“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн эргэн тойрон дахь асуудал хөндсөн нийтлэл № 2
Ц.Мягмарбаяр
Усны нөөцгүй газар мод тарьснаар компаниуд олон тэрбумын хохирол амсжээ
Энэ намрын мод тарих өдрүүдийн үеэр хөгшин Орхон голын ойролцоо мод тарьсан уул уурхайн төрийн өмчит болон хувийн хэвшил, төрийн байгууллагуудын дунд усны хэрүүл болж байхтай таарсан юм. Учир нь тэдний тарьсан мод усалгаа муугаас 50 хувь нь үхсэнээс болжээ. Энэ газар бол Өвөрхангай аймгийн Хархорин Эрдэнэзуу хийдээс 10 гаруй км газарт орших Их хаадын өлгий нутаг болох шинэ Хархорум хотын цэцэрлэгт хүрээлэн юм. Иргэдийнх нь хэлдгээр иргэнгүй хотод ийнхүү мод тарихтай зэрэгцэн усны маргаан дэгдсэн байна.
Тэд усалгааны систем угсарсан "Гранд холдинг" компани руу хандаж “Танайх усны судалгаагаа муу хийсэн. Усалгааны системээ буруу угсарсан. Нүх нь зөрсөн, даралттай ус ирэх үед холбосон холбооснууд бүгд мултарсан. 19-ын хоолойд 100 метр тутамд усны нөөцийн сав хийх байсан. Нөөцийн савгүйгээс нэг машин явж ирэх 30 минутын хугацаанд ус дуусчихдаг. Цооногийн нөөцөө бэлтгэх байсан. Гүнээс гарсан хага ташсан усны жаврыг нь гаргах нөөцийн сав зайлшгүй байх ёстой байдаг. Манай талбай дээр гаргасан худгийн зөвхөн нэг нь л ажилласан. Бид зунжин, намаржин хоёр портер хөлсөлж, гүйцэтгэгч компаниа шахаж механикаар усалсан. Гурван жилийн хугацаанд алийн болгон ингэж услах билээ. Төсөвлөсөн зардал нэг дахин өссөн” гэх мэтээр шүүмжлэл тасрахгүй байв.
Баримт1
Тухайлбал, төрийн өмчит Шивээ-Овоо компанийн төлөөлөл хэлэхдээ “Манайх өөрийн хуваарьт A7 талбайд 18.5 мянган га -д арван мянган мод тарих байсан ч бид 11 мянга гаруй мод тарьсан. Үүнээс ургаж буй нь 3576. Ургалтын хувь 36 хувьтай байна. Энэ нь усалгаа доголдсоноос болсон. Тарьсан модны бараг 70 хувь нь үхсэн. Энэ жилийн тухайд манай компани 700 сая төгрөгийг төсөвлөсөн. Харамсалтай нь намрын нөхөн тарилтаар нэмж мод тарих төсөвгүй болж байна. Гэхдээ ямар ч байсан нөхөн тарилт хийх нь тодорхой. Усалгаанд нэмэлт зардал гарсан” гэсэн юм. Өөр нэг төлөөлөл “Манай талбай дээр гаргасан нэг худгаас өдөрт таван тонн ус гардаг. Гүний худгийн хүйтэн усыг арван тонны ганц ёмкост хийж жаврыг нь гаргаад 10 минутын дотор л дуусчихдаг. Энэ зунжингаа машинаар ус зөөсөн. Уг нь Ойн газар усалгааны систем, дэд бүтцээ бүрэн шийдэж өгнө гэдгээр ажлын даалгаварт 15-20 тонноос дээш усны нөөцтэй байхаар төлөвлөж гэрээлсэн. Гэвч нөөцийн сав нь жижигдсэн. Усалгааны зардал төсөвлөснөөс нэг дахин нэмэгдсэн” гэлээ.
Энэ мэтээр энд мод тарьсан ихэнх аж ахуйн нэгжийнхэн гомдолтой байсан юм. “Эрдэнэс Монгол” нэгдлийн зургаан компани мод тарьсан. Үүнд “Эрдэнэс таван толгой” ХК 300 мянган мод, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 150 мянга, “Эрдэнэс алт ресурс” 20 мянга, “Эрдэнэс Монгол” ХК 30000, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ 15000, “Энержи ресурс”ХХК 40000, “Шивээ овоо”, “Багануур”ХХК тус бүр 10 мянган мод тарьсан байх жишээтэй. Гэвч эдгээрийн ургалтын хувь ойролцоогоор 41.5 хувь байсан. Энэ нь тухайн компаниудын усалгаа муу байсны зэрэгцээ арчилгаанаас бас шалтгаалсныг дурдах нь зүйтэй. Бусад ТӨК-аас төсөв, санхүүжилт, нэмэлт зардлын талаар асуусан боловч хариулахаас татгалзаж байсан юм. Ер нь энэ талаар асууж тодруулахад санхүүжилтийг хэлэх эрх мэдэлтэн олдоогүй гэж болно. Төсвийн мөнгө энэ мэтээр үрэгдэж байгааг гэрчилсэн явдал болсон юм.

Баримт 2
20 мянган мод тарьсан ч 200 сая төгрөгийн хохирол амсжээ
Мөн тус цэцэрлэгт хүрээлэнд дээрх ТӨК -удтай зэрэгцэн хувийн хэвшлийн “Тэрбум мод сан” ТББ, “Өсөх зоос”, “Брогоулд” зэрэг 16 компани нийгмийн хариуцлагын хүрээнд амласан модоо зэрэгцэн тарьжээ. Гэвч мөн л усны асуудлыг шүүмжилж байлаа. Тухайлбал, “Брогоулд” компанийн төлөөлөл хэлэхдээ “Би энд зуссан. Манай хуваарьт талбайд өдөрт 150 тонн ус хэрэгтэй байсан. Гэвч бидний худаг өдөрт гурван тонн ус л шахдаг. Манай талбайд массаар өдөрт 150 тонн ус татаж байж долоо хоногт нэг удаа талбай дахь модоо усална. Бид ерөөсөө ойлгохгүй байна. Худгийн компани уг тендер зарлахад усны нөөцийн судалгаагаа хийсэн байж таарна. Энд доод тал нь 20 мянган мод тарьсан хувийн хэвшлийн болон төрийн өмчийн компаниуд бүгд их хэмжээний хохирол амссан. Манай компани зөвхөн энэ усалгаа дээр 200 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна. Энэ хавийн малчид бүгд мэднэ. Бид өдөржингөө усаа Орхон голоосоо зөөж байсан” гэсэн юм. Эднийх гэхэд 27 мянган мод тарьсан. Үүнд 180 тонн ус шаардлагатай байсан ч хангалтгүйгээс модны амьдрах чадвар 50 хувь байв. Мөн хувийн хэвшлийн зарим компани 50 тонны багтаамжтай танк тавьсан хэдий ч худаг нь цагт гурван тонноос ахидаггүй, тасарчихдаг” гэж ярьж байлаа.Түүнчлэн “МонЭко” болон Орон нутгийн өмчит “ Таван толгой” компаниуд тус бүр арван мянган мод тарих байсан ч хаврын тариалалтаар нэг ч мод тариагүй байсан юм. Яагаад тэд мод тариагүй нь бас учиртай байсан юм.
Маргаанаас анзаарахад ТӨК-удын тарьсан модны амьдрах чадвар хувийн хэвшлийнхээс муу байсан ялгаа харагдаж байв. Усалгааны систем, худаг ус ижилхэн муу байсан ч хувийн аж ахуйн нэгжүүд эрсдэлээ үүрч тарьсан модоо үхүүлээгүй давж гарсныг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, арилжааны банкуудын байгуулсан Тэрбум мод сан, “Өсөх зоос”, “Болд төмөр ерөө гол”, “Саусгоби сэндс”,”Плантинум Ланд” ХХК, “Бадрах Энержи”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”зэргийг дурдаж болно. Тэдний тарьсан модны амьдрах чадвар дунджаар 74.1 хувь байв. Үүнээс Тэрбум мод сан болон “Өсөх зоос”-ийн, тарьсан мод 90-95 хувь байсан нь тэд усалгаагаа нэмж машинаар голоос тонн, тонноор ус зөөж усалсантай холбоотой гэж байлаа.
Харин маргааны гол буруутан болж буй усалгааны системийг хийсэн “Гранд Холдинг” компанийн инженер нь тайлбарлахдаа “Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сараас хайгуулын ажлаа эхэлж тавдугаар сарын сүүл 40 худгаа гаргасан. Уг нь ажлын анхны даалгавраар Орхон голын хөндийд байсан ч талбай нь томорсоор гуу, жалга, уул, толгод бүхий өндөрлөг хэсэг ихтэй болж тэлсэн. Ингэснээр усны хүрэлцээгүй газрууд их болсон. Тухайлбал А14,15 талбайд усны ундарга сайн боловч А11,7,8 гээд ундарга муудаж ялангуяа E, S, F талбайд гаргасан худгийн ундарга эрс муудсан. Нэмэлтээр A болон E, F талбайд дөрвөн худаг гаргаж зөөврийн машин явуулсан. Нөгөөтээгүүр, усалгааны системээ тавиад дуусангуут мэргэч амьтад ихээр орж гэмтээсэн. Өөрөөр хэлбэл, залгаж дуусаад эргээд харахад л мэрэгчид эхний системийг гэмтээх зэргээр цаг хугацаа алдсан. Түүнчлэн мод тарихын өмнө усны нөөцийг тогтоох хөрсний нарийвчилсан судалгааг хийгээгүй. Усны ундарга муу гэдгийг мэдээгүй. Хөгшин Орхон голдоо найдсан. 53 худаг гаргахаас 43 гаргасан. Доош 120 метр өрөмдсөн ч ус гараагүй. Уг нь ундарга сайтай бол 50 метр өрөмдөхөд ус олгойддог. Гэвч бид 100 орчим өрөм тавьсан. Нэг худагт өрөм тавихад ойролцоогоор 0.8-1.8 литр секунд байсан. Уг нь 2.0 орчим литр секундээр хэмжигдэх ундаргатай бол усаар тасрахгүй хэвийн гэж үздэг” гэсэн юм.
Төсвөөс тус цэцэрлэгт хүрээлэнгийн усалгааны систем, хашаажуулах дэд бүтцийг нь шийдэх мөн 100 мянган орчим мод тарих зэрэгт зориулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газарт энэ онд 20 тэрбум төгрөг хуваарилсан ч бодит байдал ийм дүр зурагтай байсан юм. Энэ үеэр ЗГХА-ийн Ойн газрын дарга Б.Оюунсанаа үүнд тайлбар хийхдээ “Бид усалгааны компаниас хариуцлага нэхнэ. Өнөөдөр удирдлагууд нь ирээгүй байна. Хэдийгээр усны нөөц муу байсан ч боломжит бүх хэлбэрээр санаачилга гаргаагүй. Үндэсний өчнөөн олон компани энд ирсэн та бүгдээс усны асуудлаар хариуцлага нэхэх нь зөв. Бид танай ажлын явцыг шалгаад тухайн үед нэмэлт үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу тултал ажилласан уу гэвэл үгүй байна. Өнөөдөр 30 хүн ажиллаж байгаа хэр нь ямар ч үр дүн алга” гэж байлаа.
Хөгшин Орхон голын ус татарсан. Түүнчлэн тэр хавийн хөндийн гадаргын усны ундарга муу гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байсан хэдий ч усны ерөнхий судалгааг хийгээгүйтэй холбоотой болов. Яагаад усны нөөц ундарга муу газарт олон сая мод тарих болов. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийн үлгэр энд болжээ. Энэ хүрээлэнд нэг сая мод тарина. Үүнд төсвөөс 80 тэрбум төгрөг төсөвлөсөн аж.
Усалгааны системийг шийдэх 20 тэрбум төгрөг үргүй зардал болов

Орхоны хөндий буюу нүцгэн талд ийнхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголчууд анх удаа хүний гараар бүтээх цэцэрлэгт хүрээлэнг байгуулах эхлэлийг тавьж буйн сайн ч усгүйгээс болж ТӨК болон хувийн аж ахуйн нэгжүүд бүтэлгүйтэж байгаа нь энэ юм. Уг нь нийт 1500 га талбайд төрийн өмчит болон хувийн 22 аж ахуйн нэгж нийт нэг сая мод тарих амлалт авсан. Үүнийгээ гурван жилийн хугацаанд тарьж ургуулан хүлээлгэн өгөхийг нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээгээр хүлээсэн байдаг. Тэд энэ оны зургаадугаар сард нийт 563 мод тарьсан. Ургалтын нөхцөл байдлын хувийг тогтоох намрын тооллогоор ийнхүү усалгаа муугаас үүдэж тал нь буюу 298233 ширхэг мод нь ургаж, үлдсэн нь үхсэн юм. Тиймээс тэд намрын мод тарилтаар нөхөж тарих шаардлага үүссэн ч ургалтын хувь дээрдээгүй мэдээтэй. Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээгээр анхны ажлын даалгаварт 20 мянган модонд нэг худаг хангалттай гэж төлөвлөгдөж зардлаа тооцсон бол 2-3 худаг гаргаад ч мөн нэмж голоос ус зөөгөөд ч усалж дийлэхгүй нөхцөл байдалд орсон нь дээрх баримуудаас тодорхой байлаа.
Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд Ерөнхийлөгчийн Байгаль орчны зөвлөх Н.Батхүү үүнд тайлбар хийсэн юм. Тэрээр “ Хархорин хотын үндсэн захиргаа байгуулагдахаас өмнө Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу геотектоникийн судалгаа хийж 100 орчим өрөм тавьсан. Дүгнэлтээр энэ орчинд 500 мянгаас дээш хүнтэй суурин байгуулахад ундны усны хувьд асуудалгүй гэсэн. Иймээс энэ ажлыг эхлүүлсэн. Гэхдээ мод тарихтай холбоотой хөрсний нарийвчилсан усны судалгаа хийгээгүй. Тус компани гүний усны хайгуулаа хийсэн. Хайгуул хийх явцдаа худгаа гаргасан. Одоогийн байдлыг дүгнэхэд өрөм тавиад гарахгүй байсан тохиолдол байсан. Тэр тохиолдолд нүүх зэргээр дахин хайгуул хийж боломжит эх үүсвэрүүдийг тогтоосон. Гэхдээ одоогийн байгаа нөөцөөс илүү гарахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр анхны юм бүхэнд алдаа, дутагдал байдаг үүнийгээ бид хүлээн зөвшөөрч байна. Цаашид нөөцүүдийн савыг томсгох мөн хэчнээн га талбайд хэдэн мод тарьсан вэ гэдгээс хамаарч хуваарийн дагуу ээлжлэн услах замаар асуудлаа шийдье. Энэ удаагийн намрын тооллого буюу гүйцэтгэлийн ажлыг дүгнэх болоогүй байна. Тиймээс үлдсэн хугацаанд усалгааны системийг нэмж тавихад анхааръя. 10 тонны нөөцийн савыг 50 тонн болгоё, цахилгаан болон усны шахуургуудыг нэмж суурилуулъя” гэсэн юм.
“Усныхаа нөөцөд багтааж модоо тарих хэрэгтэй гэв”
Харин энд “Оюутолгой” компани 100 мянган мод тарих байсан ч 5200 мод тарьсан ч ургалт буюу амьдрах чадвар 65 хувьтай байсан. Тус компани энэ газарт усны нөөц муу учраас олон тооны мод тарихаа азнасан гэсэн албан бус мэдээтэй. Учир нь том компаниуд судалгаагаа маш сайн хийдэг учраас тэд цөөн мод тарьсан аж. Ялгаагүй ургалт болон амьдрах хувь муу гэж бусад компанийнхан ярьж байсан юм. Ер нь “Оюутолгой” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ. Гэхдээ мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргээлт, шавж устгал, үр суулгац зэрэгт илүү төвлөрч ажиллах тактик барьсан гэж болно. Учир нь Монгол орны ойд тэрбумаар тоологдох мод нүүлгэн шилжүүлэлт, сийрэгжүүлэлт хийгээгүй олон жил болсноос үүдэлтэй тэрбум мод үхэхээр байна гэсэн тооцоо, судалгааг хийсэн тухай тэд мэдээлж байсан. Мөн энд цөөн мод тарьсан МонЭко компанийн зүгээс Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих модоо орон нутагтаа тарих хүсэлтэй байгаагаа уламжилж байгаа аж. Саяхан Ховд аймгийн Дарви, Дөргөн суманд тус бүр нэг, нэг хөв цөөрөм байгуулагдсан. Эдгээр цөөрмийг бараадуулж модоо таривал үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа хэмээн Усны газрын дарга З.Батбаяр ярьсан юм. Тэрээр “Шинэ Хархорум хотын Цэцэрлэгт хүрээлэнгийн усны асуудлын талаар ярихдаа “Хөгшин Орхон голын жилийн дундаж усны урсац муудсан. Тиймээс Өгийн нуурыг хамгаалах дөрвөн багц ажлыг Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд голын урсац бүхэлдээ сайжирна. Нөгөөтээгүүр, Хархорин хотын ойролцоох “Хэлтгий цагаан” нуурыг сэргээх, хөв цөөрөм болгох ажил эхэлсэн учраас шинээр байгуулагдах Хархорум хотын цэцэрлэгт хүрээлэнгийн усалгааны асуудлыг энэ нуураас услах боломж бүрдэнэ” гэв. Өөрөөр хэлбэл, борооны усыг хөв цөөрөмдөө тогтоож авах байдлаар зуны хоёр сард усны асуудлыг шийдэж боломжтой гэж байлаа. Энэ мэтээр усгүй хээр талд мод тарих юм бол эхлээд хөв цөөрөм хаана, хаана байгуулагдах тухайд мэдээлэл авах хэрэгтэй. “333 хөв цөөрөм”төслийн хүрээнд нийт 296 цэгт хөв цөөрөм, байгуулагдаж үүнд одоогоор 441370 мод тарих боломжтой гэж үзсэн байна. Энэ тоо цаашдаа усны хуримтлуурт хэдий хэрийн нөөц ус хуримтлагдана төдий чингээрээ тарих модны тоо нэмэгдээд явах боломжтой аж. Тиймээс цаашид усны нөөцөд тохируулж тарих модны тоо хэмжээг төлөвлөх хэрэгтэй гэж тэрээр тодотгож байлаа.
Мөн “Оюу толгой” компанийн Байгаль орчны мэргэжилтэн Ж.Баярзаяа “ Усалгааны асуудал нь байршилтайгаа нягт холбоотой байдаг. Өмнө нь ойн сан байсан газарт модоор ойжуулалт хийхдээ тус газарт ургаж байсан модыг сонгож хийх нь тухайн орчиндоо хурдан дасан зохицож, арчилгаа усалгаа бага шаарддаг ач холбогдолтой. Усны нөөц бага газар мод тарих нь эргээд байгаль дахь усны нөөцийг хамгаалдаг харилцан эерэг нөлөөлөлтэй. Яагаад гэвэл Монгол орны сэрүүн бүсийн ойн сан бүхий талбай нь хөрсөн доороо мөнх цэвдэгтэй учраас ургаж байгаа ой мод нь цэвдгээр тэжээгдэж мөн цэвдгийг хайлж, устаж алга болохоос хамгаалдаг харилцан ашигтай гэсэн үг. Тэгэхээр ойжуулалт хийх байршлын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй сонгосноор усалгааны асуудлыг хамтад нь тооцоолоод шийдвэрлээд явах бүрэн боломжтой” гэв.
Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд болсон шиг ийм асуудал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бусад газруудад болж буйг үгүйсгэх аргагүй. Энэ нь уул уурхайн баялгаар санхүүжүүлж байгаа тэрбум модны хөрөнгө, мөнгөний үр ашиггүй зарцуулалт нь бүдэг, бадаг авлигын систем руу орж усны тооцоо судалгаа дутмагаас модны ургалт муудаж байгалийн баялгийн орлого дахин үнэгүйдэж байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Усгүй газар мод тарьснаар энэ мэт олон тэрбумын төгрөгийн хохирол амсахаар байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд энэ намрын мод нөхөн тариалалтын эцсийн дүнгээр 80+ сая мод тарьсан мэдээтэй байна. Тэгвэл үүний ургалтын хувь 65 хувьтай гэсэн байна. Өөрөөр хэлбэл, тарьсан модны 35 орчим хувь нь үхсэн гэсэн үг. Энэ нь юунаас болсон вэ гэвэл усалгаа дутсанаас болсон. Түүнчлэн өнгөрсөн зун гандуу байгалийн усалгаа муу байсан гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх үед мэргэжлийнхэн усны нөөцөө хэрхэн тооцсон тухай асуудал дэвшүүлсэн ч үүнд хариулах эзэн олдохгүй байлаа. Усгүй байж тэрбум мод тариад хэрхэн ургуулах тухайд учир мэдэх хүмүүс нь эргэлзэж байсан.
Санхүүгийн хохирлоор зогсохгүй цөлжилтийг улам нэмэгдүүлнэ
Энэ нийтлэлээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл Монголын усны нөөц, уур амьсгал, гидрологийн бодит нөхцөлд үндэслээгүй амлалтаас үүдэж системийн эрсдэл болох нь гэдгийг сануулахыг зорив. Ус бол модны үндсэн “хөрөнгө оруулалт”. Харин Монгол Улс өнөөдрийн усны нөөц, дэд бүтэц, уур амьсгалын нөхцөлдөө нэг тэрбум мод тарьж ургуулах экологи, инженерчлэлийн чадавхтай юу гэсэн асуулт урган гарч байна. Өөрөөр хэлбэл, “Тэрбум мод” ус үгүй хоосон зорилт уу. НҮБ-ын индэр дээр өгсөн амлалтыг биелүүлэхэд хамгийн түрүүнд шаардагдах зүйл бол ус. Монголын уур амьсгалын нөхцөлд мод “тарих” нь бодит ажил биш, харин мод “ургуулах” нь инженерчлэлийн ажил болох учиртай. Тэгэхээр Монголын усны нөөц, байгалийн нөхцөл нэг тэрбум модын амьдралын циклд хүрэлцэх үү гэдэгт эрдэмтдийн санал чухал байна. Түүнчлэн усаар дутсан мод цөлжилтийг улам хурдасгаж болзошгүй экологийн сөрөг эрсдэл үүсгэх аюултай аж. Өөрөөр хэлбэл, хуурайшсан хөрсний эргэлт сэргэхгүй. Бүр тодруулбал, усгүй хатсан модод буюу үхсэн biomass салхинд хийсэж элсний нүүдэлд нэмэр болдог байна. Мөн зохисгүй тарилт нь орон нутгийн экосистемийг эвдэж болзошгүй. Байгалийн ургамлын өрсөлдөөн, хөрсний шимд үзүүлэх дарамт нь уур амьсгалын өөрчлөлтийн үед амьдрах чадвар улам дордоно. 2030 он хүртэл Монголын дундаж температур 1.5–2°C өснө. Энэ үед моддын амьдрах чадвар буурах эрсдэл улам нэмэгдэнэ гэж эрдэмтэн,судлаач сануулж байна.
2030 он гэхэд зөвхөн мод услахад зарцуулах усны зардал жил бүр улсын нэг жилийн батлан хамгаалах төсөвтэй дүйхүйц хэмжээнд хүрэх эрсдэлтэй
“Тэрбум мод” хөдөлгөөнийг 2021–2030 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт хөрөнгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох яамд 13–19 их наяд төгрөг гэж урьдчилсан дүгнэлт гаргасан байдаг. Тодруулбал, усны хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын хэрэгцээг бүсчилсэн хэлбэрээр тодорхой гарсан байна. Усны нөөц ашиглалттай холбоотой зардал нь энэхүү нийт хөрөнгийн томоохон хэсгийг эзэлнэ. Ялангуяа говь, хээрийн бүсэд усны эх үүсвэр бий болгох, ус олборлох, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагаа нь мод тарих зардлыг эрс өсгөж буй. Мэргэжлийн байгууллагын тооцоогоор тэрбум модыг услахад жилд шаардагдах 300–500 сая м³ усыг бэлтгэхийн тулд улсын хэмжээнд одоо зарцуулдаг усны зардлыг 50-80 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл, жил бүр 300–500 сая м³ ус хангамжийн зардал гэдэг нь Монгол Улсад одоо ашиглагдаж буй 590 сая м³ усанд ногдуулдаг нийт төлбөрийг тал буюу 0.5 дахин нэмж төлөх хэмжээний ачаалал юм. Улсын хэмжээнд одоогоор усны нөөц ашигласны төлбөрт жилдээ 600 тэрбум төгрөг төвлөрдөг гэж үзвэл ойролцоогоор 300-500 тэрбум төгрөгийн нэмэлт зардал жил бүр гарах магадлалтай. Тэгвэл 2030 он гэхэд зөвхөн мод услахад зарцуулах усны зардал жил бүр улсын нэг жилийн батлан хамгаалах төсөвтэй дүйхүйц хэмжээнд хүрэх эрсдэлтэй гэсэн үг.
Иймээс усны зардлыг бууруулах хувилбарууд болон хөрөнгө оруулалтын сонголтуудыг боловсруулж, хамгийн үр ашигтай шийдлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг энэ тооцоолол харуулж байна. Өөрөөр хэлбэл, усны нөөц ашигласны төлбөр, үнэ тарифтай уялдуулж ойжуулалтын зардлыг хуваарилах асуудал тулгарч байна. Одоогоор ус ашигласны төлбөрөөс жил бүр 1–2 хувийг тэрбум модны сан руу байршуулах саналыг зарим УИХ-ын гишүүд дэвшүүлсэн. Мөн уул уурхайн компаниуд олборлосон нэг тонн нүүрс тутамд нэг мод тарих “ногоон татвар”-ын тухай ярьж эхэлсэн. Тодруулбал, “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийн хүрээнд. Энэ нь усны зардлыг хувийн хэвшил гаргах нэг механизм болж байна. Учир нь нэг мод тарих зардалд усны зардал багтсан байдаг тул ийм гэрээний хүрээнд компаниуд өөрсдөө усалгааны зардлаа хариуцах юм. Үүнтэй холбоотойгоор усны менежмент, ногоон хөрөнгө оруулалтын хяналт, ил тод байдал чухал болж байна. Үндэсний аудитын газраас 2024 онд хийсэн шалгалтаар зарим гэрээт ойжуулалтын санхүүжилт тодорхойгүй, усалгааны ажил гүйцэтгэсэн тайлан баримтгүй байсныг илрүүлж, цаашид хөрөнгө зарцуулалтад ил тод байдлыг сайжруулах шаардлагатайг анхааруулжээ. Тиймээс усны зардлын төлөвлөлт, санхүүжилтийн зарцуулалт бүхэн олон нийтийн нээлттэй хяналтад байх нь өндөр дүнтэй энэ хөтөлбөр амжилттай хэрэгжих үндэс болно. Тэрбум модны усны жилийн усалгааны хэрэгцээ 40–80 тэрбум литр аж. Энэ нь Улаанбаатар хотын нэг жилийн ундны усны хэрэглээтэй дүйцэхүйц дүн юм. Мөн усалгаагүй нөхцөлд амьдрах чадвар буюу ургалтын хувийн уналтыг жишээлбэл Баянхонгор аймагт тарьсан 517725 модоор тооцвол 2.6 хувь болж унадаг бол усалгаагүй, арчилгаагүй байршлуудад амьдралт 1–5 хувь болж унадаг байх нь. Тоо өсөх тусам алдагдал геометр прогрессоор өснө гэж усныхан тооцжээ.

Усны нөөц ийм хязгаарлагдмал байхад яагаад заавал 2030 он гэж шуурга шиг яаравчилж, их хэмжээний мөнгө гаргаж, энд тэнд өр зээл тавих ёстой юм бэ. Ядаж хөв цөөрөм байгуулах, усны урсцаа дотооддоо хадгалах, хурын усаа хуримтлуулах дэд бүтцээ хийчхээд тэрбум модоо урт хугацаанд тарьж болно. Нэгэнт байгалиасаа боломжгүй байгаа юмыг болгох гэж энэ мэтээр жижиг төсөв дээр ачаалал өгч, үргүй зардал гаргаж байхаар олон жилийн настай үндэсний хөдөлгөөн болгох нь чухал байх. Тэрбум мод хэрэгжээд дуусахад Монгол Улс дотооддоо усны хуримтлалтай болсон, усны дэд бүтцээ шийдсэн байх нь өнгөрсөн 30 жилд хийж чадаагүй хамгийн том ололт байх боломжтой. Тэгэхээр 2030 оноор тэрбум модыг хязгаарлаж, мод ч үгүй, ус ч үгүй, бөөн өрөнд орсон улс баймааргүй байна.
Үндэсний томоохон төрийн өмчит үйлдвэрийн газрууд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдсэнээр “Эрдэнэт” үйлдвэр гэхэд жилд 10 сая, арван жилд 100 сая мод, “ЭТТ” ХК ашигласан нэг тонн нүүрс тутамд нэг мод тарихаа илэрхийлсэн. 21 аймаг, нийслэлийн хэмжээнд албан байгууллага, иргэд нэгдээд мод тарих юм бол арван жилийн хугацаанд тэрбум мод тарих боломжтой. Нийтлэл бичих судалгаа хийж байх явцад Тэрбум мод үндэсний хөдөлгөөний санхүүжилт ил тод биш байгааг олон эх сурвалж хэлж байлаа. Тухайлбал, цэргийн ангиар дамжуулж цэргүүдээр мод тариулсан. Үүний санхүүжилт одоо ч ил тод болоогүй байна гэж салбарын мэргэжилтэн Б.Г хэлж байв. Түүнчлэн төрийн өмчит компаниудын Тэрбум мод хөтөлбөрт зарцуулсан санхүүжилтийн мэдээлэл 2022-2023 онд Шилэн дансанд тавигдаагүй байв. Харин 2024 оноос эхлэн “Эрдэнэс монгол”, “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мэдээллээ тавьж эхэлсэн төдий байв.