Б.ЖАВХЛАН
Гэрэл зургийг Р.Оюун
Монгол Улсад нүхэн жорлонгоос өдөрт 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж байгаль орчин, хөрсөнд ил задгай хаягдаж байна. Агаарын бохирдлоос илүү ус, хөрсний бохирдол үндэсний хэмжээний гамшиг болж буй учраас Монголын жорлонгийн холбоо Усны газартай хамтран “Нүхэн жорлонгоос салцгаая” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ талаар Монголын жорлонгийн холбооны Ерөнхийлөгч, доктор Д.Баасандорж “2025 онд Дэлхийн жорлонгийн өдрийг “Өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийн ариун цэврийн байгууламж” уриан дор тэмдэглэж байна. Монголын нийт хүн амын 40 хувь нь орон сууцанд 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, нийт 900 гаруй мянган айл өрхийн 780 мянга гаруй нь ил задгай нүхэн жорлон ашигладаг. Үүнээс үүдэж хөрс, усны бохирдол маш ихээр бий болж байна. Модон жорлонтойгоо болоод л байгаа учраас энэ асуудалд иргэд тэр бүр санаа зовдоггүй. Гэвч ч энэ нь маш аюултай орчинг бүрдүүлж байна. НҮБ-аас жил бүрийн арван нэгдүгээр сарын 19-ны өдрийг Дэлхийн жорлонгийн өдөр болгон тэмдэглэдэг. Хүний ялгадас өдөрт 200-400гр гардаг. Яг ийм багахан хэмжээтэй ялгадасанд 200 их наяд ротавирусийн эс, 20 тэрбум шигелла бактери, 100.000 шимэгч хорхойн өндөг бий. Энэ бүх хортой биетүүд дэлхий даяар, жил бүр бага насны 500.000 хүүхдийн аминд хүрдэг. Үүнээс харахад ариун цэврийн шаардлага хангасан жорлон, бохирын систем хүн төрөлхтөнд чухал. Гэвч манай хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна. Стандартын бус жорлон нь хөрсний бохирдлыг үүсгэгч гол эх үүсвэр. Тиймээс нүхэн жорлонгийн асуудлыг шийдэхийн тулд нэгдсэн менежмент, тохирсон технологийн шийдэл, инновац болон стандартыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн идэвх оролцоо, сэтгэл зүтгэлээр нүхэн жорлонгоосоо салах гарц байна” гэсэн юм.
Харин Усны газрын дарга З.Батбаяр “Гэр хороололд суурьшиж байгаа айл өрхийн нүхэн жорлон бүр нь хөрсний нянгийн бохирдол үүсэх гол шалтгаан болдог. Энэ хирээр гүний болон гадаргын ус бохирдож, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Тодруулбал, Нүхэн жорлон 10-12 метрийн радиуст бохирдлоо цацдаг гэсэн судалгаа бий. Үүний нэг жишээ бол Улаанбаатар хотын хөрсний бохирдол экогеохимийн судалгаагаар 360 цэгээс хөрсний сорьц авч шинжлэхэд 88.0 хувьд нь нян хөгц, мөөгөнцөр илэрсэн. Мөн нүхэн жорлон хөрсөнд нэвчиж, Улаанбаатар хотын газрын доорх нам гүний усыг бохирдуулж байна. Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь ундаалж байгаа ундны усны эх үүсвэрийн нян бактериар бохирдуулж, хүн амын эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэл үүсээд байна” гэсэн юм.