Ц.МЯГМАРБАЯР 


Энэ намрын мод тарих өдрүүдийн үеэр Хөгшин Орхон голын ойролцоо мод тарьсан уул уурхайн төрийн өмчит болон хувийн хэвшил, төрийн байгууллагуудын дунд усны хэрүүл болж байхтай таарсан юм. Учир нь тэдний тарьсан мод усалгаа муугаас 50 хувь нь үхсэнээс болжээ. Энэ газар бол Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 10 гаруй км газарт орших Их хаадын өлгий нутаг болох Хархорум хотын цэцэрлэгт хүрээлэн юм. Иргэдийнх нь хэлдгээр иргэнгүй хотод ийнхүү  мод тарихтай зэрэгцэн усны маргаан дэгдсэн байна. Тэд  усалгааны систем угсарсан "Гранд холдинг" компани руу хандаж  “Танайх усны судалгаагаа  муу хийсэн. Усалгааны системээ буруу угсарсан. Нүх нь зөрсөн, даралттай ус ирэх үед холбосон холбооснууд бүгд мултарсан. 19-ын хоолойд 100 метр тутамд усны нөөцийн сав хийх байсан. Нөөцийн савгүйгээс нэг машин явж ирэх 30 минутын хугацаанд ус дуусчихдаг. Цооногийн нөөцөө бэлтгэх байсан. Гүнээс гарсан хага ташсан усны жаврыг гаргах нөөцийн сав зайлшгүй байх ёстой байдаг. Манай талбай дээр гаргасан худгийн зөвхөн нэг нь л ажилласан. Бид зунжин, намаржин хоёр портер хөлсөлж, гүйцэтгэгч компаниа шахаж механикаар усалсан. Гурван жилийн хугацаанд алийн болгон ингэж услах билээ. Төсөвлөсөн зардал нэг дахин өссөн” гэх мэтээр шүүмжлэл тасрахгүй байв. 


Төсвөөс уг хүрээлэнгийн усалгааны систем, хашаажуулах дэд бүтцийг нь шийдэх мөн 100 мянган орчим мод тарих зэрэгт зориулж Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг  болох Ойн газарт энэ онд 20 тэрбум төгрөг хуваарилсан ч бодит байдал ийм дүр зурагтай байсан юм. 
Ойн газрын дарга Б.Оюунсанаа үүнд тайлбар хийхдээ “Бид усалгааны компаниас хариуцлага нэхнэ. Өнөөдөр удирдлагууд нь ирээгүй байна. Хэдийгээр усны нөөц муу байсан ч боломжит бүх хэлбэрээр санаачилга гаргаагүй. Үндэсний өчнөөн олон компани энд ирсэн та бүгдээс усны асуудлаар хариуцлага нэхэх нь зөв. Бид танай ажлын явцыг шалгаад тухайн үед нэмэлт үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу тултал ажилласан уу гэвэл үгүй байна. Өнөөдөр 30 хүн ажиллаж байгаа хэр нь ямар ч үр дүн алга” гэж байлаа. 

 

Баримт 1:20 мянган мод тарьсан ч 200 сая төгрөгийн хохирол амсжээ 


 Мөн Төрийн өмчит компанийн төлөөлөл хэлэхдээ “Манай талбай дээр гаргасан нэг худгаас  өдөрт таван тонн ус гардаг. Гүний худгийн хүйтэн усыг  10 тонны ганц ёмкост хийж жаврыг нь гаргаад 10 минутын дотор л дуусчихдаг. Энэ зунжингаа машинаар ус зөөсөн. Уг нь Ойн газар усалгааны систем, дэд бүтцээ бүрэн шийдэж өгнө гэдгээр ажлын даалгаварт 15-20 тонноос дээш усны нөөцтэй байхаар төлөвлөж гэрээлсэн. Гэвч нөөцийн сав нь жижигдсэн. Усалгааны зардал төсөвлөснөөс нэг дахин нэмэгдсэн” гэв. 
Түүнчлэн “Брогоулд” компанийн төлөөлөл ярихдаа “Би энд зуссан. Манай хуваарьт талбайд өдөрт 150 тонн ус хэрэгтэй байсан. Гэвч бидний худаг өдөрт 3.0 тонн ус л шахдаг. Манай талбайд массаар өдөрт 150 тонн ус татаж байж долоо хоногт нэг удаа талбай дахь модоо усална. Бид ерөөсөө ойлгохгүй байна. Худгийн компани уг тендер зарлахад усны нөөцийн судалгаагаа хийсэн байж таарна. Энд доод тал нь 20 мянган мод тарьсан хувийн хэвшлийн болон төрийн өмчийн компаниуд бүгд их хэмжээний хохирол амссан. Манай компани зөвхөн энэ усалгаан дээр 200 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна. Энэ хавийн малчид бүгд мэднэ. Бид өдөржингөө усаа Орхон голоосоо зөөж байсан” гэсэн юм. Эднийх гэхэд 27 мянган мод тарьсан. Үүнд 180 тонн ус шаардлагатай байсан ч хангалтгүйгээс модны амьдрах чадвар 50 хувь байв.  


Баримт 2: Төрийн өмчит Шивээ-Овоо компанийн төлөөлөл хэлэхдээ “Манайх өөрийн хуваарьт  A7 талбайд 18 мянган га -д  10 мянган мод тарих байсан ч бид 11 мянга гаруй мод тарьсан. Үүнээс ургаж буй нь 3576. Ургалтын хувь 36 хувьтай байна. Энэ нь усалгаа доголдсоноос болсон. Энэ жилийн тухайд манай компани 700 сая төгрөгийг төсөвлөсөн. Харамсалтай нь намрын нөхөн тарилтаар нэмж мод тарих төсөвгүй болж байна. Усалгаанд нэмэлт зардал гарсан” гэсэн юм. Бусад компаниас төсөв, санхүүжилт, нэмэлт зардлын талаар асуусан боловч хариулахаас татгалзаж байсан юм. Ер нь энэ талаар асууж тодруулахад санхүүжилтийг хэлэх эрх мэдэлтэн олдоогүй гэж болно. Төсвийн мөнгө энэ мэтээр үрэгдэж байна. 


Усалгааны системийг хийсэн “Гранд Холдинг” компанийн эзэд энэ үеэр ирээгүй бөгөөд тус компанийн инженер нь тайлбар хэлэхдээ “Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сарын 28-наас хайгуулын ажлаа эхэлж тавдугаар сарын 28 гэхэд 40 худгаа гаргасан. Уг нь ажлын анхны даалгавраар Орхон голын хөндийд байсан ч талбай нь томорсоор гуу, жалга, уул, толгод бүхий өндөрлөг хэсэг эхтэй болж тэлсэн. Ингэснээр усны хүрэлцээгүй газрууд их болсон. Тухайлбал А14,15 талбайд усны ундарга сайн боловч А11,7,8 гээд ундарга муудаж  ялангуяа E, S, F талбайд гаргасан худгийн ундарга эрс муудсан. Нэмэлтээр A болон E, F талбайд дөрвөн худаг гаргаж зөөврийн машин явуулсан. Нөгөөтээгүүр, усалгааны системээ тавиад дуусангуут мэргэч амьтад ихээр орж гэмтээсэн. Өөрөөр хэлбэл, залгаж дуусаад эргээд харахад л мэрэгчид эхний системийг гэмтээх зэргээр цаг хугацаа алдсан. Түүнчлэн мод тарихын өмнө усны нөөцийг тогтоох хөрсний нарийвчилсан судалгааг хийгээгүй. Усны ундарга муу гэдгийг мэдээгүй. Хөгшин Орхон голдоо найдсан. 53 худаг гаргахаас 43 гаргасан. Доош 120 метр өрөмдсөн ч ус гараагүй. Уг нь ундарга сайтай бол 50 метр өрөмдөхөд ус олгойддог. Гэвч бид 100 орчим өрөм тавьсан. Нэг худагт өрөм тавихад ойролцоогоор 0.8-1.8 литр секунд байсан. Уг нь 2.0 орчим литр секундээр хэмжигдэх ундаргатай  бол усаар тасрахгүй хэвийн гэж үздэг” гэсэн юм.  

