Ч.БЯМБАХАЖИД
Хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүнээ хутгалж хөнөөсөн хэрэг энэ оны зургаадугаар сард гарсан. Хэрэгт холбогдогчийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр болсон юм.
Тодруулбал, Н.Э нь “Gem mall” худалдааны төвд гэр бүлийн хүнээ онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхэд өчигдөр 09:00 цагт шүүх хурал эхэлсэн. Улмаар хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж прокуророос санал болгосны дагуу шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хэргийг шүүн хэлэлцэж байхад Н.Энхбат нь эхнэрээ 23 удаа бус 40 удаа хутгалж хөнөөсөн нь тогтоогджээ.
Хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгчийг амьд явах боломжгүй болтол зовоосон чат, мессежүүд нь байна. Бид гар утсыг нь нээж үзээд, хэдэн жил ямар их дарамтад явж буйг нь мэдсэн. Гэтэл шүүгдэгч өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж мэдүүлж байна. Гар утасны чатууд нь гэр бүлийн хүчирхийллийг хэдэн жил үйлдэж байсан нь нотолж байгаа" гэлээ.
Мөн улсын яллагч "Нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь хангалттай нотлогдож байгаа" гэсэн юм.
Түүнчлэн шүүгдэгч Н.Энхбат "Би гэм буруугаа хүлээж, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг буруугаар ойлгож явжээ. Цохиж зодохыг л хүчирхийлэл, үг хэлээр доромжлох, сэтгэл санаагаар дарамтлахыг хүчирхийлэл биш гэж боддог байсан.Би хэдэн удаа хутгалсанаа мэдэхгүй, санахгүй байна. Би өөрийгөө ч хутгалсан байна лээ. Эмнэлэгт очоод гараа боолгож байхдаа ухаан орсон. Бид хоёр жаргалтай байсан үе бий. Залуу хүмүүс учир бие биенээ хардаж хэрэлддэг байсан. Би гэр бүлдээ өөрөөсөө илүү хайртай. Мөн талийгаачид маш их хайртай байсан. Би архи уудаггүй гэж ээж, аавынхаа нэрээр андгайлъя. Хүүгээ нэг л удаа алгадаж байсан. Зарим бичсэн зүйлийг нь ойлгохгүй байна. Магадгүй хүү минь надад их гомдсон байх" гэжээ.
Шүүх хурал гэрчийн мэдүүлгээр үргэлжилж, хэргийн талаар хүүгийн мэдүүлгийг уншиж танилцууллаа.
Талийгаачийн хүү “Манай гэр бүлд халуун дулаан уур амьсгал гэж байгаагүй. Аав биднийг байнга загнаж, зоддог. Ээжийг хий хоосон хардаж, зоддог байсан учир салах гээд тусдаа амьдарч байсан. Аав намайг уурлаж, алгаддаг, ширээний булан мөргүүлж байсан. Ээжийг минь ч байнга зоддог, эцэст нь амиа алдсан. Аав маш догшин, хүлээцгүй хүн” хэмээн мэдүүлжээ.
Мөн Гэрч "Н.Энхбат нь эхнэрээ юу ч дуугарахгүй маш олон удаа хутгалаад байсан. Тэгээд боль гэхэд хутгатайгаа наашаа харахад яг л шийдчихсэн хүн шиг харагдсан.
Хутгалсан хутга нь лангууны доор шүүгээнд байсан байж магадгүй. Зулаа лангуун дээрээ хутга тавьчихаад юм хум зүсэж идээд байдаг байсан. Түүний нөхөр ирэхээр тэр хоёр байнга хэрэлддэг. Нөхрөө ирэхээр Зулаа гараад явчихдаг байсан. Тэгээд нөхрөө явахаар ороод ирдэг. Ер нь гэр бүлийн харилцаа нь их таарамжгүй байсан" гэлээ.
Уг хэрэгтэй холбогдуулан хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа “Энэ хэрэгт амь хохирогчоос гадна шүүгдэгчээс гадна ард нь үлдэж байгаа гурван хүүхдийн хувь заяаны асуудал хөндөгдөж байгаа юм. Талийгаачийн 18 настай хүү “Би аав гэж хэлмээргүй байна. Уур бухимдал нь төрөөд, хяналтаа алдаад ээжийн минь аминд хүрсэн ч гэсэн би хоёр дүүгийнхээ аавыг шоронд явуулах хэцүү байна” гэж хэлсэн. Гуйя, хүүхдүүдийг битгий ийм хэцүү байдалд оруулаач ээ. Талийгаач үргэлж гэр бүлийн хүчирхийлэл дарамтад байсан байна. Энэ хэсэгхэн хугацаанд биш маш урт хугацаанд зовлонтой, зовиуртай, дарамттай харьцаанд байсны эцэст тэр эмэгтэй гэрлэлтээ цуцлуулъя гэдэг шийдвэр гаргасан байна.
Энэ хэрэг дээр хамгийн хэцүү өр өвтгөм зүйл бол гурван хүүхдийн хувь заяаны асуудал. Хэрэгтэн хуулийн хариуцлагаа хүлээгээд явна. Шүүгдэгч ард нь үлдэж байгаа хүүхдүүдийнхээ эрх зүйн байдал, нийгмийн асуудал дээр сэтгэл зовнихгүй байна гэдэг эмгэнэл. Энэ зовлон бэрхшээл олон айл, хүүхдэд битгий тохиолдоосой” гэжээ.
Тэгвэл бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэл нь гэр бүлийн хүчирхийлэлийн хэлбэр юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчмын хувьд
4.1.2.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах;
4.1.3.хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг шуурхай хангах;
4.1.4.нууцлалыг хамгаалах;
4.1.5.салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх;
4.1.6.хүчирхийллийг үл тэвчих гэж заажээ. Гэвч бодит нөхцөл байдалд уг хууль бүрэн дүүрэн үйлчилж чадахгүй байгаа нь дээрх хэргийн тохиолдлоос харагдаж байна. Мөн дээрх нөхцөлд хохирогчийн аюулгүй байдлыг яаралтай хангаж, хамгаалах тогтолцоо маш дутмаг байгаагийн илрэл болж байна.
Мөн тус хуулийн тавдугаар бүлгийн 34 дүгээр зүйлд хохирогчид үзүүлэх аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ дараах хэлбэртэй байхаар тусгажээ.
34.1.1.түр хамгаалан байрлуулах;
34.1.2.нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх;
34.1.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээнд хамруулах.
35 дугаар зүйл. Түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд
35.1.Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлнэ.
35.2.Түр хамгаалах байрыг төрийн, төрийн бус байгууллагын харьяанд, сум, аймаг, дүүрэг, нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулан ажиллуулж болно.Төрийн байгууллагын харьяанд байгуулсан түр хамгаалах байрны урсгал зардал, түр хамгаалан байрлуулж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зардлыг тухайн байгууллага хариуцна хэмээн заажээ.
Гэвч эдгээр хуулийн заалтууд нь бодит нөхцөлд хэрэгжихгүйн байгаагийн улмаас хэн нэгэн аюулд өртөж, энэ мэт гэмт хэргийн золиос болон хохирч байна.
Цаашлаад уг хэргүүдийн улмаас ганц хүн бус ард үлдэж буй хайртай дотнын хүмүүст нөхөж баршгүй хохирол учирч байгаа юм. Мөн дээрх хэргийн тохиолдол дээр хүүхдүүдийн нийгмийн асуудал маш ноцтой хөндөгдөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7672)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.