Б.БАЯРЖАВХЛАН
Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран боловсролын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан зул” наадмыг энэ жил говийн бүсийн дөрвөн аймгийг хамруулан аравдугаар сарын 4-нд Сайншанд хотод зохион байгуулсан. “Алтан зул-2025” наадамд дөрвөн аймгийн 250 гаруй багш нэр дэвшин оролцсон бөгөөд “Шилдгийн шилдэг номинаци” шагналыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын “Цэгц билиг” сургуулийн хамт олон хүртсэн юм. Тиймээс бид энэ удаагийн Говийн бүсийн мэдээний зочноороо "Цэгц билиг" сургуулийн захирал Э.Мөнхзулыг урьж ярилцлаа.
-Авьяас билиг, ур чадвараараа говийн бүсээ манлайлж шилдгийн шилдэг сургуулиар шалгарсан та бүхэнд баяр хүргэе. “Цэгц билиг” сургууль хэдэн онд үүсгэн байгуулагдсанаас яриагаа эхэлье?
-Дундговь аймгийн Сайнцагаан суманд 28 жилийн тэртээ математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны сургуулийг Монгол Улсын гавьяат багш Н.Өлзий агсан нээсэн түүхтэй. Тухайн үед Дундговь аймгийн Засаг даргаар сургууль байгуулах захирамж гаргуулж, бие даасан статустай гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулахын тулд “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн дотуур байрыг засварлан 10 гаруйхан багштай үйл ажиллагаагаа эхэлж байсан гэдэг. Түүнээс хойш бид өргөжин тэлж, математик, гадаад хэл, байгалийн ухааны төрөлжсөн хөтөлбөртэй 6-12 дугаар ангийн хүүхдийн буюу бүрэн дунд боловсролын сургууль статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
-Орон нутагт ерөнхий боловсролын сургалтын чанар муу байгаа учраас Улаанбаатар хотыг зорихоос өөр сонголт алга гэж иргэд ярьдаг. Тэгвэл танай сургууль энэ хэвшмэл ойлголтыг эвдэж, Улаанбаатар хотын өндөр төлбөртэй сургуулиудтай сургалтын чанараараа эн тэнцүү өрсөлддөг. Өнгөрсөн хугацааны амжилтаасаа дурдвал?
-Тийм ээ. Манайх хувийн сургууль биш төрийн өмчит сургууль. Гэхдээ бид орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит, төрөлжсөн хөтөлбөртэй сургууль хэрхэн үр дүнтэй ажиллаж болдог гэдгийг харуулж чадсан гэдгээрээ онцлогтой. Тухайлбал, манай сурагчид сүүлийн 10 жил ЭЕШ-ын оноогоороо 20-30 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулийн сурагчидтай ижил тэнцүү өрсөлдөж байна. 2025 онд ЭЕШ-ийн дундаж оноогоор улсдаа 12 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Улс, хувийн нийлсэн 700 гаруй сургуулиас эхний 20 байрт өндөр төлбөртэй сургуулиуд л багтдаг. Тэгвэл бид төрийн өмчийн сургуулиудаас ганцаараа 12 дугаар байрт орсон нь том амжилт.
-Танай сургуулийн сурагчдын ЭЕШ-ийн оноо улсын дунджаас дээгүүр байдаг гэсэн. Сургалтын арга барилаасаа сонирхуулбал?
-Манай төгсөгчдийн ЭЕШ-ын дундаж оноо улс болон аймгийн дунджаас тогтмол 100-110 оноогоор илүү байдаг. Сүүлийн 15 жилд 800 оноотой 31 хүүхэд төгссөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, сургалтын орчноос үл хамааран сурлагыг чанартай байлгаж болдог гэдгийг харуулсан. Сургалтын арга барилын хувьд анги дүүргэлтээ 34 хүүхдээс илүү гаргадаггүй. Мөн багш нарынхаа ур чадварт анхаардаг. Өнөөдрийн байдлаар манай сургууль 31 багштай. Үүний ес нь Монгол Улсын зөвлөх зэрэгтэй багш байна. Сайн багшаас сайн шавь төрдөг. Эдгээр 31 багш байгаа учраас сурагчид маань амжилттай сайн суралцдаг. Мөн хүүхэд нэг бүртэй ажиллах бус массын сургалтыг илүүд үздэг. Асран хамгаалагч, багш, сурагч гэсэн гуравласан харилцаанд анхаардаг.
-Сургалтын орчноос үл хамаарч сурлагын чанарыг сайжруулж болдог гэдгийг харуулж байна гэлээ. Одоог хүртэл анх тохижуулж орж байсан дотуур байрандаа үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Зориулалтын бус байранд буюу дотуур байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Зориулалтын бус байр учраас стандартын гал тогоо, байгалийн ухааны кабинет, дотуур байр зэрэггүй. Гэхдээ бид эцэг эх, орон нутгийн дэмжлэг, өөрсдийн боломж бололцоондоо тулгуурлаад сургалтаа явуулсаар байна.
-Сайнцагаан сум нийт хэдэн сургуультай вэ. Хэчнээн хүн амтай вэ. Боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдэж байна?
-Сайнцагаан сум нь нийт 18 мянган өрхтэй. Таван сургууль, нэг политехникийн коллежтой. Манай суманд бүртгэлтэй хэр нь хот болон Өмнөговьд ажиллаж, амьдардаг хүмүүс олон байдаг гэсэн. Боловсон хүчний асуудал аймгийн төвд харьцангуй бага. Сүүлийн гурван жилд Дундговь аймгийн тамгын газрын “Оюунлаг Дундговь”, “Хүний нөөцийг дэмжих хөтөлбөр” гээд боловсролын салбарыг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ нь орон нутагт багш нар тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлж өгч байна. Энэ жил манай сургууль математикийн сургалтын чанарыг сайжруулахаар Улаанбаатар хотоос багш урьж авчирсан. Тус багшийн амьдрах орон сууцны түрээсийг орон нутаг шийдэж өгч байгаа. Мөн тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болон үр дүнгээ ахиулсан багш нарт байрны урьдчилгаа, мөнгөн урамшуулал олгож байгаа нь хүний нөөцийн дутагдлыг арилгахад нөлөөлж байна. Бас нөгөө талдаа Улаанбаатар хотоос орон нутагт ажиллахыг хүсдэг багш нар олон болжээ. Манайх энэ жил нээлттэй ажлын байрны зар тавихад орон нутагт ажиллах сонирхолтой сайн багш нар холбогдсон. Гэхдээ тэд нэг л шаардлагыг тавьж байгаа юм. Тэр нь орон байраар хангах. Цаашид орон нутагт сайн багш нарыг аврахын тулд ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нь чухал байна. Тиймээс энэ чиглэлд төрийн зүгээс бодлого барьж ажиллаасай гэж хүсэж байна. Манай сургуульд ажиллаж буй багш нарын хувьд тогтвор суурьшилтай ажилладаг онцлогтой.
-Танай сургуульд ажилд орсон багш нар тогтвор суурьшилтай ажиллахад ажлын байрны орчин нөхцөл, байгууллагын уур амьсгал нөлөөлдөг байх?
-Багш нар маань ажлын байран дээрээ хамтарч хөгждөг. Энэ нь багш нар удаан ажиллахад нөлөөлдөг. Шинээр орсон багш маань ажлын хамт олныхоо дунд хөгжиж, суралцдагаараа онцлогтой.
-Ерөнхий боловсролын сургуулиуд бүс нутгаараа өрсөлддөг арга хэмжээ анх удаа болж байна. Энэ удаагийн арга хэмжээний ач холбогдол, үр нөлөө нь ямар байв?
-Багшийн цалин, ажиллах орчин нөхцөлийн асуудал ид яригдаж байна. Ялангуяа говь нутагт хүний нөөц бол тулгамдсан асуудал байдаг. Ер нь аль ч салбарт боловсон хүчнээ дэмжих нь чухал. Тэгвэл энэ удаагийн “Алтанзул” наадмын хувьд бүсийнхээ хэмжээнд сайн ажиллаж байгаа тэр дундаа багаараа хамтарч ажиллаж буй хүмүүсийг дэмжиж байгаа нь цаашид хамтын оролцоотойгоор урагшлах арга замыг нь нээж өгч байна гэж харсан. Манай хамт олны хамтарч ажилладаг арга барил энэ удаа давуу тал болж, шилдгээр шалгарах үндэс суурь боллоо гэж харж байна. Мөн бүсийн хэмжээнд харилцан туршлага солилцох боломж бүрүүлсэн. Ингэснээр бид аймгийнхаа хэмжээнд биш бүсийн түвшинд туршлага солилцох, сайн туршлагыг олж харж, хөгжих боломж бүрдэж байна. Боловсролын салбарыг дэмжинэ гэдэг хүний хөгжлийг дэмжиж байгаагийн нэг үндэс. Хүний хөгжлийг дэмжинэ гэдэг бол улс орон хөгжихийн нэг суурь гэж би хардаг. Манай хамт олон энэ наадмаас маш их урам авсан. Бодитой, шударга үнэлж, урамшуулсан нь сайхан санагдсан. Энэ нь эргээд боловсролын салбар болон багш мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлж, сурагчдаа улам чадавхжуулах боломжийг нээж өгсөн үйл ажиллагаа боллоо гэж харж байна. Цаашид үүн шиг илүү олон үйл ажиллагаа зохион байгуулагдаасай гэж хүсэж байна. Эцэст нь боловсролоо дэмжинэ гэдэг бүх зүйлийн хөгжлийн суурь гэж хэлмээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 191 (7688)