 

Баримт 3: Усалгааны системийг шийдэх 20 тэрбум төгрөг үргүй зардал болов


Уг цэцэрлэгт хүрээлэнгийн 1500 га талбайд  төрийн өмчит болон хувийн 22 аж ахуйн нэгж нийт нэг сая мод тарих амлалт авсан. Үүнийгээ гурван жилийн хугацаанд тарьж ургуулан хүлээлгэн өгөхийг нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээгээр хүлээсэн байдаг. Энэ оны зургаадугаар сард  нийт 563 мод тарьсан. Ургалтын нөхцөл байдлын хувийг тогтоох намрын тооллогоор усалгаа муу байснаас үүдэж тал нь буюу 298233 ширхэг мод нь ургаж, үлдсэн нь үхсэн юм. Тиймээс тэд намрын мод тарилтаар нөхөж тарих шаардлага үүссэн ч ургалтын хувь дээрдээгүй мэдээтэй. Гэрээгээр анхны ажлын даалгаварт 20 мянган модонд нэг худаг хангалттай гэж төлөвлөгдөж зардлаа тооцсон бол 2-3 худаг гаргаад ч мөн нэмж голоос ус зөөгөөд ч усалж дийлэхгүй нөхцөл байдалд орсон байна. Тиймээс цаашид усны нөөцөд тохируулж тарих модны тоо хэмжээг төлөвлөх хэрэгтэй гэж Усны газрын дарга З.Батбаяр онцолж байна. Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт 20 тэрбум төгрөгийг энэ онд төсөвлөсөн ч эдний тарьсан 10000 модны ургалт 0 хувьтай байсан юм. 


Зарим компани 50 тонны  багтаамжтай танк тавьсан хэдий ч худаг нь цагт 3.0 тонныг өгөөд тасарчихдаг гэдгийг бүгд ярьсан. Энд “Эрдэнэс Монгол” нэгдлийн зургаан компани мод тарьсан. Үүнд  “Эрдэнэс таван толгой” ХК /300 мянган мод/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /150 мянга/, “Эрдэнэс алт  ресурс”/20 мянга/, “Эрдэнэс Монгол” ХК/30.000/, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ /15000/, “Энержи ресурс”ХХК/40.000/, “Шивээ овоо”/10 мянга/, “Багануур”ХХК /10000/ зэрэг болно. Эдгээрийн ургалтын хувь ойролцоогоор 38-86 хувь байсан. Энэ нь тухайн компаниудын усалгаа муу байсны зэрэгцээ арчилгаанаас бас шалтгаалсныг дурдах нь зүйтэй. Хөгшин Орхон голын ус татарсан. Түүнчлэн тэр хавийн хөндийн гадаргын усны ундарга муу гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байсан хэдий ч усны ерөнхий судалгааг хийгээгүйтэй холбоотой болов. Яагаад усны нөөц ундарга муу газарт олон сая мод тарих болов. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийн үлгэр энд болжээ. 


Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд  Ерөнхийлөгчийн Байгаль орчны зөвлөх Н.Батхүү үүнд тайлбар хийсэн юм. Тэрээр “ Хархорин хотын үндсэн захиргаа байгуулагдахаас өмнө Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу геотектоникийн судалгаа хийж 100 орчим өрөм тавьсан. Дүгнэлтээр энэ орчинд 500 мянгаас дээш хүнтэй суурин байгуулахад ундны усны хувьд асуудалгүй гэсэн. Иймээс энэ ажлыг эхлүүлсэн. Гэхдээ мод тарихтай холбоотой хөрсний нарийвчилсан усны судалгаа хийгээгүй. Тус компани гүний усны хайгуулаа хийсэн. Хайгуул хийх явцдаа худгаа гаргасан. Одоогийн байдлыг дүгнэхэд өрөм тавиад гарахгүй байсан тохиолдол байсан. Тэр тохиолдолд нүүх зэргээр дахин хайгуул хийж боломжит эх үүсвэрүүдийг тогтоосон. Гэхдээ одоогийн байгаа нөөцөөс илүү гарахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр анхны юм бүхэнд алдаа, дутагдал байдаг үүнийгээ бид хүлээн зөвшөөрч байна. Цаашид нөөцүүдийн савыг томсгох мөн хэчнээн га талбайд хэдэн мод тарьсан вэ гэдгээс хамаарч хуваарийн дагуу ээлжлэн услах замаар асуудлаа шийдье. Энэ удаагийн намрын тооллого буюу гүйцэтгэлийн ажлыг дүгнэх болоогүй байна. Тиймээс үлдсэн хугацаанд усалгааны системийг нэмж тавихад анхааръя. 10 тонны нөөцийн савыг 50 тонн болгоё, цахилгаан болон усны шахуургуудыг суурилуулъя” гэсэн юм. 


