Ц.МЯГМАРБАЯР  

Хойд бүсээс УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа  Д.Үүрийнтуяа нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа "Эрдэнэт медикал" эмнэлгийг Хойд бүсийн хавдрын төв болгох санал гаргасныг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэмжсэн билээ. Тэгвэл энэ ажил бодит биелэл болж Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ удаа УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Д.Үүрийнтуяаг урьж 2026 оны төсвийн төсөл болон хойд бүсэд тулгамдаж буй асуудлын эргэн тойронд ярилцав. 

 

-Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг шувтарч байна. II хэлэлцүүлгүүд ид өрнөж байна. Ер нь 2026 оны төсвийн төслийн онцлог, анхаарах асуудал нь юу байна вэ?
-Төсвийг дотор нь задалж харвал олон асуудал байна. Тухайлбал, урсгал зардлын хэмжээнд баригдсан төсөв орж ирж байна. Урсгал зардал хэд, хэдэн ангилалд байна. Төрийн албан хаагчдын цалин, хүүхдийн мөнгө, нийгмийн  даатгалын шимтгэл, тэтгэвэр тэтгэмж, гадаадын зээл тусламж, өр, төлбөр гэсэн. Ер нь төсөвт бодиттой хуулийн өөрчлөлт  оруулахгүйгээр энэ чигээр үргэлжилбэл урсгал зардлаа дийлэхгүй нөхцөлд хүрнэ. Өөрөөр хэлбэл, урсгал зардлын бүтцэд өөрчлөлт оруулах ёстой. Ингэхдээ эхлээд нийгмийн хамгааллын бодлогоо цэгцлэх хэрэгтэй. Нийгмийн хамгаалал дороо халамж нь юу юм, хамгаалал нь юу юм,хүний хөгжлийн хүн амын өсөлтийг дэмжсэн дэмжлэгүүд нь юу юм гэдгээ ялгах хэрэгтэй. Эдгээрийн аль нь урсгал зардлын тэргүүнд байх юм, аль нь бусад эх үүсвэрээс гаргах юм гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүнд зоригтой, бодиттой өөрчлөлт хэрэгтэй. Хойд бүсээс сонгогдсон гишүүний хувиар тойрогтоо ажиллаж байхад тухайлбал, Орхон аймгийн боловсролын салбар яг л Улаанбаатар хот шиг нөхцөл үүссэн. Улаанбаатар хотод нэг анги дүүргэлт 60-70 хүүхэдтэй болсон шиг Эрдэнэт мөн ялгаагүй ийм нөхцөлд хүрсэн. Ангийн багтаамж, талбайн хэмжээнээс хамаарч самбарынх нь урдуур багш л ганцаараа явах зайтай. Ширээ, самбар хоёр нь бараг тулчихсан. Урдуур сууж байгаа хүүхдүүдийн шилэн хүзүү нь татсан жишээтэй. Учир нь самбараа дээш харсаар байгаад ийм байдалд хүрсэн. Хамгийн ард сууж байгаа хүүхэд хичээлээ ойлгох боломжгүй нэг ширээнд 2-3 аараа суудаг. Бид үр хүүхдээ ийм орчинд сургаж байж юун хүний хөгжлийн асуудал ярих вэ дээ. 


-Хойд бүсийн бүтээн байгуулалт ямар нөхцөлд байна вэ?
-Барилга хөгжлийн төвөөр магадлан шинжилгээ хийгдээд Аудитын газраас дүгнэлт нь гарсан баригдаж буй  барилгыг дутуу орхисон асуудал төсөвт байна. Тухайлбал Орхон аймгийн тус бүр 250 хүүхдийн хоёр барилгын санхүүжилтийг төсөвт тусгаагүй байх жишээтэй. Нөгөөтээгүүр, орон нутгийн засаг захиргааны нэгж дээр өмнө нь жижиг тойрог байх үед гишүүд тойргийн асуудлаа шийдвэрлэхийн тулд хаана ч хамаагүй нэг л зүйл барьж босгож байвал сайн ажиллаж байгаа гишүүн гэж харагддаг байдал газар авсан. Харьцангуй энэ байдал засагдаж байгаа хэдий ч боловсрол, эрүүл мэнд, халамжийн чиглэлийн орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаар хийх  бүтээн байгуулалт тодорхой он цагт эхлээд  товлосон хугацаанд ашиглалтад орох ёстой байдал 10 хүртэл  жилээр үргэлжилсэн байх жишээтэй. Өнөөдөр дуусаагүй байгаа бүхий л барилгын хөрөнгө оруулалтын шийдвэрт  нэгдсэн ажлын  хэсэг гарч хянаж, шалгаж олон жил үргэлжилсэн, жил бүр төсөв нь өсөөд байгааг хэлэлцэх хэрэгтэй. 


-Татварын бодлого дээр та ямар байр суурьтай байна вэ?
- Бид олж байгаа мөнгөө зарцуулах тухай яриад байдаг хэр нь орлого бүрдүүлэх тухайд ярихгүй байна. Татварын бааз суурь төсвийн орлогын 92-93 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр татварын бус орлого яагаад нэмэгдэхгүй байна вэ. Татварын бус орлогын харьцаа сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Эдийн засагт юун дээр илүү их ачаалал өгөөд байгааг харах хэрэгтэй. Түүнчлэн макро эдийн засгийн нөхцөлийн бодлоготой уялдуулж харвал энэ онд өнгөрсөн оны мөн үеэс ялангуяа худалдаа үйлчилгээний салбар, тээврийн салбар агшсан. Энэ нь эдийн засаг дахь хувийн хэвшлийн орон зай багассаныг харуулж байна. Тэгэхээр татварын бодлогыг хэрхэн тэлэх юм. Хоёрдугаарт, хувийн хэвшлийн орон зайг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлье гэвэл зөвхөн ганц үл хөдлөх хөрөнгийн хоёр хувь, НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгох зэргээр жижиг жижиг, засвар хийхээс илүүтэй Татварын цогц бодлого нь чухал. УИХ-ын гишүүнээр сонгогдоод нэг жил болоход бид тав дахь удаагаа төсвийг хэлэлцэж байна. Олон удаа төсөв хэлэлцсэнээрээ орлого, зарлагын харьцаа, зарлагын ангилал зэрэгт хууль эрх зүйн орчинд цогцоор нь өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон. 


-Багш, эмч нар болон тэт­гэв­рийн­хэн цалин, тэтгэвэр нэмэх тухай жаг­саж Засгийн газраас шаардаж байна?
-Өнөөдөр төрийн албан хаагч, үйлчилгээний ажилчид багш, эмч, ажилчдын цалинг нэмэх хэрэгцээ шаардлага байгаа. Бүгд л сая гаруй төгрөгөөр амьдарч байна. Гэхдээ энэ хүмүүсийн цалин, хөлс  аль нэг салбарынхыг нэмлээ гээд цогцоор шийдвэрлэгдэхгүй. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх тусмаа инфляцын өсөлтөө дийлэхгүй. Нөгөөтээгүүр, инфляцын өсөлтийг барих Монгол банк, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яамдын бодлого макро эдийн засгийн бодлоготой уялдсан эрх зүйн орчны өөрчлөлт чухал. Тэтгэврийг зургаан хувиар нэмэхээр болсон. Зургаан хувийн нэмэгдлийг уг нь нийгмийн даатгалын сангаас олгох ёстой. Түүнчлэн тэтгэвэр, тэтгэмжийн хуулиар өмнөх оны инфляцын гүйцэтгэлээр өсгөх ёстой. Энэ гүйцэтгэлээр 9.5 хувиар тэтгэвэр нэмэгдэх юм. Гэвч төсвийн урсгал зардалдаа багтааж байна гээд зургаан хувиар нэмж байгаа. Уг нь хуулиа л мөрдөх ёстой. Тэтгэврийн өсөлтөд хязгаар тавьж чадаж байгаа шигээ хөрөнгө оруулалтын өсөлтөд яагаад хуулиар хязгаарлалт тавьж болохгүй гэж. 


-Ер нь орон нутгийн төсвийн хуваарилалт хэр шударга байгаа бол?
-Улсын төсвөөс татаас авдаг Хөвсгөл аймаг 40 гаруй тэрбум төгрөг, булган найм орчим тэрбум төгрөг авдаг. Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-ын орлогоос хуваарилалт хийдэг. Эрдэнэт орлого бүрдүүлдэг аймаг. Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-ын орлогын 10 хувь нь тухай орон нутагт үлдэх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар 4.3 хувь нь үлдэж байна. Ер нь АМНАТ-ын төлбөрийг нэгдсэн байдлаар төсөвт төвлөрүүлээд бүх аймгуудад хуваарилалт хийдэг. Үүнийг бас л өөрчлөх ёстой. Тухайн орон нутаг уул уурхайн салбарыг дэмжээд хамтраад ажиллаж байхад зарим газар эсэргүүцээд дэмжихгүй үйл ажиллагааг нь зогсоож байгаа аймаг АМНАТ-ын орлогоос санхүүжилт л авч байгаа нь шударга уу. Уг нь байгалийн баялаг гэдэг нийт ард түмний өмч. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байна. Цаашдаа 20-30 жилдээ энэ салбараа бараадаж л амьдрах байх. Эдийн засгаа солонгоруулж, төрөлжүүлж чадаагүйтэй холбоотойгоор эдийн засаг тэлэхгүй байна. Бусад салбараа тэтгэхийн тулд уул уурхайн салбараас орж байгаа орлогоо хөрөнгө оруулалтад оруулах л ёстой. Өөрөөр хэлбэл, орон нутаг уул уурхайн салбараас бодит орлого хүртээд эхлэхээр хүссэн хүсээгүй энэ салбарын бодлогыг дэмжинэ. Ийм байдлаар яваагүйгээс тодорхой том төслүүдийг дэмжихгүй, эдийн засгийн тэлэлтийг гацааж байгаа зүйлүүд их байна. Манай Хөвсгөл аймагт баригдаж байгаа барилгын төслүүд ирэх онд дуусахаар байгаа. Сургуулийн хүрэлцээ нөгөө хоёр аймгаа бодвол хүрэлцээтэй. Булган энэ жилийн тухайд боломжийн төсөвтэй. Харин цэцэрлэгийн хүрэлцээ хүндрэлтэй. Стандартын бус барилга байгууламжийг түрээслэх нөхцөл байдалтай байна. Эрдэнэтийн тухайд хүнд байна. Тухайлбал, VII сургууль дөрвөн бүлгээ багтааж чадахгүй. Өөр багийн сургуульд нэг бүлгийг тэр чигт нь аваачиж сургаж байна. Үүнээс үүдэж санхүүжилт, үдийн хоолны хүртээмжийн асуудал сөхөгдөх хэмжээнд хүрсэн. Багш нар нь өрөө, тасалгаагүй. Өрөөгөө суллаж хүүхдүүдээ оруулж байх жишээтэй. Одоогоор Эрдэнэт хотод анги дүүргэлт, стандарт хангасан 7-8 сургууль нэмэлтээр хэрэгтэй байна. Одоогоор хоёр сургууль баригдаж байна. Цаана нь зургаан сургууль хэрэгтэй. Боловсролын салбарын хөрөнгө оруулалт, зээлээр 147 сургууль, цэцэрлэг барих гэж байна. Үүний хуваарилалтыг харвал Эрдэнэтэд Дархан хотоос бага сургууль, цэцэрлэг баригдахаар байсан. Гэтэл Дарханд ЕБС-д суралцах хүүхдийн тоо, анги дүүргэлтээрээ Эрдэнэтээс их байна уу, бага байна уу гэдэг харьцуулалтыг хийхгүйгээр зээлийн хуваарилалтыг хийсэн. 


Миний бие Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан, тойргоос сонгогдсон гишүүний хувиар "Эрдэнэт медикал" эмнэлгийг Хойд бүсийн хавдрын төв болгох санал гаргасан нь дэмжигдсэн. Булган аймаг хавдрын нас баралтаар өндөр. Хөвсгөл аймаг 10 мянган хүнд тохиолдож байгаа тоогоор өндөр. Энэ нь Хавдар судлалын Үндэсний төв дээр ачааллыг ихэсгэж байсан. Жишээлбэл, манай тойргоос  хавдартай нэг иргэн надад хүсэлт ирүүлсэн. Тэрээр жилд Хавдар судлалын эмнэлэгт эмчилгээндээ 18 удаа ирж, очдог. Сард 1-2 удаа ирж, очдог гэсэн үг. Очих бүртээ дугаараа хүлээж, эмнэлгийн ойр орчимд байр түрээслэдэг. Энэ бүхэнд зардал маш их гардаг. Нэг өрхөд нэг хүн хавдраар өвчлөхөд тэр айл эдийн засгийн хүнд нөхцөлд ордог гэж ярьсан. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгох санаачилгыг гаргаж Засгийн газраар дэмжүүлсэн. Одоогоор Хавдар судлалын төвөөс эмч нар очиж ажиллаж байна. Эмнэлгийн удирдлагуудтай ярьж хавдрын III шатлалын мэргэжлийн тусламж, эмчилгээ, хагалгааны үйлчилгээг нэвтрүүлэх талд дээр анхаарчээ гэсэн хүсэлтийг тавиад байгаа. Дээр нь энд ажиллаж байгаа эмч ажилчдын ажиллах нөхцөл байдлыг дордуулахгүй байх арга хэмжээ авахыг Засгийн газарт санал тавьж ажиллаж байна.