Ц.МЯГМАРБАЯР

Дарханы махны нэг үйлдвэрт энэ намар 15 мянган идэшний үхэр авах захиалга иргэдээс иржээ. Урд өмнө ийм хэмжээний захиалга ирдэггүй байсан аж. Энэ нь юуг илэрхийлж байна гэвэл эрүүл, стандартын шаардлага хангасан, элдэв тариа, эм хэрэглээгүй  малын махыг идшиндээ хэрэглэх гэсэн иргэдийн илэрхийлэл юм. Нэг үеэ бодвол иргэд чанартай, эрүүл мах хүнсэндээ хэрэглэхийг эрэлхийлж байгаа нь сайшаалтай гэж олон жил махны бизнесийн чиглэлээр ажиллаж байгаа ченж онцолж байна. Гэхдээ л малчид малын хамуу, хижиг болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд түүнчлэн тарга, тэвээрэгтэй байлгах гэж малын цагаан тариа гэх “ивомек”-ийг дур мэдэн малдаа тарьсаар байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл уг тариаг жилдээ нэг удаа хаврын цагт тарьдаг стандарттай. Гэвч малчид 3-4 удаа тарьж буй нь малын махнаасаа бид хавдар үүсгэгч авч байж болзошгүй юм. 
Мал эмнэлгийн салбар, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар малын эмч Б.Оюунсайхан хэлэхдээ “ Уг нь малд “ивомек” тарьснаас хойш 28 хоногийн дараа махыг нь хэрэглэж болно гэсэн заалттай. Энэ бол бие махбодоос нь тариа бүрэн гадагшлах хугацааг хэлж байгаа юм. Малчид дуртай газраасаа эм бэлдмэл аваад өөрсдөө малдаа хийчихдэг. Үүнийг малын эмч хянах боломжгүй. Иймээс малын эмийн хэрэг­лээг хянах хяналтыг сайжруулах, “ивомек” тарианы гарал үүсэл, хил гаа­лиар уг тариаг тусгай зөвшөөрлөөр оруул­даг болгох зэрэг шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Малд хэрэг­лэсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад нь хүнсэнд хэрэг­лэснээр тухайн эмийн үлдэгдэл хүнс­ний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай. Эм, химийн бодисууд нь мал, амьтны бие махбодод ороод гол төлөв дотор эрхтнүүд, булчин мах, яс, өөхөнд хуримтлагдан, өөрийн шинж чанар, үйлчилгээгээ хадгалдаг. Ийм учраас эмийн үлдэгдэл илэрсэн л бол хүнсэнд хэрэглэхийг хориглодог” гэсэн юм. 
Өөрөөр хэлбэл, эдгээр бодисууд нь мал, амьтанд нянгийн тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх, дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, аль нэг эрхтэнд хавдар үүсгэх, аливаа зүйлд хэт мэдрэг болгох (харшил), ужиг хордлого бий болгох зэрэг сөрөг болон гаж нөлөө үзүүлдэг байна. Харин малчид  малдаа дор хаяж 1-2 сая төгрөгөөр “ивомек” тарилгыг авдаг. Цагаан тариагүй малчны авдар гэж байхгүй хэмээн ярих ченжүүд олон. Хэдийгээр энэ тарилга хортой гэдгийг мэддэг хэр нь өвөлжилт тааруу, зуншлага муутай нутгийнхан малдаа тарьсаар байгааг ч тэд хэлж байсан юм. Зарим малчнаас энэ тухай тодруулахад тариа нь олдоц ихтэй, үнийн тухайд долооцоос хямд тусахын зэрэгцээ илүү түргэн үйлчилгээ үзүүлдэг учраас “ивомек”-ээс салж чадахгүй байгаа гэж байв. Харин зарим малчид уламжлалт арга болох хужир, мараагаар малаа хужирладаг ч заавал хужир мараа элбэг нутгаар нутаглах, нүүдэллэх шаардлага тулгардаг. Эсвэл зах зээлээс худалдан авах хэрэгцээ үүсдэг ч үнэтэй тусдаг гэж байв.

 

Малчид малдаа “ивомек”тарьдаг бол  "Занаду разорбак" долооцоор торддог 

 

Нийтийн хоолны газарт махаа нийлүүлдэг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллах канад эзэнтэй мах боловсруулах үйлдвэр малын долооц буюу хужир, маргаагаар бойд ирсэн малаа эрүүлжүүлж, тэнхрүүлснээр малын техникийн шаардлага, стандартыг хангадаг байна.  Уг "Занаду разорбак" компани нь  малчдаас бяруу, шүдлэн насны үхрийг худалдан авч өөрсдийн тарьж ургуулсан чанартай ногоон тэжээлээр 90-120 хоног тэжээж, эрдэс шимээр баялаг долооцоор технологийн дагуу бордсоны эцэст гарал үүслийн баталгаатай, эрүүл чанартай монгол үхрийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн, 33 нэр төрлөөр ангилан савлаж, жилийн дөрвөн улиралд шинээр нь хэрэглэгчийн гарт хүргэдэг байна. Эднийх 2009 оноос үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлж өнөөдөр мал төхөөрөх стандартын цехтэй болтлоо өргөжсөн байна. Харин эдний мах  бусад үйлдвэрийн махнаас үнэтэй байгаа нь стандартыг хангасан, гарал үүсэл нь тодорхой, тэр дундаа сайн чанарын үхрийн махыг зах зээлд нийлүүлдгээрээ онцлогтой. Эднийх малчдаас ихэвчлэн залуу үхэр худалдан авдаг нь учиртай. Учир нь хөгшрөх тусам малын бэлчээр ашиглалт нэмэгдэхийн зэрэгцээ мах нь хатуу байдаг аж. Тиймээс аль ч талаа бодсон өөрсдийн тарьсан овьёосны дарш, хивэг, тэжээлийн зориулалттай будаа зэргээр тодорхой системтэйгээр хооллож, давс хужир бүхий эрдэс шимээр баялаг долооцоор торддог байна. 
Махны чанарт гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг тул үхрийн хооллолт, эрүүл ахуй, орчин зэрэгт гойд анхаарна. Малчдаас үхрээ авахдаа л нэг бүрийг ээмэглэн, тусгайлан тэмдэглэл хөтөлдөг. Ингэснээр дараа нь махны гарал үүслийг тодорхой болгож өгдөг давуу талтай гэж тус үйлдвэрийг үүсгэн байгуулагч Жереми Тийссэн нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Махыг малчдаас ферм, фермээс үйлдвэрт гэсэн дарааллаар хүргэвэл эрүүл ахуйн стандарт нь хангагддаг аж. 
Эднийх анхнаасаа л малын дархлааг тэтгэх стандартын шаардлага хангасан долооцын олдоц бага үед Канадаас оруулж ирдэг байсан аж. Малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулж буй жишиг туршлагыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй эрчимжсэн мал аж ахуйн ферм “Занаду Разорбак” ХХК харуулж байна. Сард зургаан тонн махыг зах зээлд нийлүүлж байгаагаас борлуулалтын 80 орчим хувийг бөөний худалдаа буюу ресторан, дэлгүүрүүдэд, 20 хувийг нь жижиглэн буюу эцсийн хэрэг­лэгчдэд сошл платформуудаараа дамжуулан шууд хүргэдэг. 30 гаруй төрлийн зүсэлттэй мах бэлтгэдгээс 6-7 төрөл нь стейкний мах байдаг бол бусад нь гуяны цул мах, дал, сээр, өвчүү, хавирга гэх мэт бүтээгдэхүүнүүд байдаг.

 

Долооц бол мал эрүүл байх эрдэст тэжээл юм

 

Малын долооц гэдэг нь эрдэс юм. Өвөл, хаврын улиралд мал, амьтны хоол тэжээлийн харьцааг эрдэс бодисоор баяжуулах зорилгоор мал, амьтныг нэмэлт хэлбэрээр фосфор болон кальцийн давсаар баяжуулсан чулуун давсаар тэжээхийг зөвлөдөг. Уг долооцыг манайх ОХУ, Хятад, Канад, АНУ зэрэг улсаас импортлон оруулдаг бөгөөд энэ нь хамгийн сайн төрлийн өвлийн эрдэст тэжээл ажээ. Ийм долоодог эрдсүүдийг шахмал хэлбэрээр таван кг-аар  үйлдвэрлэн гаргадаг байна. Үүний 75 хувь нь хүнсний давс, 25 хувь нь бичил элементүүдээс бүрддэг. Долоодог эрдсийн найрлагад  цайр, зэс, кобальт, иод, бусад эрдсүүд ордог. 
Малын долооцыг мал төллөх, хонь хургалах үед, шүлхий мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын сүүний гарц сайжруулах, таван хошуу малын дархлааг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. Шинэ ургамал ногоогүй үед болон өвөлжин хаваржин малд долоолгож хэрэглэнэ. Уламжлалт мал аж ахуйдаа эрт дээ үеэсээ хэрэглэдэг байсан уламжлалаа сэргээж “ивомек” тарилгыг шүтэх биш  хужир, марааттай долооцоо шүтэх хэрэгтэйг энэ нийтлэлээрээ уриалж буй юм. 
Зарим аймагт мах боловсруулах 10 орчим үйлдвэртэй хэр нь чанартай мах бэлт­гэж чадахгүй. Малчдын малыг авсан хэр нь мөнгийг нь өгөхгүй хул­хиддаг. Үйлдвэр нэртэй “хээрийн бой” шиг ажилладаг цехүүд байгаа зэрэг шүүмжлэлтэй зүйл ч энэ салбарт олон. 
Монгол Улс 70 сая малтай ч  мах, махны чиглэлийн аж ахуй уламжлалт хэлбэрээрээ хэвээр байна. Үүнийг Монголын дээд зэрэглэлийн ресторанууд махаа австрали тэргүүтэй орнуудаас импортлон авч байгаагаас хялбархан харж болно. Монголд  импортын махны чанарт хүрэх боловсруулалттай, системтэй ажилладаг малчид, бизнес эрхлэгчид маш цөөхөн байна гэж махны чиглэлээр 30 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа “М трэйд” компанийн захирал Ц.Мэндээ ярьсан юм.  Өөрөөр хэлбэл, бид олон малтай ч түүнийхээ үнэ цэнийг боломжит түвшинд нь хүргэж чадахгүй байгааг аж. Уг нь  стандартад нийцсэн, чанартай махыг дотооддоо боловсруулж нэмүү өтрөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой.  
Байгаль орчны хувьд Монгол орны бэлчээрийн даац хэдийн хэтэрч, хөрсний гэмтэл, цөлжилт нэмэгдэж байгааг бүгд л харж байна. Ингэхээр бид малынхаа тоонд анхаарах уу, чанарт анхаарах уу гэдгээ эргэж харах, төлөвлөх асуудал гарч ирж байгаа юм. Одоо бол малчид эрэлтээ дагаад үхрээ таргалуулахаар хязаалан, шүдлэн болтол нь өсгөх нь элбэг. Ингэх нь нэг талаас малын эргэлт удааширч, бэлчээрт байх хугацааг ихэсгэж, даацыг нэмэгдүүлж нөгөө талаас мах нь хатуурч байдаг сул талуудтай. Харин 2-3 жил бэлчээрт байсан үхрийг худалдаж аваад 3-4 сар тэжээн эргэлтэд оруулж, бэлчээрийн ачааллыг бууруулан, аль болох урт хугацаандаа газар орондоо тустай байдлаар үйлдвэрлэлээ явуулбал илүү нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах боломжтой гэдгийг дээрх компанийн туршлага харуулж байна. 

 

Хамгаалагдсан аж ахуй гэдэг нь  малыг тодорхой хугацаанд тусгаарлаж хамгаалж, эрүүлжүүлэх бүс юм 

 

Мал аж ахуй, бэлчээрийн менежментийн мэргэжилтэн Б.Ванчиндорж ярихдаа “Дэлхий даяр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллаж байна. Манай улсын хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн ялгарал өндөр гэж үздэг. Нэгэнт ялгарч байгаа хүлэмжийн хийн ялгаралтыг бэлчээрт хэрхэн шингээх үү. Шингээлтийг эргүүлээд яаж хэмждэг болох уу. Ер нь үр дүнг “карбон кредит” ашиглан хэрхэн үнэлэх систем рүү шилжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх нь чухал. 
Тухайлбал,малчид өөрсдөө бэлчээрийнхээ даацад нийцүүлэн малын тоо, толгойг тохируулж бэлчээрээ хамгаалдаг чадвартай болох юм. Ингэснээр малчид өөрсдөө “карбон кредит” ашиглан давхар орлого олдог болох механизмыг хөгжүүлэх гол зорилготой. Малын гаралтай бүтээгдэхүүнийг яаж боловсруулах уу, өртгийг нь хэрхэн нэмэгдүүлэх, малын эрүүл мэнд үржил слекцыг сайжруулах зэрэг цогц ажлуудыг хийх юм.  
Мөн сум бүрд тэжээлийн цэг байгуулж малчид өөрсдөө тэжээлийн ургамлаа тариалж орлого олдог байх. Өөрөөр хэлбэл, тэжээлийн аж ахуй, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх шаардлагатай. Сүүлийн үед хамгаалагдсан аж ахуй байгуулах тухай ярьж байна. Энэ нь махны экспортыг дэмжихэд чиглэгдсэн гэсэн үг. Монгол малын махыг халдвартай гэж үзээд экспортын шаардлага хангадаггүй гэдэг. Өөрөөр хэлбэл, халдвартай бүсээс мах экспортлох боломжгүй. Тиймээс малыг тодорхой хугацаанд тусгаарлаж хамгаалах бүс байгуулна. Тусгаарлах хашаанд байлгаж бордох, жинг нь нэмэгдүүлэх зэргээр малын эрүүл мэндийн олон улсын шаардлагыг хангуулж тодорхой хугацааны дараа боловсруулалтаа хийж гадагшаа экспортод гаргана. Үүнийг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм билээ” гэсэн юм. 

 

Стандарт хангасан хөдөө аж ахуйн агробизнесийн орчныг шинээр бий болгох хэрэгтэй

 

Монгол Улс мал аж ахуйн зохистой төрлийн МNS6891 стандартыг мөрддөг. Энэ стандартыг  мал аж ахуй бүхий хоршоологчид, малчид мөрдөх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, зохистой дадлыг мөрдүүлэх тухай юм. Үүнд малын эрүүл мэнд, маллагаа,үржил слекц, байр сав гэсэн олон төрлийн стандарт бий. Ер нь эдгээр стандартыг хангасан малчдын хоршоонд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй аж. Түүнчлэн энэ стандартыг хангасан хоршоодтой хамтарсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл болон олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийг олгох гэх мэтээр мал аж ахуйн салбарт зохистой дадлыг нэвтрүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байна. 
Хамгаалагдсан аж ахуй гэдэг нь үхрийн фермийн боловсруулах, төхөөрөх үйлдвэр гэсэн үг. Цаашид аймгуудад хамгаалагдсан үхрийн аж ахуй ажиллуулах бүтэцтэй болгох шаардлага байгаа аж. Ингэснээр энэ дэд бүтцийг ашиглан мах болон мах боловсруулах үйлдвэрийн бизнес эрхэлдэг аж ахуй эрхлэгчдийн дунд тендер зарлаж улмаар шалгарсан аж ахуйн нэгж тухайн аймгийнхаа Засаг даргын тамгын газартай гэрээгээ байгуулах зэргээр уг байгууламжаа ашиглана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллуулахыг зорих хэрэгтэйг онцолж байна.  
Харин хамгаалагдсан фермд хамгийн гол нь малчдаас малаа авна. Харин малчид малаа эрүүл гэдгийг нотлох сертификаттай байх шаардлагатай. Үүнийг мэргэжлийн байгууллага хариуцаж малчдаа сургалт, мэдээлэлд хамруулах, бэлчээрээ хэр зохистой ашиглах гэх мэтээр  чадавхжуулах хэрэгтэй гэлээ. Ферм малчдаас  малаа авахдаа эрүүл гэдгийг нотолсон, элдэв эм, тариа “ивомек” хэрэглээгүй гэдгийг баталсан сертификаттай байхыг шаардана. Малаа тодорхой хугацаанд тэнд байлгаж тэжээгээд, төхөөрч махыг нь экспортод гаргана.Тэгэхээр малчид эрүүл ахуйн шаардлага хангасан малаа хамгаалагдсан аж ахуйд авчирч тушаана гэсэн үг. Эдгээр үйлдвэрүүдийг түшиглээд тэжээлийн үйлдвэр, усалгааны систем бий болно. Нэг үгээр хэлбэл хөдөө аж ахуйн агробизнесийн орчныг шинээр бий болгож энэ хэрээр  ажлын байрыг нэмэгдүүлэх юм хэмээн салбарын мэргэжилтнүүд хэлж байна. 
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд “УАӨ-ийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулж буй сайн туршлага” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 208 (7705)