Базарбямбын НЯМСҮРЭН
“Information saves lives” буюу “Мэдээлэл хүний амь авардаг” хэмээн бүдүүн тоймоор орчуулж болох ийм нэг лекцийг NHK-ийн хашир туршлагатай сэтгүүлч А.Хашимото Сан бидэнд хүргэсэн нь 20 шахам хоног Япон улсад суралцсан богино хугацааны сургалтын хамгийн сонирхолтой лекцүүдийн нэг байсан учир Японыг зорьсон сургалт, аялал хосолсон албан томилолтоо NHK-ээс эхлэхээр шийдэв.
Юуны өмнө яагаад, юуны учир NHK-н талаар бичиж байгаагаа танилцуулах нь зүйтэй байх. Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “JICA” байгууллагаас “Ардчилсан орнуудад хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт богино хугацааны сургалтыг жил бүр зохион байгуулах болсны энэ жилийн сургалтад МУИС-ийн Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн багш доктор Д.Идэржаргалын хамт “Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл”, “Зууны мэдээ” сониноо төлөөлөн гурван долоо хоногийн турш номын дуу сонсохоор Токио хотыг зорьсон юм. Бидэнтэй ижил зорилготой сэтгүүлч, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагуудыг төлөөлж, Серьби, Украин, Мольдав, Өмнөд Судан, Фижи, Гренада зэрэг 10 орны 14 төлөөлөл нэгэн дор цуглаж хамтдаа гурван долоо хоног туршлага солилцох боломж тохиов.
Бид энэ удаагийн сургалтаар зөвхөн багш нарын лекц сонсоод зогсохгүй олон сонирхолтой газруудад зочилж Японы хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудтай танилцсан юм. Хүүхэд байхаас л хэлийг нь ойлгохгүй ч хааяа сонирхож үздэг байсан том телевизийнхээ олон улсын мэдээний албанд зочилж, студитэй нь танилцаж, үүх түүхийг нь өгүүлэх түүхийн архиваар нь орж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Japan Prize” наадмын хэлэлцүүлэгт оролцсон гээд сургалтын маань хамгийн өгөөжтэй, сонирхолтой хэсэг нь 100 жилийн түүхтэй NHK-тэй салшгүй холбоотой байлаа. Тиймээс ч арлын орныг зорьсон хоёр дахь удаагийн ажлын томилолтын тайлангаа "NHK"-ийн талаарх нийтлэлээр эхлүүлж байгаа хэрэг.
Япон улсыг монголчууд бид хангалттай сайн мэдэх учир товч танилцуулга илүүц биз. 127 сая хүн амтай, 378 мянган хавтгай дөрвөлжин талбайтай арлын орон дэлхийд эдийн засаг, технологиор тэргүүлдэг гээд ерөнхий мэдээллийг бид маш сайн мэднэ. Магадгүй хоёр хөршөөс маань гадна манай улстай хамгийн ойр улс гэвэл санал нэгтэй бид Япон гэж хариулах байх. Арлын Японд сумоч хөвгүүд маань мандаж байсан үеэс эхлээд ардчиллын замыг сонгосон шилжилтийн хүнд хэцүү цаг үед Монгол Улсад ахан дүүсийн найрсаг сэтгэлээр хамгийн их тусалж дэмжсэн гурав дахь хөрш орон билээ. Нөгөө талаар сэтгүүлч миний хувьд 16 жилийн өмнө анх удаа албан томилолт өвөртлөн гадаад улсыг зорьсон минь мөн л Япон байлаа. Тэр үед залуу сэтгүүлч миний бие түүх, уламжлал хосолсон Токио, Хирошима, Кёото хотуудаар нь аялж нийтлэл бэлтгэн хүргэж байсан бол энэ удаад илүү олон хоногоор сургалтын зорилгоор очсон минь өмнө очиж байснаас тэс өөр өнцөг, мэдээллийг өгсөн хэрэг.
Эхэнд дурдсанчлан NHK хэмээн 100 жилийн баялаг түүхтэй энэ байгууллагын талаарх мэдээлэл рүү эргэн очъё.
