Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагч, эцсийн өмчлөгчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээ мэдээлэх, гүйлгээ, харилцагчийн талаарх баримт материалыг хадгалахаас гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон эрх бүхий байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг арга хэмжээний тогтоол гаргаж, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг гаргадаг. Энэхүү зөвлөлөөс үүсэж буй аюул занал, эрсдэлийг бууруулах зорилгоор хориг арга хэмжээг тогтмол шинэчилж, улс орнуудыг жагсаалтад багтсан этгээдтэй аливаа харилцаа үүсгэхгүй байх тухай анхааруулдаг.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 61 дугаар зүйлд заасны дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан жагсаалт, дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдэлд үйлчилгээ үзүүлэхийг хориглодог. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар “23.6.Хүн, хуулийн этгээд аливаа үйлчилгээ үзүүлэхдээ хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн шууд болон шууд бус өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцааж тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлнэ” гэсэн зохицуулалттай бөгөөд Засгийн газрын 2019 оны 464 тогтоолоор баталсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авах үйл ажиллагааны журам”-д “6.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь дараах шаардлагыг мөрдөнө: ... 6.1.1. жагсаалтад орсон, хасагдсан хүн, хуулийн этгээд болон зогсоосон хөрөнгийг чөлөөлөх мэдээлэлтэй өөрийн харилцагчдын мэдээллийг тулгаж шалгасны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх” гэж заасан.
Мэдээлэх үүрэгтэй этгээд Та бүхэн хориг арга хэмжээний жагсаалттай тулгаж шалгасны үндсэн дээр харилцагчид үйлчилгээ үзүүлэх, харилцагчийн нэр хориг арга хэмжээний жагсаалттай таарсан тохиолдолд хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа хөрөнгө, ашиг орлогын хөдөлгөөнийг тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр нэн даруй зогсоож, тагнуулын байгууллага болон санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдэгдэж байхыг анхааруулъя.
Ингэснээр, мэдээлэх үүрэгтэй этгээд ба өөрийн үйл ажиллагаанд үй олноор хөнөөх, терроризмтой тэмцэхтэй холбоотой аливаа эрсдэлийг хязгаарлах, хориг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.10-т зааснаар хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцаагаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол царцаагаагүй хөрөнгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлагыг тус тус авч хэрэгжүүлдэг.
Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд нь НҮБ болон бусад эрх бүхий байгууллагын хориг арга хэмжээний жагсаалтын өөрчлөлт, шинэчлэлтэй тухай бүр танилцаж, харилцагчийг таньж мэдэх болон гүйлгээний хяналтын үйл ажиллагаандаа эдгээр жагсаалтыг ашиглан, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана уу.
Холбогдох мэдээллийг дараах эх сурвалжуудаас авах боломжтой болно. Үүнд:
- НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний жагсаалт: https://www.un.org/securitycouncil/content/un-sc-consolidated-list
- АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба (OFAC): https://ofac.treasury.gov/sanctions-programs-and-country-information
- Европын Холбооны хориг арга хэмжээний жагсаалт: https://finance.ec.europa.eu/eu-and-world/sanctions-restrictive-measures_en
- Их Британийн Санхүүгийн хориг арга хэмжээний байгууллага (OFSI): https://www.gov.uk/government/publications/the-uk-sanctions-list
- Монгол Улсын НҮБ-ын хориг арга хэмжээний жагсаалтын хайлтын холбоос: http://www.amlcft.mn/
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо