Арьс шир, ноос ноолуур, хүнсний чиглэлийн үндэсний томоохон үйлдвэрүүдийн ус бохирдуулсны төлбөрийн дүн чамгүй их аж. Ус бохирдуулсны төлбөрийг бага бохирдуулбал бага, их бохирдуулвал их төлөх учиртай. Түүнчлэн хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж, дахин ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага уг төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бий. Харин энэ боломжоо хэрхэн ашиглах талаар бичихийг хүслээ.

Хаягдал усаа стандартын түвшинд хүртэл урьдчилан цэвэрлэж байгаа бол уг байгууламжаа ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөх хуулийн заалттай. Холбогдох мэдээ мэдээллээс харахад өдгөө Улаанбаатар хотод 30 гаруй үйлдвэр  хаягдал усаа урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулсан ч  гарт баригдаж, нүдэнд харагдах дэмжлэг аваагүй гэнэ. Үүний шалтгааныг тодруулахад үйлдвэрлэгчид урьдчилан цэвэрлэх байгууламжаа суурилуулчихаад хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах гэж хүсэлтээ өгдөггүй аж. Нөгөөтээгүүр урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах нь нэг хэрэг. Харин стандартын шаардлагад хүртэл цэвэрлэж тогтмол ажиллуулна гэдэг бас өөр хэрэг аж. Тэгэхээр энэхүү хөнгөлөлтийг эдлэхийн тулд үйлдвэрлэгчид маань хариуцлагаа нэмэгдүүлж, оролцоогоо сайжруулах хэрэгцээ байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяраас тодруулахад” Өнөөдөр манайх ийм цэвэрлэх байгууламж тавиад усаа ийм хэмжээнд цэвэрлэж байна. Бид ийм зүйл хийчихлээ, усны төлбөрөөс чөлөөлөгдье” гэж хүсэлт ирүүлсэн байгууллага байхгүй. Зарим үйлдвэрлэгчид усанд хандах хандлагаа өөрчилж өөрсдийнх нь бизнест ямар нөлөөтэйг олж хараасай. Тэд одоохондоо хуулийг хэрэгжүүлэхээс төвөгшөөсөн хэвээр байна. Тэр цэвэрлэх байгууламжийг нь барьсан болохоос гэх жишээний. Дарамтлахын тулд хууль дүрэм гаргаад байгаа биш, үйлдвэрлэл тогтвортой яваасай, Монголын үр хүүхдүүд эрүүл саруул байгаасай гэдэг л үүднээс ханддаг юм шүү дээ. Үйлдвэрлэл эрхлэгчид ч гэсэн үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс ирээдүйн төлөө ус бохирдуулахгүй байх ёстой” гэв. Нээрээ л З.Батбаяр даргын хэлсэнчлэн үйлдвэрлэгчид устай холбоотой хууль дүрэм мөрдөхдөө албадлага гэж хүлээж авдаг нь л асуудлын гол гогцоо юм биш үү дээ.

Ус бохирдуулагчийн хувьд өөрсдөдөө дүгнэлт хийж, нэгийг бодох нөхцөл хэдийнээ үүсчээ. Усны газар бохирдол өндөр байгаагаас Улаанбаатар хотын голын усанд сэлэхийг хориглосон шийдвэр хүртэл  гаргажээ. Иймээс баялаг бүтээгч үйлдвэрлэл эрхлэгчид усны бохирдлоо хүний нүд хуурах, нэг удаагийн шалгалтад зориулж биш нэгмөсөн шийдэх тухай бодохоос аргагүй болж байна. Хэрвээ аль нэгэн үйлдвэр хаягдал усаа урьдчилан цэвэрлэж,  усаа дахин ашигладаг болчихвол ус бохирдуулсны төлбөр  нь эрс буурах боломж бий. Наад зах нь үйлдвэрлэгч эдийн засгийн хэмнэлт гаргана. Үйлдвэрлэлийн хувьд ч гадаад дотоодоос зээл авах боломж нь нэмэгдэж, бизнест  нь ч илүү үнэ цэн бүрдэх учиртай.

Ус бохирдуулсны төлбөрийг зөвхөн татварын дарамт гэж харалгүй боломжийг нь ашиглан чөлөөлөгдөж, хамтын шийдэл, оролцоо руу анхаарлаа хандуулаасай.