100 жилийн түүхийг эргэн дурсвал
"NHK" хэмээх товчлол нь Nippon Hoso Kyokai буюу Японы өргөн нэвтрүүлгийн корпораци гэсэн утгатай. 1925 оны гуравдугаар сард Токио, Осака, Нагояа гэсэн гурван том хотод радиогийн нэвтрүүлэг цацах тусгай станц байгуулагдсан учир тэд түүхэн замналаа эл үеэс эхэлсэн хэмээн үздэг. Харин 1926 онд дээрх гурван радио станц нэгдэж "NHK" нэртэй болж 2028 оноос улс орон даяар мэдээ мэдээлэл хүргэж эхэлсэн байна.
1950-иад он бол NHK-ийн түүхэнд онцгой үйл явдлууд тохиосон, дараагийн шинэ эхлэл гэж үздэг. Өнөөгийн бидний хамгийн сайн мэдэх NHK телевиз 1953 онд анхны эфирээ цацсан бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэсэн цоо шинэ загвартайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь мөн л 1950-иад оноос эхэлсэн. Тухайн үед Япон улс түүхэндээ анх удаа Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталсанаар олон нийтэд зориулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн суурийг тавьж, хууль эрх зүйн баталгааг хангасан хэрэг. 1980-аад оноос олон улсад мэдээлэл хүргэх эхлэлээ тавьж, CCTV-ийн “Silk Road” хөтөлбөртэй хамтран ажиллах болсон бол өдөөгийн бидний мэддэг дэлхий даяар англи хэл дээр мэдээлэл бэлтгэдэг NHK World хөтөлбөр 1999 оноос 24 цагаар мэдээ мэдээлэл түгээх болсон байна. Түүхэн замналыг нь сонирхож байхад 8K буюу super high vision технологийг одоогоос 20 жилийн өмнө бий болгосон гэснийг үзэхэд аргагүй л технологийн анхдагч улс юм даа гэсэн бодол төрүүлэх. 2011 оноос аналоги телевизийн сүүлчийн эфирээ хааж, дижитал өргөн нэвтрүүлэгт бүрэн шилжсэн бол одоо NHK Plus буюу онлайнаар бүх үйлчилгээгээ зэрэг хүргэдэг, тэр дундаа сувгийн болон стриймингийн үйлчилгээ бүгд багтсан цогц мэдээллийн хэрэгсэл болон өргөжөөд байна. Япон даяар 50 гаруй салбартай, зөвхөн хилийн чанадад гэхэд 29 салбартайгаар үйл ажиллагаа явуулан ажиллаж байгаа гэв. 100 жилийн өмнө радио долгионоор үйл ажиллагаа эхэлж байсан энэ том институц одоо гурван радио долгионтой, үндсэн болон болровсролын хоёр телевизийн суваг, гурван кабелийн сувагтай болжээ.
“Мэдээлэл амь аврах хүчтэй”
“Олон нийтийн телевиз олон нийтийнх л байх ёстой” гэж бидний лекцийг чиглүүлэгч А.Хашимото Сан байнга хэлнэ.
NHK бол Японы цорын ганц олон нийтийн мэдээллийн хэрэгсэл. Тус байгууллагын төсвийг Японы парламент “National Diet”-аас баталдаг боловч бүхий л төсөв нь иргэдийн хураамж буюу айлуудын сар бүр төлдөг төлбөрөөс бүрддэг. Сарын хураамж нь 1100-1950 иений хооронд буюу монгол мөнгөөр 27000-48000 төгрөг байдаг гэнэ.
Лекцийн үеэр “Олон нийтийн телевизийн хураамжийг төлөхгүй бол яах вэ, төлөхгүй тохиолдол гардаг уу” гэж сонирхож асуухад Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу гэртээ телевизтэй айл бүр хураамжаа төлөх ёстой бөгөөд төлөхгүй гэх тохиолдол бараг гардаггүй” гэв. Айл өрхүүдийн 80-аас дээш хувь нь жилээр урьдчилж төлдөг гэсэн. Жилийн төлбөр нь сараар төлснөөс харьцангуй хямд тусдагтай ч холбоотой биз. Манай улсын хувьд Монголын үндэсний телевизийн хураамжийг төлнө, төлөхгүй гэсэн маргаан олон гардаг учир энэ талаар зориуд сонирхсон хэрэг.
Олон нийтийн гэдэг утгаараа мэдээллийн бэлтгэж байгаа байдал, зориулалт бүгд ард түмэнд зориулагдсан, аль болох хэрэгтэй мэдээллийг хүргэхэд л голлож анхаардаг гэх. Мөн NHK Японд ард түмний хамгийн итгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. судалгаагаар ард түмний 70-аас дээш хувь нь NHK-ийн мэдээлэлд итгэдэг хэмээн хариулсан байх жишээтэй. Ялангуяа онцгой нөхцөл байдалд NHK-ээ хамгийн түрүүнд асаадаг гэв.
Үүний нэг жишээ нь миний эхэнд бичсэнчлэн “Амь авардаг мэдээлэл”-ийн тухай сэдэв.
Энэхүү сэдвийг тусгайлан хичээл болгож орсон нь учиртай. Япон бол байгалийн гамшигт байдалд өртөмтгий, гал усны гашуун зовлонг цөөнгүй амссан ард түмэн. Тэр утгаараа газар хөдлөлт, үер ус, хөрсний нуранги, цунами гээд байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь иргэний боловсролын нэг салшгүй хэсэг төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бас нэгэн чухал сэдэв. Тиймээс гамшгийн үед мэдээлэл дамжуулах тусгай стандарт бий болгожээ. Иргэдэд сэрэмжлүүлгийг ямар давтамжтай өгөхөөс эхлээд гамшгийн үеийн мэдээлэл бэлтгэхдээ хохирогчтой хэрхэн харилцах, хохирогчдын сэтгэл зүйн байдлыг онцгойлон анхаарч асуултаа болгоомжтой, мэдрэмжтэй тавихаас эхлээд олон хэм хэмжээ байгааг А.Хашимото багш бидэнд танилцуулав. Яг энэхүү онцгой нөхцөлд хэрхэн ажиллах талаарх стандарт нь манай хэвлэлийнхэнд хамгийн их хэрэгтэй бөгөөд суралцах ёстой чадваруудын нэг юм даа гэж сэтгүүлчийн хувиар олзуурхан бодож байлаа.
Соён гэгээрүүлэх үүргийг гүйцэтгэгч “Japan Prize”
Японы олон нийтийн телевизийн нэг онцлог нь өргөн нэвтрүүлгийн цагийн багагүй хувийг боловсролын чиглэлд зориулдаг. Зөвхөн боловсролд зориулсан ETV гэсэн тусгай сувагтай. Үүгээрээ хүүхэд багачуудад тэр дундаа сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бага, дунд, ахлах ангийнханд зориулагдсан төрөл бүрийн контент бэлтгэж хүргэдэг. Мөн боловсрол, соен гэгээрэлд зориулсан энэхүү мэдээ мэдээллийн хөтөлбөр нь өргөжсөөр олон улсад хэдий нь танигдсан “Japan Prize” контентийн наадмыг бий болгожээ. 1965 оноос эхлэн NHK сангаас санаачлан “Japan Prize” олон улсын наадмыг зохион байгуулах болсон байна. Энэ жилийн наадмын шалгаруулалтыг зарлах, шилдэг бүтээлүүдийг олон нийтээр болон салбарынхнаар хэлэлэцүүлэх арга хэмжээ Японд байх хугацаанд давхцаж, бид зочдоор оролцов.
Нас насны ангилалд зориулан боловсрол мэдлэг олгох, нийгэмд байгаа ч тэр болгон ил гардаггүй үл үзэгдэх асуудлуудыг гаргаж тавих, сургамж болгох, асуудлын шийдлийг хайх гээд олон зорилгоор бүтээсэн баримтат бүтээлүүдээс салбарын мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийж тус тусын оноо өгснөөр эцсийн мөчид шилдэгийг шалгаруулж, олон улсад танилцуулах нь энэ наадмын гол зорилго. Энэ жилийн хувьд Хятад, Америк, Англи, Малайз, Сингапур, Бутан, Пакистан гээд 30 гаруй улсаас уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн байна. Сингапурын “CNA Media corporation”-ийн найруулагч эмэгтэй Хятадаас Америк руу амь өрссөн замаар олон мянган километрийг туулан хууль бусаар дүрвэж байгаа цагаачдыг харуулсан баримтат бүтээлээрээ шилдэг бүтээлийн эзэн болжээ. Хиймэл оюун ухааны аюулыг бодитоор илэрхийлсэн “Another body” баримтат кино нь дурын хүний царайг ашиглан насанд хүрэгчдийн видео контентод ашиглаж, хүний эрхийг зөрчиж байгааг гаргаж үзүүлсэн нь дуу, дүрсний шилдэг бүтээлийн төрөлд шалгарсан байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 230 (7727)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn