Англи хэлнээс хөрвүүлсэн тоймч В.АРИУНЧИМЭГ

 

Geopoliticalmonitor сэтгүүлийн дүн шинжилгээний нийтлэл   

 

АНУ-Хятадын харилцаа геополитикийн хурцадмал байдлаар тодорхойлогдож буй өнөө үед тус хоёр гүрэн XXI зууны стратегийн хувьд хамгийн эмзэг нөөц болох газрын ховор элементийн төлөө нэлээн ширүүн өрсөлдөж байна. Эдгээр ашигт малтмал нь цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин турбин, ухаалаг гар утас, пуужингийн чиглүүлэгч системд зайлшгүй шаардлагатай. Вашингтон нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлж, дотоодын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх замаар стратегийн эмзэг байдлаа бууруулах арга замуудыг эрэлхийлсээр байгаа хэдий ч Хятадтай харилцан хамааралтай, өндөр өртөгтэй нийлүүлэлтийн сүлжээний тасалдал бүхий сонгомол хамтын ажиллагаатай байгаа. Ашигт малтмалын эцсийн хэрэглээнээс хамааран газрын ховор элементийн салбарт АНУ, Хятад хоёр яг ижил өрсөлдөгч, хамтрагчид юм. Энэхүү шинээр бий болж буй үзэгдэл нь их гүрнүүд дайсагналцах үедээ ч харилцан хамаарлаа хэрхэн зохицуулдаг тухай ойлголтыг өгч байдаг.

2025 оны зургаадугаар сард Хятад улс АНУ руу ойролцоогоор 353 метр тонн газрын ховор соронз экспортолсон нь өмнөх сараас 660 хувийн өсөлттэй байгааг харуулсан. Хятад улс 2025 оны дөрөвдүгээр сард соронз тээвэрлэлтэд тавьдаг лицензийн шаардлагыг зогсоохоор шийдвэрлэсний дараа Вашингтон, Бээжин хоёр зарим төрлийн газрын ховор элементийн экспортын хяналтыг хөнгөвчлөх талаар урьдчилсан тохиролцоонд хүрсний үр дүнд соронзын экспорт өссөн юм. Хятадын газрын ховор соронзын нийт экспорт зургаадугаар сард дэлхий даяар 3.188 тонн хүрч, тавдугаар сараас 158 хувийн өсөлттэй гарав. АНУ нь газрын ховор соронзын салбарт Германын дараа хоёр дахь том хүлээн авагч болсон. Байдены засаг захиргаанаас тавьсан технологийн экспортын хяналт, Бээжингийн хариу арга хэмжээнээс үүдэлтэйгээр зөрчилдөөн үүссэн ч газрын ховор элементийн худалдаа нь буураагүй. Зөвхөн газрын ховор соронзны худалдаа хоёр том гүрний зөрчлийг бус харин тэдний стратегийн тооцооллыг л тодруулж буй юм. АНУ-ын компаниуд газрын ховор элементийн хомсдолтой гэнэт тулгарсан учраас Хятадаас ховор элемент оруулах зөвшөөрөл авахын төлөө боломж эрэлхийлсэн бол Бээжин хиймэл оюуны чип, хагас дамжуулагч зэрэг салбарт давуу тал олж авахын тулд газрын ховор элементийн экспортын зөвшөөрлийг хэлэлцээний арга хэрэгсэл болгон ашигласан юм.

 

Цэргийн салбар дахь газрын ховор элементийн стратегийн хориг

 

Зарим нэр төрлийн газрын ховор элементийн худалдааны урсгал сэргэсэн хэдий ч Хятад улс Локхид Мартин, Рэйтеон зэрэг АНУ-ын зэвсгийн худалдааны компаниудад нийлүүлдэг газрын ховор элементүүдийн экспортыг хязгаарласаар байна. 2025 оны дөрөвдүгээр сарын 4-нд Хятад улс долоон нэр төрлийн газрын ховор элемент (диспрозиум, гадолиниум, лютециум, самариум, скандиум, тербиум, иттриум) болон батлан хамгаалах, эрчим хүч, автомашины салбарт ашиглагддаг соронзын экспортод хязгаарлалт тавьсан. Энэ хязгаарлалтын улмаас экспортлогчид ялангуяа батлан хамгаалах зориулалтаар хэрэглэгдэх тохиолдолд тусгай нөхцөл шаардах эсвэл буцаагдаж ч болзошгүй нэмэлт лиценз авах шаардлагатай болсон. Энэхүү сонгомол хязгаарлалт нь иргэний худалдаанаас олж буй ашиг орлогыг тогтвортой барих зуураа цэрэг армийн салбарт хязгаарлалт тогтоох зорилготой Хятадын эдийн засаг, улс төрийн өргөн хүрээний стратегийг тодорхой харуулж буй юм. Батлан хамгаалах салбарын аж үйлдвэрүүдэд голлон хэрэглэгддэг ашигт малтмалуудыг хориглож, иргэний салбаруудад газрын ховор элементийн нөөцийг хангалттай нийлүүлсээр байгаа нь Бээжин эдийн засгийн харилцаагаа нураахгүйгээр харилцан хамаарлыг зэвсэг болгон ашиглах чадвараа харуулж байна. Тиймээс Тесла, Эппль зэрэг компаниуд цахилгаан тээврийн хэрэгсэл, ухаалаг гар утасны үйлдвэрлэлд шаардлагатай газрын ховор элементээр тасрахгүй, харин Пентагон өөр боломжит хувилбаруудыг эрчимтэй хайхаас аргагүйд хүрч байна. АНУ-ын батлан хамгаалахын төлөвлөгөө боловсруулагчдад үзүүлэх нөлөө нь их юм. Газрын ховор элемент нь пуужингийн чиглүүлэгч систем, нисгэгчгүй онгоц, радарын систем, тийрэлтэт хөдөлгүүрт зайлшгүй шаардлагатай. Хэрвээ газрын ховор элементийн нийлүүлэлт тасарч, тэр ч байтугай өөр эх үүсвэрээс нийлүүллээ ч, Америкийн зэвсэг үйлдвэрлэгчдийн хувьд худалдан авалтын мөчлөгийг хойшлуулж, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлнэ. Иймээс АНУ газрын ховор элементйин эх үүсвэрээ төрөлжүүлэх, стратегийн нөөц бий болгох, дотоодын боловсруулах хүчин чадалд хөрөнгө оруулах зэргээр хүчин чармайлтаа идэвхжүүлж байгаа. Энэ тактик нь шинэ зүйл огт биш. 2010 оны Сэнкакугийн арлуудын маргааны (Хятадад Диаоюгийн арлууд гэж нэрлэгддэг) үеэр Хятад улс газрын ховор элементийн экспортыг түр хугацаагаар зогсоож, геополитикийн хөшүүрэг болгохын тулд чухал ашигт малтмалыг зэвсэг болгон ашиглахад бэлэн байгаагаа харуулсан юм. Бээжингийн одоогийн арга барил нь илүү болгоомжтой байна. Хятад улс одоо бүрэн хориг тавихын оронд стратегийн улаан шугамаа бэхжүүлэх үүднээс тодорхой салбарт чиглэсэн хориг дээр төвлөрч байна.

 

Газрын ховор элементийн салбарт хэсэгчлэн хориг тавих нь өнөө үед яагаад тохиромжтой вэ?

 

Хэсэгчлэн хориг тавихаас илүүтэй бүрэн хориг тавих нь улс орнуудад үндэсний аюулгүй байдлын гол салбаруудаа хамгаалахын зэрэгцээ харилцан хамааралтай салбаруудад хамтын ажиллагааны харилцаа холбоог хадгалах боломжийг олгодог. Энэ нь эдийн засгийн харилцаагаа бүрэн таслахгүйгээр геополитикийн реализмыг бодитоор харуулдаг харилцан хамаарлыг илэрхийлж байдаг. АНУ-ын хувьд салбараар нь хориг тавих нь газрын ховор элементийн нийлүүлэлтийн тасалдал гэхээс илүүтэй буфер бүс бий болгохын тулд дотоодын нийлүүлэлтдээ хөрөнгө оруулж, дахин тохируулга хийнэ гэсэн үг юм.Эппль компани Хятадын соронзоос хамааралтай байдлаа бууруулах зорилгоор Техаст газрын ховор соронзын үйлдвэр барихад Эм Пи Материалс компанид 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүнтэй адил Пентагон Эм Пи Материалс компанийг үргэлжлүүлэн санхүүжүүлж, дотоодын үйлдвэрлэлийн суурь хүчин чадлыг хангахын тулд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх замаар хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ.

АНУ хоёр чиглэлд хориг тавьж байгаа. Тухайлбал, богино хугацаанд тогтвортой байдлаа хадгалахын тулд газрын ховор элементийн тодорхой салбарт Хятадтай хамтран ажиллаж, урт хугацаандаа харилцан хамаарлыг бууруулахын тулд Австрали, Канад, Япон, Украин, Вьетнам, Европын Холбоо зэрэг дунд болон жижиг улсуудтай стратегийн түншлэл бий болгон Хятадын эсрэг хязгаарлалт тавьж байна. Энэ хосолсон арга барил нь хориг хязгаарлалт хийх нь бага буурай улсуудын эрсдэлийн менежментэд хязгаарлагдахгүй, харин олон туйлт тодорхойгүй байдлыг даван туулж буй их гүрнүүдийн томоохон стратеги байж болохыг баталж байна. Эдгээр хамтын ажиллагааны зохицуулалт нь газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт, дахин боловсруулалтын хамтарсан үйлдвэрүүдийг хамарч, ялангуяа Хятадаас хэт хамааралтай байдлыг бууруулж байгаа юм. Иймэрхүү санаачилгууд нь АНУ илт сөргөлдөөн хийлгүйгээр бүтцийн хамгаалалтын бүс бий болгодог гадаад хязгаарлалтын өргөн хүрээний стратеги ямархуу байдлаар үйлчилдэг вэ гэдгийг илтгэж байна.

Хятадын хувьд сонгомол хязгаарлалт нь экспортын зах зээлээ нураалгүйгээр хөшүүрэг ашиглах боломжийг олгодог. Хятад улс бүх төрлийн газрын ховор элементийн олборлолтын салбарт давамгайлдаггүй боловч газрын ховор соронзын 85-90% ялангуяа иргэний болон цэргийн технологид чухал ач холбогдолтой хайлшсан неодим соронзын дийлэнх хувийг үйлдвэрлэдэг юм. Энэхүү үйлдвэрлэлийн давамгайлал нь Хятадад геополитикийн улаан шугамыг давах хүртэл худалдааны салбарт найдвартай ханган нийлүүлэгч байх боломжийг олгодог.

 

Хязгаарлалт ба шинээр гарч буй эмзэг байдал

 

Өнөөг хүртэл газрын ховор элементийн салбарт эрсдэлээс хамгаалах бодлого барих нь сул талуудыг бий болгож ирсэн. Газрын ховор элементийг ялгах, цэвэршүүлэх үйл явц нь маш нарийн төвөгтэй бөгөөд Хятад улс технологи, дэд бүтэц, аж үйлдвэрийн хүчин чадал зэрэгт олон арван жилийн турш хөрөнгө оруулалт хийснээр ихээхэн давуу талтай хэвээр байна. Австрали, Вьетнам, АНУ-ын газрын ховор элементийн эх үүсвэрүүд зардал, зохицуулалт, байгаль орчны асуудлаас шалтгаалан хязгаарлагдмал хэвээр байна. Тайваний хоолойн хямрал гэх мэт аливаа геополитикийн хурцадмал байдал нь эдгээр эх үүсвэрийн нийлүүлэлтийн сүлжээг шууд таслах эрсдэлтэй. Газрын ховор элементийн салбарыг эрсдэлээс хамгаалах нь АНУ-Хятадын харилцаанд үл итгэх байдлыг арилгадаггүй, харин зөвхөн хагарал, зөрчлийн хугацааг хойш татаж байдаг. Жишээлбэл, хэрэв хиймэл оюун ухаанд суурилсан зэвсгийн системүүд газрын ховор элементээс ихээхэн хамааралтай болвол өнөөгийн иргэний хамтын ажиллагааг эргэн харахаас аргагүй болж магадгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 186 (7683)