“Trends in Pharmacological Sciences” (“Эм зүйн шинжлэх ухааны хандлага”) сэтгүүлд гарсан Жес Кокериллийн нийтлэлийг толилуулж байна.

 

Тэмээ, лам гөрөөс зэрэг амьтдын эсрэгбиеэс гаргаж авсан наноскопи уураг нь эс хоорондын орон зайд нэвтрэх чадвараараа бусад эсрэгбиеэс хавьгүй илүү гэдэг нь тогтоогджээ. Эдгээр жижиг молекулууд Альцгеймер, шизофрени зэрэг эмчлэхэд хүндрэлтэй өвчнөөс тархийг хамгаалж чадна гэдгийн нотолгоо улам бүр нэмэгдэж байна.

Францын Шинжлэх ухааны уудалгааны үндэсний төвийн (CNRS) эрдэмтдийн баг судалгааныхаа үр дүн болон ирээдүйд юу хүлээж болохыг шинэ өгүүлэлдээ тайлбарлажээ.

Бичил наноскопи уураг нь тархинд нэвтэрч, гаж нөлөө багатай эмчилгээ хийхэд тохиромжтой гэж CNRS-ийн мэргэжилтнүүд үзэж байгаа ч одоогоор нанобиеийн эмчилгээний дөрвөн аргыг зөвхөн биеийн бусад хэсэгт хэрэглэхийг л зөвшөөрөөд байгаа аж.

Эсрэгбие гэдэг нь бидний дархлааны систем бие махбодь дахь хүсэмжгүй материал болох вирус, хорт бодис гэх мэтийг биологийн цэвэрлэгээний багийн зайлуулах учиртай хаягдал гэж ангилан тэмдэглэхэд ашигладаг уураг юм байна.

Харин нанобие бол дээрх уургийн хялбаршуулсан хувилбар бөгөөд анзаарагдамгүй гоолиг бүтэц нь вирусын хамгаалалтыг нэвтэрч, хамгийн аюултай бүрэлдэхүүн хэсгүүдийг нь саармагжуулах боломж олгодог. 

Тэмээ төрлийн лам гөрөөс, тэмээ, альпака зэрэг амьтад хүнийхээс бага хэмжээтэй эсрэгбиеийг ердийн аргаар “үйлдвэрлэдэг” байна. Эрдэмтэд тийм эсрэгбиеийг лабораторид улам боловсронгуй болгож, нийтлэг Y хэлбэрийн иммуноглобулин G-ээс ойролцоогоор 10 дахин жижиг болгожээ.

Нанобие нь төв мэдрэлийн системийг онилох боломжийг олгодог өвөрмөц шинж чанартай. Аварга загаснууд нанобие үүсгэдгээрээ мөн алдартай ч харьцангуй болхи дархлааны системийг нөхөхөд л хамгийн тохиромжтой. 

Тэмээний төрлийн амьтдаас гаргаж авсан нанобиетүүд хүнийг А, В томуу, ходоод гэдэсний норовирус, COVID-19, тэр ч байтугай ХДХВ зэргээс хамгаалахад ирээдүйтэй гэдгээ хэдийн харуулжээ.

Саяхан хүртэл хүний бөөр нанобиетүүдийг зорьсондоо хүрэхээс нь өмнө цусны урсгалаас гаргадаг тул тархины өвчнийг эмчлэхэд ашиглах боломжгүй гэж үздэг байжээ. Цаашилбал, тархинд нөлөөлдөг аливаа эмийн бодисыг шалган нэвтрүүлэх хамгийн чухал цэг болох цус-тархины саадыг нанобие арайхийн давдаг гэж тооцдог байв.

Гэвч сүүлийн үеийн судалгаанууд, амьтад дээр хийсэн лабораторийн туршилтууд инженерчлэлийн аргаар боловсруулсан нанобие нь цус-тархины саадыг давж, Альцгеймерийн өвчний гол үүр, шинж тэмдгийг нь улам хүндрүүлдэг тау-уураг болон бета-амилоидыг онилон устгаж чаддаг болохыг харуулжээ.

CNRS-ийн мэдрэлийн эм зүйч Филипп Рондард хэлэхдээ, “Тэмээний төрлийн амьтдын нанобие нь тархины өвчний биологийн эмчилгээний шинэ эрин үеийг нээж, эмчилгээний талаарх бидний ойлголтыг өөрчилж байна. Тэдгээр нанобие нь уламжлалт эсрэгбие ба жижиг молекулуудын хоорондох завсрын эмийн шинэ ангилал болж чадна гэж үзэж байна" гэсэн юм.

Тэрээр мөн, “Гэхдээ тийм эмийг амьд хүний тархинд нэвтрүүлэхээс өмнө эрдэмтэд тэдгээрийн тогтвортой байдал, фолдинг болон агрегац нэгдэл байхгүй зэргийг баталгаажуулах шаардлагатай” гэдгийг онцолжээ. 

Тэгвэл функциональ геномикийн мэргэжилтэн Пьер-Андре Лафонт, "Нанобие нь тархинд пассив маягаар идэвхгүй нэвтэрч чаддаг маш сайн уусдаг жижиг уураг юм. Үүний эсрэгээр, цус-тархины саадыг нэвтлэх зориулалттай жижиг молекултай эмүүд гидрофоби шинж чанартай бөгөөд тэр нь тэдгээрийн био хүртээмжийг хязгаарлаж, зорилтот бус хүлээсний эрсдэлийг нэмэгдүүлж, сөрөг нөлөө үзүүлэх талтай" гэсэн юм.

Үүнээс гадна нанобие цус-тархины саадыг хэрхэн нэвтэрч, зөв тунг баталгаажуулахын тулд тархинд хэр удаан хадгалагддаг талаар илүү ихийг мэдэж авах хэрэгтэй. Эрдэмтэд мөн удаан хугацаагаар хадгалах боломжтой, лабораториос өвчтөнд хүргэх тээвэрлэлтийг даах чадвартай клиникийн хэмжээний тогтвортой томъёог боловсруулах шаардлагатай байна.

"Манай лаборатори тархинд нэвтэрдэг нанобиеийн янз бүрийн параметр хэмжигдэхүүнийг судалж эхлээд саяхан эмчилгээний нөхцөл нь архаг эмчилгээтэй нийцэж байгааг харуулсан" гэж Пьер-Андре Лафонт нэмж хэлсэн.

Магадгүй хэзээ нэгэн цагт бид үнэт дурсамжуудаа хадгалан үлдаж чадсандаа тэмээнд талархах биз ээ. Гэхдээ тэр хүртэл бас л хол байна даа.