Р.Оюун
ХЭҮК олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор 2005 оноос хойш Ерөнхийлөгчийн ивээл дор хүний эрхийн үндэсний форумыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийнх "Хүний эрхийн үндэсний форум-2025" арга хэмжээ ХЭҮК байгуулагдсаны 25 жилийн ойг угтан болж буйгаараа онцлог байлаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталснаар жил бүрийн энэ өдрийг олон улс "Хүний эрхийн өдөр" болгон тэмдэглэдэг болжээ.
Монгол Улсад 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 6589 стандарт үйлчилж байгаа ч стандартын шаардлагыг хангуулах, хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэх, зөрчлийг тухай бүр залруулах шаардлагатай байна. Тухайлбал, 2023 оны байдлаар 305 сургуулиас 231, 241 хүүхдийн цэцэрлэгээс 131 нь гадна орчны стандартын шаардлага хангаагүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна. Мөн барилгын гадна орчны, замын хөдөлгөөний, явган хүний замын аюулгүй байдлын стандартын шаардлага хангагдаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн бүх харилцаанд бүрэн оролцох, ая тухтай амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, дэ бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ч хэрэгжилт хангалтгүй талаар ХЭҮК илтгэлдээ анхаарууллаа.
Хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2024 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 143 дугаар байранд байна. Агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал тулгамдсан болохыг илэрхийлж байна.
Эх сурвалж www.zms.mn