Гэрэл зургийг Р.Оюун
"Онцлох фото" буландаа УНТЭ-ийн Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасгийг онцолж байна. Энэ жил УНТЭ-ийн 100 жилийн ой тохиож байгаа. Нэгэн зууны түүхийн гэрч болсон энэ эмнэлгийн ууган тасгуудын нэг нь Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасаг юм. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
УНТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Анхтуяа БНСУ-д эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараах сэргээн засах эмчилгээний чиглэлээр мэргэшжээ. Тэрээр тасгийнхаа талаар "Сэргээн заах, уламжлалт эмчилгээний тасаг нь уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр амбулатори, өдрийн эмчилгээ, хэвтэн эмчлүүлэгчийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Манай тасаг сэргээн засахын хоёр их эмч, уламжлалт анагаах ухааны дөрвөн их эмч, дөрвөн хөдөлгөөн засалч, таван сэргээн засахын сувилагч, гурван уламжлалт анагаахын сувилагч, нэг үйлчлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, хүний бие, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог нэмэгдүүлэн, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажиллаж байна" хэмээн танилцууллаа.
Ахлах зэрэгтэй, сэргээн засах эмчилгээний эмч Н.Болормаагийн хувьд Испани улсад гемофилийн үеийн сэргээн засах эмчилгээгээр мэргэшсэн анхны эмч юм. Тэрээр 2016 оноос тасралтгүй сэргээн засах эмчилгээний их эмчээр ажиллаж байна. Н.Болормаа эмч "Хүзүү, нуруу, тулгуур эрхтэний ямар нэгэн зовиур байгаа бол мэргэжлийн сэргээн засах эмчид үзүүлж, тохирсон эмчилгээ хийлгээрэй. Өөрөө дур мэдэн янз бүрийн эмчилгээ хийвэл тухайн илэрч байгаа зовиур хүндрэх магадлалтай" гэж анхаарууллаа.
Ахлах зэрэгтэй, хөдөлгөөн засалч Г.Туул сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасагт 14 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Тэрээр Тайландын гемофилийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээгээр мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн юм. Түүний хувьд хөдөлгөөн засалч мэргэжлийн анхны төгсөгч. Эмнэлэгтээ анхны хөдөлгөөн засалчдын нэг болж ажиллахад олон төрлийн өвчинтэй таарч, их зүйлийг сурчээ.
Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасгийн сувилагч нурууны өвчтэй хүмүүст лаан эмчилгээ хийж буй нь.
Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасгийн сувилагч О.Наранцацрал эмчийн сайн туслах, үйлчлүүлэгчийн дотны найз нь юм. Тэрээр үйлчлүүлэгчийн биеийн байдалд өөрчлөлт орвол хамгийн түрүүнд эмчид хэлнэ. Цахилгаан эмчилгээнээс эхлээд сэргээн засахын шаардлагатай тусламжийг үзүүлдэг.
Эх сурвалж www.zms.mn