Харин энд “Оюутолгой” компани 100 мянган мод тарих байсан ч 5200 мод тарьсан ч ургалт буюу амьдрах чадвар  65 хувьтай байсан. Тус компани энэ газарт  усны нөөц муу учраас олон тооны мод тарихаа азнасан гэсэн албан бус мэдээтэй. Учир нь том компаниуд судалгаагаа маш сайн хийдэг учраас тэр гэж бусад компанийнхан ярьж байсан юм. Ер нь “Оюутолгой” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ. Гэхдээ мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргээлт, шавж устгал, үр суулгац зэрэгт илүү төвлөрч ажиллах тактик барьсан гэж болно. Учир нь Монгол орны ойд тэрбумаар тоологдох мод үхэж үрэгдэхээр байгаа гэсэн тооцоо, судалгааг хийсэн тухай  тэд мэдээлж байсан. Гэхдээ энэ газар санхүүжилтийн эх үүсвэр сайтай усалгаа, арчилгааны эрсдэлээ үүрээд гарсан олон хувийн хэвшлийн компаниуд байсныг онцолж байна. Тухайлбал, арилжааны банкуудын байгуулсан “Тэрбум мод” сан, “Өсөх зоос”, “Болд төмөр ерөө гол”, “Саусгоби сэндс”,”Плантинум Ланд” ХХК, “Бадрах Энержи”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”зэргийг дурдаж болно. Тэдний тарьсан модны амьдрах чадвар, ургалт харилцан адилгүй  10-90 хувь байсан. Тухайлбал, Тэрбум мод сан болон “Өсөх зоос”-ийн, тарьсан мод 90-95 хувь байсан нь тэдний уйгагүй их ажиллагаанаас шалтгаалсан нь мэдээж. Харин Ойн газрын тарьсан мод 0-25 хувь буюу хамгийн муу нь байсан юм. 


Баримт 4: “МонЭко” болон Орон нутгийн өмчит “ Таван толгой” компаниуд тус бүр 10 мянган мод тарих байсан ч хаврын тариалалтаар нэг ч мод тариагүй байсан юм. “МонЭко” компаниас энэ талаар лавлахад усгүй газар мод тарьж үргүй зардал гаргах шаардлага байгаагүй. Гэхдээ бид намрын тариалалтаар 10 мянган мод тарьсан усалгаа муу, өвөл болж байгаа болохоо ургалтын хувийг хэлж мэдэхгүй байна гэж байв. Ямартаа ч Их хаадын өлгийн нутаг Хархорум хотын цэцэрлэгт хүрээлэнд энэ намрын мод тариалах  хавар тарьсан модны ургалтын хувийг тодорхойлох үеэр энэ асуудал дэгдсэн юм. 

 

“Усныхаа нөөцөд  багтааж модоо тарих хэрэгтэй гэв”


Цаашид Монэко компанийн зүгээс  Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих модоо орон нутагтаа тарих хүсэлтэй байгаагаа уламжилж байгаа аж. Саяхан Ховд аймгийн Дарви, Дөргөн суманд тус бүр нэг, нэг хөв цөөрөм байгуулагдсан. Эдгээр цөөрмийг бараадуулж модоо таривал үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа хэмээн  Усны газрын дарга З.Батбаяр ярьсан юм. Тэрээр шинэ Хархорум хотын Цэцэрлэгт хүрээлэнгийн усны асуудлын талаар ярихдаа  “ Өгий нуураас эх авдаг Хөгшин Орхон голын усны ундарга муудсан. Тиймээс Өгийн нуурыг хамгаалах дөрвөн багц ажлыг Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд голын урсац бүхэлдээ сайжирна. Нөгөөтээгүүр, Хархорин хотын ойролцоох “Хэлтгий цагаан” нуурыг сэргээх, хөв цөөрөм болгох ажил эхэлсэн учраас шинээр байгуулагдах Хархорум хотын цэцэрлэгт хүрээлэнгийн усалгааны асуудлыг энэ нуураас услах боломж бүрдэнэ” Борооны усыг хөв цөөрөмдөө тогтоож авах байдлаар зуны хоёр сард усны асуудлыг шийдэж боломжтой гэсэн сайхан мэдээг дуулгасан юм. Энэ мэтээр усгүй хээр талд мод тарих юм бол эхлээд хөв цөөрөм нуур хаана байгуулагдах тухайд мэдээлэл авах хэрэгтэй. “333 хөв цөөрөм”төслийн хүрээнд нийт 296 цэгт хөв цөөрөм, байгуулагдаж үүнд одоогоор 441370 мод тарих боломжтой гэж үзсэн байна. Энэ тоо цаашдаа усны хуримтлуурт хэдий хэрийн нөөц ус хуримтлагдана төдий чингээрээ тарих модны тоо нэмэгдээд явах боломжтой аж.
Усгүй газар мод тарьснаар энэ мэтээр олон тэрбум төгрөгийн хохирол амсах нь 


Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд  энэ намрын мод нөхөн тариалалтын эцсийн дүнгээр  80+ сая мод тарьсан мэдээтэй байна. Тэгвэл үүний ургалтын хувь 65 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл, тарьсан модны 35 орчим хувь нь үхсэн байна. Энэ нь юунаас болсон вэ гэвэл усалгаа дутсанаас болсон. Өнгөрсөн зун гандуу байгалийн усалгаа муу байсан гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх үед мэргэжлийнхэн усны нөөцөө хэрхэн тооцсон тухай асуудал дэвшүүлсэн ч үүнд хариулах эзэн олдохгүй байлаа. Усгүй байж тэрбум мод тариад хэрхэн ургуулах тухайд учир мэдэх хүмүүс нь эргэлзэж байсан. Тэрбум мод тарьж ургуулахад жилд 300-500 сая шоо.метр ус шаардлагатай гэсэн л ерөнхий тооцоо гарч байлаа. Тодруулбал, улсын хэмжээнд жилдээ ашиглаж байгаа 590 сая шоо.метр усны хэмжээг 50-80 орчим хувиар нэмэгдүүлэх төлөв гарсан байна. Энэ нь усны нөөц ховор манай орны хувьд бага биш хэмжээ ажээ. 


2030 он гэхэд зөвхөн мод услахад зарцуулах усны зардал манай улсын нэг жилийн  батлан хамгаалахын төсөвтэй дүйцэх нь


 Энэ нийтлэлээр  юуг хэлэх гээд байна вэ гэвэл “Тэрбум мод” хөдөлгөөнийг 2021–2030 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт хөрөнгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох яамд 13–19 их наяд төгрөг (≈ ~$4–6 тэрбум) гэж урьдчилсан дүгнэлт гаргасан байдаг. Тодруулбал, усны хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын хэрэгцээг бүсчилсэн хэлбэрээр тодорхой гарсан байна. Энэ мөнгөн дүнгийн тодорхой хувийг олон улсын хөнгөлөлттэй зээл, тусламжаар бүрдүүлэх боломжийг судалж байгаа бол үлдэх санхүүжилтийг улсын төсөв болон хувийн хэвшил, олон нийтийн оролцооноос босгохоор төлөвлөжээ. Уг дүнд мод тарих, арчилгаа, суулгац үржүүлэх, техник тоног төхөөрөмж, мониторинг гэх мэт бүх зардал багтсан. Усны нөөц ашиглалттай холбоотой зардал нь энэхүү нийт хөрөнгийн томоохон хэсгийг эзэлнэ. Ялангуяа говь, хээрийн бүсэд усны эх үүсвэр бий болгох, ус олборлох, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагаа нь мод тарих зардлыг эрс өсгөж буй. 

