Монгол Улс 16 жилийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэж байх үед тухайн үеийн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ Оюутолгой төслөөс Монголын ард түмний хүртэх өгөөж 55-75 хувь хүртэл байна гэж мэдэгдэж байв.
Харин 16 жилийн дараах Засгийн газрын тэргүүний мэдэгдлээс харахад, энэ төслийн Монголын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл нь 37-д хувьд хүрэхтэй үгүйтэй байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог байгуулсан. Түр хорооноос зохион байгуулсан энэхүү сонсгол 2025 оны арванхоёрдугаар сарын 8, 10, 12 гурван өдөр болж өнгөрлөө. Сонсголыг Түр хорооны дарга УИХ-ын гишүүн О.Батнайрамдал удирдан явуулсан.
Оюу толгой бол 22 тэрбум ам.доллароор хэмжигдэх, Монголын анхны гадны томоохон хөрөнгө оруулалттай мега төсөл. Тиймээс үр өгөөж, үр дагавар ирээдүйн шийдлийг ярих нь цаг хугацааны хувьд ч чухал асуудал байлаа. Сонсголын үеэр хэн, юу хэлэв гэдгийг өнгөрсөн долоо хоногт олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харж, сонсож, уншсан.
“Зууны мэдээ” сонин Редакцын бодлогодоо “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” гэж тусгайлан зааж өгсөн. Нийтлэлийн бодлогынхоо хүрээнд бид Оюу толгойн асуудлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан гурван өдрийн сонсголын протоколыг сонины хуудаснаа буулган үлдээх ёстойг чухалчлан энэхүү дугаараа бэлдэв.
“Зууны мэдээ” сонин зөвлөл
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.15 № 235, 236 (7732, 7733) дугаарыг захиалан уншина уу.