“...Намайг залуу байхад манайх энэ элстэй хөтлийн цаантаа зусдаг байлаа. Тээр их элсэн дунд очоод үзвэл морины уяаны шон маань одоо ч байдаг юм. Ийм л хурдан элсэнд дарагдчихдаг юм байна. Цаг уур ч өөрчлөгдөж байна даа...” гэж шүүрс алдан өгүүлж суугаа хүн бол Завхан аймгийн Цэцэн уул сумын Шотой багийн малчин Ж.Бямбаа. Зүүн булгаасаа ундаалан гурван үеэрээ нутагласан тэд “сөлтэй бэлчээр, шимтэй сүрэг маань энэ л цагт элсэнд эзлэгдэж, үр хойчдоо өвлүүлж үлдээх юмгүй болох нь” гэх харамсал тээж явдгаа ярив.
Энэ хүн бол уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сөрөг нөлөөнд өртөж байгаа олон зуун мянган малчны зөвхөн нэг төлөөлөл нь. Тиймээс даван туулах, дасан зохицож, уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа ухаалгаар хадгалан үлдэх, зах зээлд таваарлаг малтай, байгальд ээлтэй байх ямар гарц, боломж бий болгож буй талаар энэхүү нийтлэлдээ өгүүлье.
Үнэхээр ч Ж.Бямбааг анх голомтоо бадрааж, шинэ гэрийнхээ өрхийг татаж байх үед уур амьсгалын өөрчлөлтийг таньж мэдэх нь бүү хэл тийм үг ч сонсогддоггүй байсан. Арав гаруйхан жилийн өмнөхийг интернэт архиваас шүүж харахад “уур амьсгалын өөрчлөлт” гэдэг үг эрдэм шинжилгээний бүтээл, олон улсын мэдээнд л хаа нэг дурдагдсан байна.
Монгол Улсын Их Хурал 2016 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НYБ)-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц болох Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан юм. Улмаар 2019 онд Засгийн газрын 407 дугаар тогтоолоор “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг баталж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицохын тулд юу хийхээ Монгол Улс амласан. Энэ амлалт бол бидний ойлгодог шиг сонгуулийн мөчлөгөөр хэмжигдэх аж ахуйн шинжтэй ажил биш, харин эх дэлхийгээ “эмчлэх”, өөрчлөлтөд дасан зохицоход олон улстай мөр зэрэгцэн нэгэн зүгт зорьж ажиллахаа илэрхийлсэн том агуулга юм.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бэхжүүлэх алхамууд хийж байна
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг биеэрээ амсаж буй хөдөөгийн иргэдээ нэн тэргүүнд анхаарч, тэднийг шаардлагатай мэдээллээр хангаж, таньж мэдэх, дасан зохицох арга ухааныг хүргэх нь чухал гэдгийг зорилтын баримт бичигтээ онцгойлон тусгасан.
Гэхдээ зөвхөн мэдээллээр хангаад зогсохгүй, олон улсын байгууллагуудын сайн туршлагаас нэвтрүүлэх, Монголын газар нутаг, байгаль экологийн олон янз байдалд тохирсон ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар дурдсан билээ. Ингээд Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” буюу АДАПТ төслийг 2021 оноос эхлэн Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөө зэрэгт хамгийн их өртсөн, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай нь байгаль орчны үнэлгээ, нарийвчилсан судалгаагаар тогтоогдсон дээрх аймгуудын 68 сумын иргэд уг төслөөс эерэг үр дүн хүртсээр байна.

АДАПТ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2022-2024 оны хооронд нийт 1.604 га талбайд татмын ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэн, 3.000 гаруй га талбайд бэлчээрийн менежмент, сэлгэлтийн арга хэмжээ хэрэгжүүлжээ. Түүнчлэн онцгой үед ашиглах өвс, тэжээлийн 45 агуулахыг сум орон нутагт байгуулж, мөн засварлаж сайжруулах шаардлагатайг нь сэлбэж босгох зэрэг ажлыг нэн тэргүүнд хийсэн байна. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор нийт 99 гүний худаг гаргаж, отрын бүс нутагт долоон худаг засварлан, 70 булаг шандын эхийг хамгаалж хашаалсан нь малчид жилийн турш ус, голоо даган нүүж, нутаглахад нэн таатай нөхцөл бүрдүүлжээ.
Үүнээс гадна малчин иргэдийн амьжиргааг дэмжих, зах зээлийн стандарт хангасан малын түүхий эд бэлтгэх, нийлүүлэх чиглэлээр олон удаагийн сургалт, арга хэмжээг зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар малын ашиг шимээс хүртэх орлогыг нэмэгдүүлсэн олон арван жишээ байна. Мал бойлох үеэр өөх тос нь тэр чигээрээ хаягдаж байгаад эмзэглэдэг Завхан аймгийн “Цэцэн уул Цагаан нуур” хоршооны бүсгүйчүүд АДАПТ төслийн багт органик өөх тос ашиглан саван хийх аргыг заалгах хүсэлт гаргажээ. 2024 оны зун төслөөс савангийн сургалтыг зохион байгуулсан ба улмаар тоног төхөөрөмж, хэв зэргээр хангасан байна. Тэд өнгөрсөн цагаан сараар хийсэн савангуудаа аймгийн засаг даргын тусламжтайгаар борлуулж, олсон ашиг болох 4.5 сая төгрөгөөрөө торго, даавуу худалдан авч, дээл эсгэж, оёод Тувад болох үзэсгэлэнд явахаар бэлтгэлээ базаажээ. Энэ бол төслийн энгийн нэг жишээ боловч, өгөөж хүртэгч малчин эмэгтэйчүүдийн хувьд шинэ зүйлд суралцаж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон нь амьдралд нь оруулсан томоохон дэмжлэг гэж үздэг аж.
Нийтлэлийн эхэнд өгүүлсэн малчин Ж.Бямбаагийнх Зүүн булаг гэдэг газар зусдаг. Уур амьсгалын өөрчлөлт, элсний нүүдлийн нөлөөгөөр булаг ширгэх шахсан нь хоёрхон жилийн өмнөх явдал. Цэцэн уул сум уг нь жижиг булаг шанд олонтой ч элсний нүүдэлд дарагдаж ширгэсээр, үлдсэн цөөхөн “газрын нүдэн” булаг нь нулимсаа эгшээх мэт ширгэж буйг тоолж суугаатайгаа малчид эвлэрэх хэцүү, эзгүйлж нутгаа орхих хэцүү байсан нь саяхаан гэсэн үг. Харин төслөөс унаж нурахааргүй гурвалжин бүтээцтэй, газар ухаж шон суулгахгүй байгальд ээлтэй хийцлэл бүхий төмөр хашаагаар уг булгийн эхийг хашиж, хамгаалж өгсөнд, ундарга нь сэргэж, мал гишгэж, бохирдуулахгүй тул эргээд цэвэршин тунгалагшиж, элсэн бүүргийг эсэргүүцэн тэмүүлэх өвс ногоо битүү халиурсан баян бүрд болжээ.
Өөр нэг жишээ гэвэл, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Хөөврийн булаг мөн л татарч, үнээний дэлэн бохирдон, сүү саалийн гарц муудаж байсан үед төслөөс булгийн эхийг хашиж, хамгаалж өгсөн байна. Ингэснээр булаг дахин сэргэж, шөнийн 02:00-03:00 цагт босож малаа усалдаг байсан малчдын зоо тэнийж, дуртай цагтаа цэнгэг усаа тааваараа ундаалсан малын сүүний гарц ч дээшилсэн тухай тус сумын Үүд багийн малчин Г.Мөнхбат хуучилсан юм. Тэднийх сүү цагаан идээгээрээ өрхийн хэрэгцээгээ хангаад, илүүг нь зарж борлуулах боломжтой болжээ.
Ийм бүтээн байгуулалт нийт дөрвөн аймгийн нутагт 2024 оны байдлаар 52-ыг хийсэн. Бүтээн байгуулалт гэхэд хэтэрхий хөшингө сонсогдож, ач тусыг нь тоогоор илэрхийлэмгүй энэ ажил бол АДАПТ төслийн үйл ажиллагааны зөвхөн нэгхэн үзүүлэлт аж. Цэцэн уул суманд элсний нүүдлийг саармагжуулах ойн зурвас бий болгохоор газраа сонгож, гүйцэтгэгчээ шалгаруулах шатандаа явааг дуулгахад таатай байна. Намар нь элсний захад тэмдэглэж шаасан гадсыг хавар үзэхэд элс 100 метр орчим давж нүүж ирснийг нутгийн малчин ярьсан. Харин одоо энэ газарт ойн зурвас байгуулж, элсний нүүдлийг саармагжуулан барихаар шийдвэрлээд байна.

Усны хомсдол, малчид унд дагаж оторлож буй явдлыг сааруулах өөр нэг арга нь хөв цөөрөм байгуулах ажил бөгөөд хур борооны ус, хайлсан цас, гол горхины урсгалын хэсгийг хуримтлуулан хадгалах зориулалтаар байгуулж буй усан санг ийн нэрлэдэг. 2025 оны 08 дугаар сарын байдлаар Ховд, Завхан аймагт Усны газартай хамтран нийт зургаан хөв цөөрөм байгуулаад байна. Тэдний нэг болох Ховд аймгийн Үенч сумаас 60 гаруй км зайд Улиаст багийн Улиастайн голыг түшиглэж барьсан хөв цөөрөм нь толгойн барилга, 600 метр урттай гүний хоолой, 1.5 км ил шуудуу бүхий инженерийн шийдлийг бүрэн тусгасан нь онцлог бөгөөд малчид, орон нутгийн иргэд газар тариалан эрхлэх, бэлчээрийн усалгааг нэмэгдүүлэх, доройтсон бэлчээрийг сэргээх, татмын ойжуулалт хийх зэргээр ашиглаж, үр шимийг нь хүртэх боломж бүрджээ.
Биет ажил хийж, бүтээж, ургуулж, хамгаалахаас гадна малчдыг сургалт, мэдээллээр хангаж, төвийн болон олон улсын байгууллагуудтай холбон, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, эрсдэлээс сэргийлэх, зах зээлд чадварлаг тоглогч байхыг үлгэрлэн зааж, дагуулан хөгжүүлж байна. “Талх өгөх бус, талх барих аргыг заана” гэдэг шиг олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдийн төрөл бүрийн туршлагаас малчдад түгээж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, түүнд дасан зохицох талаар Монгол Улсаас хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтэд жин дарах гүйцэтгэл болж байгаа юм.

Төсөл хэрэгжиж буй дөрвөн аймагт малчид нэг цэгийн загвар хоршоо байгуулж, үйл ажиллагааг нь бэхжүүлэх, эвлэлдэн нэгдэж, олны хүчээр өвс тэжээлээ базаах, малын түүхий эдээ стандартын дагуу бэлтгэн, зах зээлд өндөр үнээр нийлүүлэх, цөөн малаас арвин ашиг шим хүртэх ухааныг тэд суралцсаар байна. Ингэхдээ бэлчээр сэлгэж, хамгаалах, байгалийн хадлан нөөцлөх, малын сайн үүлдэр угсаагаа цэврээр нь үржүүлэх зэргээр нүүдлийн мал аж ахуйгаа хадгалан үлдэх зэргээр дэлхийд ганцхан “монгол малчин” гэх ондоошлыг илэрхийлж буй нь Засгийн газар болон олон улсын байгууллагуудын энэ хамтралын гол үнэт зүйл юм.
АДАПТ төслийн судалгаа, үнэлгээгээр малчдад тулгамдаж буй өөр нэг асуудал нь бэлчээрийн монгол малын цэвэр үүлдэр угсааг хадгалах, чанартай, таваарлаг малаас өндөр ашиг шим хүртэх явдал гэдгийг дэвшүүлсэн. Тиймээс дөрвөн аймагт бүс нутагтаа дасан зохицсон шилмэл үүлдэрийг цэврээр нь үржүүлж, хадгалах зорилгоор цөм сүрэг байгуулж өгсөн юм. Ийм цөм сүргийн нэгийг хариуцан малладаг Дорнод аймгийн Цагаан уул сумын малчин М.Нямханд гуай 2024 онд 73 насандаа ХААИС-ийн бакалаврын зэргийг нэг сэдвийн бүтээлээрээ хамгаалсан аж. Тэрээр хуучнаар Хөдөө аж ахуйн техникумыг төгсөж, мал аж ахуйн салбарт насаараа ажилласан туршлагатай бөгөөд сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдлэг, туршлагаас суралцаж, мах, сүүний чиглэлийн Барга хонь, ноолуурын чиглэлийн Баяндэлгэрийн улаан ямааны үүлдэр селекцийг сайжруулах, өндөр ашиг шимтэй байлгахад анхаардаг.
Үүнтэй адил цөм сүргийг Сүхбаатар аймагт хариуцаж буй хүн бол “Билүүт өсөх” хоршооны дарга Г.Уранчимэг юм. Тэрээр “Эцэг мал маллана гэдэг их хариуцлагатай ажил. Зөв маллаж, эрүүл байлгаж, тэжээл шаардлагатай үед нь өгч асрахгүй бол сүргийн бүтцээ алдах, зуд турханд жилбэгүй мал олноор бий болгох зэрэг эрсдэлтэй. Тийм болохоор би туршлагагүй залууст найдахаас хаширладаг. Харин хүүгээ энэ чиглэлээр мэргэшүүлж, сургуулийг нь төгсгөн бэлтгэж авсан” хэмээн ярьсан юм.
Энэ мэтчилэн нутаг орны онцлогоос шалтгаалж, байгалийн хүчин зүйл, уур амьсгалын сөрөг нөлөөллийг даван туулахад шаардлагатай бүтээн байгуулалт, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг, сургалт, судалгаа, мэдлэг, нөлөөлөл үзүүлэх нөр их ажлыг НҮБХХ-ийн дэмжлэгээр АДАПТ төслийн хүрээнд аймаг орон нутгийн удирдлагатай хамтран хийж байна. Тэд аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө тухайн сум орон нутгийн малчид, иргэдийн санал санаачилга, хүсэлт, онцлогт үндэслэн төлөвлөж хэрэгжүүлдэг ба эргээд бий болгосон бүтээн байгуулалтыг үр шим хүртэгч нар өөрсдөө арчлан, хайрлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажилладаг нь энэхүү төслийн үйл ажиллагааны гол зарчим ажээ.
“Цаг агаарыг бүрэн таамаглаж чадвал хүн төрөлхтөн хамгийн том асуудлаа шийдлээ”
Энэ бол XX зууны эхэн үед уур амьсгал судлалыг шинжлэх ухааны түвшинд хөгжүүлэх эхлэл тавьж байх үед мөрөөдөж байсан зорилт. “Хэрэв бид цаг агаарыг урьдчилан мэддэг бол бурхны хүчтэй болох нь” ч гэж ярьдаг байсныг ЦУОШГ-ын дарга асан Д.Цогт-Очир эшилж байв.
Тэгвэл АДАПТ төслөөс 2025 оны 09 дүгээр сарын 5-нд Монгол Улсын цаг уурын салбарт дараагийн үеийн супер компьютерийн технологийг нэвтрүүлсэн нь дээрх эшлэлийг биеллээ олсон мэт болгохуйц өндөр ач холбогдолтой ажил боллоо. Супер компьютерын технологи нэвтрүүлснээр цаг агаарын урьдчилсан мэдээг 10 хоногийн өмнөөс гаргахаас эхлээд орон зайн нарийвчлалыг 2.5 км, хот сууринд 30-100 метр болгож сайжруулах, хуй, нөөлөг салхи, борооны бөөн үүл, аадар тунадас гэх мэт бэсрэг болон бичил хэмжээст гамшигт үзэгдлийг тооцоолох боломжтой болж байгаа юм. Хамгийн гол нь уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдлийг 5-10 км нарийвчлалтай 30, 50, 100 жилээр тооцоолох, нийгэм эдийн засгийн нөлөө, эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх чадвартай зэрэг нь шинжлэх ухааны сүүлийн үеийн шилдэг ололттой Монгол Улс хөл нийлүүлэн алхах боломжийг олгов.
Супер компьютер нь зөвхөн цаг уурын салбарт бус эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт үнэлж баршгүй мэдээлэл тооцоолон гаргадаг. Гол мөрний урсцын урьдчилсан таамаг, усны нөөцийг тооцоолох, агаарын чанарын үзүүлэлт гаргах зэргээр төрөл бүрийн салбарт урьдчилсан мэдээлэл, прогноз хийх хүчин чадалтай гэхээр үнэхээр л супер үр дүнг үзүүлнэ гэдгийг салбарынхан амлаж байна.
Өнгөрсөн жилийн мөсөн зуднаар Сүхбаатар аймгийн малчин өрхүүд малынхаа 50-100 хувийг алдаж, гамшгийн нөхцөл байдалд улс даяараа тусламжийн гараа сунган, Засгийн газар, УОК шуурхай ажиллаж байсныг санаж байгаа байх. Хэрэв гамшигт үзэгдлийг бүр эрт мэдэж, учирч болох эрсдэлийг тооцоолон, түүнээс сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авсан бол аймгийн хэмжээнд малынхаа талыг алдсан ийм харамсалтай явдал тохиохгүй байж болох байсан байх.
Байгалийн онц ноцтой үзэгдлүүд давагдашгүй хүчин зүйл хэдий ч, цаг уурын шинжилгээнд шинэ технологи нэвтрүүлснээр гамшиг болохыг олон хоногийн өмнөөс урьдчилан мэдээд, эрсдэлээ үнэлж, бэлтгэлээ базаан, хохирол багатай гарах боломжтой боллоо гэсэн үг. Хэрхэн сэргийлж, ямар арга хэмжээ авахыг тодорхойлоход АДАПТ төслийн хүрээнд мэргэжилтнүүдийн судалгаагаар батлагдсан, бүс нутгийн онцлогт тохируулан боловсруулсан гамшгийн үеийн эрсдэлийн менежмент чухал үүрэгтэй юм. Орон нутгийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагынхан бүс нутагтаа тохирох арга хэмжээг төлөвлөж, бэлэн байдлыг ханган, цаг алдалгүй хариу арга хэмжээ авснаар хохирол багатай даван туулахын тулд төслөөс зохион байгуулсан сургалтад алба хаагчдаа хамруулан, бүх талын бэлтгэлээ базаасаар байна. Уур амьсгал өөрчлөгдсөөр л байна, бид ч бас бэлтгэлтэй, хариуцлагатай, дасан зохицож, даван туулах чадвартай болж хөгжсөөр байна.
АДАПТ төсөл 2025 оны “Үнэлгээний Шилдэг Гүйцэтгэлтэй Төсөл”-өөр шалгарсан нь монгол мэргэжилтнүүдийн сэтгэл, зүтгэлийн илэрхийлэл гэв
2025 оны 04 дүгээр сарын 9-нд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (НҮБХХ) бие даасан үнэлгээний албаны хурал тав дахь удаагаа зохион байгуулагдаж, Үнэлгээний шилдэг шагналын эздийг зарласан юм. Үүнд Монгол, Морокко, Монтенегро улсад НҮБХХ-өөс хэрэгжүүлж буй төслүүдийг шалгаруулжээ.
Тодруулбал, АДАПТ төслийн дунд хугацааны хэрэгжилтийг олон улсын түвшинд онцолж, 2025 оны НҮБХХ-ийн “Үнэлгээний Шилдэг Гүйцэтгэлтэй Төсөл” шагнал олгосон юм. Төслийг үндэсний болон НҮБХХ-ийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцсэн байдал, төслийн хүрээнд хүлээгдэж буй үр дүн, үр нөлөө болон уян хатан удирдлага, төсөл хэрэгжиж дууссаны дараах тогтвортой байдал, мөн, уур амьсгалын өөрчлөлтийн эрэгтэй, эмэгтэй хүмүүст үзүүлэх харилцан адилгүй нөлөөллийг харгалзан үзсэн жендэрийн тэгш байдлын үзүүлэлт зэрэг олон талт шалгуураар үнэлэн шалгаруулжээ.
АДАПТ төслийн ажлууд оновчтой, хүндээ хүрсэн, үр дүнтэй байгаа нь Монгол орны өнцөг булан бүрт сайн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар сайтар судалж, асуудлаа оновчтой дэвшүүлж, зөв менежементээр зүтгэл сэтгэл гарган ажиллаж байгаатай холбоотой.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь Монгол дахь НҮБХХ-ийн оновчтой менежментээс гадна АДАПТ төслийн хамтрагч талууд болох Монгол Улсын Засгийн газар, судлаач мэргэжилтнүүд, аймаг бүрд ажиллаж буй зохицуулагч, ажилтнуудын сэтгэл, зүтгэл, ур чадвартай шууд холбоотой хэмээн онцолсныг дахин дурдъя. Тэдэнд талархсан сэтгэлээ илэрхийлж буй олон мянган малчны нэг Ж.Бямбаа илэрхийлэхдээ,
“Бид өмнө нь ундны усаа булгаас авахдаа мал гишгэхээс өмнө үүрээр очиж удаан гэгч тунгааж байж авдаг байсан бол одоо дуртай цагтаа ундтай болж байна. Ингэж хамгаалж өгнө гэдэг энэ цагт сайхан байхаас илүүтэй ирээдүйд нутаг ус минь улам сэргэж, үр хүүхдэдээ өвлүүлж үлдээх юмтай байх бахархал төрүүлдэг нь илүү сайхан даа” хэмээн дахин давтан өгүүлж байлаа.
Төслийн үр шимээс хүртэгчид зөвхөн дээрх дөрвөн аймгаар хязгаарлагдахгүй, сайн туршлагыг нь бусад газарт хэрэгжүүлэхээр чиглэлийн яамд, орон нутгийн удирдлагууд зорьж байна. Хамгийн гол нь 800 мянга гаруй малчин иргэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сөрөг нөлөөллийг эрсдэл багатай даван туулах, дасан зохицож, байгальд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэх мэдлэг, мэдээлэл авах нь урт хугацааны үнэ цэн, өгөөж нь юм. Малчид бэлчээртэй, бэлтгэлтэй, бэлтэй байх цаг ойрхон байна.
Э.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 182 (7679)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.