П.ЛХАГВАЖАРГАЛ
Нүүдэлчин монголчуудын сонин зүйлсийг хурааж, үзүүлэн таниулах уламжлал нь байгалийн өвөрмөц тогтоцтой зүйлсийг бэлгэдэн ер бусын байдлаар хүртэж, хүлээн авч, улмаар сүсэг бишрэлийн зүйл болгож, нандигнан хадгалж, хамгаалах, ариглан гамнах замаар хувь хүмүүст их, бага хэмжээний цуглуулга бүрджээ. Олны нүд хужирлаж, сэтгэл баясгаж, оюуны цэнгэл эдлүүлэх түүх, соёлын өв хуримтлагдсаар 1921 онд “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахад судалгааны хэрэглэгдэхүүн, анхны музейн сан хөмрөгийг бүрдүүлэх эх үндэс тавигдсан байна.
Үүнээс эхлэлтэй Монголын орчин цагийн анхны музей Богд хааны ордон музейд байгуулагдаж, 1924 онд олон нийтэд үүд хаалгаа нээсэн бөгөөд өнгөрсөн жил 100 жилийн ойтойгоо золгосон юм. Тэгвэл энэхүү түүхэн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам захиалгаар СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэн “Монголын музейн хөгжил 100 жил" нэг сэдэвт бүтээлийг хамтын хүчээр эрхлэн гаргав. Тус номын нээлт өчигдөр Үндэсний номын санд боллоо.
Монголын орчин цагийн музейн түүхэн хөгжлийг дөрвөн бүлэг, 24 зүйлд хуваан өгүүлжээ
Энэхүү бүтээлд Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсан 100 жилийн түүхэн хөгжлийг "Монголд музей байгуулагдсан нь" (1924-1960), "Музейн салбарын төлөвшил" (1961-1990), "Нийгмийн өөрчлөлтийн үеийн музей" (1990-ээд оноос өнөөг хүртэл) хэмээн үечлэн авч үзжээ. Ингэхдээ Монголын музейн зохион байгуулалт, музейн талаарх бодлогын үзэл баримтлал, хүний нөөц, музейн сан хөмрөг, судалгаа, харилцааны чиг үүргийг шинжилж үнэлгээ дүгнэлтийн хамтаар ирээдүйн чиг хандлагыг тодруулсан байна. Үүний зэрэгцээ музейг соёлын төдийгүй эрдэм шинжилгээний байгууллага, нийгмийн чухал институт мөн болохыг эрдэм шинжилгээний чиг үүргээр, "Музейн судалгаа хөгжүүлэлт" хэмээх дөрөвдүгээр бүлэгт тухайлан тодотгож, төрөл бүрийн шинжлэх ухааны үр дүн, судалгаа нь эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалтаар хэрхэн музейд нутагшиж, орчин цагийн бидний мэдэх музей болон хөгжиж буй талаар дэлгэрүүлэн бичсэнийг номын зохиогчид дурдсан юм.
Тус бүтээлийг эрхлэн хэвлүүлэх ажлыг СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын судлалын хүрээлэн хариуцаж, Монголын Үндэсний музей, Соёл, урлаг судлалын хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, ССАЖЗЯ, Чингис хаан Үндэсний музей, Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаачид хамтран бичжээ. Номын ерөнхий редактораар доктор, профессор Ч.Алтанцэцэг, редакцын зөвлөлд соёл судлал, түүх, археологийн салбарын эрдэмтэд, Зөвлөхөөр доктор Д.Бумаа, доктор, профессор Н.Хишигт, СУИС-ийн хүндэт профессор Д.Цэдмаа нар ажилласан байна. Харин эрхлэн хэвлүүлэх ажлыг Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор С.Энхнаран, Соёл судлалын секторын эрхлэгч, доктор Э.Дүүриймаа нар гүйцэтгэжээ.
Дэлхий нийт шинжлэх ухааны музей гэдэг чиг хандлага руу шилжсэн
ХХ зууны үед музей нь хувьсгалт чанартай, социалист үзэл баримтлалтай, ард иргэдийг ухуулах хандлагатай байсан ажээ. Тухайлбал, Хувьсгалын музей, Лениний музей, Сүхбаатарын музей гэх жишээтэй. Харин 1990 оноос хойш төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр буюу байгалийн, түүхийн, угсаатны музей гэхчлэн байгуулагджээ. Энэ тухай судлаач С.Энхнаран “ХХ зууны эхэн үед музей нь үзэл суртлын шинэ монгол хүнийг бий болгоход чиглэж байжээ. Харин XXI дүгээр зуунаас хүнийг хөгжүүлж, боловсрол олгоход чиглэж, хөгжин дэвшсээр өдий хүрсэн. Тухайлбал, 2010 оноос боловсролын ажилтан гэх албан тушаал Монголын музейд бий болсон байна” гэсэн юм. Үргэлжлүүлэн тэрээр “Музейн чухал нэг хэсэг нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил юм. Учир нь музейд хадгалагдаж буй соёлын өв судалгааны эргэлтэд орсноор үнэ цэн нь улам нэмэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл, музей нь эрдэм шинжилгээ, соёлын нэн чухал институт юм. Нөгөөтэйгүүр улс орны хөгжлийн нүүр царай болдог. Тухайн улсын музей хэр их хүнд хүртээмжтэй, хосгүй сан хөмрөгтэй байгаагаараа хөгжлийн түвшин, нэр хүнд нь дээшилдэг туршлага дэлхий нийтэд байдаг. Тэгэхээр энэ нь зөөлөн хүчний бодлого болон соёлын талаасаа чухал институт юм. Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн үеийн ширдгийн агуулга, чадавхыг тайлахгүй бол ямар ч үнэ цэнгүй. Цаашлаад түүнийгээ гурван настай, таван настай хүүхдэд яаж таниулах уу. Залуучууд болон ахмадуудад хэрхэн танилцуулах вэ гэдгийг тайлж чадвал асар өргөн чадавхтай үзмэр болж, хосгүй үнэт гэдэг үнэ цэнээ бүтээж байгаа юм. Гагцхүү үүнийг хамтын хүчээр бий болгодог юм” гэв.

Монголд орчин үеийн музей үүсэж хөгжсөний 70 жилийн ойгоор Ө.Бүрнээ судлаачийн “Монголын шинэ үеийн музей” гэх энэ чиглэлийн анхны удиртгал бүтээл гарч байжээ. Түүнээс хойш илүү өргөн цар хүрээтэй бүтээлүүд гарсаар өдий хүрсэн нь аж. Харин 2014 онд музей судлалын анхны доктор төрсөн байна. Тодруулбал, музейн доторх өвийг судалдаг судлаачаас гадна тухайн байгууллагыг гаднаас нь буюу хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлал, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын түвшин, байгаль цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон эко музей хөгжүүлэх чиглэлийг судалдаг судлаачид бий болжээ. “Монголын музей нь нийгмийнхээ хөгжилтэй уялдаа холбоотой хөгжиж эхэлсэн. Өдгөө дэлхий нийт дөрөв дэхийн үеийн буюу шинжлэх ухааны музей гэдэг чиг хандлага руу шилжсэн. Монгол Улсын хувьд ч мөн 100 жилийнхээ босгон дээр тэр чиглэл рүү хөгжиж явна. Тэр ч утгаараа энэхүү номд Монголын музейн хөгжил, чиг хандлага хаана явааг тодорхойлж бичлээ” хэмээн тус номын ерөнхий редактор, доктор, профессор Ч.Алтанцэцэг хэлсэн юм.
Эдүгээ Монголын төрөөс музейг төрөлжүүлэн хөгжүүлэх, музейн үйл ажиллагаанд шинжлэх ухаанч хандлага, чиглэлийг төлөвшүүлэх, нийгэмд гүйцэтгэх үүргийг өргөжүүлэх, олон улсын музейн хөгжлийн туршлагыг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын үнэт зүйлийн дархлааг бий болгох, үнэ цэнийг нэмэгдүүлэх, түгээлт, ашиглалтыг дэмжих, санхүү, хөрөнгө оруулалтын олон талт эх үүсвэрийг бий болгох таатай орчин бий болгож чадсан нь Монголын музейн хөгжлийн зуун жилийн томоохон амжилт болж байгааг салбарынхан дурдсан юм.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 174 (7671)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.