Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, өдөр бүр тогтмол цагт төв талбайд жагссаар байна. Гэвч нөгөө талдаа багш нарын цалинг энэ хэмжээнд хүргэх боломжгүй гэдгийг салбарын сайд учирласаар байгаа юм. Тэгвэл нөхцөл байдал хурцдаж, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс энэ сарын 15-наас багш нар орон даяар ажил хаялт зохион байгуулахаа Боловсролын яаманд мэдэгдэж, нийт эцэг, эхчүүдэд хүүхдээ харах мэдээллийг албан ёсоор хүргүүлээд байгаа юм. Тэгвэл энэ асуудлын эргэн тойронд юу болж байгааг тоймлон хүргэе.

 

П.Наранбаяр: Багш нарыг хууль бус ажил хаялтад уриалж байна

Энэ сарын 15-ны өдөр болох багш нарын ажил хаялтыг Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байна. Тэгвэл энэ ажил хаялт нь хууль бус гэдгийг салбарын сайд мэдэгдсэн юм.

Энэ тухайгаа Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос аравдугаар сарын 9-нд багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг хүргэх шаардлагыг хүргүүлсэн. Улмаар энэ сарын 15-16-ны өдөр ажил хаяна гэж мэдэгдсэн. Цалин нэмэх тал дээр Засгийн газрын зүгээс дэмжиж байгаа. Тухайлбал, төрөөс төсөвт 100 тэрбум төгрөг суулгасан байсан дээрээ нэмэх саналыг хүргүүлсэн.

Ерөнхий сайдын зүгээс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 1.850.000 төгрөг болгох саналыг дэвшүүлсэн. Энэ нь одоогийн цалингаас 25 хувь нэмэгдэж байгаа дүн. Мөн долоодугаар сараас төсвийн орлого нэмэгдвэл 2.5 сая төгрөг, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх гурван жилийн төлөвлөгөөтэй ажиллая гэх саналыг үйлдвэрчний эвлэлд хүргүүлсэн. Гэвч үйлдвэрчний эвлэлээс шууд 3.5 сая төгрөг болгохыг шаардаж, ажил хаях мэдэгдэл ирүүлсэн нь харамсалтай санагдлаа.

Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаагүй, хүнд нөхцөл байдлыг далимдуулж улс төр хийж байна гэж үзэхээс өөр арга алга. Өнөөдөр эрх баригч нам дотроо хагарч, УИХ, Засгийн газар ажлаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед улстөржиж байна гэж харж байгаа. Иймд үйлдвэрчний эвлэл тавьсан шаардлагаа дахин харж үзээч гэх саналыг хүргэж байна. Хэлэлцэж, ярилцаад бие биеэ дэмжээд явж болно. Ажил хаялт зарлах нь хууль бус явдал юм.

Хөдөлмөрийн маргаан үүссэн тохиолдолд гурван үе шаттай байдаг. Эхний үед хамтын хэлэлцээрийнхээ дагуу ярилцана. Шийдэгдэхгүй бол зуучлагч авна. Зуучлагч томилоод ярилцаад шийдэгдээгүй бол хөдөлмөрийн арбитрт ханддаг. Арбитрын явцад Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу аль аль тал ажил хаяхгүй гэдэг. Ажил хаялт гэдэг бол хамгийн эцсийн арга хэмжээ. Иймд хөдөлмөрийн хууль зөрчсөн арга хэмжээнд Монголын багш нарыг оруулбал үйлдвэрчний эвлэлийн хороо өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ шүү гэдгийг мэдэгдье.

Ажил хаялт зарласнаар хүүхдийн аюулгүй байдал, сургуулийн өмнөх боловсролын аюулгүй байдал яах болж байна вэ, үүнийг хэрхэн хамгаалах юм бэ. Хүүхдийн сурлагын хоцрогдлыг хэн арилгах вэ. Багш нарыг хууль бус ажил хаялт руу оруулбал Монголын боловсролын түүхэнд хар мөр үлдэнэ шүү. Ажил хаялтаас олигтой шийдэл юу ч гарахгүй. Цалин нэмэх тал дээр адилхан байр суурьтай, нэг нэгнийгээ дэмжээд, ярилцаад шийдээд явна. Санхүүгийн боломж, эх үүсвэрийг хуулийн дагуу хийх ёстой. Бодит байдалд боломжгүй шаардлага тавьж байгаа нь буруу байна.

Бид багш нарын эсрэг биш. Гол нь Үйлдвэрчний эвлэлийг удирдаж байгаа хүмүүс улс төр хийж байна. Хөдөлмөрийн арбиртчийг томилж, талууд хэлэлцэж байгаа процесс дээр ажил хаялт зарлаж болдоггүй. Энэ бол хууль бус. Хууль бус ажил хаялт болбол цалин хөлстэй холбоотой асуудлууд үүснэ. Үүнийг Үйлдвэрчний эвлэл нь өөрөө хариуцах юм уу, ажил хаялтын сан нь байгаа юм уу" гэлээ.

 

М.Дашням: Хууль бус ажил хаялтад оролцвол багш нар буруутна

Жагсаалын талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Дашнямаас тодруулахад “Манайх энэ ажил хаялтыг зохион байгуулаагүй. Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа. Гэхдээ энэ сарын 15-аас ажил хаялт зарлана гэдэг нь хууль бус үйл ажиллагаа. Учир нь бид ажил хаяхаасаа өмнө хөдөлмөрийн арбитрт ханддаг. Үүний дараа ажил хаях ёстой байдаг. Тиймээс энэ удаа багш нар ажил хаяж, эргээд Боловсролын яам шүүхэд өгөх юм бол багш нар гэрээгээ зөрчсөн болж буруутна. Тиймээс энэ ажил хаялтад оролцох эсэхээ сайн бодох хэрэгтэй гэж хэлмээр байна” гэсэн юм.

 

Н.Нацагням: Хүүхдүүд л золиослогдож байна

Ажил хаялттай холбоотойгоор нийслэлийн сургуулиуд эцэг, эхчүүдэд анхааруулга хүргүүлжээ. Тодруулбал, энэ сарын 15-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар ажил хаяна. Тиймээс хүүхэдтэй холбоотой асуудлаа эртхэн шийдвэрлээрэй гэжээ. Тэгвэл эцэг эхчүүдийн зүгээс улс төр болон үйлдвэрчний эвлэл хоёрын хоорондын асуудлаас болж сурагчид хохирч байна гэж үзэж байгаа юм. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн Н.Нацагням “Манайх долоодугаар ангийн нэг сурагчтай. Сургуулиас нь ажил хаяна гэдгийг мэдэгдсэн. Багш нарын ажил хаялттай холбоотойгоор хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд байна. Манай улсын боловсролын чанар муу. Тийм байж энэ мэтээр хичээлийг цалгардуулж байгаа нь сурлагын чанарт муугаар нөлөөлнө. Засаг төр болон багш нарын хооронд болж буй энэ үйл явдлын л хохирогч нь хүүхдүүд болж байна шүү дээ. Мөн хичээлгүй үед хүүхдийг нь харах хүнгүй айлууд олон байгаа. Энэ хүмүүс яах вэ гээд олон асуудал байна. Тиймээс энэ асуудлаа нэг талд нь гаргаж, тохиролцоосой гэж хүсэж байна” гэсэн юм.

 

Э.Мөнхзул:Орон нутгийн багш нар 17-ноос ажил хаяна

Харин орон нутагт багш нар энэ сарын 17-ноос эхэлж ажил хаях аж. Энэ тухай Энэ тухай Дундговь аймгийн Цэгцбилиг сургуулийн захирал Э.Мөнхзул “Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран ажиллах мэдэгдлийг өнгөрсөн баасан гарагт ирүүлсэн. Орон нутгийн багш нар 17-ноос ажил хаяна. Эцэг эхчүүддээ хэлсэн байгаа” гэсэн юм.

 

З.Цогтгэрэл: Зуучийн дараагийн шат болох ажил хаялт руу шилжинэ

Багш нарын ажил хаялтыг зохион байгуулж буй Монголын боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн дарга З.Цогтгэрэл “Манай үйлдвэрчний эвлэд Боловсролын яам хооронд байгуулсан хамтын хэлэлцээрийнхээ хүрээнд болон 2026 оны төсөвтэй холбоотой цаг тухай бүрт нь мэдэгдэл, суулт, зууч хүртэл томилуулан ажилласан. Тэгвэл зуучийн дараагийн шат болох ажил хаялт руу бид бүхэн шилжихээр Засгийн газар болон боловсролын яаманд шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хугацаа 15-ны өдөр дуусаж, 16-ны өдрөөс бид бүхэн ажил хаяна. Бид Засгийн газрыг огцоруулах гэж жагсаагүй. Энэ асуудлыг 2025 оны нэгдүгээр сараас эхэлж ярьсан. Төсөв батлах гэж байх үед ч саналаа хүргүүлж байсан. Тиймээс цаашид бидний тавьсан шаардлагыг биелүүлтэл ажил хаяна” гэсэн юм.

Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар багш нарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ "Төсвийн зардлыг Дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан учраас цаашид боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд бусад боломжит эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа. Уг тогтоол батлагдан хэрэгжиж эхэлбэл цалинг нэмэгдүүлэхээс гадна багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.

Багш нарын цалин өнөөдөр амьжиргаагаа залгуулж хүрэхгүй байгаа нь үнэн. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд энэ асуудлыг тойруулалгүй шийдлээ хэлэх хэрэгтэй байна. Үгүй бол улс орны ирээдүй болсон сурагчид л үүний горыг амссаар байх нь.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 193 (7690)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.