П.АМГАЛАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор “Сумади” эмнэлгийн ерөнхий эмч, захирал Р.Молорыг урьж, ярилцлаа.

 

-“Алтан тун” уламжлалт анагаах ухааны өдөрлөгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Алтан тун” уламжлалт анагаах ухааны өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил их онцлогтой. Уламжлалт анагаах ухааны өдөртэй болохын тулд бид сайн өдрийг сонгож намрын дунд сарын шинийн 12 буюу аравдугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагт Хүүшийн аманд байрлах Нарванчин гэгээний хийдэд зохион байгуулах юм. Энэ арга хэмжээ маань өглөө 09:00 цагаас эхлээд бүтэн өдөр үргэлжилнэ.

“Алтан тун” уламжлалт анагаах ухааны өдөрлөгийг зохион байгуулахаар сонгосон энэ өдөр Зая гэгээний хийд дээр анагаах ухааны дөрвөн үндсийг болон бусад олон чухал гарын авлагыг номлож эхэлсэн байдаг. Мөн ламын гэгээний хийд дээр Мамба дацан буюу анхны эмчийн сургуулийг байгуулсан өдрийг сонгосон юм.

Энэ өдөр олон төрлийн цогц арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Жишээлбэл, иргэдэд зориулсан уламжлалт анагаах ухааны танин мэдэхүйн лекц, эрүүл мэндийн сургалт, зөвлөгөөг өгнө. Түүнчлэн уламжлалт анагаах ухааны мэдлэг, мэдээллийг танилцуулах, эмнэлгүүдийг сурталчлах, үнэ төлбөргүй эмчийн үзлэгт хамрагдах гээд цогц үйлчилгээ авах боломжтой. Өдөрлөгт 30 гаруй эмнэлэг, эмийн үйлдвэр, байгууллагууд оролцоно.

-Уламжлалт анагаах ухааны өдөртэй болсноор ямар ач холбогдолтой вэ?

-Мэдээ мэдээллийг олон сувгаас авах боломжтой болсон энэ цаг үед уламжлалт анагаах ухааны талаарх үнэн, зөв мэдлэг, мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх юм. “Алтан тун” өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд мэргэжлийн эмчид үзүүлж сургалт, зөвлөгөө авах боломжтой.

-Таны хувьд уламжлалтын анагаах ухааны салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би 22 дахь жилдээ ажиллаж байна. Уламжлалт анагаах ухааны сургуулиудад бариа заслын хичээл ордог. Аавын маань хувьд ч гэсэн анх уламжлалтын сургуулиуд үүсгэн байгуулагдахад хичээл ордог байсан.

-“Сумади” эмнэлгийн хувьд бариа заслын эмчилгээгээрээ илүү алдартай. Ихэвчлэн ямар оноштой хүмүүс үйлчлүүлдэг вэ?

-Нуруу өвдсөн хүмүүс манай эмнэлгээр үйлчлүүлэх нь их байдаг. Нурууны өвчин хурдан хугацаанд үүссэн зүйл биш. Нурууны өвчин сэдэрч байгаа болохоос биш явц нь бол удаан. Жишээлбэл, сууж хэвшсэн ажил, амьдралын дадалтай холбоотой. Цүнхээ нэг талдаа үүрдэг, удаан хугацаанд суугаа ажил хийсэн зэрэг дадал нөлөөлдөг. Өвчин архаг чанартай байдаг бол өвдөлт шинэ илэрч байдаг. Үүгээрээ л ялгаатай.

Шинэ доргилт гэмтлийн үед бариа засал хурдан хугацаанд үр дүнгээ үзүүлэх боломжтой. Харин архаг чанартай буюу өвчин сэдрэх түвшинд байсан үед нь бариа засал хийж, сунгах техник ашиглахаар өвчин улам нэмэгддэг. Энэ нь манайхны ярьдгаар хууч хөдөлж байна гэсэн үг. Гэхдээ энэ үед эмчилгээ үргэлжлэх ёстой. Энэ өвдөлт нь 3-5 хоногтоо хэвийн болно. Ер нь эмчилгээний дундаж хоног 7-10 хоног байдаг.

Сүүлийн үед хүмүүс биедээ их анхаардаг болжээ. Янз бүрийн шинжилгээнүүдийг сайн өгдөг болсон байна. Гэхдээ эмчилгээ хийлгэж чадахгүй орхих тохиолдол байна. Мэргэжлийн эмчид үзүүлээд ямар шинжилгээ өгвөл зохистой вэ гэдгээ тодорхойлуулсны дараа шинжилгээ өгч, эрүүл мэндээ хянах нь хамгийн зохистой.

-Өдөржин суугаа ажил хийдэг хүмүүст хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Хоёр цаг тутамд 10-30 минутын хугацаанд биеийнхээ чилээг гаргаж байх хэрэгтэй. Ойр зуур босож явах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Хүний мөрний үе хөдлөхгүй их удахаараа хүзүү сээрний мурийлт, суулт, өөрчлөлтийг үүсгэдэг.

-Нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар дасгал хөдөлгөөнийг дадал болговол үр дүнтэй вэ?

-Хэмжээт алхалт чухал үр дүнтэй. Нас насанд болон тухайн өвчинд тохирсон хэмжээт алхалт хий ёстой. Өмнө нь рашаан сувиллууд үйлчлүүлэгчийн өвчин, насанд тохирсон хэмжээт алхалтыг тодорхойлж өгдөг байсан. Хэмжээт алхалтыг эргэж сэргээмээр байна. Энэ нь бүх өвчнийг эдгээхэд тустай. Уламжлалтын анагаах ухаанд хөлс гаргахгүй алхах нь явдал мөрийн дээд гэдэг. Хоол идсэний дараа алхах нь хоолны шингэцэд нөлөөлөхөөс гадна ажлын бүтээмжид ч гэсэн сайнаар нөлөөлдгийг орчин үеийн судалгаанууд харуулж байна. Оройн хоолны дараа алхах нь илүүдэл жин, нурууны өвчин, үе мөчний бусад өвчлөл, судасны бүдүүрлээс сэргийлэх үндэс болдог.

-Ханиад, томууны улирал эхэлж байна. Энэ үед хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Ханиадны үед хоол ундаар, явдал мөрөөр эмчлэх тухайд эмч мэргэжилтний зөвлөгөөг авах хэрэгтэй. Намрын ханиад шарын хувь ихтэй байдаг учраас хөлөргөх нь илүү тустай. Хаврын ханиад хийн хувь их байдаг учраас дулаалах, бүлээн чанарыг шүтэх нь тустай. Түүнээс биш ямар нэгэн эмийг тусгайлан тэр л ханиаданд сайн гэж хэлэх боломжгүй. Өөрийнхөө бие махбодод тохирсон эмчилгээг хийлгэх нь зөв юм.

Заавал эм уухгүйгээр ч гэсэн эдгэх боломж бий. Тэр тусмаа ханиаданд утлага сайн үр дүнтэй. Учир нь ханиадны нян хүйтэнд тэсвэртэй, халуунд тэсвэр муутай учраас халуун уураар утах нь сайн.

Мөн жамц давс халуун усанд буцалгаад хоолойгоо зайлах хэрэгтэй. Мөн хөлөрсөн үед дулаалж байна гээд бигнэх нь тийм сайн биш. Намрын улиралд жаахан жиндэхэд гэмгүй байдаг. Тэр тусмаа залуу хүмүүст илүү эмчилгээ болно. Нойтон үстэй, малгайгүй салхинд явах нь тархины судасны нарийсал, хатууралд хүргэх эрсдэлтэй. Жиндэх нь сүүлдээ ямар байдлаар илэрдэг вэ гэхээр 40-өөс дээш насанд эмэгтэйчүүд хамгийн тулгуур үе буюу өвдөгний үе дээр асуудал үүсэж эхэлдэг.

-Манай уламжлалт анагаахын салбарын хөгжлийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Манай эмнэлгээр үйлчлүүлдэг байсан орчуулагч эмэгтэй “1970-аад онд Чехээс ирсэн хоёр хүн танайд судас барьж оношилдог хүн байгаа гэсэн. Олж өгөөч гэжээ. Тэгээд Алтангэрэл маарамбаас зөвшөөрөл аваад үзүүлээд, баяртай буцсан” гэдэг. Тэд хаанаас Монголын уламжлалт анагаах ухааны талаар мэдсэн бэ гэхээр Европ, Польш, Чех оронд эртнээс мэддэг.

Манай уламжлалт анагаах ухааны салбар олон жилийн турш хаалттай байж байгаад дахин сэргэж байна. Дахин сэргэсэн хугацаа нь харьцангуй залуу 30-аад жил болж байна. Манай анагаах ухаан 5000 жилийн түүхтэй. 5000 жилийн турш шалгарч ирсэн технологи, эм эмчилгээ гэж ойлгож болно. Цаашид өсөж дэвших бололцоо бүрдсэн цаг үедээ байна гэж дүгнэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 186 (7683)