П.АМГАЛАНБАЯР
Мөн ЭМЯ, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Бие бялдар сэргээн засах судлалын монголын нийгэмлэг нь “Сэргээн засахын нийгэмлэгийн 20 жил – Хүртээмжтэй ирээдүйн төлөө” сэдвийн хүрээнд уг чуулганыг зохион байгуулсан юм.
Чуулганд УИХ гишүүн, нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуун, “Rehabilitation International” олон улсын байгууллагын тэргүүн, Германы сэргээн засах нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Европын сэргээн засахын академийн удирдах зөвлөлийн гишүүн Кристоф Гүтенбрүннер, “Бие Бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хүндэт гишүүн, зөвлөх, Хонг Конгийн Сэргээн засах анагаах ухааны нийгэмлэг, ДЭМБ-ын хамтын ажиллагааны төвийн мэргэжилтэн Шейла Пурвэс, БНХАУ-ын “Сужоу Хаобро” эмнэлгийн тоног төхөөрмж ХХК-ны Пэн Жэньнянь, ХБНГУ-ын Спорт, дасгалын шинжлэх ухааны болон спортын сэтгэл судлалын докторант Александер Микус нарын гадаадын зочид төлөөлөгчид оролцлоо.
О.Саранчулуун: Сэргээн засах тусламж үйлчилгээ бол маш олон салбарын цогц юм
Энэ үеэр УИХ-ын гишүүн, нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулууны сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр “Хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хоёр шалтгаан байдаг. Нэгдүгээрт, ээжээсээ төрөхдөө буюу төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болсон. Хоёрдугаарт, олдмол буюу амьдралын явцад гадны нөлөөтэй, эсвэл өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болох гэсэн шалтгаан бий.
Бид сэргээн засалт гэсэн маш чухал сэдвийн хүрээнд ярилцаж байна. Сэргээн засах тусламж үйлчилгээ бол маш чухал. Өртөг өндөр, урт хугацааны, зан үйл шаардсан цогц үйлчилгээ юм. Сэргээн заслыг биеийн, сэтгэл зүйн, нийгэм , хүрээлэн орчин гэсэн дөрвөн төрөлд хувааж үздэг.
Биеийн эрүүл мэнд тал дээр эмч, сувилагчид эмчилгээ хийж сэргээн засдаг. Харин нийгмийн сэргээн заслыг нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, хөдөлгөөн засалч, хэл засалч, хоол зүйч, нийгмийн ажилтан зэрэг чухал үүрэгтэй. Сэргээн засах тусламж үйлчилгээ бол маш олон салбарын цогц үйлчилгээ юм.
Ер нь эрт оношилж, хүүхэд наснаас нь сэргээн засах үйлчилгээнд хамруулбал бага бэрхшээлтэй илүү биеэ дааж, баялаг бүтээдэг хүн болох боломжтой.
Сэргээн засах эмчилгээг зөв хийх юм бол эргээд өмнөх амьдралын хэв маягтаа орох боломжтой. Ер нь сэргээн засах тусламж үйлчилгээнд оруулсан нэг төгрөг эргээд 3-4төгрөг болж өсдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сэргээн засалт бол хөрөнгө оруулалт юм. Сэтгэл зүйн, бие бялдраа буцааж байгаа, нийгмийн харилцаад буцаад орж байгаа хөрөнгө оруулалт гэдэг талаас нь бид харах хэрэгтэй. Мөн ахмад настнуудад маань ч гэсэн сэргээн засалт хэрэгтэй байдаг.
Тулгамдаж буй гол асуудал нь Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд сэргээн засахын үйлчилгээ маш бага, бараг тусгагдаагүй. Энэ нь өвчнөөсөө шалтгаалаад янз бүр байгаа. Үүн дээр анхаарах хэрэгтэй байна. Хоёрдагаарт, халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого яриад байгаа боловч сэргээн засалт, ниигмийн ажилгүйгээр энэ бодлого хэрэгжих боломжгүй. Халамжийн улс боллоо гэж яриад байгаа мөртлөө нөгөө талдаа халамж авч байгаа хүмүүсээ хөдөлмөр эрхлэх нөхцлийг нь бий болгохын тулд сэтгэл зүйн сэргээн засал хэрэгтэй байна. Бие бялдарын хувьд эрүүл хүн яагаад ажил хийхгүй байна гэхээр тухайн хүний сэтгэл зүйд нь асуудал байна гэсэн үг. Тиймээс сэтгэл зүйн сэргээн засал хэрэгтэй. Гэтэл энэ үйлчилгээг хаанаас авах нь ойлгомжгүй байна. Тиймээс сэргээн заслын бодлогоо цэгцлэх шаардлагатай байна” гэдгийг онцоллоо.
“Сэргээн засах тусламж үйлчилгээний хүний нөөцийн асуудал дутмаг байна”
“Сэргээн засалт ба хөгжлийн бэрхшээл” үндэсний чуулганд аймаг, дүүргийн 200 гаруй сэргээн засахын эмч, мэргэжилтнүүд, ахмад эмч нар болон сэргээн засахын чиглэлээр анагаахын ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд оролцсон юм. Түүнчлэн “Монголын бие бялдар Хөдөлгөөн заслын холбоо”, “Монголын Хөдөлмөр заслыг холбоо”, “Тэгш Нийгэм Холбоо”-ны тэргүүнүүд оролцож салбарт тулгамдаж буй, асуудал, боломж, шийдлийн талаар ярилцлаа.
Чуулганы хүрээнд цаг үеэ олсон маш хэрэгцээтэй асуудлуудыг ярьж, хөндөж байна гэдгийг “Энх саран сэргээн засах төв”-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан захирал Д.Пүрэвсүрэн хэллээ. Тэрээр “Хүмүүс сэргээн засах тусламж үйлчилгээ гэдгийг тэр бүр мэддэггүй. Гэвч хатгаа авсан ч гэсэн гүйцэт эдгээхийн тулд сэргээн засах эмчиллгээ хийх шаардлагатай байдаг. Сэргээн засах тусламж үйлчилгээ гэдэг бол манай улсын маш чухал бөгөөд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа отгон салбаруудын нэг.

Насжилттай холбоотой ахмад настнууд болон ихэнхдээ залуучууд маань осол гэмтэл, зүрх судасны асуудлаас үүдэн ид хөдөлмөрийн насандаа хөдөлмөрийн чадвараа алддаг. Эрчимтэй сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн тулд эдийн засаг, санхүүгийн асуудал тулгардаг. Энэ асуудлыг шийдээд хурдан хугацаанд сэргээн засах үйлчилгээндээ хамрагдвал залуус хөдөлмөрийн чадвараа сэргээж чадах юм.
Мөн ажиллах хүний нөөц дутагдалтай байдаг. Жишээлбэл, сэргээн засахын нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засал, сэргээн засах мэргэжилтний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэдгийг хэллээ.
Тэгвэл сэргээн засах тусламж үйлчилгээний нэг чухал хэсэг болох хөдөлгөөн засалч мэргэжилтэй М.Мөнхсайханы байр суурийг сонслоо. Түүний хувьд “Сэргээн засах клиник эмнэлэг”-т хөдөлгөөн засалчаар ажилладаг. Тэрээр “ Хөдөлгөөн дээр тулгуурлаж тухайн сэргээн засах үйлчилгээг үзүүлдэг. Сэргээн засах тусламж үйлчилгээг заавал өвдсөн хүн биш, өвдөхөөсөө өмнө бүх хүн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын системийн шинэчлэлийн хүрээнд цочмог болон цочмогдуу хэв шинжтэй хүмүүст ихэвчлэн үйлчилгээ үзүүлж байна. Хөлөө гэмтээснээс хойшхи богино хугацааг цочмог гэж үздэг. Харин гурван сараас хойш бол цочмогдуу гэсэн хугацаанд ороод явна гэсэн үг.

Хөдөлгөөн засалчийн тусламж үйлчилгээ үзүүлж мэргэжилтнүүд бага байгаа учраас хугацаа алдаж ирэх үйлчлүүлэгчид их байна. Хугацаа алдаснаар гарах эрсдэл их. Жишээлбэл, зөвхөн холбоосны гэмтлээс гадна хоёрдогч хүндрэл болох багана нурууны өвдөлт, бүсэлхий нурууны өвдөлт хавсран орж ирэх тохиолдол их.
Харин цочмог буюу эмнэлгээс гараад шууд шархыг эдгээгүй байхад клиник эмнэлгээс сэргээн засах тусламж үйлчилгээ авч чадвал хурдан эдгэх боломжтой.
Мөн хугарал гэмтлийг эдгээхдээ манайхан домын аргыг хэрэглэх тохиолдол их байдаг. Сэргээн засах тусламж үйлчилгээ бол нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ учраас үр дүн нь сайн. Ерөнхийдөө дийлэнх массаараа сэргээн засах тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа учраас хөгжлийн бэрхшээлтэй болоод байна гэж харж байна” гэлээ.
Ц.Сумангэрэл:Танин мэдэхүнй хөгжил дутмаг бол хэл яриа хөгжил дутмаг байдаг
Харин хэл засалч Ц.Сумангэрэл “Сүүлийн үед хамгийн түгээмэл ажиглагдаж байгаа асуудал бол бага насны хүүхдүүдийн дундах хэл ярианы бэрхшээл. Хэл ярианы бэрхшээл үүсэж буй түгээмэл 3-4 шалтгаан байна. Нэгдүгээрт, гэр бүлийн амьд харилцаа дутмаг байгаагаас үүдэж байна. Хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байж ярьж ,хэлж сурдаг.
Дэлгэцийн буруу хэрэглээ нөлөөлж байна. Дэлгэцийн хэрэглээ өсөх тусам хүүхдийн сурах хөгжих, танин мэдэхүйн, харилцааны чадвар хоцрогдож өөрчлөлт гардаг. Энэ нь хэл ярианы чадварт ч гэсэн нөлөөлдөг. Хүний танин мэдэхүйн хөгжил дутмаг бол хэл яриа хөгжил дутмаг байдаг.
Гурван нас хүрсэн хүүхэд хэл яриа ашиглахгүй байвал манай хүүхдийн хэл яриа болохгүй байна шүү гэсэн дохио гэж ойлгож болно.
Хүний хэл ярианы хөгжил хоёр сартайгаас эхэлдэг гэж үздэг. Хоёр нас хүрэхдээ хүүхэд биеийн төлөөний үг ашиглаж чадахгүй ч гэсэн нэр үгнүүдийг ашиглаад харилцаж байх ёстой. Гурван настай хүүхэд хөгжлийн хувьд биеийн төлөөний үг, 3-4 гишүүнтэй үгийг ашиглаад эхэлсэн байх ёстой. Хэрэв хүүхэд энэ насны хооронд ямар нэг байдлаар ярихгүй, үеийнх нь хүүхдүүдтэй харьцуулахад хоцрогдол байгаа бол хэл засалчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй” гэдгийг хэллээ.
Б.Буяндүүрэн: 4960 удаагийн үйлчилгээг үзүүлсний 70-75 хувь хүүхэд байна
Засгийн газраас гаргасан чухал шийдвэрийн нэг бол Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг орон нутагт байгуулсан явдал юм. Энэ хүрээнд зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээгдэж гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутагт сэргээн засах тусламж үйлчилгээ хэрхэн явагддаг талаар “Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Б.Буяндүүрэнгээс тодруулсан юм. Тэрээр манай аймагт үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөр хүүхдүүд илүүтэй үйлчлүүлж байна. 2024 онд 4960 удаагийн үйлчилгээ үзүүлсний 70-75 хувь хүүхэд байна. Дэмжих үйлчилгээ, хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлгөөн заслын үйлчилгээг хүүхдүүд илүү авдаг.
Манай төвийн ажилчдын зорилго бол нийгмийн сэргээн засах төв болгох. Нийгмийн сэргээн засах үйлчилгээг гэр бүл, асран хамгаалагчидтай нь хамт үзүүлэх ёстой гэсэн чиглэлийг зорилгоо болгоод ажиллаж байгаа.
Орон нутагт тулгамдаж буй асуудал нь сэтгэл зүйчид ажиллах байдал нь тогтворгүй байна. Тиймээс сэтгэлзүйчдийн тогтвортой ажиллах тал дээр анхаарч нийгмийн хангамжийн асуудлыг харж үзээсэй гэж хүсэж байна.
Орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулснаар Улаанбаатар хотоос болон ойролцоо сумдаас хүмүүс шилжин ирж үйлчилгээ авч байгаа гэдгийг онцолж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 184 (7681)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал marketing@zuuniimedee.mn хаягаар илгээгээрэй.