Ц.МЯГМАРБАЯР
Жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тэмдэглэдэг. 2005 онд дэлхийн улс орнуудын удирдагчид Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн,гарын үсэг зурсан бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулсан. Уг өдрийг НҮБ албан ёсоор Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан билээ. Монгол Улс 2005 онд Авлигын эсрэг Конвенцид нэгдэж мөн оны аравдугаар сарын 27-нд Конвенцийг соёрхон баталсан. Авлигын эсрэг хуулийн хүрээнд Авлигатай тэмцэх газар,байгуулагдсанаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ хүрээнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Авлигатай тэмцэх газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци,НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага хамтран Эрдэс баялгийн салбарын, төр хувийн хэвшил,иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн, авлигын эрсдэлийг бууруулж, ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвлүүлэх манлайлалд уриалж шударга байдлын төлөөх амлалтад гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгуулав. Энэ арга хэмжээнд “Эрдэс баялгийн менежментэд шударга байдлыг бэхжүүлэх -Интегра Санаачилга” төслийн хүрээнд 12 байгууллага оролцов. Тус арга хэмжээг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үг хэлэв. Тэрээр “ Төрийн цахимд ил тод байгаа мэдээлэл нь иргэдэд ойлгомжгүй, хүртээмжгүй мөн танилцахад төвөгтэй, нөхцөлийг үүсгэдгийг оролцогч талууд хэлдэг. Түүнчлэн төрийн албан хаагчид цахим системээр дамжуулж нээлттэй байдлыг бий болгох гээд зорж байгаа ч зарим нэг эс үйлдэхүй болон бидний өөрсдийн итгэл үнэмшил, илэрхийлэх байдал сул байна. Энэ нь зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд хойш татаж байгааг хэлэх нь зүйтэй. Цаашид бодит асуудлаа ярилцаж хэлэлцэхийн зэрэгцээ үр дүн гаргахад чиглэсэн манлайллыг үзүүлэхийг оролцогч бүх байгууллагад уриалж байна” гэв. Түүнчлэн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч Лин Цао үг хэлсэн юм. Тэрээр” НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс иргэний нийгмийн төлөөллийн оролцоотойгоор хариуцлагатай ил тод засаглалыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзсэн. Энэ үүднээс Монгол Улсын Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамтай хамтарч олборлох салбарт ил тод шударга байдлыг тогтоох Интегра санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэ санаачилгыг Солонгос, Дани, Люксембург улсын өгөөмөр сэтгэлийн дэмжлэгээр хэрэгжүүлж байна. Шударга байдлыг бэхжүүлснээр зөвхөн төрийн байгууллагуудад итгэх итгэлцлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээг үр ашигтай, үр нөлөөтэй хүргэхэд хувь нэмрээ оруулах юм. Тухайн улс орны өөрийнх нь тодорхойлсон тэргүүлэх салбарыг дэмжих замаар хэрэгжүүлж байна. Тиймээс энэ хүрээнд үндэсний болон дотоодын оролцогч талууд шударга байдлыг нэмэгдүүлэхэд нь хөтөлбөрийн зүгээс тэтгэлэг олгосон байгаа. Нийт 12 төслийг сонгон шалгаруулж тэтгэлэг олгож хэрэгжүүлээд байна” гэв. Энэ үеэр уул уурхайн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлөл үзүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн төслүүдийнхээ талаар иргэний нийгмийнхэн төслөө танилцуулав. Уг санаачилгын нэг хэрэгжүүлэгч байгууллагаар Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб сонгогдсон юм. Тус клубийн сэтгүүлчид хоёр сарын хугацаанд уул уурхайн салбараас орсон баялгийн тэгш хуваарилалт, Төрийн өмчит компаниудын засаглалын ил тод байдал, мега төслүүдийн санхүүжилтийг ил болгох, авлигын эсрэг сэдвээр нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжилга хөндөж бичсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин