Б.БАЯРЖАВХЛАН

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстан улсад айлчлах үеэр Ховд аймаг болон Дорнод Казахстан муж хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Ховд аймгийн Засаг М.Амарсанаатай ярилцсан юм.

 

-Дорнод Казахстан муж хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлуудыг хийх вэ. Ажил хэрэг нь хэзээнээс эхлэхээр байна?

-Энэ удаагийн айлчлалын хүрээнд Дорнод Казахстан муж хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Баруун бүсийн аймгуудаас Казахстан руу мах экспортолдог хэд хэдэн компани бий. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд аймгийн махны үйлдвэрүүд адууны мах экспортолдог. Тэгвэл энэхүү Санамж бичгийн хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэх боломжтой болж байна.

-Удахгүй Баруун бүсийн аймгуудын бизнес эрхлэгчид Казахстанд очиж бизнес форумд оролцоно гэсэн. Үүгээр энэ ажил бүр албажих байх. Тийм үү?

-Тийм ээ. Энэ сарын 23-нд Казахстан улсад хоёр улсын бизнес форум болно. Үүнд Халал аргаар мах бэлтгэдэг махны үйлдвэрүүдийн төлөөллүүд очиж уулзаж, хамтын ажиллагааны гэрээ хийж, үйл ажиллагаа эхэлнэ. Үүнийг манай аймгийн ИТХ-ын дарга ахалж явна. Ингэснээр үзэглэсэн гэрээ маань ажил хэрэг болно.

Энэ жил баруун гурван аймаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд нэлээн гантай байгаа. Тиймээс мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд бид “Халал” аргаар мах боловсруулах нэг үйлдвэр нэмж барьсан. Баруун бүсийн махны үйлдвэрүүдийн хувьд Иран руу мах экспортолдог. Одоо Казахстан руу мах экспортлох боломж бий болж байна. Цаашлаад бид Үзбекистан, Тажих зэрэг улс руу мах гаргах боломжийг эрэлхийлж байна.

-Зам дагаж хөгжил гэдэг. Ховд аймаг сүүлийн жилүүдэд дэд бүтцээ их сайн анхаарлаа. Бүх сумаа хатуу хучилттай замаар холбоод дууссан гэсэн үү?

-Ховд аймаг тэр дундаа баруун бүс маань хөгжих маш боломжтой цаг үе дээрээ явж байна. Тухайлбал, Ховд аймгийн бүх сум хатуу хучилттай авто замаар холбосон байна. Мөн Орос Хятадыг холбосон “Кариэкын коридор” буюу “Эй Эйч дөрөв” гэдэг хатуу хучилттай замыг түшиглэн Ховд аймаг хөгжих үндэс суурь нь болж өгнө гэж үзэж байна. Ховд аймаг бол БНХАУ-ын Шинжаан-Уйгарын хоёр аймагтай Байтагын боомт, Ярантын боомтоор холбогддог. Энэ боомтуудаа ашиглаад ОХУ руу “караккийн коридор”-оо ашиглан импорт, экспорт хийх боломжтой. 

-Баруун бүсийн хувьд ОХУ-аас эрчим хүчний хараат байдалтай байдаг. Эрчим хүчээ дагаж хөгжил ирдэг. Тэгвэл сүүлийн үед Ховд аймагт эрчим олон ажил хийгдэж байх шиг байна?

-Тийм ээ. Манай баруун бүс ОХУ-аас эрчим хүчний хараат байдалтай байна. Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд Ховд аймгийг аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд эрчим хүчний асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Тодруулбал, Ховд аймагт 90мвт-ын УЦС ашиглалтын хөрөнгө оруулалт нь шийдэгдээд, ажил нь эхэлж байна. Тэгэхээр цаашдаа Эрдэнэбүрэний УЦС ашиглалтад орсноор бид нар ОХУ-аас эрчим хүчнийхээ хараат байдлаасаа гарна. Мөн Ховд аймагт Дөргөний буюу 12мвт-ын  усан цахилгаан станцтай. Мянгад суманд 10мвт-ын нарны сэргээгдэх эрчим хүчтэй. Дахиад 20мвт-ыг нарны станцыг нэмэлтээр хийгдэхээр тендер нь зарлагдаад байна. Хөшөөтийн нүүрсний уурхай дээр түшиглэсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 50мвт-ыг-ын одоо ДЦС-ыг барихаар аймгийн иргэдийн хурлаар оруулж, газрынх нь асуудлыг шийдээд явж байна. Энэ бүх судалгаа, тооцоо бүтээн байгуулалтаас харахад Ховд аймаг баруун бүсийн эрчим хүчний төв болж баруун бүсийн эрчим хүчээр хангах бүрэн боломжтой.

Эрчим хүчний салбараа дагаад хүнд болон хөнгөн үйлдвэрлэлүүд хөгжих боломж бий болж байна.

-Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Ховд аймагт үйлдвэр технологийн парк барина гээд байгаа. Энэ ажил хэр бодитой вэ?

-Монгол Улсад дөрвөн үйлдвэр технологийн парк барихаар төлөвлөсөн. Түүнээс ажил нь хамгийн сайн явж байгаа нь манай Ховд аймгийн бүтээн байгуулалт гэж хэлж болно. Учир нь баруун бүсийн аж ахуй нэгж, үйлдвэрүүд шилжин суурьшихаар бол газраа үнэ төлбөргүй авч, таван жилийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, барилгын материал гээд бүх төрлийн үйлдвэр эрхлэх үүд хаалга нь нээлттэй болсон. 30 орчим аж ахуй нэгж хүсэлтээ өгч газраа шийдүүлээд байна.

Ховд аймаг жилд 300 орчим тонн цемент үйлдвэрлэх боломжтой эко цементийн үйлдвэртэй. Энэ нь Ховд аймаг цаашид хөгжих боломжтой болж байгаа юм.

-Ховд аймаг баруун бүстээ ганцхан нүүрс экспортолдог аймаг. Нүүрсний экспорт өсгөх боломжтой юу?

-Манай аймаг Хөшөөтийн уурхайн нүүрсээ Шинжаан-Уйгар руу экспортолдог. 2024 онд дөрвөн сая тонн нүүрс экспортолсон. Үүнийгээ 10 сая болгож өсгөх зорилготой байна. Мөн сонирхуулахад, Хөшөөтийн нүүрсний уурхайд гурван мянга орчим хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байна. Хоёр аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн 20-30 хувь нь одоо Хөшөөтийн уурхайгаас хамааралтайгаар орлого олж амьдарч байна. Тэгэхээр хариуцлагатай уур уурхайг хөгжүүлж чадвал аймаг, орон нутагт одоо хэрэгтэй байдаг юм байна гэдгийг харж байна. Тиймээс хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хамтарч ажиллах бодолтой байгаагаа энэ дашрамд хэлье.

-Ховд аймгийн хувьд гадаад харилцаагаа маш сайн хөгжүүлж байх шиг байна?

-Энэ жил Ховд аймгийн гадаад харилцааны тухайд үсрэнгүй хөгжсөн жил байлаа гэж манай гадаад харилцааны мэргэжилтэн дүгнэж байгаа. Жишээлбэл, Японы элчин сайд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Казахстан, ОХУ-ын Горный Алтай буюу Алтайн хязгаар бүс нутгийнхаа арга хэмжээг шинэ түвшинд гаргаж эдийн засгийн түвшинд хамтрахаар р болсон гээд олон ажлыг амжууллаа. Мөн Ховд аймаг цаашдаа Ховд их сургууль дээрээ түшиглээд Үндэсний мэргэжилтэн бэлтгэх Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу боловсролын салбарт илүү анхаарч байна. Энэ хүрээнд сайн багш нараа урамшуулах мөн эрүүл мэндийн 80+1 хөтөлбөр амжилттай хэрэгжүүлээд сайн ажилласан эмч сувилагч нарт 30 сая төгрөгийн урамшуулал олголоо. Бид нар хөгжлийнхөө тэргүүлэх чиглэлд эрүүл мэнд боловсролын салбарыг оруулах ёстой гэж үзээд Засаг даргын Хурдтай хөгжлийн зам гэдэг нэртэй 2024-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн боловсрол эрүүл мэндийн салбар маань байгаа шүү гэдгийг бас онцолж хэлье.

-Та нутаг орон үймээнтэй үед Засаг дарга болж байсан. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд багагүй амжилттай ажиллажээ гэж харж байна?

-Тийм ээ. Засаг даргын ажлыг авч байх үед нүүрсний үнэ 100 ам.доллар байснаа 50 ам.долларт унасан. Бас Халзанбүрэгтэйн ордтой холбоотой асуудал уул уурхай болон нутгийн иргэд хооронд зөрчилдөөн үүссэн үе байсан. Гэвч ажлаас хойш суулгүй ажиллаа. Энэ хүрээнд багагүй ажлыг хийлээ гэж бодож байна.

-Баруун бүсийн аймгуудаас Ховд аймаг улсын төсөвт хамгийн их мөнгө төвлөрүүлдэг. Гэвч зарим аймгууд нь огт мөнгө төвлөрүүлдэггүй. Энэ байдал нь бүсчилж хөгжихөд нөлөөлдөг үү?

-Би энийг бүүр онцгой анхааруулж хэлмээр байна. Саяхан Завхан аймаг 38-39 тэрбум төгрөг, Ховд аймаг болохоор 3.9 тэрбум төгрөгийн улсын төсвийн татаас авчих гээд л үзэж тарлаа шүү дээ. Ховд аймгийн ард иргэд ААН-үүд илүү хөдөлмөрлөж улсад илүү татвар төлдөг. Тэр нь сүүлдээ бид нар буруу болж таарлаа шүү дээ. Манай аймгийн хувьд цаашид татаас авдаггүй аймаг болохыг зорьж байна. Гэтэл нөгөө талдаа зарим нь маш өндөр татаас авч байна. Энэ аймгууд ажил хийдэггүй юм уу. Зүгээр л улсаар тэжээлгээд байх юм уу. Энэ асуудлыг анхаарах хэрэгтэй байна.

Мөн манай улсын төсөв уул уурхайгаас хэт хамааралтай болсон. Нөгөө талдаа эрсдэлээ тооцохгүй баталсан төсвөөс болж тодотгол хийдэг. Мөн төсвийн хуультайгаа зөрчилдсөн хэмнэлтийн тухай хуулийг баталчихсан. Өөрөөр хэлбэл, 100 төгрөг өгөөд 50 төгрөгийг нь эргүүлээд татдаг ийм тогтолцоо байгаад байна. Энэ нь аймаг орон нутгийн ажлыг хойш татаж байна. Тиймээс Сангийн яам болон Сангийн сайд төсвөө нэлээн ул суурьтай, дараа нь татаад явчихдаггүй байхаар батлаасай гэж аймгийн удирдлагууд хүсэж байна. Хамгийн гол нь орон нутгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхийг нэмэгдүүлж, цаашдаа бие даасан эдийн засагтай аймаг болгож, өөрсдөө бонд босгох эрх нь нээгдээд явах юм бол Ховд аймаг тэр дундаа баруун бүс нутгийн хөгжилд ахиц дэвшил гарна гэдгийг хэлмээр байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 176 (7673)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.