Чулуунхүүгийн БЯМБАХАЖИД
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэл Улаанбаатар хот дахь хамгийн том хэмжээтэй, иргэдийн амарч зугаалах ногоон бүс төдийгүй дотоодын цэргийн хамгаалалттай, улсын онцгой объект юм. Улаанбаатар хотод нийт 88 цэвэр усны гүнийн худаг байдгаас 61 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг байна. Цэвэр усны нөөцийн 50 гаруй хувь нь хүрээлэнгийн газар нутагт байрлаж байгаа учраас усны нөөцийг хамгаалах зайлшгүй шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг. Иймд, НИТХ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009 оны 230 дугаар захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байсан билээ.
Гэвч нийт 97.3 га талбайг хамардаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт БНХАУ-ын хандиваар Үндэсний урлагийн их театр барих гэнэ. Уг барилгыг барих газарт нь нийслэлчүүдийн ундны усны эх ундарга оршиж буй.
“БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театрыг 40 га талбайд барина”
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44 га газарт дараах байдлаар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40 га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18 га, нэгдүгээр тойрог замын 4.26 га бүтээн байгуулалт хийх аж. Улмаар хэлэлцэж буй тогтоолын төслийг хоёр хувааж олонхын саналаар баталсан.
Тус төслийн нэг хэсэг болох театрын барилгын зураг төслийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 165 дугаар тогтоолоор баталсан байна. Ингэхдээ Үндэсний урлагийн их театрын барилга нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 26-р дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар нутагт байршина.
Их танхим нийт 7450 мкв, 2500 хүртэл үзэгчдийн суудалтай дэлхийн стандартын дагуу тоноглогдсон гэрэл, техник, дуу авианы шаардлага хангасан, урлагийн ямар ч төрлийн үзвэр зохион байгуулах боломж бүхий тайзтай найрал хөгжмийн яамтай, яам тайз нь XXI зууны дэвшилтэд техник технологийг ашигласан байх.
Хөгжмийн концертын танхим нийт 3150мкв талбайтай. 700-800 хүртэл үзэгчдийн суудалтай дэлхийн бусад улс орны найрал хөгжмийн концертын танхимын дагуу партер, балкон, бель-этажтай байна. Тайз нь Үндэсний их найрал хөгжмийн 120 хөгжимчин суух багтаамжтай, олон улсын стандартын дуу чимээ, гэрлийн техник, бусад тоног төхөөрөмжөөр тоноглогдоно.
Дуулалт жүжиг, бүжгийн жүжгийн танхим нь нийт 7400мкв байх. 1500 хүртэл үзэгчдийн суудалтай дэлхийн стандартын дагуу тоноглогдсон гэрэл, техник, дуу авианы шаардлага хангасан тайзтай, дуулалт жүжиг болон бүжгэн жүжиг тоглох найрал хөгжмийн яамтай байх, хөгжмийн яам, тайз нь шинэ дэвшилтэд техник технологийг ашигласан доош, дээш, баруун, зүүн тийш гүйдэг байна.
Хурлын танхим нийт 220мкв. Байгууллагын нийт уран бүтээлчдийн хурал зөвлөгөөн, сургалт ба олон улсын арга хэмжээг зохион байгуулах зориулалт бүхий танхим. /200м2-с доошгүй/
Универсал танхим 560мкв талбайтай. 300 хүртэл хүний багтаамжтай тайз болон үзэгчдийн суудлыг ямар ч хэлбэрээр зохион байгуулж болох техник, технологийн шийдэл бүхий байх.
Ресторан нь 200 хүний суудалтай, нийт 740 мкв талбайтай байхаар төлөвлөжээ. Үүн дотроо төрөл бүрийн хүлээн авалт зохион байгуулах боломж бүхий бага тайз, хоол бэлтгэлийн өрөө, орц гарц тусдаа, тоглолтын хэсэгтэй холилдохгүй байхаар архитектурын шийдлийг гаргаж баталжээ.
Дээрх байгууламж нь нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амарч зугаалж, ая тухтай амьдрах эрхийг зөрчиж буй үйлдэл болж байна хэмээн НИТХ-ын зарим төлөөлөгчид уг шийдвэрийг эсэргүүцсэн юм. Мөн Улаанбаатар хотын ундны усны эх ундарга бүхий газарт барилга барих нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй.
Үндэсний урлагийн их театрыг хотын ногоон байгууламж, ундны усны эх үүсвэрийн бүсэд байгуулахыг бүгд эсэргүүцжээ
Усны тухай хуульд 2025 оны долоодугаар сарын 9-нд оруулсан нэмэлтийн 22.2.1 дүгээр хэсэгт “Онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно" хэмээн “бусад” гэх заалтыг нэмсэн нь хуульд нийцэхгүй байна хэмээн НИТХ-ын зарим төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлээд байгаа.
НИТХ-ын хэд хэдэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс “Тэрбум мод” хөтөлбөрийг санаачилж зарласан. Байгаль орчны салбар сэргэж эхэлсэн. Олон газрыг хамгаалалтад авсан. Ногоон байгууламжийг хөгжүүлэхэд улсын болоод нийслэлийн бодлогын бичиг баримт чиглэсэн. Харин өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 96 га газрыг авах гэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаар ажиллаж байсан хүний хувьд би эсрэг байр суурьтай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дархлаагүй болсонд харамсаж байна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Харин НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Усаа бид хайрлаж, хамгаалах ёстой. Өөр бололцоотой газар санал болгож, дахин зөвшилцөх хэрэгтэй байна. Дараа дараагийн газрууд барилга барихгүй гэх баталгаа хаана байна” гэлээ.
Гэвч Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хот Сэлбэ, Туул, Дунд гол гээд усны нутаг. Дэлхийн жишгээрээ голоо дагаж байрладаг. Ундны усаа голоосоо ч, голын гүнээсээ ч авч байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийгээд голоо дагаад төлөвлөлт хийгээд явдаг. Дэлхийн жишиг яриад хотоо хөгжүүлээд түгжрэлээ шийдье, агаарын бохирдлыг бууруулж ажил хийх гэхээр улс төржөөд байх юм. Үндэсний урлагийн их театрыг 200 сая ам.доллароор барих гээд хүлээгээд байдаг. “Асем вилла”, гольфийн талбай гээд хувийн байгууллагууд барилга болж байдаг, улс өөрсдийн мэдэлдээ ажил хийж болохгүй юу” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ийн санал хураалтыг явагдаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний урлагийн их театр барихыг дэмжив.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны санал, дүгнэлтийг хорооны дарга Б.Золтуяа танилцуулсан. Ногоон хөгжлийн хороо гишүүд Туулын хурдны зам болон Тойрог замын бүтээн байгуулалтыг дэмжиж, тус бүрээр тогтоолын төсөл оруулах санал гаргасан байна. Харин Үндэсний урлагийн их театрыг хотын ногоон байгууламж, ундны усны эх үүсвэрийн бүсэд байгуулахыг бүгд эсэргүүцэж санал хэлжээ. Ингэхдээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, холбогдох байгууллагуудаас санал авсан эсэх, барих газрыг өөрчилж Баянхошуу, Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн барих нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг гаргасан байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “НИТХ-ын V хуралдаанаас долоо хоногийн өмнө төслийн хэрэгжилт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолын төсөл орж ирсэн. Үүн дотор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжаас 96.44 га талбайг гаргах гэх төсөл орж ирсэн байсан. Энэ асуудлыг НИТХ-ын V хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Улаанбаатар хотын ногоон байгууламжийн том хувийг эзэлдэг. Иймээс би ногоон байгууламжийн талбай болон ундны усны эх үүсвэртэй хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Дээрх шийдвэрийн улмаас Улаанбаатарчуудын ундны усны нөөц хорогдох байдал бий болно. Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, замын түгжрэлийг шийдэх гэх мэт хотын нийт төсвийн ихэнх хувийг эзэлдэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байхад нэмээд ногоон байгууламжаа устгаж, ойн сангаасаа хасах зүйл болоод байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн язгуур эрх ашиг зөрчигдөж байгаа үед улстөржилт байж болохгүй” гэв.
“Одоогоор манайд албан ёсоор хандаагүй учраас ундны усанд нөлөөлөх эсэхийг дүгнэх боломжгүй”
Улаанбаатар хот 2040 он гэхэд ундны усны эх үүсвэрийн нөөцийн дутагдалд орно гэсэн олон улсын байгуулагын дүгнэлт бий. Гэтэл ундны усны ундарга бүхий газарт барилга барих нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх болоод ундны усны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц шийдвэр болоод байгаа юм. Хэдий ойрын жилүүдэд ямар нэгэн нөлөө гарахгүй байж мэдэх ч 10-20 жилийн дараа энэ асуудал яаж нөлөөлөхийг бодолцох хэрэгтэйг мөн тэрээр хэлж байлаа.
Мөн энэ мэт нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой асуудалд иргэдээс санал авч, иргэний нийгмийн дуу хоолойг хүргэж хэрэгтэй юм.
Дэлхийн хотуудын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн стандарт хэмжээ дунджаар 15-18 мкв байдаг бол Улаанбаатар хотод нэг хүнд 5-6мкв ногоон байгууламжийн талбай ногддог. Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 96.44 га талбайд бүтээн байгуулалт хийснээр ногоон байгууламжийн талбай бүр л хумигдах юм.
Дээрх асуудалтай холбогдуулан хүрээлэн буй орчин, ундны усны цэвэр, аюулгүй байдлын талаар Усны газрын дарга З.Батбаяраас тодрууллаа.
Тэрээр “Аймаг, нийслэлийн ИТХ нь өөрийн засаг захиргааны нэгж дотроо аливаа асуудлыг шийдэх эрхтэй. Тэгэхээр тухайн асуудал шийдвэрт нь бид хөндлөнгөөс оролцох боломж байхгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тэр чигтээ ундны усны эх үүсвэр учраас хамгаалалттай обьектод авсан. Тэгвэл хүрээлэнгийн ойр орчимд хэдэн худаг байгаа болон тухайн 40 га газарт тэдгээрээс хэдэн худаг өртөж байгааг тодруулах шаардлагатай байгаа. Бид ундны усыг 30-70 метрийн гүнд байрлах 300 шахам худгаас авдаг. Манай байгууллагын хувьд Усны тухай хуульд заасны дагуу хоёр төрлийн хамгаалалтын бүсийн хүрээнд ажилладаг. Нэгдүгээрт, гол мөрний эргээс энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд орж байгаа эсэх. Хоёрдугаарт, ундны усны эх үүсвэрт байгаа эрүүл ахуйн хамгаалалтын бүс болох 200 метрийн радиуст аливаа барилга байгууламжийг барих хориотой байдаг.
Усны тухай хуульд заасны дагуу аливаа барилга байгууламжийг барихад ундны усны эх үүсвэр болоод гол мөрөнд хэрхэн ойртож, нийлж байгааг харгалзаж эхний удаад бид зураг төсөл дээр нь дүгнэлт гаргаж өгдөг. Хоёрдугаарт, барилга байгууламжийн ажил эхлэх үед ус ашиглалтын дүгнэлт гаргаж өгнө. Гуравдугаарт, барилга дууссаны дараа хаягдал усны дүгнэлт гаргаж өгдөг. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар төрлийн барилга барих талаар бидэнд зураг төслийн шийдэл өгч, албан ёсоор хандаагүй учраас ундны усанд нөлөөлөх эсэхийг дүгнэх боломжгүй байна” гэв.
Мөн бид уг асуудалтай холбоотойгоор тодруулах гэсэн ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон НБОГ-аас мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол хотын иргэдийн цор ганц гэж болохуйц эко орон зай. Тиймдээ ч хүмүүс амралт, чөлөөт цагаа ая тухтай, аз жаргалтай өнгөрүүлэх нэгэн орон зай нь байдаг.
Иймд байгальд ээлтэй, ундны усны эх үүсвэрт сөргөөр нөлөөлөхгүйгээр аливаа барилга байгууламжийг төлөвлөх, хэмжээг зохистой байлгах зайлшгүй шаардлагатай юм. Хүмүүс амарч зугаалах, хүүхдүүд тоглох, гэр бүлээрээ байгальтай ойр байх боломжийг бүрдүүлсэн ногоон цэцэрлэгт хүрээлэнтэй байхыг олон нийт хүсдэг. Хотын дуу чимээнээс хол, цэвэр агаартай, ундны усны нөөцөө хамгаалсан орчин бол ирээдүй хойч үедээ үлдээх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 205 (7702)