Д.МЯГМАРЖАРГАЛ

 

Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа талаарх асуудал жил бүр яригддаг. Тухайлбал, 2017 оны наймдугаар сарын 10-наас эхлэн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг удаа дараа шаардан улмаар “Багш нарын цалин нэмүүлэх Түр хороо”-г байгуулж байв. Тухайн үед багш нар цалин нэмэгдүүлэх шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн боловч шийдтэй хариу авалгүй есдүгээр сарын 21, 26 өдөр улс орон даяар ажил хаялт зарлаж тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байв. Мөн 2023 онд ажил хаялт зарлахаа мэдэгдэж байсан гээд олон тохиолдол бий. Багш нарын цалин дундаж цалингаас бага байсаар ирсэн нь үнэн. Энэ нь эцэстээ боловсролын салбарыг боловсон хүчингүй болгож буй суурь шалтгаан болоод байна. Тэгвэл одоогоос хоёр сарын өмнө буюу долоодугаар сараас эхлэн багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж эхэлсэн. Салбар яам уг асуудлыг хэлэлцэж, П.Наранбаяр сайд багш нарын цалинг жил бүр хамгийн ихдээ 20 хувиар нэмэх боломжтой гэж хэлсэн. Энэ хүрээнд Боловсролын яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан баг энэ чиглэлд ажилласан. Тэд шийдвэрээ энэ сарын 30-ны дотор эцэслэж танилцуулна гэсэн ч танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл багш нарын цалинг нэмээгүй. Тиймээс өчигдөр багш нар төв талбайд 12:00-16:00 цагийн хооронд тайван жагсаал хийлээ. 

 

"Цалин багатай, ачаалал ихтэй байдаг нь залуу багш нарыг ажлаа орхиход хүргэж байна"

Н.Мөнхгэрэл

Төв талбайд болж буй уг жагсаалд орон нутаг болон Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн 1000 орчим багш нэгдсэн гэсэн албан бус тоо байна. Тэд “Төрийн тансаглалаа боловсролд зориул, цалингийн доод хэмжээг 3.5 сая төгрөг болго” зэрэг уриа лоозонг барьсан байлаа. Н.Мөнхгэрэлийн хувьд БЗД-ийн 14дүгээр  сургуульд дөрөвдэх жилдээ түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж буй. Гэвч цалин бага байгаагаас болж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж байгаагаа хэлж байлаа. Тэрээр “Би гар дээрээ 1.170.000 төгрөгийн цалин авдаг. Цалин маань хоёр өрөө байрны түрээсний төлбөр төлж ч хүрдэггүй. Өнөөдөр БЗД-т хоёр өрөө байр түрээсэлье гээд хайхад багадаа л 1.2 сая төгрөгийн үнэтэй байна шүү дээ. Ингэхээр би хэзээ мөнгөө хуримтлуулж байртай болох вэ. Мөн хэрэглээний зардлаа аппликейшний зээлээр л болгож байна. Цалин багатай, ачаалал ихтэй энэ байдал нь  залуу боловсон хүчнийг ажлаа орхиход хүргэж байна. Тухайлбал, манай сургууль 3500 хүүхдийн хүчин чадалтай хэр нь өнөөдөр 7000 гаруй хүүхэд сурч байна. Анги дүүргэлт буюу нэг ангид 45-аас дээш хүүхэдтэй байна. Тиймээс энэ ачаалалтай ажлыг сэтгэл хангалуун хийлгэх хамгийн эхний алхам бол цалин нэмэх. Ядаж бид өр зээл бодохгүй хичээлээ заамаар байна шүү дээ” гэсэн юм. 

Г.Ганцэцэг

Харин Г.Ганцэцэгийн хувьд 20 жил бага ангийн багшаар ажиллаж байгаа гэнэ.  Ажил нь дуусдаггүй, бага цалинтай энэ ажлыг мэргэжилдээ хайртай учраас л хийж байна гэсэн юм. Энэ талаараа “Бага ангийн багш нараа төлөөлөөд өнөөдрийн жагсаалд оролцож байна. Боловсролын салбарт бага ангийн багш нар хамгийн их илүү цагаар ажилладаг хэр нь хамгийн бага цалинтай байна. Нэг ангид 40-60 хүүхэд сурч байна шүү дээ. Дотоод орчны агаарын бохирдолтой, ачаалалтай, дуу чимээ ихтэй маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа хэр нь хамгийн бага цалин авч байна. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй хүүхэд хамгааллын бодлого 1-5 дугаар ангийн багш нар хэрэгжүүлдэг. Яг цэцэрлэгийн багш шиг хүүхдийг гараас гарт өгдөг. Мөн 1-2дугаар ангийн хүүхдүүд 35 минутаар хичээллэж 11:00 цагт тарах ёстой. Гэвч агуулга нь тус цагтаа багтдаггүй учир ямар ч бага ангийн багш энэ цагтаа тардаггүй. Дандаа илүү цагаар ажилладаг. Гэвч үүнд нь илүү цагийн хөлс тооцдоггүй. Мөн бид бол маш олон судлагдахууныг заадаг. Дүрслэх урлаг, Математик, Монгол хэл гээд. Тиймээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж буй бага ангийн багш нарын багш нарын цалинг нэмэгдүүлээч ээ гэж онцгойлон хүсмээр байна” гэсэн юм. 

 

З.Цогтгэрэл: Багшийн мэргэжил хүний нөөцийн дутагдалд бүрэн орсон

 

Жагсаалын үеэр Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл “Багшийн мэргэжил хүний нөөцийн дутагдалд бүрэн орсон. Жишээлбэл,нэг багш хоёроос-гурван хүний ажил зэрэг хийж байна. Гэвч хийж байгаа ажлынхаа цалин хөлсийг авч чадахгүй байна. Үүнийг бид өнөөдрийн дуу хоолойгоороо хүргэх ёстой гэж бодлоо. 2026 оны төслийг хэлэлцэхдээ боловсролын байгууллагуудаас болон хүлээн зөвшөөрөгдсөн хамтарч ажиллаж байгаа газруудаасаа санал авах ёстой гэвч энэ саналыг хүлээж аваагүй. Мөн 2026 оны төсөв ямар ч нэмэгдэлгүй гэж зарлаад байгаа. Түүнтэй холбоотойгоор Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулж байгаа энэ жагсаалаар боловсролын шатны бүх багш нар дуу хоолойгоо хүргэж байна. Энэ асуудал шийдэгдэхгүй бол ажилт хаялт зарлана,улмаар шийдэгдэхгүй удвал тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгийг боловсролын салбарын мянга мянган багш нар илэрхийлж байгаа” гэлээ

 

П.Наранбаяр: Цалин нэмэхийн тулд төсвөөс 100 тэрбум төгрөг гаргуулсан

Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл багш нарын шаардлагыг Боловсролын сайд П.Наранбаярт өгөв.

Харин Боловсролын сайд П.Наранбаяр шаардлагыг хүлээн авах үеэрээ “Багш нар цалингаа нэмүүлэхээр дуу хоолойгоо нэгтгэн УИХ-ын засгийн газарт хүргүүлж байгааг ойлгож байна. Бид цалин нэмэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан түүнээс гарсан дүгнэлтийг засгийн газар болон холбогдох газруудад хүргүүлсэн. Тиймээс цалин нэмэхийн тулд бид төсөв дээр 100 тэрбум төгрөг гаргуулсан. Мөн үндсэн цалинг өсгөх дорвитой бодлого шаардлагатай байгааг бид хүлээн зөвшөөрнө. Ийм учраас бид цалин нэмэх тухай гурван жилийн хөтөлбөрийг боловсруулж холбогдох засгийн газрын гишүүдэд хүргүүлж цалин нэмэх асуудлыг дэмжин та бүхний шаардлагыг хүндэтгэн хүлээж авч байна. Бид энэ шаардлагыг судлаад хариу өгөх болно. Энэ зөвхөн боловсролын сайдын шийддэг асуудал биш сангийн яам,засгийн газрын гишүүдтэй ярилцаж улсын их хуралд төсөв тусгаж байж шийддэг асуудал гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Та бүхний шийдвэрийг хүлээн авлаа” гэв.

