Хонг Конгийн “South China Morning Post” сонинд Лиза Кимийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол хаадын захиргаа Хятадын нийгмийг бүрэн өөрчилснөөр Торгоны замын худалдаа цэцэглэн хөгжиж, цаасан мөнгө түгэн дэлгэрч, Евразид Хятадын нөлөө нэмэгдсэн билээ.
1279 он. Яшань дахь сүйрэлд хүргэсэн эцсийн тулалдаанд Монголын их жанжин Чингис хааны ач хүү Хубилайн флот Сүн гүрний цэргийн сүүлчийн үлдэгдлийг бут цохив.
Хубилайн хувьд энэхүү ялалт зүгээр нэг ээлжит байлдан дагуулалт байсангүй. Тэрээр өөрийгөө эртний соёл иргэншлийг дээрэмдэж буй зэрлэг байлдан дагуулагч гэж үзээгүй, харин Луут хаан ширээний хууль ёсны залгамжлагч, шинэ дэг журмын дор хуваагдмал Дундад улсыг нэгтгэх хүн гэж төсөөлж байв.
Ийнхүү Юань гүрний (1271-1368) түүх эхэлжээ. "Гарал үүсэл" эсвэл "анхдагч" гэсэн утга бүхий Юань гэх нэр томъёо шинэ эриний эхлэлийг илэрхийлжээ. Энэ үе олон “анхны” гэх тодотголтой зүйлүүдийг бий болгосон. Түүхэнд анх удаа Хятадыг бүхэлд нь уугуул Хань биш, харин Монгол угсааны хаан захирах болсон билээ.
Энэ нь зүгээр нэг ээлжит дэглэм солигдсон хэрэг бус, Хятадын ертөнцийг шинээр дахин тохинуулах үйл явдал байлаа. Торгоны зам Бээжингээс Венец хүртэлх төсөөлөмгүй урт зайд урьд өмнө байгаагүй хөдөлгөөний их ачаалаллын ачаар цэцэглэн хөгжиж эхэлжээ.
Нийслэл Дайду нь (орчин үеийн Бээжин) олон улсын соёл түгэн дэлгэрч, Персийн одон орончид, Түвдийн лам хуврагууд, Европын худалдаачид нэг гудамжаар алхах болов. Марко Пологийн Юань гүрний сүр жавхлангийн тухай домогт өгүүллэгүүд Европыг гайхшралд автуулж байв.
Хятадын түүхэнд Юань гүрний оруулсан хамгийн чухал хувь нэмэр гэвэл, дэлхийн худалдааны гүүр болгосны дээр институц, тогтоцоо уламжлан үлдээсэн явдал юм.
Хубилай хааны цогцлоосон Pax Mongolica (Монголын энх тайван) тогтолцоо Торгоны замыг тээврийн үндсэн чиглэл болгож, Еврази даяар аялан зорчих аюулгүй байдлыг баталгаажуулсан билээ. Энэ нь Хятад болон Өрнөдийн ертөнцийн хооронд технологи, бараа бүтээгдэхүүн, соёл харилцан түгээх боломж олгосон юм.
Мөн түүнчлэн цаасан мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглахад хүргэж, энэ нь цаасан мөнгөний нэгдсэн эдийн засгийн жишгийг бий болгожээ. Их хаан үйлдвэрлэхэд алт, мөнгөн зоосноос хавьгүй хямд цаасан мөнгийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосныг Марко Поло хүртэл биширсэн нь бий.
Юань гүрний үеийн хувцас загвар, моодны хувьд олон үндэстний, үүний дотор монгол, хань хувцасны хэв маяг зэрэгцэн оршиж байсан онцлогтой.
Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй элит буюу дээдсүүд монгол хувцас өмсөнө. Харин ордныхны дунд морь унахад тохиромжтой, доод хормойдоо нугалаастай, бариу ханцуйтай хүрэм болох жисун буюу жисунфу чухал хувцсанд тооцогддог байжээ.
Тэрлэг болон дах хэмээх богино ханцуйтай гадуур хувцас мөн ихэд дэлгэрчээ. Монгол эмэгтэйчүүд уламжлалт урт, өргөн дээл, мөн өвөрмөц богтог хэмээх өндөр малгай өмссөөр байсан аж.
Албаны хувцасны хувьд монгол, хань хэв загвар холилджээ. Хань түшмэд бие бариагүй чөлөөтэй, олон давхар урт дээл маягийн хүрэм өмсөх ч жирийн иргэд урьдын адил рукун гэх цамц, банзалын хослол, банби хэмээх богино ханцуйтай хүрэм өмссөр байв.
Монголчууд эсгий, үслэг эдлэл зэрэг амьтны гаралтай уламжлалт материалыг ашиглахаас торго, ургамлын гаралтай даавуу зэрэг нарийн нэхмэл эдлэл рүү шилжиж эхэлжээ.
Юань гүрний хоолны цэс нь монголчуудын нүүдэлчин уламжлал болон өргөн уудам эзэнт гүрний цэцэглэн хөгжих худалдааны замуудаар орж ирэх болсон шинэ орц найрлагын нэгдэл, хольц байв.
Нүүдэлчдийн хоолны дэглэмд сүүн бүтээгдэхүүн, хонь, ямаа, үхрийн мах ихээр агуулагддаг. Нийтлэг хоол хүнсэнд нь шинэхэн тараг, хурууд ааруул, цөцгийн тос, ан агнуурын мах зэрэг багтдаг байжээ.
Ер нь Юань гүрэн хань үндэстний уламжлалд дасан зохицохын зэрэгцээ монгол уламжлалтайгаа гүн гүнзгий холбоотой хэвээр байсан юм.
Юань гүрний монгол ордны хоолны мэргэжилтэн Ху Сихуй хятад, монгол хоолны уламжлалыг хослуулсан Иньшань Жэнъяо гэх эрүүл хооллолтын гарын авлага эмхэтгэсэн ба тухайн үеийн хонины мах, сүүн бүтээгдэхүүн бүхий хоолны цэсийг тэмдэглэн үлдээжээ. Үүнд базилик, кардамон, гоньд зэрэг ургамлыг янз бүрийн хоолын жоронд оруулсан аж.
Үүнээс гадна Юань гүрний үед соргумыг үр тарианы гол төрөл болгон нэвтрүүлсэн нь өнөөг хүртэл Хятадад хүнсний чухал эх үүсвэр хэвээр.
Юань гүрний ордон нь эрхэмсэг элит үзэлтэй байсан бөгөөд Тан гүрний (618-907) үеэс хойш системтэйгээр хэрэгжүүлж ирсэн Хятадын төрийн албаны шалгалтыг цуцлажээ. Эзэн хаан Хятадын эрдэмтдээс илүүтэй ордон дахь монголчуудын зөвлөгөөг илүүтэй дагадаг байсан аж.
Хятадын эрдэмтдийг өндөр албан тушаалаас халах болсон нь ордны гаднах урлаг, утга зохиолыг гэнэт эрч хүчтэй хөгжихөд хүргэжээ.
Тэдгээрээс хамгийн чухал нь утга зохиолын хүрээнийхэн дунд венренхуа хэмээх урлагийн төрөл цэцэглэн хөгжсөн явдал байв. Тэр нь төрийн албанд ажиллах боломжгүйд хүрсэн эрдэмтэд урлагаар дамжуулан өөрсдийгөө илэрхийлэхийн тулд олон нийтийн амьдралаас холдсоноос үүдэлтэй.
Венренхуа хэв маяг нь хувийн илэрхийлэл бүхий тансаг бус энгийн яруу найраг, уран бичлэг, уран зургийн цогц юм. Энэхүү гоо зүйг Юань гүрний дөрвөн агуу мастер болох Хуан Гунван, Ни Зан, Ву Жен, Ван Мэн нар үүсгэжээ.
Перс, Ойрхи Дорнодоос гаралтай материал ашиглан хээ, дүрсэн чимэглэлтэй цагаан цэнхэр өнгийн шаазан эдлэлийг өргөнөөр үйлдвэрлэх болсон нь чухамхүү Юань гүрний үеэс эхтэй.
Хятад даяарх барилга байгууламжуудад буй цагаан цэнхэр керамик хавтан буюу Португалийн азулежос гэгч нь Хятадын вааран эдлэлийн дээрх хэв маягтай шууд холбоотой билээ.
Юань гүрний үе Хятадын өмнөх инновацууд дээр тулгуурлан барууны санаануудыг шигтгэсэн технологийн дэвшлийг өдөөжээ.
Юань гүрний гадаад худалдааны өргөжилт, мөн дипломат бодлогын үр дүнд математик, анагаах ухаан, цэрэг зэвсгийн эрдэм гээд олон чухал салбар хөгжсөн нь Хятадын түүхэн дэх соёлын хамгийн олон янз байдалтай үеийн нэг болгосон юм.