Мэргэжлийн байгууллагын тооцоогоор тэрбум модыг услахад жилд шаардагдах 300–500 сая м³ усыг бэлтгэхийн тулд улсын хэмжээнд одоо зарцуулдаг усны зардлыг 50-80 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл, жил бүр 300–500 сая м³ ус хангамжийн зардал гэдэг нь Монгол Улсад одоо ашиглагдаж буй 590 сая м³ усанд ногдуулдаг нийт төлбөрийг тал буюу 0.5 дахин нэмж төлөх хэмжээний ачаалал юм.  Энэ хэмжээг мөнгөн дүнд хөрвүүлж үзвэл ойролцоогоор 300-500 тэрбум төгрөгийн нэмэлт зардал жил бүр гарах магадлалтай. /улсын хэмжээнд одоо усны нөөц ашигласны төлбөрөөр жилдээ 600 тэрбум төгрөг төвлөрдөг гэж үзвэл/ 


Тодруулбал, 2030 он гэхэд зөвхөн мод услахад зарцуулах усны зардал жил бүр улсын нэг жилийн батлан хамгаалах төсөвтэй дүйхүйц хэмжээнд хүрэх эрсдэлтэй гэсэн үг. Иймээс усны зардлыг бууруулах хувилбарууд болон хөрөнгө оруулалтын сонголтуудыг боловсруулж, хамгийн үр ашигтай шийдлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг энэ тооцоолол харуулж байна.


Өөрөөр хэлбэл, усны нөөц ашигласны төлбөр, үнэ тарифтай уялдуулж ойжуулалтын зардлыг хуваарилах асуудал тулгарч байна. Одоогоор ус ашигласны төлбөрөөс жил бүр тодорхой хувийг /жишээ нь 1–2 хувь / тэрбум модны сан руу байршуулах саналыг зарим УИХ-ын гишүүд дэвшүүлсэн. Мөн уул уурхайн компаниуд олборлосон нэг тонн нүүрс тутамд нэг мод тарих “ногоон татвар”-ын тухай ярьж эхэлсэн нь /Сая тонн – Сая мод хөтөлбөрийн хүрээнд/ эцсийн дүндээ усны зардлыг хувийн хэвшил гаргах нэг механизм болж байна.


  Учир нь нэг мод тарих зардалд усны зардал багтсан байдаг тул ийм гэрээний хүрээнд компаниуд өөрсдөө усалгааны зардлаа хариуцах юм. Үүнтэй холбоотойгоор усны менежмент, ногоон хөрөнгө оруулалтын хяналт, ил тод байдал чухал болж байна. Үндэсний аудитын газраас 2024 онд хийсэн шалгалтаар зарим гэрээт ойжуулалтын санхүүжилт тодорхойгүй, усалгааны ажил гүйцэтгэсэн тайлан баримтгүй байсныг илрүүлж, цаашид хөрөнгө зарцуулалтад ил тод байдлыг сайжруулах шаардлагатайг анхааруулжээ. Тиймээс усны зардлын төлөвлөлт, санхүүжилтийн зарцуулалт бүхэн олон нийтийн нээлттэй хяналтад байх нь өндөр дүнтэй энэ хөтөлбөр амжилттай хэрэгжих үндэс болно.


Эцэст нь  “Тэрбум мод” хөтөлбөрийн усны асуудал нь дан ганц ойжуулалтын техникийн асуудал бус, стратегийн хэмжээний сорилт гэдэг нь дээрх дүн шинжилгээнээс харагдаж байна. 2025 он гэхэд суурь дэд бүтэц, норматив, мониторингийн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.Түүнчлэн 2030 он хүртэл тасралтгүй сайжруулж, усны нөөцийг зохистой ашиглах нь амин чухал юм. Бүс нутгийн нөхцөл, модны төрлийн онцлогт тулгуурлан усалгааны дундаж нормыг зөв тогтоож, нөөцийн төлөвлөлтийг хийхийн зэрэгцээ гүний ус, гадаргын ус, хур бороо, дахин ашиглах усны хосолсон менежментийг нэвтрүүлж  дуслын усалгаа, хөв цөөрөм, шугам хоолой зэрэг дэвшилтэт шийдлүүдийг өргөн хэрэглэхийг зөвлөжээ. Цөлжилттэй тэмцэх уур амьсгалын адаптац арга хэмжээг мод үржүүлэгтэй уялдуулах мөн бүс тус бүрийн байгаль, нийгэм, эдийн засгийн бодит байдалд тохирсон оролцооны загварыг хэрэгжүүлэх нь чухал байна. Эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгийг үр ашигтай захиран зарцуулж, нэг модны усны зардал, үр өгөөжийг өндөр байлгах нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний амжилтын үндэс билээ гэж усны мэргэжилтнүүд онцолж байна. 