 

С.Эрдэнэболд: Энэ асуудлыг дэмжиж байгаа гишүүд нь нэгдэж, улсын төсөвт зарчмын санал гаргана

 

Засгийн газраас ирэх оныг Боловсролыг дэмжих жил болгон зарлаж байгаа. Гэвч үүнд багш нарын цалинг 20 хувиар нэмэхээр тусгасан. Тэгвэл багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хэлсэн юм. Тэрээр "Багш, эмч нар цалингийн асуудлаар ажил хаялт битгий зарлаасай гэж хүсэж байна. Би эхний ээлжид 500 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгах тал дээр Боловсролыг дэмжих лобби бүлгийнхэн ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Боловсролын яамнаас 25 орчим хувиар багш нарын цалинг нэмэх судалгаа хийсэн байна лээ. Нөгөө талд нь Багш нарын үйлдвэрчний эвлэлээс үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна. Тэгэхээр салбарын гурван талт хэлэлцээр дээрээ багш нарын цалинг улсын дунджаас дээшээ болгон гэдэг амлалт байгаа. Тэгэхээр жил бүр багш нарын цалинг дор хаяж 30 хувиар нэмж байж энэ хэмжээнд хүрэх ёстой байсан. Өнгөрсөн жилийн хувьд зургаан хувиар л нэмсэн. Дээр нь багш нарын цалингаас гадна орон сууцны асуудал байна. Ний нуугүй хэлэхэд, таван жил ажилласан багш орон сууц авдаг байгаасай. Эргээд үнийн хөнгөлөлтийн орон сууц худалдан авсан багш 10-15 жил ажиллана гэдэг баталгаатай байх ёстой. Тиймээс дор хаяж гурван сая төгрөгийн цалин авч байж, 1.5 сая төгрөгөө орон сууцны зээлдээ төлнө. УИХ-ын гишүүдээс дэмжиж байгаа хүмүүс ч байна. Тиймээс энэ асуудлыг дэмжиж байгаа гишүүд нь нэгдэж, улсын төсөвт зарчмын санал гаргана. Гэхдээ үүнээс өмнө Засгийн газар нь Үйлдвэрчний эвлэлтэй учраа олчихвол сайн байна. Би бол Ерөнхий сайд болон салбарын сайд нь маш сайн анхаарч, нухацтай авч үзээсэй гэж хүсэж байна. Багш нарын одоогийн цалинг тав дахин нэмснээр 3.5 сая төгрөг болно. Би улсын төсөв дээр урсгал зардлыг ДНБ-ий 24 хувьд барина гэхгүйгээр багш нарын цалин орлогоо нэмэхийн тулд энэ хатуу барьж байгаа тоогоо өөрчилье гэдэг дээр гишүүд нэг байр суурьтай байх ёстой. Энэ тоог үр ашиггүй урсгал зардлыг хэмнэх зорилгоор тавьсан. Сангийн яамнаас хойшлуулж болох зам, барилгын хөрөнгө оруулалтыг хойшлуулж, багш нарын цалин хөлсний асуудал анхаарах хэрэгтэй" гэв.

 

Багш нарын жагсаал есөн аймагт зэрэг болов 

 

Хэрэв энэ удаагийн шаардлагыг хүлээн авч яаралтай шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ багш нар мэдэгдлээ. Энэхүү жагсаал нь Улаанбаатар хотоос гадна есөн аймагт болж байгаа аж. Тухайлбал, Орхон, Өвөрхангай, Дорноговь зэрэг аймгуудад жагсаж байгаа мэдээллийг өгсөн юм. Тиймээс бид орон нутаг дахь багш нартай холбогдоход ажил хаялт зарлаагүй гэлээ. Энэ тухай Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Ганбаяраас тодруулахад “Өнөөдрийн байдлаар багш нар ажил хаялт зарлаагүй. Цалин нэмэх шаардлагыг багш Боловсролын сайдад Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хүргүүлж байгаа. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол орон нутгийн багш нар ажил хаяхад бэлэн байна”гэсэн юм.Багш нарын цалин нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал нь  хөдөлмөрийн үнэлэмжийн тухай бус мөн хувь хүний эрх ашиг бус, боловсролын салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаарх дохио байлаа. Өдөр бүр хүүхдийн төлөө ажиллаж буй багш нарын дуу хоолойг үл тоомсорлох нь зөвхөн нэг салбарын асуудал биш, улс орны ирээдүйг үл тоосон алхам юм. Төр засаг бодит шийдвэр гаргахгүй, хоосон амлалтаар хариу барьсаар байвал боловсролын систем улам уруудаж, хамгийн түрүүнд хүүхдүүд хохирсоор байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7677)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.