2025 оны эхний 11 сарын байдлаар халтиргаа, гулгаанаас үүдэлтэй гэмтсэн 5365 хүн ГССҮТ-өөс тусламж, үйлчилгээ авчээ
“Өвлийн улирал” гэхээр хамгийн түрүүнд танд юу бодогддог вэ. Цаа бугаа хөлөглөсөн өвлийн өвөө, цасан охин, шинэ жилийн баяр нэг бодогдоход Алтан тэвшийн хөндийд аж төрөх Улаанбаатарын иргэдийн бодлыг ханиад томуу, халтиргаа гулгаа эзэгнэх болов. Эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын газар нутаг дээр одоогийн дэлхий ертөнц оршин тогтносон тэр үеэс цас орсоор ирсэн. Уг үзэгдэл нь ширүүсвэл нүүдэлчин монголчуудын хувьд зуд, шуурга болдог байсан бол орчин үеийн нийслэл байгуулаад сууринд шилжсэн иргэдийн гэмтэл бэртлийн үе болоод байна. Энэ тухай нөхцөл байдлыг иргэдээс тодруулахад “Хүүхдээ цэцэрлэгт нь зөөх, ажилдаа явах гээд завгүй цагийн хуваарьтай хүмүүс нэгээс нөгөө рүү яарч явахдаа ширүүхэн алхвал халтирч уначих гээд хэцүүхэн л байна. Том үүргэвчтэй хүүхдүүд цүнхэндээ дийлдээд унаж байгаа ч харагддаг. Настай хүмүүст бүүр л хэцүү байдаг байх. Аав ээжийгээ хол битгий яваарай гэдэг” гэх байр суурийг илэрхийлж байв.
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 онд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 10.267 хүн тусламж үйлчилгээ авчээ. Харин 2025 оны эхний 11 сарын байдлаар 5365 хүн, арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 595 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Энэ оны эхний 11 сарын байдлыг хүйсээр авч үзвэл 3151 эрэгтэй, 2212 эмэгтэй хүн байгаа юм. Хэдийгээр энэ тоо өмнөх оныхоос буурсан ч хүмүүс гэмтэж бэртэх нь хэвээр байгаа билээ.
Яаралтай тусламж аваагүйгээс үүдэн мэс заслын заалтад орж, эрхтнээ тайруулах тохиолдол гардаг
Цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор гэмтэж бэртэх шалтгааны дийлэнх хувийг мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байна. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл байдгийг ГССҮТ-өөс мэдээлсэн юм. Ингэхдээ хүйтний улиралд даарахгүйн тулд гараа халаасанд хийж явахдаа тулж чадалгүй савж унах нь илүү ноцтой гэмтэл авахад нөлөөлдөг байна. Зарим тохиолдолд хөндлөн төмөр дээр халтирч унаад сүлбэгдэж, цаашлаад хам эрхтний гэмтэл авдаг аж. Энэ талаар тус төвийн их эмч Б.Наранхүүгээс тодруулсан юм.
Ингэхдээ тусламж үйлчилгээ үзүүлсний дараах эдгэрэлтийн явц нь хүн бүрд адилгүй буюу бодисын солилцооны ялгаатай байдлаас шууд хамаардаг байна. Тухайлбал, Чихэрийн шижин, сахарын өвчтэй иргэдийн захын санамж муу байдаг бөгөөд шарх сорви эдгэх, яс бороолох үе удаан байж болно. Түүнчлэн тухайн хүний цусан дахь ясны бороожилт дэмждэг уургийн хэмжээ, цусан дахь кальци, фосфорын хэмжээ, хам уураг зэрэг олон шалтгаан хүчин зүйл эдгэрэлтэд нөлөөлдөг байна. Үүнээс гадна монголчуудын хэнэггүй зан, харгалзах хүнгүйгээс гэртээ өнжих, дур мэдэн бариулах, сошиалаас буруу мэдээлэл авч гэрээр эмчлэхийг оролдох зэргээр бэртлээ хүндрүүлж, яаралтай тусламж аваагүйгээс үүдэн мэс заслын заалтад орж, эрхтнээ тайруулах тохиолдол гардаг ажээ. Иймд тодорхой хэмжээний мэргэжлийн заавар зөвлөмжийг мэргэжлийн эмчээс авах нь зүйтэй юм. Тиймээс явган замын зорчих хэсгээ зөв сонгож, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг эмчийн зүгээс зөвлөсөн юм.
“Монголын нөхцөлд тохироогүй зориулалтын зам биш байх”

Нийслэлд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилсэн бөгөөд уг чулуун хавтан барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй алхахад саад болохгүй гэж холбогдох байгууллагынхан мэдэгдэж байв. Гэвч шинэ цасны дараа эсвэл дагтаршсан бага хэмжээний цас хайлж, шаварлаг байдал үүсгэх үед ихээр халтирч байгаа тухай иргэн Т.Тунгалаг байр сууриа илэрхийлж байв. Тэрээр 67 настай бөгөөд “Ойр ойрхон гишгээд бээрэх шахам явж байна. Өдөр нар гарахаар жоохон цас байвал хайлаад уядаад халтираад ирэх юм. Энэ зам Монголын нөхцөлд тохироогүй зориулалтын зам биш байх. Нарны гэрэлд гялтагнаад л байх юм. Уг нь сайн арзгар барзгар байвал манайд тохирох байх” гэж байв.
Угтаа Хог хаягдлын тухай хуулийн 9.4.12-т нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоож, заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх хэмээн заасан байдаг. Гэвч зарим аж ахуй нэгж, байгууллагууд нөгөөх цасаа үүднээсээ холдуулаад олон нийтийн зам талбай руу овоолох эсвэл цэвэрлэхгүй байх нь ч бас бий. Харин бусад нийтийн зам талбайг хот тохижилтын албаны ажилчид болон дүүргийн иргэдийн бүлэг цэвэрлэдэг. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэдийн бүлгийн ажилтан М.Тооцоохүү “Биднийг хариуцсан дарга өглөө дагуулж гараад хариуцсан хэсгээ цэвэрлээд явдаг. Өнөөдөр дөрөвдүгээр хороо орчмын тоглоомын талбайг цэвэрлэж байна. Гэр хорооллын гудамж, жалга гээд бүгдийг л цэвэрлэдэг” гэж байв.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс улбаатай цаг агаарын үзэгдлийг бид удирдах боломжгүй тул тухайн байгууллага, хувь хүнд үүргээ ухамсарлаж, аюулгүй байдлаа хангаж зорчих шаардлагатай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 234 (7731)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn