Б.ЖАВХЛАН

"Нэр бүхий банкны ажилтан нь иргэний хувийн мэдээллийг ашиглан хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэврийн зээл гаргаж залилсан" гэх хэргийг энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн цагдаагийн газраас илрүүлэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Мөн иргэд цахим хаягийн ард нуугдаж буй залилагчид итгэн мөнгө шилжүүлсээр байгаа юм. Тухайлбал, 26 тооны тугал авахаар “Азаа азаа” гэх нэртэй “Facebook” хаягт холбогдож 9.1 сая төгрөг шилжүүлсэн гэх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Түүнчлэн өөрийн танил эмэгтэйн фейсбүүк аккаунтыг алдсаныг мэдэлгүй мөнгө зээлээч гэж чат ирсний дагуу банкны дансанд мөнгө шилжүүлж залилуулсан гэх гомдлын дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 35 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Түүнээс 80 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа юм. Бараа, материал захиалж урьдчилгаа төлбөр шилжүүлж залилуулж буй тохиолдол дийлэнх хувийг эзэлж байгаа ба иргэд та бүхнийг ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, хэн нэгэн цахим хаягаар мөнгө гуйж буй тохиолдолд заавал утсаар залгаж нягталж, шалгах зэрэг энгийн үйлдлийг хэвшүүлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.