтад давхар орох, нийгмээс тусгаарлагдах, нийгмийн амьдралд оролцох, сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөд хүргэдэг. Манай төвийн хувьд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран хохирогчдын мэдээллийг устгуулан ажиллаж байна. Гэхдээ энэ нь хангалтгүй байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна” гэсэн юм.

 

18-64 насныхан гэмт хэрэгт өртөх нь их байна

 Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн цахим дарамтын талаарх дуудлага, мэдээллийн тоо

Дэлхий дахинд түгээмэл үйлдэгдэж буй хэлбэрүүдээс Монгол Улсад садар самуун зураг, бичлэг илгээх үйлдэл /Cyberflashing/, цахим орчинд мөшгөх үйлдэл /Cyberstalking/, бусдыг үзэн ядсан үг хэллэг бүхий бичвэр нийтлэх /Hate speech/, хуурмаг дүр эсгэж бусдыг мэхлэх, залилах үйлдэл /Catfishing/, цахим дээрэлхэл /Cyber-bullying/, бусдын байр суурь, нэр хүндэд санаатайгаар халдах, гүтгэх үйлдэл /Flaming/, гүтгэлэг, бусдыг гүтгэх, бусдын талаар хуурамч мэдээлэл түгээх, хилсээр гүтгэх /Defamation/ зэрэг долоон хэлбэр оюутан залуусын дунд илүүтэйгээр илэрч байгаа нь тогтоогджээ.

Харин сурагчдын дунд хийсэн судалгааны үр дүнгээс харахад дээрх төрлүүдээс гадна зөвшөөрөлгүй хүний хувийн нууцыг илчлэх (Deadnaming), хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлэх (Doxing), цахимаар өдөөн хатгах доромжлох (Trolling), өөрчилсөн дүрс бичлэг түгээх (Deepfakes:Synthetic sexual media) гэсэн хэлбэрүүд хамгийн их давтамжтай үйлдэгдэж байна гэж ХЭҮК-ийн дарга С.Сүнжид мэдээлсэн юм.

Тэгвэл 18-64 насны иргэдийн 17 хувь нь айлган сүрдүүлсэн, заналхийлсэн утга бүхий зурвас танихгүй хүнээс авч байсан бол 18-24 насныхан гэмт хэрэгт илүү өртсөөр байна.Тодруулбал, Монгол залуучуудын 51.3 хувь нь онлайн доромжлол зэрэг цахим дээрэлхэлтэд, 33 хувь нь онлайн бэлгийн дарамтад өртсөн нь судалгаагаар тогтоогджээ.

Тэгвэл жендерт суурилсан хүчирхийллийн талаарх дуудлага, мэдээллийг ЦЕГ, ХНХЯ зэрэг төрийн байгууллагууд болон энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд хэд хэдэн тусгай дугаар, чатбот сувгуудаар хүлээн авч зөвлөмж, тусламж, холбон зуучлах үйлчилгээ үзүүлж байна. Гэвч энэ нь хангалттай үр дүнд хүрч чадахгүй байна. Учир нь ЦЕГ-аас ирүүлсэн мэдээллээс үзэхэд, олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хуурч мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх, сүрдүүлэх зэрэг арга, заль хэрэглэж, бэлгийн харьцаанд орох, интернэт орчинд эмэгтэйчүүдийн зургийг зөвшөөрөлгүй ашиглан хуурамч хаяг үүсгэж, садар самуун контент борлуулах замаар нэр хүндэд нь халдах зэрэг үйлдэл олноор бүртгэгдсэн байна.

Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах тухай конвенцод заасны дагуу улс орнууд цахим хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөрдөн шалгах, хариуцлага тооцох буюу хохирогчийн эрхийг хамгаалах механизмыг бэхжүүлэх үүрэг хүлээдэг. Монгол Улс технологи ашиглан үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах асуудлыг Жендэрийн тэгш байдлыг хангах тухай, Эрүүгийн, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Садар самуунтай тэмцэх тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа ч шинэ тутам үүсэж байгаа цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийн төрөл хэлбэрийг хууль тогтоомжид нэмж тусган боловсронгуй болгох шаардлага бий болоод байна.

Ингэхийн тулд жендерт суурилсан хүчирхийллийн үйлдлийн хамрах хүрээг тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрөгдөх нэр томьёог зөвшилцөх шаардлагатайг олон улсын байгууллагууд анхааруулжээ. Тиймээс нэр томьёог орчуулжээ. Энэ талаар хэл шинжээч Т.Мөнхцэцэг “2024 онд технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн 36 төрлийн “нэр томьёо” түүний агуулгын хувилбаруудыг орчуулан гаргасан. Агуулгын хувьд технологи ашиглан хүний хувийн болон эмзэг мэдээллээр бусдыг цахимаар дарамтлах, дээрэлхэх, урхидах, Цахим орчин дахь зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг буюу садар самуун зураг, бичлэг илгээж дарамтлах, бэлгийн сэдлээр сүрдүүлэх, Цахим орчинд бусдын нэр төрд халдах, гүтгэх, доромжлох, Цахим орчинд мөрдөж, мөшгөх, Цахим орчинд хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд нийтлэх буюу задруулах, Цахим орчинд бусдыг өдөөн хатгах зорилготой доромжилсон агуулгаар бичвэр нийтлэх эсвэл ялгаварлан гадуурхах, үзэн ядсан үг хэллэг бүхий бичвэр нийтлэх гэх мэтээр ангилан орчуулсан.

Эдгээр нэр томьёоны агуулгаас харвал Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хууль, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг хууль тогтоомжид тодорхой хэмжээнд тусгагдсан байна. Харин цахим орчинд бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох буюу “Online grooming”, бусдын зураг бичлэгийг өөрчилж түгээх буюу “Deepfakes”, цахимаар өдөөн хатгах доромжлох буюу “Trolling” гэх нэр томьёонд хамаарах үйлдлүүд нь холбогдох хуульд тусгагдаагүй байна” гэсэн юм.

 

Цахим орчинд бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох үйлдэл цөөнгүй гарч байна

 

Бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох буюу “Online grooming” нь интернэт болон бусад технологи ашиглан хүүхэдтэй харилцаа холбоо үүсгэж, бэлгийн харьцаа тогтоох, хүчирхийлэхэд бэлтгэх үйл явц. Цахим орчинд бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох үйлдэл Монгол Улсад цөөнгүй гарч байна. Тухайлбал, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгаанд хамрагдсан 705 хүүхдүүдийн 38 хувь нь “Манай найзууд интернэт, нийгмийн сүлжээгээр огт танихгүй хүнтэй танилцаж, хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж байсан”,  хувь нь “Чи хөөрхөн юм аа. Уулзах уу. Санхүү хэрэгтэй бол холбогдоорой” гэсэн агуулга бүхий мессеж, чат манай найзуудад ирж байсан, 18 хувь нь “үл таних хаягаас интернэт, чатаар найзуудтай холбогдож, бэлгийн харилцааны талаар ярилцахыг оролдож байсан”, "Хэрвээ нүцгэн зураг, хувийн мэдээллээ явуулбал мөнгө өгье” гэсэн агуулгатай мессеж найзуудад ирж байсан гэж хариулжээ.

Түүнчлэн МУИС-ийн Жендер судлалын төвөөс хийсэн судалгаанд хамрагдсан ЕБС-ийн 18044 сурагчдын 6.8 хувь нь буюу 1226 хүүхэд цахим орчинд бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох буюу “Online grooming”-т ямар нэгэн байдлаар өртөж байсан гэжээ. Тэгвэл бэлгийн сэдлээр хүүхэдтэй харилцаа тогтоосон үйлдлийг гэмт хэрэгт тооцсоноор энэ асуудал шийдэгдэх боломжтой аж. Энэ тухай Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн дарга Н.Арвинтариа “15 настай охин фейсбүүкээр М гэх хүнтэй танилцаж, байнга чатладаг болж, цахимаар дотно харилцаатай болсон. Нэг удаа Instagram хаягийг нь авч нүцгэн зургаа явуул гэхээр нүцгэн зургаа явуулсан. Улмаар есдүгээр сард хичээл эхлэх үед Э-гийн сургуулийнх нь хажууд байдаг найзындаа хүрээд гэж дуудсан. “Ирэхгүй бол нүцгэн зургийг чинь сургуулиар чинь тараана” гэж сүрдүүлсэн тул айгаад очсон. Ингээд М нь 30 гаруй насны, гэр бүлтэй хүн байна гэдгийг мэдсэн. Э-тэй уулзахад согтууруулах ундаа уулгаж, хүчээр бэлгийн харилцаанд оруулсан.

Үүнээс хойш өөрийн гэртээ дуудаж аваачин нийт гурван удаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харилцаанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглүүлдэг байсан. Сүүлдээ "Эмэгтэй найзыгаа дагуулж ир” гэсэн шаардлага тавьдаг болсон. Хохирогч Э нь ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд тухайн үед ээж нь гадаадад байсан. Ээж нь ирээд байдлыг гадарлаж, хэрэг илэрсэн. Үүнээс үзэхэд, гэмт этгээд бэлгийн сэдлээр хохирогчтой технологи ашиглан холбоо тогтоож, хохирогчийн итгэлийг олох замаар өөртөө дасгаж, өөрийнхөө бэлгийн сэдэл, зорилгыг халхавчилж, дотно харилцаатай мэт дүр эсгэж улмаар бэлгийн харилцаанд хүчээр орох байдлаар илэрч байна. Гэтэл практикт энэ үйлдэл нь хохирогч өөрөө зөвшөөрсөн гэдгээр хэрэг үүсгэхээс татгалзах, хэрэгсэхгүй болгох, хөнгөн ял оногдуулах, улмаар гэмт этгээд ял завших зэрэг асуудлыг үүсгэж байна. Иймд бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох үйлдлийг гэмт хэрэг, зөрчилд тооцож хариуцлага тооцох асуудлыг судлах шаардлагатай байна. Ингэснээр гэмт этгээдүүдийг хэрэг үйлдэхээс нь өмнө таслан зогсоох ач холбогдолтой” гэлээ.

Монгол Улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай ч, цахим орчин дахь хүчирхийллийн шинэ хэлбэрүүдтэй тэмцэх эрх зүйн болон мөрдөн шалгах тогтолцоо бүрэн бэлтгэгдээгүй хэвээр байна. Онлайн хүчирхийлэлтэй тэмцэх нь зөвхөн хохирогчдын асуудал биш, бид бүгдийн хамтын хариуцлага юм. Монгол Улс цахим орчин дахь жендерт суурилсан хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчинг сайжруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдэд зориулсан мэдээлэл, сургалт, хамгааллын системийг бэхжүүлэхэд анхаарч, улам сайжруулах хэрэгтэй байна. 

Мөн НҮБ-ын хүний эрхийн механизмаас цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн хор уршиг өсөн нэмэгдэж байгаад онцгой анхаарал хандуулж, улс орнуудыг хууль эрх зүйн орчноо сайжруулах, соён гэгээрүүлэх арга хэмжээгээ өргөжүүлэх, хохирогчдод үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийг зөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 237 (7734)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn