П.ЛХАГВАЖАРГАЛ

 

 

Монголчууд анх гэрэл зургийн хальснаа

 

Айл бүрийн эрээлэн гоёсон авдарт альбом гэх дурсамжийн ном нандигнан хадгалагддаг болоод хэдэн арван жилийг туулжээ. Тэнд л аав ээж, эмээ өвөөгийн тань цэцэг шиг залуу наснаас үр ачаа тойруулан өвгөд хөгшид болсон дүр төрх  хар цагаан, цаашлаад өнгө будаг алагласан гэрэл зургийн хэлбэрээр нандигнан хадгалагдаж, түүх бүтээсээр байна.

Тэгвэл монголчуудын гэрэлт зурагт дүрээ хамгийн анх мөнхөлсөн үеийг сөхвөл тэртээх 1845 он юм. Энэ нь Францын Шинжлэх ухааны академи 1839 оны есдүгээр хурлаараа гэрэл зургийг шинжлэх ухааны бүтээл хэмээн үзэж, тус оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг “Гэрэл зураг буй болсон өдөр” хэмээн тогтоосноос даруй зургаан жилийн дараа ажээ. Тодруулбал, 1845 онд ангийн арьс наймаалдаг франц худалдаачин Жан Пьер Алибер одоогийн Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойш 20 орчим километрт байрлах Ботогол хэмээх газар бал чулууны асар том орд нээжээ. Ингэхдээ дурсгал болгон нутгийн уугуул иргэд болох Түнхэний буриадууд, манж ноён болон европ хүнийг гэрэл зурагт тодорхой буулгажээ.

Энэ тухай Гайл Букланд 1980 онд “Анхны гэрэл зургууд” номдоо “Хоёр өөр иргэншил, ертөнцийн уулзалт мэт санагдах энэ зураг нь мөн Сибирийн анхны гэрэл зураг гэж тооцогддог” тухай дурджээ.

Үүнийг Соёлын гавьяат зүтгэлтэн, фото сэтгүүлч, судлаач С.Цацралт “Арт аялал” судалгааны явцад “Анхны гэрэл зургууд” цомгоос шинээр олж тогтоосон нь Монголын анхны гэрэл зургийн он цагийг 30 жилээр урагшлуулжээ. Тухайлбал, 1874 оны долоодугаар сарын 16-24 хүртэл Өргөөд ес хоносон Оросын гэрэл зурагчин А.Э.Боярский Богдын Шар ордон Дэчингалаа хийдийн зургийг дарсан байдаг ажээ. Энэ мэтээр Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжих бэлтгэл ажил хангагдаж байв.

 

90 жилийн түүхт Монголын гэрэл зургийн алба

Ийнхүү он цагийн урсгалаар 1923 оны долоодугаар сарын 18-ны өдөр хуралдсан Бүх Монголын хувьсгалт залуучуудын төлөөлөгч нарын хоёрдугаар их хурлын тогтоолд "... тус эвлэлийн гишүүдээс ухаан сэргэлэн хэдэн хүнийг зураг авах ба цахилгаан сүүдэр гаргах сургуульд боловсруулан зураг авах, цахилгаан сүүдэр гаргах зэрэг ажил хийлгэвээс орлоготой болохоор үр барам эрдмийн зүйлд холбогдоно” гэсэн нь гэрэл зургийг хөгжүүлэхэд анхны алхам нь болсон гэж судлаачид үздэг байна.

 Түүнчлэн 1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр Сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Монголд кино, гэрэл зургийн албыг албан ёсоор байгуулж, ЗХУ-аас мэргэжилтнүүд урьж байжээ. Үүнээс улбаалан 1937 оноос фотосэтгүүл зүй үүсэж хөгжиж, Үнэн, Ардын үндэсний эрх, Улаан од зэрэг төвийн хэвлэлүүд фото мэдээ, сурвалжилга, хөрөг тогтмол гарах болсон байна. Ингэхдээ В.Бадам, М.Гомбожав, Б.Чойжинням нар анхны гэрэл зурагчнаар ажиллаж байв. Ийнхүү Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөн бол өнөөдөр 90 жилийн ойтойгоо учран золгожээ. Үүнтэй холбогдуулан “Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд зохион байгууллаа.

Тус хуралд Монгол, Америк, Япон, Австрали зэрэг улсаас 22 судлаач илтгэл хэлэлцүүлсэн юм. Тухайлбал Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, фото сэтгүүлч, доктор Ц.Батбаатар нийтлэлийн эхэнд дурдсанчлан Монголын гэрэл зургийн үүсэл хөгжлийн тухай өгүүлэв. Мөн Академич С.Чулуун “Монголын тухай гэрэл зураг нь түүх судлалын эх сурвалж болох нь”, АНУ-ын Конгрессын номын сангийн судлаач, доктор М.Саруул-Эрдэнэ “АНУ-ын Конгрессын номын дахь Монголын холбогдолт гэрэл зураг”, Мастер гэрэл зурагчин, фото сэтгүүлч П.Баттулга “Мартагдсан шинэ буюу хальсны гэрэл зургийн өнөөдөр” зэрэг сонирхолтой илтгэлээр хуран цугласан олны сонорыг мялаасан юм.

 

Моод эргүүлсэн хальсны камер

 

Моод эргэнэ гэдэг. Магадгүй дахин давтагдашгүй үнэ цэнтэй болоод тэр байх. Тиймдээ ч өдгөө залуучуудын дунд пянз эргэн эрэлттэй болж эхэлсэн. Үүний адил хальсны камер эргээд гэрэл зураг сонирхогчдын дунд хэрэглэгдэх болжээ. Энэ тухай гэрэл зурагчин П.Баттулгаас тодруулахад “Хальсны гэрэл зураг Монголд төдийгүй Ази, Европт эргээд моод болж байна. Дижиталаар зураг дардаг хүмүүс хальсны гэрэл зургийг өртөг өндөртэй гэж бодоод халгадаг. Үнэн хэрэгтээ хуучин хэр нь ажиллагаа нь хэвийн 100-200 орчим ам.долларын камер, 10 ам.долларын хальсаа Америкаас захиж авчраад гэртээ боловсруулах боломжтой. Гэхдээ бүх зургаа хальсны камераар дар гэж уриалж байгаа юм биш. Энэ нь боломжгүй.

Харин дижиталынхаа хажуугаар давхар авч, ур чадвараа хөгжүүлээч гэж байгаа юм. Учир нь 35 мм-ын хальс гэхэд 36 кадр аваад дуусчихдаг тул хязгаарлагдмал. Иймд кадраа бодож, гамнаж, хүлээж, зургаа үнэлнэ. Үүний дараа хальсаа угааж боловсруулах хүртэл зурагчин догдлоод байна. Ингэж дарсан зураг нь сэтгэлд нь нийцэж баярлах тэр мэдрэмж гэрэл зургийн ертөнцөд ховор” гэсэн юм.

 

“Гэрэл зургийн мөн чанарыг ойлгож бүтээл туурвидаг, үүний төлөө цохилдог зүрх нэмэгдсэнээр энэ алба илүү хөгжинө”

 

Гэрэл зураг нь баримтат, хөрөг, бай­галийн гэхчлэн олон төрөл зүйлээр хөг­жихөөс гадна гадаад харилцаагаа өр­гөжүүлэн тэлсээр байна. Энэ дундаа барим­тат гэрэл зураг нь нийгмийн түүх, асуудлыг хадгалж үздэгээрээ онцлог юм. Түүнчлэн баримтат гэрэл зургийн томоохон төлөөлөгч нь гэрэл зурагчин Батзориг юм. Түүнээс хойш энэ төрлийн гэрэл зургийг хөгжүүлж буй цөөнгүй гэрэл зурагчдын нэг нь Батзориг сангийн гүйцэтгэх захирал  Д.Давааням билээ. Тэрээр нийт гэрэл зурагчин, сонирхогч, үзэгчдэд 90 жилийн ойн мэнд дэвшүүлэхийн сацуу “Гэрэл зургийн архив, хадгалалт, хамгаалалт ямар шатандаа явна гэхчлэн анхаарал хандуулах асуудлууд байсаар байна. Мөн технологи хөгжлөө гээд гэрэл зураг хөгжиж байгаа гэсэн үг биш. Харин гэрэл зургийн цаад мөн чанар, үнэ цэн, зарчмаа ойлгож, үүний төлөө цаг заваа зориулж уран бүтээл туурвиж, ном бүтээл, үзэсгэлэн гаргадаг цохилох зүрх нэмэгдсэнээр энэ алба хөгжиж байна гэж ойлгож болох байх. Гэрэл зурагчид маань ч тэр тал руу тууштай хандаж, дараагийн зорилгуудаа бодлогын түвшинд төлөвлөх хэрэгтэй байна” гэсэн юм.

Энэхүү зуун дамжсан хөгжлийн зам­налд үе үеийн эмэгтэй гэрэл зу­раг­чид цөөнгүй байсан бөгөөд ин­гэхдээ 2010-аад оноос илүүтэй нэмэгдсэн тухай Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Отгонжаргал мөн хуваалцсан билээ. Түүнчлэн тэд хамтран “Бүсгүй мэлмий” клубээ байгуулан, нэгдсэн  бүтээл, үзэсгэлэнгээ туурвиад 15 жил болжээ. Тухайлбал, “Бүсгүй мэлмий 1, 2, 3”, “Таван амьдрал”, “Таван өнгө”, “Жим ба жигүүр” гэхчлэн эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн гаргасаар байгаа билээ.

Байгаль, нийгэм, хүмүүний ертөнцийн ой санамж болж, дахин дамтагдашгүй торон мөчийг гэрэл зурагт буулгасан энэ л албаныхны түүх үеийн үед үргэлжилсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7687)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.