Үс, ноосны төлөвлөгөө биелүүлэх гэж малчин ард шар махтайгаа  хатаж байсан шиг Тэрбум мод тарих хөдөлгөөнд төрийн өмчит  компаниуд сөхрөх вий дээ

Дайны үед Чойбалсан гуай малаа 200 сая болгоно гэсэн амлалт өгөөд, түүнээсээ болж Монголын малчин ардуудыг шар махтай нь хатаасан тухай түүхийн баримтууд олон байдаг.  Өөрөөр хэлбэл, 200 сая хүргэх гээд, дээр нь ноос ноолуурын маш их төлөвлөгөө өгөөд, сүүлд нь өөрийнхөө үстэй дээлээ хүртэл хяргаж ноосныхоо бэлтгэлд өгч байсан тохиолдол манай зөндөө байсан. Түүнтэй адил хийсэн хоосон амлалт авчхаад, тэрэндээ муйхарлаж, ард түмнээ хөлдөө чирэх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна. Сүүлийн үед үрээр тарьсан моддыг авахгүй, энд тэндээс баахан мод хэд дахин үнэлж авчирч суулгаад, маш их мөнгө угаасан асуудал бий. Ойгоор мөнгө угаадаг явдал хавтгайрсан. Тиймээс мэргэжлийн улсуудын саналыг авах хэрэгтэй. Гэхдээ социализмын үеийн муйхар мэргэжилтнүүд бас биш шүү. Нас, ажилласан жилдээ дулдуйдаад бас буруу тийшээ явуулах гээд байдаг. Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаараа байгальдаа ч, эдийн засагт ч ашигтай гэж Төрийн өмчит уул уурхайн компанид ойн чиглэлээр ажиллаж байсан мэргэжилтэн Гүррагчаа хэлж байсныг дамжуулъя. Энэ мэтээр үс ноосны таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх гэж шар махтайгаа хатаж байсан Монголын ард түмэн шиг Төрийн өмчийн хэдэн компаниа усгүй газар мод тариулж улмаар заавал ургуул гэж шаардаж, шахаж шар махтай нь хатаах зүйл үүгээр дуусаг гэж найдъя. 


Үндэсний томоохон төрийн өмчит үйлдвэрийн газрууд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдсэнээр  “Эрдэнэт” үйлдвэр гэхэд жилд 10 сая, арван жилд 100 сая мод, “Эрдэнэс-Тавантолгой” ХК  ашигласан нэг тонн нүүрс тутамд нэг мод тарихаа илэрхийлсэн.  21 аймаг,  нийслэлийн хэмжээнд албан байгууллага, иргэд нэгдээд мод тарих юм бол арван жилийн хугацаанд тэрбум мод тарих боломжтой. Тэрбум мод тарих зорилт бол тодорхой суурь судалгаа, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин, урьд өмнө хуримтлагдсан туршлага гэх мэт олон зүйлс дээр суурилж байж сая биеллээ олох биз ээ. Гэхдээ л нийтлэл бичих судалгаа хийж байх явцад Тэрбум мод үндэсний хөдөлгөөний санхүүжилт ил тод биш байгааг олон эх сурвалж хэлж байлаа. Тухайлбал, цэргийн ангиар дамжуулж цэргүүдээр  мод тариулсан. Үүний санхүүжилт одоо ч ил тод болоогүй байна. Түүнчлэн төрийн өмчит компаниудын мод тарихад зарцуулсан санхүүжилтийн мэдээлэл 2022-2024 онд Шилэн дансанд тавигдаагүй байв. Харин 2025 оноос эхлэн “Эрдэнэс монгол”, “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -ууд мэдээллээ тавьж эхэлсэн байв. Энэ мэдээллийг доор хавсаргав. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 223 (7720)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал info@zuuniimedee.mn хаягаар илгээгээрэй.