Төмөрбаатарын БАТСАЙХАН
Шүүгч бол шүүн таслах эрхийг хэрэгжүүлдэг онцгой субъект. Шүүгч нар үүрэг ажлаасаа өөр зүйл хийх боломж байдаггүй. Харин шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хэрэглэж байгаа хууль тогтоомжоо боловсронгуй болгох, шүүхийн тогтолцоог сайжруулах талаар санал санаачилга гаргах ажилд идэвхийлэн оролцох ёстой. Энэ бол зөвшөөрөгдсөн үйл ажиллагааных нь нэг. Шүүгчдэд энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь үе үеийн хууль тогтоомжуудад нээж өгсөн байдаг. 2021 оны Шүүхийн тухай хуулиар шүүгч болгон энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой зохицуулалтыг тусган өгч нийт шүүгчдийн чуулган зохион байгуулах болсон нь өөрөө удирдах байгууллагын хувьд чухал үйл явдал байлаа. Тэгвэл өчигдөр Төрийн ордонд нийт шүүгчийн гуравдугаар чуулган эхэллээ.
“Сонгууль”-тай чуулган
Ээлжит гуравдугаар чуулганд Монгол Улсын бүх шүүгч буюу 518 шүүгч оролцож байна. Нийт шүүгчийн чуулганы гурван эрх хэмжээ байдаг. Нэгдүгээрт, хэрэг хуваарилах нийтлэг журмаа батална. Энэ журам шууд хэрэгжээд явдаг учиртай. Хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуульд оруулах саналуудаа нэгтгэх. Гуравдугаарт, шүүхийн зохион байгуулалт, шүүгчийн нийгмийн асуудал, захиргааны шинжтэй ийм асуудлуудад саналуудаа мөн дэвшүүллээ. Мөн энэ удаагийн чуулганы нэг онцлог нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох сонгуультай. Ерөнхий зөвлөлд Анхан шатны шүүхээс найм, Давж заалдах шатны шүүхээс зургаа, Хяналтын шатны шүүхээс нэг, нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлжээ. Тэгвэл шүүгчийн зөвлөгөөн өнөөдөр үргэлжилж нийт шүүгчийн олонх саналаа өгснөөр ШЕЗ-ийн шүүгч гишүүний бүрэн эрх хэрэгжих юм. Тэгэхээр энэ удаагийн чуулганы гол онцлог нь сонгуультай болох нь. Мөн 2021 оны Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил боллоо. ШЕЗ-ийн нэг бүтэн бүрэн эрхийн хугацаа дууслаа. Энэ хугацаанд шинэ хуулийн зохицуулалт ямар үр дүнтэй байсан талаар тодорхой дүгнэлт хийж байна. Одоогоор Монгол Улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон 516 шүүгч байна.
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
Шүүгчийн чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, Монгол төрийн шүүгч хүн өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүйг санууллаа. Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирснээ онцолж, цаашид ч улам бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэе.
- Цаашид ч шүүх эрх мэдлийн байгууллагыг бэхжүүлэх, түүний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төрийн тэргүүн бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Мөн хууль зүйн салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд шүүх эрх мэдлийн бүхий л байгууллагууд нэгдмэл бодлогоор харилцан уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байна.
-Шүүхийн шинэтгэлийн бас нэг чухал ажил бол шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх байгуулах болон тойргийн зарчмаар ажиллах шүүхийг шинээр байгуулах явдал байсан билээ. Тэгвэл энэ хүрээнд Гэр бүл, хүүхдийн хэргээр дагнасан шүүх байгуулахаар шийдвэрлэсэн нь улсын үндэс болсон айл өрх, монгол хүний хөгжлийн асуудалд төр онцгой анхаарч байгаагийн илэрхийлэл юм.
-Цаашид та бүхэн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах механизмын үр нөлөөг дээшлүүлэх, хууль зүйн процессын шинэчлэлд онцгойлон анхаарах шаардлагатай байна.
-Шүүхийн шинэтгэлийг улам бүр гүнзгийрүүлэхэд Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл зорилго нэн чухал юм.
-Шүүх болон шүүхийн захиргааны байгууллага нь шүүх эрх мэдэл гэсэн нэгэн дээвэр дор хамтдаа зэрэгцэн оршдог учраас хуульд заасан хүрээнд зөв зохистой хэлбэрээр хамтран ажиллаж, шүүх байгууллагыг бэхжүүлэх үйл хэрэгт нэгэн сэтгэлээр зүтгэх явдал нэн чухал гэдгийг онцлон анхааруулж байна.
-Шүүгч Та бүхэн Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Монгол төрийн шударга ёсны гуйвшгүй ган бат багана билээ. Иргэд, олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлээс ямагт хүсэн хүлээж, шаарддаг зүйл бол шударга ёс, ёс зүй, сахилга, хариуцлага юм.
-Хууль зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг бол харин ёс зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэггүй гэдгийг шүүгч Та бүхэн ямагт ухамсарлаж, үйл хэрэгтээ чанд мөрдөж ажиллах учиртай.
-Шүүх эрх мэдэл бол ядарсан иргэний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах төрийн хууль цаазын ташуур юм.
-Тиймээс Монгол төрийн шүүгч Та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Монгол төрийн шүүгч Та улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй.Монгол Улсын язгуур эрх, ашиг сонирхол гэж байхаас байгууллагын ашиг сонирхол гэж хэрхэвч байх учиргүй.
-Шүүгч Та бүхэн хэн нэгний дарамт шахалтаар, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг дахин сануулан хэлье.Өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгч л хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж чадна.
-Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулиудаар Шүүхийн сахилгын хорооны чиг үүргийг тодорхойлж, шүүгчид сахилга, хариуцлагыг бие даан тооцож чаддаг болсон нь шүүхийн шинэтгэлийн салшгүй нэг хэсэг юм.
-Хэдийгээр энэ институц шүүх эрх мэдлийн тогтолцооны хувьд цоо шинэ биш боловч Үндсэн хуульд тусгайлан зааж, Үндсэн хуулийн байгууллага болгосон нь шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагад тавьж буй нийгмийн хүсэмжлэл байсан.Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд, үр дүнтэй ажиллаж байж сая шүүх засаглал өөрөө өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгнээсээ салж чадна.
-Сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх иргэдийн итгэл хамаарах бөгөөд үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог шүүх эрх мэдлийн бас нэгэн дархлаа Сахилгын хороо болж буй гэдгийг шүүгч та бүхэн ч бас ойлгож буй бизээ.
-Түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй бөгөөд та бүхний анхаарах бас нэг чухал зүйл бол шүүхийн нээлттэй, ил тод, түргэн шуурхай байдал юм.
-Ялангуяа олны анхаарал татсан, нийгмийг цочроосон хэргийн талаар бодит мэдээллийг хуулийн хүрээнд шуурхай өгч, иргэдийн эргэлзээг богино хугацаанд тайлж байх хэрэгтэй.
-Шүүх хавтаст хэрэгтэй биш, хүнтэй ажилладаг гэдгийг санаж, шүүх эрх мэдлийн ажлын үр дүнг хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл, түүнийг зөв тайлбарлан хүргэх юм гэдгийг ямагт санаж ажиллах учиртай.
-Эцэст нь хэлэхэд төрийн тэргүүн хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллах болно гэдгээ дахин илэрхийлж байна.
-Та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол гагцхүү Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хууль дээдлэх зарчим, Монголын ард түмний язгуур эрх ашиг гэдгийг үргэлж санаж яваарай гэлээ.
Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүүнзаяа: Шүүхийн аюулгүй байдлыг хангах дагнасан бүтэц байгуулна
-Шүүгчийн хараат бус байдалтай холбоотой эдийн засгийн баталгааг хангах, шүүгчийн орон тоо, цалин хангамж, ажиллах нөхцөл зэрэг асуудлуудыг цогцоор шийдвэрлэх чиглэлд өргөн хүрээний ажлыг хийсэн. Шүүхийн тухай хуульд орсон онцлох өөрчлөлт нь ШЕЗ шүүгчээ төлөөлдөг болсон буюу эрх ашгийг нь хамгаалдаг болсон. Дараагийн нэг чухал асуудал нь шүүхийн аюулгүй байдалтай холбоотой асуудал байгаа. Энэ талаар дагнасан бүтэц байдаггүй. Тиймээс энэ чиг үүргийг өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд 300 орчим алба хаагч ажиллаж байна.Одоогоор шүүхийн аюулгүй байдлыг хангах дагнасан бүтцийг бий болгохоор ШЕЗ, Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хуулийн төсөл боловсруулах үйл явц нэлээд үр дүнтэй байгаа.
Энэ бүтэц бий болсноороо шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах гэрч, хохирогч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах зэрэг иж бүрэн зохицуулалт бий болох давуу талтай. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүгчдээс нийтдээ 46 орчим мэдээллийг ШЕЗ-д ирүүлсэн байна. Хуулийн дагуу эдгээр нөлөөллийн мэдүүлгийг ШЕЗ-өөс эрх бүхий байгууллагат хүргүүлж, үр дүнг нь олон нийтэд мэдээлдэг. Нийт хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн тал орчим хувьд нь эрх бүхий байгууллагаас нөлөөлөхийг оролдсон этгээдүүдэд торгох болон бусад ял шийтгэлийг оногдуулсан дүнтэй байна. 10 гаруй нөлөөллийн мэдүүлэг одоогоор хяналт, шалгалтын түвшинд явж байна. Нөлөөлж байгаа субъектүүдийг судлаад үзвэл хэргийн оролцогч шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилж буруу мэдээлэл олон нийтэд тараах, шүүгчийг заналхийлэх тохиолдлууд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 191 (7688)