Монголын багш нар дэлхийн дунджаас найм дахин бага цалинтай ажилладаг. Тодруулбал, багшийн үндсэн цалин 1.484.000 төгрөг байгаа бол ажилсан жил, анги даалт зэргээс хамаарч гар дээрээ 1.2-2.4 сая төгрөгийн цалин авдаг байна. Энэ нь амьжиргаагаа залгуулахад хүрэлцэхүйц хэмжээнд биш учраас үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх хүсэлтийг Засгийн газарт тавьж, энэ сарын 16-аас хугацаагүй ажил хаялт зарласан. Ингэхдээ тэд хичээл заахгүйгээр, цагаа бүртгүүлэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Засгийн газар багш нарын цалинг нэмэх боломжит хувилбарыг судалж үзээд, нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долоодугаар сараас 10 хувь нэмэх боломжтой болохыг мэдэгдсэн. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд, дарга нарын салбар, яамандаа зарцуулдаг төсвөөс танана гэдгээ ч мэдэгдэв. Гэвч энэ санал багш нарт таалагдсангүй. Тэд цалингийн нэмэгдлийг хангалтгүй гэж үзсэн бөгөөд ирэх нэгдүгээр сарыг хүртэл энэ цалингаараа ажиллах боломжгүй гэдгээ ч мэдэгдэв. Ийнхүү багш нарын ажил хаялт хэдий хүртэл үргэлжлэх нь, хүүхдүүдийн суралцах, хөгжих эрх хэчнээн хоног зөрчигдөж, хүүхдийнх нь цэцэрлэг, сургууль ажиллахгүй болсон ээж, аавууд ажилдаа очиж чадахгүй хэр удах нь одоогоор тодорхойгүй байна.
Тэгвэл өмнөх хэлэлцээрийн үеэр багш нарын цалинг 20+10 хувь байдлаар нэмэх хувилбарыг Боловсролын сайд танилцуулсан ч МЭҮХ хүлээж аваагүй юм. Харин Боловсролын яамнаас өнгөрсөн ням гарагт 22.00 цагийн орчимд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад хандан цалинг үе шаттай нэмэх талаар дараах тайлбар, мэдэгдлийг хүргүүлсэн байна. Боловсролын яамнаас багш нарын цалинг 3.5 сая хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлээд, үндсэн цалинг 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг, 2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг, 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх тооцоолол хийж, Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа. Иймд МҮЭ-ийн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээг эхлүүлж асуудлыг эрүүл ухаанаар шийдвэрлэхийг уриалжээ.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Цалин мөнгийг нэмэх асуудлыг хамтдаа ярилцъя. Сайн шийдэл олохын төлөө явж байна. Засгийн газар, УИХ, төсвийн байнгын хороо маш сайн дэмжиж бүгд ойлгож байна. Эхний ээлжид 100 тэрбум төгрөгийн ачааллын нэмэгдэл гэж нэмсэн. Нийгмийн анхаарлын төвд ортол жагсаж чадсан нь багш нарын тэмцлийн үр дүн мөн. Цаашдаа бие биеэ ажил хаяхад хүртэл нь ингэж явахгүйгээр дунд хугацааны төлөвлөлтөө сайн хийж, цалинг нь 3.5 сая төгрөгт хүргэх зарчмаа сайн тохирох хэрэгтэй. Асуудлыг улстөржүүлэхгүй байх хэрэгтэй. Өнөөдөр мухардалд оруулж болохгүй. Ойрын хугацаанд лхагва гарагаас өмнө хэлэлцээрийн ширээнд сууж зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Цалингийн бодлого макро эдийн засгийн хүрээнд салбар дамнасан бодлого байдаг. Иймээс макро асуудал учраас засгаар үүнийг хэлэлцүүлээд 3-5 жилийн төлөвлөгөө хийх хэрэгтэй. Бид хэлэлцээ хийхийг хүлээж байна. Хагас сайн, бүтэн сайнд бид ажиллалаа. Ирээд ярилцаач ээ" гэлээ.

Харин Багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга З.Цогтгэрэл “Өнөөдрийн байдлаар 500 гаруй байгууллагын 36 мянга гаруй багш нар ажил хаялтад нэгдээд байна. Ахисан түвшинд шийд гарахгүй байгаа учраас ажил хаялт үргэлжилж байгаа. Бидний тавьсан шаардлагыг хэдий хугацаанд биелүүлж, ямар үр дүн гаргахаас шалтгаалж багш нарын ажил хаялт зогсоно. Хэлэлцээр эхлэх үед Боловсролын яамыг хэлэлцээнийхээ төслийг явуул гэсэн. Гэтэл тус ирүүлсэн төсөл нь хэлэлцээ хийх боломжгүй төсөл байсан. Бидний зүгээс цалин хөлсийг хэрхэн шат дараатай нэмэгдүүлэх саналаа Боловсролын яаманд, сайдад хүргүүлсэн. Бидний хэлсэн саналыг хүлээн авах боломжгүй гэсэн. Тиймээс бид цалинг 3.5 сая төгрөгт хүргэсэн цагт ажил хаялтаа зогсооно. П.Наранбаяр сайд багш нарын цалинг 2.5 саяд цалинг хүргэнэ гэж байна. Үүнийг ч бид хүлээж авахгүй” гэсэн юм.
Төсвийн байнгын хороо хүүхдийн 100.000 төгрөгийн хасаж багш, эмч нарын цалинг нэмэх санал гаргажээ
Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, багш, эмч нарын цалинг нэмэх боломжуудыг хэлэлцэх үеэр хүүхдийн 100.000 төгрөгийг хасах саналыг гаргажээ. Энэ талаар ГБХНХЯ-ны сайд Т.Аубакир “Төсвийн байнгын хорооныхон хуралдаж байна. Хүүхдийн 100.000 төгрөгийн хасах саналыг гаргаж байна. Энэ саналыг зөвшөөрөхгүй гэдгээ хэллээ. Мөн нийгмийн даатгалын сангаас мөнгө гаргах саналыг дэвшүүлж байна. Нийгмийн даатгалын сан 2025 онд улсаас 1.4 их наяд төгрөгийн татаас авсан бол ирэх жил мөн татаас авахаар байгаа. Ийм дутагдалтай байгаа сангаас хаанаас нь мөнгө гаргах гээд байгааг ойлгохгүй байна. Миний хувьд нийгмийн даатгалын сан болон хүүхдийн мөнгийг хасаж болохгүй гэдэг байр суурьтай байна” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ асуудалтай холбоотойгоор "Өнгөрсөн долоо хоногт төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй 115 санал гарсан байна. Үүний 76 нь дэмжигдэж, 39 нь дэмжигдсэнгүй. Өнөөдөр буруу ташаа мэдээлэл гарсан. Бид хүүхдийн мөнгөнд огт гар хүрэхгүй.
Төрийн бүх үйлчилгээг 5.5 их наяд төгрөгт явуулахаар төлөвлөж байсан. Үүний 10 хувийг танаж багш нарын цалинг 30 хувиар нэмнэ. Оны эхэнд 20, долоодугаар сарын 1-нээс 10 хувиар нэмэх саналтай байгаа.
Эрүүл мэндийн албан хаагчдын цалинг 10-15 хувь, тэтгэврийг 8.6 хувиар нэмнэ. Үүнд нийтдээ 1.3 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Тиймээс шинээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг 10 хувь буюу 500 орчим тэрбум төгрөг танахаас өөр арга алга.
УИХ өөрөөсөө эхэлж төсвөө танана. УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардлыг танана, урсгал засвар, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг 2025 оны түвшинд барина" гэв.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн 100.000 төгрөгийг хасаж, багш нарын цалинг нэмж болохгүй гэсэн байр сууриа илэрхийлээд байна.
Багш нарын шаардаж буйгаар цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлбэл одоогийн 2.8 их наяд төгрөгийн төсөв дээр нэмээд дахин 3.3 их наяд төгрөг шаардлагатай буюу нийт 6.1 их наяд төгрөг шаардлагатай байгааг Боловсролын яамнаас мэдээлсэн байна. Ирэх оны төсөвт Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын цалинд 8.3 их наяд төгрөг төсөвлөсөн байгаа юм. Гэтэл багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгож 6.1 их наяд төгрөг зарцуулснаар энэ нь Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын цалингийн төсвийн 73.1 хувийг эзлэхээр байгаа юм.

Тэгвэл багш нарын цалинг нэмэх боломжтой эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр “Төсвийн байнгын хорооны хоёрдугаар хэлэлцүүлгийн үед Ц.Мөнхтуяа гишүүний гаргасан саналын дагуу төсвийн орлого, зарлагаа 490 тэрбумаар нэмж багш нарын цалинг нэмье гэдэг саналыг гаргаж хураалгасан. Ингэхээр 2026 оны макро үзүүлэлтүүд хөдөлж, түүнийг дагаад УИХ-ын баталсан төсвийн хүрээний үзүүлэлт хөдөлж байгаа юм. Ингэхээр төсвийн тусгай шаардлагыг үзүүлэлтэд нөлөөлж, төсөв ашигтай байх гэсэн шаардлагыг хөндөнө. Энэ дүгнэлтээ бид өнгөрсөн баасан гарагийн хуралдаан дээр хэлсэн. Аливаа санал УИХ-ын шатанд гардлаа гэхэд төсвийнхөө тусгай шалгуурыг хангасан байх ёстой. Хэрвээ нэмэлт эх үүсвэр гаргаж байгаа бол зайлшгүй нөгөө талдаа тэр хэмжээний зардлыг танах шаардлагатай. Ингэж байж бид ирэх оны төсвөө хуульд нийцсэн байдлаар батална. 2017, 2018, 2024 онд УИХ-ын баталсан төсөв дээр Ерөнхийлөгч олон удаа хориг тавьж байсан. Энэ удаа хууль зөрчсөн төсөв оруулах юм бол хориг тавьж, дахин нэг сар хойшилно. Тэгэхээр төсөв дээр УИХ аливаа хоригт орохгүй, хууль зөрчихгүйгээр, макро эдийн засгийн шалгуурыг хангасан байхаар батлах хэрэгтэй. Бусад зардлаа багасгаж багш нарын цалинг нэмэх ёстой болохоос одоо байгаа зардал дээр нэмэх юм бол макро эдийн засгийн шалгуураа хангахгүй” гэсэн юм.
Багш нарын цалинг нэмэх асуудлыг эцэг эхчүүд хүртэл дэмжиж байна. Гэвч ажил хаяад 11 хонож байгаа ч үр дүнд хүрээгүй л байна. Засгийн газрын зүгээс талаасаа танаж болох зардлуудаа танасаар багшийн цалинг ирэх жилийн сүүл гэхэд 2.5 сая төгрөгт хүргэх боломжтой. Нөгөө талдаа багш нарын үйлдвэрчний эвлэл цалинг 3.5 сая төгрөгт хүргэсэн цагт ажил хаялтаа зогсооно гэсэн байр суурь дээрээ бат зогссоор байна. Тиймээс аль аль талаасаа хэлэлцээрийн ширээний ард сууж, асуудлыг даруй нэг тийш болгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Багшийн цалин дээр хурдхан тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Эс бөгөөс энэ бүхний ард сурагчдын сурах эрх зөрчигдсөөр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 203 (7700)